Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 316

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал,

Улсын яллагч: Д.Агар,

Хохирогчийн төлөөлөгч: Г.Б-, Ц.Д-, тэдгээрийн өмгөөлөгч: З.Бат-Эрдэнэ,

Гэрч: Ц.Б-,

           Шүүгдэгч: Ж.У-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1920001380099 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.У-, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.У-нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ...улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч 8 сартай жирэмсэн 28 настай, эмэгтэй С.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.У-шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Г.Б- шүүх хуралдаанд: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумаас гараад Улаанбаатар чиглэлд явж байсан. Миний хажууд Б-, урд жолоочийн хажууд манай эхнэр сууж явсан. Замын-Үүдээс гараад би машин дотор хэсэг зүүрмэглэх шиг болсон тэгтэл Б- эгч У- замаа хараарай гэж хэлсэн. Уянга тэр үед доошоо харсан байдалтай явж байсан. Тэгтэл 2-3 удаа машин дайвалзаад засмал зам дээр дайвалзаад зүүн тал руу унасан. Согтууруулах ундааны зүйл бол манай эхнэр ерөөсөө хэрэглээгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч бид хамаатан садны хүмүүс байгаа. Хорихоос өөр ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Д- шүүх хуралдаанд: “...Осол болох үед би байгаагүй болохоор юу болсоныг сайн мэдэхгүй байна. Талийгаач бол миний охин байгаа юм. Хохирол төлбөр төлсөн одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хэлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Би машины арын суудлын гол хэсэгт сууж явсан. Амь хохирогч жолооч Уянгын хажууд суугаад явж байсан. Осол болсоны дараа цаг бол хараагүй би машинаас гараад хамгийн түрүүн зам руу машин зогсоох гээд явсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед БНХАУлсын Эрээн хотоос манай эхнэр С.А-, Ж.У-, Ц.Б- нарын хамт Замын-Үүд суманд орж ирээд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө Замын-Үүд суманд ирээд Ж.У-машинаа ногоон өнгийн байрнуудын тэнд тавьж байсан учир тухайн газар ирээд бид нар ачаа бараагаа машинд ачаад 13-14 цагийн хороонд Улаанбаатар хот руу Ж.У-машин бариад, хажуу талд буюу урд талын суудал дээр манай эхнэр, хойд талын суудал дээр жолоочийн харалдаа би, миний хажуу талд Б- эгч суугаад хөдөлсөн. Замын-Үүд сумаас гараад машин дотор гар утсаа оролдож яваад хэсэг хугацаанд зүүрмэглэх үед хажуу талд сууж байсан эгч “хөөе, хөөе миний дүү замаа хараарай” гэх шиг болоод машин 2-3 удаа дайвалзаад засмал замын ертөнцийн зүгээр баруун тийш онхолдож би хойд талын суудал дээр хажуудсан хамгийн түрүүнд эхнэрээ харахад манай эхнэр урд талын суудал дээр хажуу тийшээ харсан байдалтай байхаар нь машины дээд талын лүк нээлттэй салхины шил хагарсан байхаар нь би хамгийн түрүүнд лүкээр машинаас гараад эхнэрийг Ж.У-бид хоёр хамжиж гаргаад дараа нь Б- эгч гарч ирээд эхнэрийг машинаас гаргаж ирэхэд толгой, хамар, амнаас нь цус гараад яг хаанаас нь гарч ирээд байгааг мэдэх боломжгүй байсан. Би тухайн үед сандарсан байсан учир яг яахаа мэдэхгүй зам дээр зогссон хүмүүс машинаасаа бууж ирээд цагдаа, түргэн дуудах уу гээд мэдэгдэж байсан. Тэгээд маш сандарсан байдалтай байж байхад эмнэлгийн хүмүүс ирээд эхнэрийг үзээд нас барсан талаар хэлсэн. ...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын үүд сумаас Улаанбаатар хот руу У-ийн тээврийн хэрэгслээр явж байхад өөрийн гар утсаа оролдож байгаад нүд анилдах хугацаанд миний хажуу талд сууж явж байсан эгч Б- нь У- “хөөе миний дүү замаа хараач” гэж хэлэхэд би урагшаа харахад Уянга хөдөлгөөнгүй доошоо тонгойсон байдалтай машин Замын голоор татсан цагаан зураасыг даваад эсрэг урсгал руу орж байсан. Мөн Б-ийг “хөөе замаа хараач” гэж хэлэхэд цочиж сэрээд машины рүлийг баруун гар тал руугаа ханатал дараад эргүүлээд зүүн гар тал руугаа ханатал дараад машин эсрэг урсгал руу хөндөлдөж ороод засмал Замын ертөнцийн зүгээр баруун тийш Замын хажуу тал руу онхолдсон. Манай эхнэр буюу талийгаач урд талын суудал дээр хөдөлгөөнгүй суугаад явж байсан. Ямар нэг урд талын салон арчих үйлдэл хийгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 22-23, 27-29/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгөн: “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирээд Эрээн хот руу гарч 2 хоноод 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу 13 цаг өнгөрч байхад машиндаа ачаа бараа ачаад бензин клонкоос бензинээ аваад Улаанбаатар хот руу Ж.У-тээврийн хэрэгслийн жолоочоор түүний хажууд С.А-, хойд талын суудал дээр жолоочийн ар талд Б.Б-түүний хажуу талд буюу голд би суугаад С.А-гийн ар хэсэг суудал дээр суудлыг арыг буулгаад ачаа ачаад хөдөлсөн. Тэгээд Замын-Үүд сумаас гараад хойд талын суудал дээр Б.Б- бид хоёр хэсэг унтаад явж байхад нэг мэдэхэд орилох чимээгээр сэрээд урагшаа харахад машины хамар жалга руу орж байх шиг болоод машин онхолдож тэгээд харахад бүгд хажуу тийшээ болсон машины дээд тал буюу лүк нээлттэй салхины шил нь хагарсан Б.Б- машинаас гарч эхнэрээ цээжин хэсгээс нь татаж байхаар нь Уянга бид 2 эхнэрийнх нь хөлнөөс нь өргөөд машинаас гаргалцаад дараа нь бид 2 машинаас гараад бид нар сандарсан байдалтай уйлж унжаад би засмал руу хамгийн түрүүнд гүйж гараад машин зогсоогоод туслаарай түргэн дуудаад өг гэж хэлээд тухайн машины жолооч түргэн лүү залгаад Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах босоо тэнхлэгийн засмал зам дээр буюу сумаас 50 гаран км-т зам тээврийн осол гараад энд нэг жирэмсэн эмэгтэйгийн бие муу байна гэж хэлж байсан. ...би ямар ч байсан бүс зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35-36/,

Шинжээчийн 02/065 тоот дүгнэлтэд: “..Амь хохирогч С.А-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавал ясны хугарал, тархины хатуу хальсны урагдал, их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, тархины баруун, зүүн  тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суур ясны хугарал, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зулайн хуйхны шарх, хоншоор яс, зүүн нүдний ухархайн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух, зүүн чамархай, зүүн хацар, шанааг хамарсан олон тооны, баруун бугалга, мөрийг хамарсан, баруун тохой, зүүн бугалганы зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Амь хохирогч С.А- нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч С.А- 7-8 сартай жирэмсэн байсан байна. Амь хохирогчийн тээж явсан ураг нь эм хүйсний ураг байна. Амь хохирогчийн тээж явсан ураг нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчид болон урагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйлгүй” гэжээ. /хх 1-н 59-61/,

Шинжээчийн 111 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 192000138 тоот хавтас хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн материалд гэрэл зургаар бэхжүүлж авсан мөр нь Тоёота Харриар маркийн 38-95 УБГ улсын дугаартай автомашины хөндлөн чиглэлд шарвах үед дугуйгаар үүсгэгдсэн мөр байна. Осол хэргийн газарт авсан гэрэл зургийн 10, 11-д харуулсан мөрүүд тод, шороон хэсэг дээр гарсан мөр ташуу чиглэлд автомашин шарвах явцад дугуйгаар үүсгэгдсэн шарвалтын мөр мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 64-68/,

Техникийн шинжээчийн 08 тоот дүгнэлтэд: “...Жолооч Ж.У-нь 38-95 УБГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 12.Тээврийн хэрэгслийн хурдан 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осолд нөлөөлсөн хүчин зүйлд хамаарна. Зорчигч нарын буруутай үйлдэл байсан гэж үзэх үндэслэл нь зорчигч С.А- нь МУ-ын ЗХД-ийн 6.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг, 6.2.Тээврийн хэрэгслээр зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзнэ. Жолооч Ж.У-нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тухайн зам тээврийн ослын гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гар зургийн үзүүлэлтэд тоормосны мөр тусгаагүй байх тул тухайн жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзнэ. Жолооч Ж.У-нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн /А, В/ ангиллын /.../ дугаартай хүчинтэй үнэмлэхтэй болох нь цагдаагийн байгууллагын нэгдсэн сан, жолоочийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь жолооч болон зорчигч МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүйн улмаас гарсан гэж үзнэ. Уг зам тээврийн осол жолооч Ж.У-нь МУ-ын ЗХД-ын 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь буруутай үйлдэл гэж үзнэ. Тухайн үед жолооч Ж.У-нь тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна” гэжээ. /хх 1-н 38/,

Техникийн шинжээч нарын 588 тоот дүгнэлтэд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэсэн байх тул 2019 оны 5 дугаар сарын 3-ний өдрийн техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. ...улсын дугаартай Тоёота Харриар маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.У-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4 дахь заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж шинжээчид үзэж байна. Зорчигч А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.1 дэх заалт Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо дараахь үүргийг хүлээнэ: а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх /хавтаст хэргийн №27, 28, 29, 30 дугаар зургуудад хамгаалах бүс хэрэглэсэн байдал харагдахгүй байна/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан зорчих хэсэгт үүссэн мөр нь ...улсын дугаартай “Тоёата Харриар” маркийн тээврийн хэрэгслийн дугуйн шарвалтаас үүссэн байх тул тухайн осол гарах үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Ж.У-нь зогсоох арга хэмжээг буруу авсан гэж шинжээч нар үзэж байна. Жолооч замаас гарах хүртэлх зайг /А1, А2, А3/ гэж хэргийн газрын үзлэгт дугуйн шарвалтын мөрөөр явсан замыг тэмдэглэсэн байгаа нь тээврийн хэрэгслийн чиглэлийг огцом өөрчлөх үед хурднаас хамаарсан шарвалт өгч тогтворжилтыг алдагдуулж тээврийн хэрэгсэл замаас гарсан гэж үзэж байна. 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын схем зурагт тээврийн хэрэгслийн дугуйнаас үүссэн шарвалтын мөрийг сөрөг урсгалд явж байгаад замаас гарсан байдалтай зурагдсан, фото зургийн үзүүлэлт хуудас-009 /Зураг 6, 7, 8/ зорчих хэсэгт үлдсэн ул мөр дугуйн шарвалтын мөрийг зөрүүтэй авсан гэж үзэж байна. ...улсын дугаартай “Тоёота Харрейр” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 дугуйны хий гарсан байдал хэргийн газрын фото зургийн үзүүлэлтэд /зураг 21, 23/ харагдахгүй байна. Тээврийн хэрэгслийн явж байсан чиглэл /зүүн гар тал руугаа/ гэв гэнэт огцом өөрчлөгдөхөд жолооч зорчих хэсэг рүү жолооны хүрдийг эргүүлж дарах үйлдэл хийсэн нь аюулгүй байдлыг хангах анхны үйлдлийг буруу авсан гэж үзэж байна. Уламжлалт тоормосны систем нь дискийг тас зуурснаар машиныг жолоодох боломжгүй болгодог, харин A.B.S систем нь насосны даралтыг маш түргэн хугацаанд унагах замаар тоормосыг зууралттайгаар барьж машиныг жолоодох боломжийг олгодог учир тоормосны мөр зам дээр үүсэхгүй байж болно. Тухайн зам тээврийн ослын талаар хавтаст хэргийн материалд /хуудас 031/ 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ...улсын дугаартай “Тоёота Харрейр” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.У-мэдүүлэг, албан ёсны төлөөлөгч талийгаачийн нөхөр Г.Б- нарын мэдүүлэг зөрүүтэй учир тогтоох боломжгүй. Жолоочийн анхаарал сарниулах, жолоодлогод саад болсон аюул нь бусад: явган зорчигч зам хөндлөн гарах, тээврийн /бусад/ хэрэгслийн аюул Замын хагархай гэх мэт аюулаас жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замд нөлөөлөх нөлөөлөл нь ялгаатай гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 74-76/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-13/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 16-18/,  цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /хх 1-н 62-72/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 104-105, 113-122/, хохирлын баримтууд /хх 1-н 123-175/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 8-16/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг бичээгүй, гэмт хэрэг гарсан газрыг буруу тогтоож бичсэн талаарх өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байх ба шүүх хуралдаанаар гэмт хэргийн талаар нотолбол зохих дээрх нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэж дүгнэсэн болно.

          Гэмт хэрэг нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Нартын хошуу гэх газар гарсан болох нь хэргийн газарт 2 удаа хийсэн үзлэгээр тогтоогдсон байна.

          Түүнчлэн, цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл хүлээн авсан бүртгэл, шүүгдэгчийн цагдаа, түргэн дуудсан дуудлага хийсэн талаарх мэдүүлэг, гар утас дээрх цаг хугацаагаар гэмт хэрэг нь 14:40 цагийн орчим гарсан нь тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.У-нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14.40 цагийн орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Нартын хошуу гэх газарт ...улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх:, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч 8 сартай жирэмсэн 28 настай, эмэгтэй С.А-гийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн: “...ачаа бараагаа машинд ачаад 13-14 цагийн хороонд Улаанбаатар хот руу Ж.У-машин бариад, хажуу талд буюу урд талын суудал дээр манай эхнэр, хойд талын суудал дээр жолоочийн харалдаа би, миний хажуу талд Б- эгч суугаад хөдөлсөн. Замын-Үүд сумаас гараад машин дотор гар утсаа оролдож яваад хэсэг хугацаанд зүүрмэглэх үед хажуу талд сууж байсан эгч “хөөе, хөөе миний дүү замаа хараарай” гэх шиг болоод машин 2-3 удаа дайвалзаад засмал Замын ертөнцийн зүгээр баруун тийш онхолдож би хойд талын суудал дээр хажуудсан хамгийн түрүүнд эхнэрээ харахад манай эхнэр урд талын суудал дээр хажуу тийшээ харсан байдалтай байхаар нь машины дээд талын лүк нээлттэй салхины шил хагарсан байхаар нь би хамгийн түрүүнд лүкээр машинаас гараад эхнэрийг Ж.У-бид хоёр хамжиж гараад дараа нь Б- эгч гарч ирээд эхнэрийг машинаас гаргаж ирэхэд толгой, хамар, амнаас нь цус гараад яг хаанаас нь гарч ирээд байгааг мэдэх боломжгүй байсан. Би тухайн үед сандарсан байсан учир яг яахаа мэдэхгүй зам дээр зогссон хүмүүс машинаасаа бууж ирээд цагдаа, түргэн дуудах уу гээд мэдэгдэж байсан. Тэгээд маш сандарсан байдалтай байж байхад эмнэлгийн хүмүүс ирээд эхнэрийг үзээд нас барсан талаар хэлсэн. ...2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын үүд сумаас Улаанбаатар хот руу У-ийн тээврийн хэрэгслээр явж байхад өөрийн гар утсаа оролдож байгаад нүд анилдах хугацаанд миний хажуу талд сууж явж байсан эгч Б- нь У- “хөөе миний дүү замаа хараач” гэж хэлэхэд би урагшаа харахад Уянга хөдөлгөөнгүй доошоо тонгойсон байдалтай машин Замын голоор татсан цагаан зураасыг даваад эсрэг урсгал руу орж байсан. Мөн Б-ийг “хөөе замаа хараач” гэж хэлэхэд цочиж сэрээд машины рүлийг баруун гар тал руугаа ханатал дараад эргүүлээд зүүн гар тал руугаа ханатал дараад машин эсрэг урсгал руу хөндөлдөж ороод засмал Замын ертөнцийн зүгээр баруун тийш Замын хажуу тал руу онхолдсон. Манай эхнэр буюу талийгаач урд талын суудал дээр хөдөлгөөнгүй суугаад явж байсан. Ямар нэг урд талын салон арчих үйлдэл хийгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 22-23, 27-29/, гэрч Ц.Б-ийн: “...Улаанбаатар хот руу Ж.У-тээврийн хэрэгслийн жолоочоор түүний хажууд С.А-, хойд талын суудал дээр жолоочийн ар талд Б.Б-түүний хажуу талд буюу голд би суугаад С.А-гийн ар хэсэг суудал дээр суудлыг арыг буулгаад ачаа ачаад хөдөлсөн. Тэгээд Замын-Үүд сумаас гараад хойд талын суудал дээр Б.Б- бид хоёр хэсэг унтаад явж байхад нэг мэдэхэд орилох чимээгээр сэрээд урагшаа харахад машины хамар жалга руу орж байх шиг болоод машин онхолдож тэгээд харахад бүгд хажуу тийшээ болсон машины дээд тал буюу лүк нээлттэй салхины шил нь хагарсан Б.Б- машинаас гарч эхнэрээ цээжин хэсгээс нь татаж байхаар нь Уянга бид 2 эхнэрийнх нь хөлнөөс нь өргөөд машинаас гаргалцаад дараа нь бид 2 машинаас гараад бид нар сандарсан байдалтай уйлж унжаад би засмал руу хамгийн түрүүнд гүйж гараад машин зогсоогоод туслаарай түргэн дуудаад өг гэж хэлээд тухайн машины жолооч түргэн лүү залгаад Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах босоо тэнхлэгийн засмал зам дээр буюу сумаас 50 гаран км-т зам тээврийн осол гараад энд нэг жирэмсэн эмэгтэйгийн бие муу байна гэж хэлж байсан. ...би ямар ч байсан бүс зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 35-36/, шинжээчийн 02/065, 111 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээч нарын 588 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.У-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.У-нь ...улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан С.А-гийн амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт шүүхэд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ж.У- гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулах, хохирогчийн төлөөлөгч нарын өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.У-холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.У-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу бага насны 2 хүүхэдтэй, хохирогчийн төлөөлөгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн төлөөлөгч нарын хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ж.У-д ял оногдуулахгүйгээр оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.У-жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.У- “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.У-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР