Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0271

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Оын Дд холбогдох эрүүгийн 2008000420169 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сум ... дүгээр баг Өртөнт ... дугаар гудамжны ... тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Оын Д /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баян уул амралтын газрын буудлын өрөөний өлгүүрт байсан иргэн Ж.Агийн куртикны халааснаас айфоне экс макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Ж.Агийн  цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол /хх-ийн 3х/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16х/, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18х/, хохирогч Ж.Агийн мэдүүлэг /хх-ийн 23-24х, 25х/, гэрч Л.Нгийн мэдүүлэг /хх-ийн 27-28х/, гэрч М.Агийн мэдүүлэг /хх-ийн 39х/, гэрч С.Чын мэдүүлэг /хх-ийн 42-43х/, “Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 50х/, О.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 68-70х/, шүүгдэгч О.Дын мэдүүлэг /хх-ийн 61-62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баян уул амралтын газрын буудлын өрөөний өлгүүрт байсан иргэн Ж.Агийн куртикны халааснаас айфоне экс макс маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар сэм авч, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ж.Агийн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай амралтын газарт манай ажлын хамт олон амарч байсан ба би араас нь уг амралтын газар оройн 00 цаг 30 минутын орчимд очсон юм. Уг амралтын газарт очоод 2 давхарт өрөө авсан байсан, ... уг өрөөнд би гадуур өмсөж явсан хар куртикаа орны хажуу талд хувцасны өлгүүр дээр өлгөөд үлдээхдээ халаасанд нь би өөрийнхөө хэрэглэж байсан I Phone-X max маркийн цагаан өнгийн гар утсаа үлдээсэн юм. Тус өрөөнд ажлын газрын нийт 8 хүн л байсан. Ажлын газрын хүмүүстэй мах шарж идсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ жоохон уусан. ...09 цагийн үед өрөөнд байсан өлгүүрт хар өнгийн куртикныхаа халаасыг нь ухаж I Phone-X max гар утсаа авах гэтэл байхгүй байсан... ...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буцаж амралтандаа буцаж очоод дахин тухтай шүүлгээд  үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 04 цагийн үед манай өрөөний хаалга 2 удаа хаагдаж нээгдэж байгаа харагдсан... ...Би гар утсаа бүрэн бүтнээр хүлээгээд авсан байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулмаар байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х, 25х/,

Гэрч Л.Нгийн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баян-Уул “Энхжин наран” нөхөрлөл нь шинэ жилийн арга хэмжээгээ Баян-Уул амралтанд хийсэн. ...Дг нь одоо чи унт гээд хэлсэн чинь унтах гэж байгаад өрөөнөөс гараад явж байхаар нь чи хаачих гэж байгаа юм гэхэд тамхи татмаар байна гэж хэлсэн. Ер нь өрөөнөөсөө орж гараад л байсан. Би 2 давхрын өрөөний гэрлийг унтраасан юм. Доошоо буугаад Дг юу болж байгаа бол унтаа болов уу гээд хараад явтал өрөөнд алга байсан. Доод хүлээн авахын буйдан дээр Дг дээгүүрээ куртка нөмрөөд хэвтэж байхыг хараад тэндээ унтаг гээд жижүүртэй нь уулзаад танайх хаалга онгойлгочихвоо наад буйдан дээр хэвтэй байгаа залуу чинь гараад явчихна шүү гэсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

Гэрч М.Агийн: “...ажлын газрын захирал Н нь 2020 оны 01 дүгээр сарын эхээр цагдаа ирээд уулзаад явлаа, Дыг хайгаад явж байна гээд асуухаар нь би маргааш нь Н эгчтэй ажил дээрээ таарсан. Надаас А чи Баян-Уул амралтанд байхад гар утас олоогүй биз, цагдаагаас бид нарыг дуудаж асуугаад байна гэхээр нь би дотроо бодоод 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний хооронд Баян-Уул амралтанд хоноод маргааш нь явах гэж барагцаагаар 10-11 цагийн орчим байх бид нарын анх авсан өрөөнд байхдаа Д нь надад куртикныхаа халааснаас гар утас гаргаж ирээд хальт үзүүлсэн өөрөө сонирхож хараад байх шиг байсан. Надад хандаж ямар нэг зүйл хэлээгүй юм. Миний харснаар өөрийнх нь гар утас лав биш байсан. Тэгээд би энэ нь хулгайн утас болж таарлаа гээд өөрийн захирал Нд хэлсэн. ...Дын куртикныхаа халааснаас гаргаж ирсэн гар утсыг харахад цайвар өнгийн гэхдээ Днямын өөрийнх нь гар утас биш байсан. Миний мэдэхээр Самсунг маркийн гар утас биш байсан. Дням нь өөрөө Самсунгийн мэдрэгчтэй шар өнгийн гар утас барьж хэрэглэдэг юм. Уг гар утсаа манай цуг нийтийн байранд амьдардаг найз Шоовуугаас худалдаж авч байсныг би сайн мэддэг учраас үүнийг өөрийнх  нь биш гэдгийг мэдээд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Гэрч С.Чын: “...Би хувиараа багшийн дээдийн ... плазагийн ... давхарт гар утасны засвар ажиллуулдаг юм. Тэгээд фэйсбүүк хаягаар орж зарын дагуу хувь хүмүүсээс хямд зарна эвдрэл гэмтэлтэй гэсэн гар утсыг нь худалдаж аваад засаж янзлаад буцаагаад зардаг бас сэлбэгэнд ашигладаг. Надад фэйсбүүкийн Ойдов.Б гэх цахим хаяг байдаг. Тэгээд би фэйсбүүкээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зарыг хараад ... юу юу байгаа бол гэж бодоод сонирхож байтал I phone маркийн гар утасны аядий код гаргах уу чатлаарай гэж D Oгэх хаягтай залуу пост оруулсан байхаар нь би чатаар холбогдож би аядий код гаргахгүй сэлбэгэнд бол авна шүү гэж D O-тай чат бичиж харилцсан. Би та аядийгаа мэдэх юм уу гэхэд тэр залуу хариу чатаар бичихдээ би код аядийгаа мартсан юм аа гэсэн, надаас аядий сольж болох уу гэж асуухаар нь би болохгүй гар утасны чинь зураг байна уу, ямар загварынх юм харъя зарах юм уу гэсэн чинь D O чатаар зарна хэдээр авах вэ гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байна, өөрөө үнээ хэл, гар утасны чинь зураг байна уу, харъя дугаараа гэж чат явуулсан. Удалгүй над руу цагаан өнгийн I phone маркийн гар утасны ард болон урдаас нь харуулсан зураг явуулсан. Би асаж байгаа зураг байна уу гэхэд асаасан байдалтай нэг зураг явуулсан. D O чатаар хэлэхдээ ийм болсон байгаа гэсэн. Би хэд вэ авъя үнээ хэл гэхэд D O чатаар чи хэдээр авах юм гэсэн. Би сайн мэдэхгүй байна хэдээр өгөх юм үнийг нь сонсъё гэхэд D O би бас сайн мэдэхгүй байна гэхээр нь би утасны дугаараа гэхэд эхлээд ... дугаар өгөхөөр нь би холбогдоод утас зарах хүн мөн үү би чатаар холбогдсон залуу байна, өөрөө хаана байгаа юм гэхэд тэр залуу Баянхошуунд байна,  D O чатаар хэлэхдээ Баянхошуунд ирээд энэ дугаар руу залгаарай гэж 86661102 гэсэн дугаарыг хэлсэн. Би ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад Баянхошууны эцсийн буудал дээр ирээд ... гэсэн дугаар руу залгаж ирсэн талаар хэлсэн. Тэгээд Боса төвийн урд уулзахаар болсон 10-15 минут хүлээгээд уг залуутай уулзалдсан юм. Машиндаа суулгаад уг залуу надад I phone маркийн гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Би үзэхэд I phone X-S max маркийн цагаан өнгийн гар утас байсан. Тэгээд чи хэдээр өгөх юм бэ гэхэд 250.000 төгрөгөөр өгнө гэсэн. 200.000 төгрөгөөр зарчхаач гэхэд үгүй 300.000 төгрөгөөр авах хүн байна гэхээр нь би дотроо энэ залуу гар утасныхаа маркийг сайн мэдэхгүй байхыг бодвол олсон юм байх гэж бодсон. Тэр залуу надад хэлэхдээ эхнэр хүүхэд эмнэлэгт үзүүлмээр байна. Надад мөнгө төгрөгийн яаралтай хэрэгтэй байна хөгшөөн гэж өөрөө хэлж байсан. Тэгээд би 250.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод уг залуугаас худалдаж авсан юм. Ер нь I phone маркийн гар утаснууд аядийтай бол ашиглах ямар ч боломж байхгүй сэлбэгэнд л ашиглаж болдог юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Нийт 2.800.000 төгрөгийн үнэ бүхий I Phone-X s-max маркийн цагаан өнгийн гар утсыг С.Чоос хураан авсан...” гэх /хх-ийн 15-16х/,

Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...С.Чоос хураан авсан I Phone-X s-max маркийн цагаан өнгийн гар утсыг хохирогч Ж.Ад бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн...” гэх /хх-ийн 17х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18х/,

Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...Гар утас-2.800.000 төгрөг” /хх-ийн 50х/,

Шүүгдэгч О.Дын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Энхжин наран хүнсний дэлгүүрийн шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор Баруунсалаанд Баян-Уул амралтын газар руу ажлынхантайгаа явсан юм. Тэндээ ажлынхантайгаа архи дарс ууцгаасан. Тэгээд тэр шөнөдөө 03 цагийн орчим эхнэр рүүгээ ярих санаатай байсан боловч миний гар утас симгүй байсан. Тэгээд Баян-Уул амралтын өрөө хэсээд явж байгаад хоёр давхарт нэг өрөөнд ороход харанхуй байсан болохоор өлгүүрт байсан нэг хувцасны халаасанд гараа хийхэд нэг гар утас байхаар нь авч гараад доод давхрын буйдан дээр нөгөө гар утсыг оролдоод кодыг нь гаргаж чадаагүй, сим картыг нь хаячихсан. Тэр гар утас i phone x max гэсэн гар утас байсан. Ингээд би тэр утсыг дараа нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүк дээ зар тавиад Ойдов гэдэг хүнтэй тухайн өдөр 22 цагийн орчим Баянхошууны шинэ эцсийн буудлын Боса төвийн урд талд уулзаад 250.000 төгрөгөөр зарсан. Ингээд мөнгөөр нь эхнэр хүүхэддээ эм тариа авч өгсөн. ...Би С.Чт 250.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч О.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Дын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ж.А нь“...би гар утсаа бүрэн бүтнээр хүлээгээд авсан байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 25х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, мөн түүний хувийн байдал бага насны 4 хүүхэдтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг  зэрэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч О.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Оын Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ