Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0038

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           09                                       2020/ШЦТ/38

 

 

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч  Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Ш овогт Ц-ын Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903012200546 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ....  дүгээр сарын ... -ны өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ........ ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл ...,  эхнэр, ... хүүхдийн хамт .......  аймгийн ............ сум ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Ц-ын Ц-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагоноос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд буухдаа иргэн Л-ынгийн мартаж буусан дунд гарын  алтан нуухтай халтар манан хөөргийг завшиж бусдад 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.Ц- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр вагонд суугаад 2 давхарт гараад унтсан. Өглөө нь унтаж сэрээд доод талд байсан орны хажууд тавьсан гутлаа авахдаа цүнх байхыг харсан. Тэр үед мөнгө муутай байсан болохоор миний бодолд муу юм бодогдсон. Цүнхэнд нь мөнгө байж магадгүй гэж бодоод би цүнхийг нь нээсэн чинь хөөрөг байсан. Тухайн үед хөөргийг аваад шууд явсан. Дараа нь би маш их харамссан. Хөөргийг тийм үнэтэй гэж бодоогүй. Би хотод шалгалт өгөхөөр ирсэн байсан. Маргааш нь шалгалтаа өгчихөөд буцаад явчихсан. Цагдаагаас над руу залгаад цүнх авсан уу гэсэн. Би цүнх аваагүй болохоор аваагүй гэж хэлсэн. Дараа нь ахиж залгаад хөөрөг асуухад нь би гаргаж өгсөн. Тухайн хөөргийг зарж борлуулаагүй авдрандаа хадгалчихсан байсан” гэв.

 

          Шүүгдэгч Ц.Ц- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагоноос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд буухдаа иргэн Л-ынгийн мартаж буусан дунд гарын  алтан нуухтай халтар манан хөөргийг завшиж бусдад 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Эд зүйлд үзлэг хийсэн “... Гэрч Ц.Ц-ын үүрч яваа хүрэн бор өнгийн цүнхийг хүлээн авч үзлэг хийв. ... Уг зүйлийг гаргаж үзэн дэлгэхэд нэг тал руугаа хуйлсан хөөрөгний даалин байлаа. Даалин нь гадна харагдах байдлаараа усан болон  түмэн насан хээ, арга билгээр чимэглэгдсэн, ирмэг болон хөөрөг хийх зориулалт бүхий ам хэсгээрээ улаан өнгийн материалаар бэхэлж чимэглэсэн байв. Даалинг нээж үзэхэд 7 см орчим өндөртэй халтар өнгөтэй хөөрөг байх бөгөөд уг хөөрөг нь шар өнгийн метал зүйл болон ногоон өнгийн зүйлээр нуух хийж чимэглэсэн, улаан өнгийн шүр мэт зүйлээр хийсэн толгойтой, толгойнд бэхлэгдсэн  цагаан өнгийн материалтай халбагатай байлаа. Хөөрөгний тагийг нээж  үзэхэд дотор нь хамрын тамхи 30 орчим хувийн дүүргэлттэй байв. Уг хөөрөгний ерөнхий болон бусад харагдах байдал нь гэрч Л-ынгийн мэдүүлсэн мэдүүлэгт дурдагдсан Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагонд мартаж буусан гэх шүрэн толгой, алтан нуухтай дунд гарын  халтар манан хөөрөгтэй тохирч байсныг криминалистикийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Э.Гансүх Nikon D3100 маркийн гэрэл зургийн аппаратаар 13 кадр зургаар бэхжүүлж авч баримтжуулсан бөгөөд уг хөөрөг болон цүнхийг хурааж авав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 9-13 дугаар хуудас/

          Дамно ХХК-ний Дунд гарын алтан нуухтай, халтар манан хөөргийг 14.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн19-20 дугаар хуудас/

          Хохирогч Л-ынгийн “Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 06 цаг 30 минутын Улаанбаатар чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагоны 10 дугаар местэд зорчиж Улаанбаатар хотод ирээд галт тэрэгнээс буухдаа өөрийн авч явсан 30х40 см хэмжээтэй саарал өнгийн гар цүнхээ зорчиж явсан орны толгой хэсэгт мартаж буусан. Цүнхээ орхиж бууснаа Зорчигч үйлчилгээний төв буудлаас гарч таксинд суусаны хойно санаад таксины жолооч залууг явуулж шалгахад тийм гар цүнх байхгүй байна гэж ирсэн. Тухайн цүнхэнд дунд гарын алтан нуухтай шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, бор саарал өнгийн ноосон жилетик, сахлын машин 1 ширхэг, нүдний шилний хайрцаг 1 ширхэг, хуучин ашиглаж байсан тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хэрэглэж байсан эмүүд зэрэг эд зүйлүүд байсан.

          ... Би уг хөөргийг 1975 онд өөрийн хүргэн ахаас авч байсан. Уг хөөрөг маань 3 үе дамжиж надаа ирсэн эд байгаа. Одоо зах зээлийн ханшаар 10.000.000 гаруй төгрөгийн үнэ бүхий зүйл.

          ... Намайг өглөө галт тэрэгнээс буух үед нөгөө дээд орон дээр амарч явсан залуу босоогүй унтаад хоцорсон юм. Өөр хүн галт тэргэнд үлдээгүй болохоор би сэжиглэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/

          “... Надад одоо ямар нэгэн санал хүсэлт алга байна. Би өөрийнхөө хаясан хөөргөө бүрэн бүтэн хүлээн авсан учир надад ямар нэгэн санал хүсэлт алга байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

          Ц.Ц-ын яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цаг 40 минутын үед Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 264 дүгээр галт тэргэнд Улаанбаатар хот орохоор суусан.

          ...Ингээд би гутлаа өмсөж байхдаа тухайн цүнхийг хэн нэгэн орхиод мартаад явсан байна гэж бодоод дотор талыг нь ухаж үзэхэд цүнхнээс нэг түрийвч шиг юм баригдахаар нь аваад өөрийнхөө цүнхэндээ хийгээд өнөөх цүнхийг нь үлдээгээд гараад явсан. Би анх тэр цүнхийг ухаж үзэхдээ дотор талыг нь огт хараагүй. Гараараа тэмтэрч үзээд түрийвч шиг юм байхаар нь аваад явсан. Ингээд ар талын Түц ороод кофе уугаад юу авсан болохоо харахад саарал өнгийн арьсан даалинтай хуучны хөөрөг байсан. Тэр өдөр би Солонгос улсын гэрээт ажилчны шалгалттай байсан болохоор өнөөх хөөргийг аваад явсан. Шалгалт өгсөн газарт өдрийн 14 цаг хүртэл байж байгаад оройн 20 цаг 20 минутын галт тэргээр Эрдэнэт рүү явсан. Би урьд ийм үйлдэл хийж үзээгүй болохоор сандарч байсан. Би яагаад ийм үйлдэл хийсэн болохоо сайн мэдэхгүй. Одоо өөртөө гэмшиж байна. Өөрийнхөө үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/

          2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагонд аялсан иргэдийн мэдээлэл /хэргийн 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 16 дугаар вагоноос Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд буухдаа иргэн Л-ынгийн мартаж буусан дунд гарын  алтан нуухтай халтар манан хөөргийг завшсан үйлдэл нь “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Ц.Ц- нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Л-ынгийн 14.000.000 үнэлгээ бүхий дунд гарын алтан нуухтай, халтар манан хөөргийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хураан өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгээр /хэргийн 14, 30 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй болохыг дурдвал зохино.

Шүүхээс тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлсөн, хор уршгийг  арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Ц-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Ц-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ц.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ц.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ц.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ