Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 198

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Жагар овогт Булганы Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001840164 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2-697 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Жагар овогт Булганы Б.Т /РД: ФБ98041636/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” нэртэй зочид буудалд найз нартайгаа архидан согтуурч байх явцдаа улмаар хохирогч С.Бямбасүрэнтэй хэрүүл марган үүсгэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Нямдаваагийн төрсөн өдөр болоод найзуудаараа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Мандухай зочид буудалд 00 цагийн үед Нямдаваа, Барсаа, Пүүжээ, Б.Т, Төгөлдөр нарын хамт орсон юм. Тэгээд тэнд буудалдаа бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд нилээн ууж идэж байгаад шөнө 02 цагийн үед 3 охин нэмэгдэж ирсэн... бид нар ярианаасаа болоод хоорондоо жаахан маргалдсан. Эхлээд Б.Т нь нилээн халчихсан янз бүрийн юм яриад байсан юм. Б.Т, Төгөлдөр хоёр нь төрсөн ах дүү хоёр юм. Тэгээд би Б.Ттэй жаахан ам муруйгаад байж байхад ах Төгөлдөр нь дундуур орж ирээд эхлээд намайг цохиод авсан ба буудлын өрөөнд бага зэрэг гар зөрсөн асуудал гарсан. Хүмүүс дундуур орж ирж салгаад нэг их сүртэй асуудал болоогүй юм. Тэгсэн Барсаа, Төгөлдөр, Б.Т 3 явлаа гээд түрүүлээд гараад явсан юм. Тэгэхээр нь би жоохон байж байгаад доошоо буугаад пиво байвал авъя гэж бодоод ресепшин рүү буусан юм. Тэгээд ресепшин дээр очоод байж байтал Төгөлдөр нь ресепшин дээр үлдээсэн иргэний үнэмлэхээ авах гэж орж ирээд надтай тааралдсан юм. Тэгээд орж ирээд бас янз бүрийн үгээр идээд дахиад маргалдаж эхэлсэн...Төгөлдөртэй заамдалцаад байж байхад Б.Т дундуур орж ирээд намайг зодож миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

- гэрч М.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би гадаа гарч ганцаараа тамхи татчихаад өрөө рүүгээ орох гээд шатаар өгстөл шатан дээр Төгөлдөр, Б.Т, Бямбасүрэн 3 хоорондоо маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би Б.Т, Төгөлдөр хоёр төрсөн ах дүү учраас Бямбааг нийлээд зодож байгаа юм болов уу гэж бодоод Бямбааг өмөөрөөд дундуур нь орсон ба Төгөлдөртэй зууралдаад бие биенийгээ ганц нэг цохилцсон. Тэгтэл Бархас, Пүүжээ хоёр бид хэдийг хооронд нь салгасан. Тэгээд удалгүй Төгөлдөр, Б.Т, Бархас гурав явлаа гээд түрүүлээд явсан. Тэгсэн Бямба доошоо буугаад ресепшинтэй уулзаад ирье гээд буугаад 20 орчим минут алга болчихоор нь араас нь буугаад очтол 1 давхарт нүүр нь цус болчихсон, хамар нь хавдчихсан зодуулсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсон, яасан гээд асуусан чинь Төгөлдөр, Б.Т хоёртой маргалдаад зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

- гэрч Б.Бархасбадралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээд давхарт хэн хэнийгээ хэдэн удаан цохисоныг мэдэхгүй байна. Харилцан зууралдаад бие биенийгээ ганц нэг цохиод салсан. Сүүлд доор 1 давхарт яаж цохиж зодсоныг би тухайн үедээ мэдээгүй. Сүүлд үнэмлэхээ авах гэж ороод Бямбааг зодсон байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

- гэрч Б.Эрдэнэбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эхлээд ахтай нь маргалдаад заамдалцаад байсан. Тэгсэн дүү нь дундуур нь орж ирээд л учиргүй зодоод эхэлсэн. Тэр анх заамдалцаж байсан ах нь зодож цохисоныг бол би хараагүй. Одоо боль гээд байх шиг байсан. Дүү нь гэх залуу ямар ч байсан гараараа л баахан цохиж байсан. Нүүр ам руу нь цохисон байх. Хамраас нь цус гароан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1354 дугаартай дүгнэлт:

“С.Бямбасүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нуруу, хацрын цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор саластын цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т нь хэдийгээр хэрэг бүртгэлтийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүлээх эрүүгийн хариуцлагыг улсын яллагчтай харилцан тохирч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  ирүүлсэн хэдий ч гэмт хэрг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгоор, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 21 настай болох хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт хураагдсан СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.