Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

 

                                         

 

 

   2020          01         10                                         2020/ШЦТ/45

 

 

                             

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Т.Мандахнаран,

шүүгдэгч  О.Э- түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас И овогт О-ын Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1902008430352 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ төвд англи хэлний багш ажилтай, ам бүл... , эцэг, эх, дүүгийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байрны ... тоотодоршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт О-ын Э-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Э- нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 14 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ........ дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар давхарт байрлах өөрийн эзэмшлийн агуулахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын сүүл хавьцаа байх. Би нойргүйдэл гэх асуудалтай байсан. Монгол Улсын их сургуулийн урд талд байрлах “Tse” пабад нойргүйдээд сууж байсан чинь танихгүй хүн ирээд яагаад уйтгарлаад байгаа юм гэж асуухаар нь тулгамдсан асуудлаа ярьсан. Гэтэл тэр хүн надад энэ асуудлыг шийдэх арга байгаа гээд нэг бодис өгсөн. Тэр үедээ миний сониуч зан хөдлөөд уг бодисыг авчихсан. Аваад 10 дугаар сар хүртэл хэрэглэсэн. Уг бодисыг хэрэглэж байх явцад миний сэтгэл санаа болон нойргүйдлийг тайвшруулах үйлчилгээ өгч байсан. 10 дугаар сарын эхээр ажил дээрээ сурагчиддаа хичээл заагаад сууж байтал цагдаа ирлээ гээд ээж над руу утсаар холбогдож хэлсэн. Улмаар үдээс хойш цагдаа нар ажил дээр ирж намайг авч явсан” гэв.

 

Шүүгдэгч О.Э- нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 14 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... дугаар давхарт байрлах өөрийн эзэмшлийн агуулахад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хэргийн газарт үзлэг хийсэн “... Гэрт хийсэн үзлэгээр хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй. О.Э- өөрөө “Энэ байрны 5 давхарт байрлах бункерын амбаарт өвс хадгалж байгаа”  гэсний дагуу 5 давхарт байрлах О.Э-ын заасан хэсгийг шалгаж үзлэг хийхэд 5 давхарт лифтний дэргэд байрлах жижиг агуулах мэт өрөөг нээж үзэхэд элдэв зүйл хураасан жижиг өрөө байх ба О.Э- өрөөн дотроос  шилэн савтай өвс мэт зүйл,доод хэсэгтээ шарласан шингэнтэй хуванцар сав, төмөр таваг мэт зүйл, цаасан гадартай дугуй хэлбэртэй шүүлтүүр саарал өнгийн бохирын шланк зэрэг зүйлсийг сайн дураараа гаргаж өгснийг хураан авав.  ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 4-8 дугаар хуудас/

“Шилтэй өвс мэт зүйл, дээрээ шүүлтүүртэй төмөр таваг мэт зүйлтэй дотроо гуурстай шингэн зүйлтэй хуванцар сав, ус дамжуулах хоолой, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5808 дугаартай:

 “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоог өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай дээрээ шүүлтүүртэй төмөр таваг мэт зүйлтэй дотроо гуурстай хуванцар сав, “3” гэсэн хаягтай саарал өнгийн шланк зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байсан. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно.

3.  “1” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн саьтай жин нь 629 г, цэвэр жин нь 14г байна”  гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 25-26 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Э-ын яллагдагчаар өгсөн “... Өөрт учирсан нойргүйдэл болон сониуч зангаасаа болоод тэр танихгүй хүний санал болгосон ургамлыг авсан юм. Надад уг өвсийг өгсөн хүнийг огт танихгүй. Тэр хүний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Дахин энэ төрлийн зүйлийг хэрэглэхгүй гэдгээ амлаж байна ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. 

Шүүгдэгч О.Э- нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрөө хэрэглэж байсан нь түүний байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг  хууль бусаар хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч О.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1337 дугаартай дүгнэлтэнд:

“1. О.Э- нь СЭМҮТ-д 2019.10.25-2019.11-25-нд “DS:F21 Шизофрений хэв шинжит эмгэг” оношоор хэвтэн эмчлүүлсэн тухай №7344 дугаартай өвчний түүх байна.

2. Одоо О.Э- нь “Шизофрений хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.

4. О.Э- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. О.Э- нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. О.Э- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. О.Э- нь сэтгэцийн хувьд одоогоор ял эдлэх чадвартай байна.

8. О.Э-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. О.Э-ад мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна” гэжээ.

Иймд шүүгдэгч О.Э- нь сэтгэцийн хувь эрүүгийн хариуцлага хүлээх боломжтой байна гэж үзэв.

 

Өмгөөлөгч Г.Энхтүвшингээс шүүх хуралдаанд “... Шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шилтэй өвс мэт зүйл, дээрээ шүүлтүүртэй төмөр таваг мэт зүйлтэй дотроо гуурстай шингэн зүйлтэй хуванцар сав, ус дамжуулах шланк зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.Э- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч О.Э-ын эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт О-ын Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Э-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа шилтэй өвс мэт зүйл, дээрээ шүүлтүүртэй төмөр таваг мэт зүйлтэй дотроо гуурстай шингэн зүйлтэй хуванцар сав, ус дамжуулах шланк зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  О.Э- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ