| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00444/И |
| Дугаар | 548 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,
8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г., нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г. нь 2013 онд бидний том охин тэй гэр бүл болсон бөгөөд 2014 оноос вакум цонхны үйлдвэртэй болохоор төслийн зээл авч үйлдвэрлэлээ эхэлсэн. Үйлдвэрлэл шинээр эхэлж байгаа учир эргэлтийн хөрөнгө шаардлагатай байна гэж хүргэн, охин хоёрынхоо хэлж, учирласны дагуу бид итгэж цалингийн зээл авч өгсөн.
-2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Р.******* миний бие Хаанбанкнаас 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авч, БНХАУ-руу тоног төхөөрөмж авахаар бэлдэж байсан Г.д гал тогооны тавилга, гүйдэг хаалганы материал захиж, 3,500,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд хэрэглүүлэхээр сар бүр төлөлтийг Г. төлж байх нөхцөлтэй зээлсэн.
-2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Ц.******* миний бие Өмнөговь аймгийн Хаанбанкнаас авсан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хааж, Өмнөговь аймгийн Капитал банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авч 5,000,000 төгрөгийг Г.Мөнх-Эрдэнийн компанийн үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгө зориулалтаар сар бүр төлөлтийг Г. төлж байх нөхцөлтэй зээлүүлсэн ба “Говийн Мөөг” ХХК-ийн нэр дээрх тухайн сарын зээлийн төлөлт, бараа материал татахад хэрэглэсэн байдаг. Тухайн үед гэр бүлийн гишүүн гэж үзэн зээлийн баримт үйлдээгүй юм. Г. нь бидний нэр дээрх зээлээ эхний 1-2 удаа төлөөд цаашид төлөхөө байсан бөгөөд улмаар Г. нь охинтой минь хамт амьдрахаа больсон. Одоо охин минь хүүхэд асрах чөлөөтэй хүүхэд харж байна. Харин Ц.******* миний бие ажлаасаа гарсан бөгөөд миний эхнэр Р.******* нь ажлаа сольж бага цалинтай ажил хийж байна. Энэ хугацаанд эдийн засгийн болоод сэтгэл санааны хохирлыг нилээдгүй амсаж байна. Цаашид зээл төлж, амьжиргаандаа хэрэглэх цалингүй болсон. Иймд бидний нэр дээрх цалингийн зээл 8,500,000 төгрөгийг “Говийн Мөөг” ХХК-ийн захирал Г.эс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ асуудал 2014 оноос хойш явж байгаа асуудал. Бид хоёр бизнесийн зээл авах гэж төсөл бичиж нэг жил гаруй хөөцөлдөж байж авсан. БНХАУ руу 7 дугаар сард тоног төхөөрөмж, материалаа авах гээд явсан. Явахаасаа өмнө манай ээж болон бид хоёр бас цалингийн зээл авсан. Анх манай аавын дүүгийн компани болох “Мэнд констракшн” ХХК-ийн цонхыг хийж өгөхөөр болж гэрээ байгуулж явсан. Энэ компани бид хоёрыг анх дэмжин ажиллаж 40 гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Би “Говийн мөөг” ХХК-ийн гүйцэтгэх ажлыг хийж байснаас санхүүгийн эрх мэдэл байгаагүй. Бүх хөрөнгө Мөнх-Эрдэнийн нэр дээр байдаг. Тэр үед эдийн засгийн байдал муудаж хөрөнгө оруулалт зогссон учраас эргэлтийн хөрөнгийг ээж, ааваасаа гуйж цалингийн зээл авсан. Гэр бүл цуцлах тухай шүүх хурал дээр компанид хөрөнгө оруулахдаа ээж, аав, миний болон өөрийн нэр дээр зээл авсан тухай бичлэг байдаг, тэр бичлэгийг үзэхийг хүсч байна. Манай ээж, аав хоёрт зээлээ төлөөд дуусгасан бол яагаад банкинд өртэй яваад байдаг гэдгийг ойлгохгүй байна, одоо манай аав ямар ч банкнаас зээл авах боломжгүй болсон. Би эс зөвхөн ээж, аав хоёроос авсан зээлийг төлүүлэхийг л хүсч байна. Өөр би чамаас эд хөрөнгө энэ тэр зүйлийг хүсээгүй. 1,500,000 төгрөг хасаад 7,000,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой. ” гэв.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие уг нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэнд констракшн” ХХК-ийн цонхыг тухайн үед хийж байсан боловч одоо болтол мөнгөө авч чадахгүй байна. Учир нь “Мэнд констракшн” ХХК-ийн захирал нь ийн аавынх нь дүү, би “Мэнд констракшн” ХХК-с мөнгөө авч чадаагүйн улмаас дунд нь хохироод байгаа юм. Энэ компани нь мөнгөө өгөөгүйн улмаас Булганчимэг бид хоёрын харилцаа хөндийрч эхэлсэн. Авсан 8,500,000 төгрөг нь банк руу орсон. Бид хоёр 3, 3 сая төгрөгийг Булганчимэгийн ээж, ааваас зээлж авсан. Тэр мөнгөөр би газар дээрээ цонхны үйлдвэр барьсан. Энэ барилгыг би үйлдвэр чиглэлээр ашиглах гэж барьсан. Зээлсэн мөнгөө би сар бүр хүүтэй нь төлөөд явдаг байсан. Буцааж төлсөн баримтууд миний санхүүгийн баримтад хавсаргасан байгаа. “Мэнд констракшн” ХХК болон аав, ээж хоёр чинь нэрээ хамгаалах гэж л намайг шүүхэд өгсөн. Би ээж, ааваас чинь авсан 3 сая, 3 сая төгрөгийг өөрийн хөдөлмөрөөр олсон орлогоос Булганчимэгийн дансанд нь хувиараа хийж төлдөг байсан. Зээлээ төлөхдөө давуулж төлж байсан, үүнийг Булганчимэг мэдэх ёстой. Эвлэрэх боломжгүй.” гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр 8,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах зүйл тогтоогдож байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлдээ “2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Өмнөговь аймгийн Капитал банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авч 5,000,000 төгрөгийг Г.Мөнх-Эрдэнийн компанийн үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгө зориулалтаар сар бүр төлөлтийг Г. төлж байх нөхцөлтэй зээлүүлсэн.” гэх тайлбар нь Капитал банкны депозит дансны харилцагчийн монгол хуулгаар /хх-13,15/ нотлогдож байна. Нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлдээ “2014 оны 07 дугаар сарын 01-ний Хаанбанкнаас 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авч, Г.д 3,500,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд хэрэглүүлэхээр сар бүр төлөлтийг Г. төлж байх нөхцөлтэй зээлсэн.” гэх тайлбар нь Хаанбанкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-6/ нотлогдож байна. Ц.******* банкнаас зээлсэн 8,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь, Р.******* банкнаас зээлсэн 7,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг нь тус тус хариуцагчид зээлдүүлэхдээ банкны зээл төлөлтийг Г. хариуцахаар тохиролцсон гэх тайлбар гаргажээ.
2.Хариуцагч Г. 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар, нотлох баримт ирүүлснийг шинжлэн судлахад: хариуцагч нь нэхэмжлэгчдээс мөнгө зээлж авсан нь үнэн гэхдээ 8,500,000 төгрөг бус 3 сая, 3 сая төгрөг нийт 6,000,000 төгрөг зээлсэн, энэ зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар гаргадаг. Хариуцагч нь зээлсэн мөнгөө бүрэн төлсөн болохоо нотолж ирүүлсэн Хаанбанкны орлогын мэдүүлгийн хуулбараас үзэхэд “Говийн мөөг” ХХК-с 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 255,000 төгрөг /хх-63/, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр /хх-63/ 260,000 төгрөг нийт 515,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.*******ийн 5585205483 тоот дансанд, Капитал банкны кассын орлогын баримтаас үзэхэд “Говийн мөөг” ХХК-с 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр /хх-59/ 421,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /хх-59/ 100,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр /хх-59/ 200,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр /хх-59/ 420,000 төгрөг, нийт 1,141,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******гийн 2032012328 тоот дансанд тус тус шилжүүлжээ. “Говийн мөөг” ХХК-ийн захирал нь хариуцагч Г. тул уг мөнгийг Г. шилжүүлсэн байх боломжтой гэж үзлээ. Шүүх дээр дурдсан зохигчдын тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай харьцуулан үзэж өөрийн дотоод итгэлээр үнэлэн нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ц.*******, Р.******* нар мөнгө зээлдүүлэх, хариуцагч /зээлдэгч/ Г. зээлсэн мөнгөө нэхэмжлэгч нарын дансанд шилжүүлж зээл төлөх тухай аман хэлцэл хийжээ гэж дүгнэх үндэстэй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч банкнаас зээлсэн мөнгөө зээлдэгчид зээлдүүлэх, зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмнөөс банкны төлбөр төлөх тохиролцоо хийснээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх ... үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заажээ. Энэ заалтаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч Г. нь үүрэг гүйцэтгүүлэгч Ц.*******, Р.******* нарын өмнө тэдгээрээс зээлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийг банкинд тушаах /үйлдэл хийх/ үүрэг хүлээсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг гүйцэтгэгчээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэхээр байна. Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Г. нь 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас зээлж авсан гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн тул 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нарт олгож илүү нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 2,500,000 төгрөгөөс хариуцагч Г. нь 1,656,000 төгрөг /255,000+260,000+421,000+100,000+200,000+420,000/-ийг нэхэмжлэгч талд буцаан
төлсөн, үлдэгдэл 844,000 төгрөг /2,500,000-1,656,000=844,000/-ийг нэхэмжлэгч тал хариуцагчид өгсөн эсэх нь бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчээс хуульд заасан нотлох баримтад тавигдах шаардлага хангаж ирүүлсэн Хаанбанкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Капитал банкны зээлийн дансны хуулга /хх-6-18/ болон хариуцагчаас нотлох баримтад тавигдах шаардлага хангаж ирүүлсэн Капитал банкны кассын орлогын баримтын хуулбар, Хаанбанкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-59-64/-уудыг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Хэрэгт авагдсан дараах баримт /хх-27-28,57/ тухайн хэрэг маргаанд хамааралгүй, дараах баримт /хх-65-66/ нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нар 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 150,950 төгрөг төлснийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч Г.эс 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Г.эс 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нарт олгож, илүү нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нарын 8,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.эс 110,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******, Р.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР