Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 551

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 4-р баг, *******ад оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/,

 

   Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 3-р баг, *******од оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/,

 

   Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.*******той 2004 онд танилцаад бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин төрсөн. О.******* бид 2 нэг гэрт хамтран амьдарч байгаагүй. Охин одоо 12 настай эцэг ******* нь охиноо төрснөөс хойш харж хандаж яваагүй, би өөрийн асрамжиндаа байлгаж өдийг хүрсэн. Одоо охин маань том болсон охиныхоо ирээдүйг бодож эцэг *******оор тэжээн тэтгүүлж, эцэг хүнийх нь хуульд заасан үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна. *******той уулзах болгондоо охиноо харж хандаж яв, уулзаж бай гэж хэлдэг энэ хүн зугатаагаад уулздаггүй. Иймд О.*******оос охин т хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: “О.*******ын шүүхэд гаргасан охин т хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах, мэтгэх зүйл байхгүй.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү. Учир нь Ханхонгор сумын ******* багийн нутагт өвөлжиж байгаа. Зуд болж, малын өвчин гарч, хорио цээр тогтоосон тул намайг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайбаргүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч О.*******од холбогдуулж 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

О.*******, О.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байгаагүй боловч тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх О.*******ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч О.*******оос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин т сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тодорхойлолтоор зохигчдын охин нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******ын төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/9 дүгээр тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 164,300 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч О.******* нь охин т сар бүр 164,300 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 1,971,600 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 46,496 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 46,496 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 3-р баг, *******од оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-оос 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******оос 46,496 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.ЭНХТӨР