Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Сэндэнсүрэн /томилолтоор/,

           Шүүгдэгч: О.Х- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000000167 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Х-, 1999 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний нөөцийн марктинг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 дүү, хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Х- нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Апекс” худалдааны төвийн “Ч-” гутлын дэлгүүрт кассчинаар ажиллаж байхдаа 2019 он 12 дугаар сарын 12-ноос 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 1.867.000 төгрөгийн дутагдал гаргаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Х- шүүх хуралдаанд: “...Баянгол дүүргийн “Aпекс” дэлгүүрт худалдагчаар орсон боловч кассчин байхгүй гээд кассчинаар ажилла гэсэн. 2 өдөр дагалдан хийлгэсэн. Бараа материалаа хүлээлцэн, ажлаа хүлээлцэж авсан. 3 хоноод 1 өдөр амарна гэсэн боловч 7 хоногийн 7 өдөр ажиллаж байсан. 12 сарын сүүлээр цалинг минь хойшлуулсан учир хүүхэд өвдөж, миний бие дээр хатиг гарсан байсан тул мөнгөний хэрэг маш их байсан. Цалинг минь олгохгүй байсан тул зарагдсан бараанаасаа аваад цалингаа буухаар буцаагаад төлөх боломжтой гэж бусад ажилтнуудаас мэдээд түр зуур орлогоосоо авч хэрэглэчихээд цалингаа буухаар дэлгүүрийн орлогодоо хийнэ гэж бодож байсан. Би өөрөө 300 гаран мянган төгрөг л авсан. Гэсэн хэдий боловч 1.958.500 төгрөгийн өрөнд орсон байсан. Гэхдээ миний хариуцлагагүйгээс болж энэ дутагдал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн манай дэлгүүр НӨАТ-н баримт олгодоггүй учир өөрийн дэлгүүрийн орлогоос авсан мөнгөний хэмжээг нарийн тогтоох боломжгүй байсан” гэв.

Хохирогч Я.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Ч- Хан Хөхий холдинг” ХХК-д зохион байгуулагч ажилтай юм. Манай дэлгүүр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Апекс” нэртэй дэлгүүрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг юм. Харин манай дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Я.О-гэх эмэгтэй кассаар ажилласан бөгөөд өөрийн завшсан барааны үнийг О.Х- нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийтдээ 1.951.500 төгрөгний барааг завшсан байдаг. Харин О.Х- нь манай байгууллагад ажилласан хугацааны цалинг 255.653 төгрөгийг суутгаад 1.695.847 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд О.Х- нь 1.695.847 төгрөгийг бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Фин Аз Аудит ХХК-ний дүгнэлтэд: “...О.Х- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа зарагдсан барааны мөнгийг хувьдаа завшсан тооцоо гаргаж, нийт 1.951.500 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. О.Х- нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа өдөр бүр кассын тайлан гаргаж, нягтлан бодогчоор кассын орлого, зарлагын тооцоог хянуулж тухайн өдрийн орлогыг тушааж байсан байна. О.Х-гийн гаргасан кассын тайланг худалдагчийн үйлдсэн бараа материалын зарлагын баримттай тулган шалгахад өдөр бүрийн кассын орлого нь тухайн өдрийн бараа материалын зарлагын баримтаас зөрүүтэй тусгагдсан байгаа бөгөөд тухайн өдрийн кассын орлогыг дутуу тайлагнаж байсан нь ажиглагдаж байна. ...Бидэнд ирүүлсэн баримтын хүрээнд шалгахад кассын нярав О.Х-гийн хөтлөн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх кассын тайлан дахь гутал болон бэлэн хувцасны борлуулалтын орлогын дүн 43.370.400.0 төгрөг бөгөөд тус хугацаанд худалдагчийн бараа борлуулсан зарлагын баримтаар нийт 45.237.400.0 төгрөгийн бараа борлуулсан байна. Кассын нярав О.Х- нь ажиллаж байх хугацаандаа өдөр бүрийн кассын тайландаа тус компанийн борлуулалтын орлогыг нийт 1.867.000 төгрөгийн дутуу тайлагнасан байна. Тус зөрүүтэй тусгасан борлуулалтын орлогыг “Ч- Хан Хөхий Холдинг” ХХК-ний дансанд тушаасан анхан шатны баримт байхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 53-54/,

Яллагдагчаар О.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд болсон асуудлын талаар урьд зөвшөөрч ярьсан. ...хүүхдэдээ эм тариа авах гэж мөнгө завшсан, харин энэ үйлдлийг гаргах санаа нь гэвэл Ч- нэртэй гутлын дэлгүүр нь иргэдэд татварын эргэн төлөлт буюу НӨАТ-ын баримт олгогдоогүй учраас өдөр бүрийн зарлага баримтаар харагдахгүй зөвхөн гар тайлангаар орлого, зарлага харагдаж байсан учраас орлогын мөнгийг завших болсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 107-108/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирол төлсөн баримт /хх-н 20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-45/, хохирлын баримтууд /хх-н 55-61/, Кассын тайлан /хх-н 63-99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

     Шүүгдэгч О.Х- нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Апекс” худалдааны төвийн “Ч-” гутлын дэлгүүрт кассчинаар ажиллаж байхдаа 2019 он 12 дугаар сарын 12-ноос 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 1.867.000 төгрөгийн дутагдал гаргаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Я.О-ын: “...Я.О-гэх эмэгтэй кассаар ажилласан бөгөөд завшсан барааны үнийг О.Х- нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийтдээ 1.951.500 төгрөгний барааг завшсан байдаг. Харин О.Х- нь манай байгууллагад ажилласан хугацааны цалинг 255.653 төгрөгийг суутгаад 1.695.847 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд О.Х- нь 1.695.847 төгрөгийг бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, Фин Аз Аудит ХХК-ний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Х- нь  “Ч- Хан Хөхий холдинг” ХХК-ний “Ч-” гутлын дэлгүүрт кассчинаар ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргаж 1.867.000 төгрөгийг хохирол учруулж завшсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Ч- Хан Хөхий холдинг” ХХК-д 1.867.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.695.847 төгрөгийн хохирол төлсөн, шүүх хуралдаанд үлдэгдэл 171.153 төгрөгийн хохирол төлсөн баримт шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Х-г гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Х-гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч О.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч О.Х-д ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Х-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

   4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР