Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 28

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн  хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн  Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, XV- ***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг  хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Төв аймгийн З*******, Булган аймгийн Б*******, Сэлэнгэ аймгийн О уул сумдын нутагт орших М*******ын х*******, Б*******ийн х******* нэртэй газар 5837,99 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-***** тоот тусгай зөвшөөрлийг “О ” ХХК-иас 2006 онд Ашигт малтмалын газрын Үл хөдлөх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр шилжүүлэн авч, энэ цаг үеэс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Ашиг   малтмалын  тухай  хуульд  заасны  дагуу  бүхий  үйл ажиллагааг биелүүлж, хайгуулын талбайд зохих хөрөнгө оруулалтыг хийсэн. Бид 2003 оноос хойш хийж гүйцэтгэж байсан хайгуулын ажлын тайлангаа нэгтгэж 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 20/06 тоот дүгнэлт гарч энэхүү дүгнэлтийг үндэслэн хуучин нэрээр Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Нөөцөд хүлээн авч бүртгэх тухай” 832 дугаар тушаал гарч, Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тайлангаа Геологийн газар тушаасан. Байгаль орчин, аялал жуучлалын яамны шинжээч манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-***** тоот тусгай зөвшөөрлийн талаар 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” дүгнэлт гаргасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу ХV-***** тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2009 оны 08 дугаар сард ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын  16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тодорхой хугацаагаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 онд батлагдсан 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоосон бөгөөд уг тогтоолд дурдсан 72.11 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд өгсөн бөгөөд дээрх солбицлыг бүртгэсний дараа манай компани ашигт малтмалын хайгуулын талбайг хуулиар хэсэгчлэн хориглосон талбайтай давхцалтай байгаа учраас танай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгдсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн   үндэслэл  боловсруулах,  уурхай  барьж  байгуулах,  бүтээгдэхүүн гаргах хүртэлх    үеийг   уурхайн   ашиглалтын   өмнөх  үйл  ажиллагааны үе гэж үзнэ” гэж заасны дагуу ашигт малтмалын үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийн эрхийг 3 хүртэлх жилийн хугацаатайгаар эзэмших  саналыг Уул уурхайн хэлтэст явуулсан боловч хариу ирүүлээгүй. Тухайн үед Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулгатай уулзахад “хуулийн хүрээнд хамрагдсан компаниудын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг авах болон ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломж одоогоор байхгүй бөгөөд дээд шатны байгууллагаас ийм чиглэл ирсэн гэсэн хариуг өгсөн” байдаг. 2010-2011 онд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ Уул уурхайн хэлтэст удаа дараа өгч байсан боловч эхлээд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжтой гэж хариу өгсөн атлаа дараа нь шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн. 

Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх эрхээ алдахгүйн тулд 2009-2011 оны хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацаанд нь төлж байсан ба мөн Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам батлагдсан бөгөөд энэ журмын дагуу манай компани нөхөн олговор авах ёстой байтал одоог хүртэл нэг ч олговор аваагүй байгаа.

2014 оны 07 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж улмаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулан баталсны дараа хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын хавсралтад өөрчлөлт оруулж, зарим хавсралтыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор хүчингүй болгож Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан ба үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын  07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн   солбицлыг  оруулж,  үйл  ажиллагаагаа  үргэлжлүүлэх  тухай албан тоот  явуулсан  боловч  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар   сарын  13-ны  өдрийн  1/7385 тоот албан бичгээр танай компанийн  тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн, “танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тул “Ж” ХХК-ийн эзэмшлийн талбайд солбицлын өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх боломжгүй” гэсэн үндэслэлгүй хариу өгсөн. 

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга манай компанид нөхөн олговор олгоогүй мөртлөө утга агуулгын хувьд үндэслэлгүй тайлбар өгч, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасныг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг төрөөс хадгалах, үйл ажиллагаа явуулах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаагүй байсан бол манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн олговор олгох журам болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “Хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж зааснаас харахад тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгоогүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй гэж үзэх үндэслэлтэй юм. “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болгон тогтоож, манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э  2018 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  Нэхэмжлэгч 

“Ж” ХХК нь Төв аймгийн З*******, Булган аймгийн Б*******, Сэлэнгэ аймгийн О уул сумдын нутагт орших М*******ын х*******, Б*******ийн х******* нэртэй газар 5837,99 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-***** тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 950 дугаар шийдвэрээр анх “О ” ХХК-д олгосон байдаг. 

“О ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын  ХV-***** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 085 дугаар шийдвэрээр “Ж” ХХК ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэж үүний дараа шүүж үзэхэд “Ж” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан. 

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох “Зууны мэдээ” сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байршуулж мэдээлсэн болно.

Гэтэл “Ж” ХХК нь нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн  3.4.2 дахь  хэсэгт  заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх   эх   усны   сан  бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй гэсэн  заалтын 

дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ашигт малтмалын хайгуулын ХV-***** тоот дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ хууль, журманд заасан хугацаанд гаргаагүй. 

Хуулиар хориглосон, хязгаарлагдмал давхцалтай байсан болон нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуй нэгжүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуй нэгжүүдэд нөхөн олгох үндэслэлгүй болохыг дурдсан.

“Ж” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын  ХV-***** тоот тусгай зөвшөөрлийн хуүчин төгөлдөр хугацаа 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн УУККС-д 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байдаг.

 Учир нь 2012 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байсан бөгөөд дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлүүдийн талбай дээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах, эсхүл  Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй, боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ж” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн  хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн  үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус   болохыг  тогтоож,   XV- *****  тоот   тусгай  зөвшөөрлийн  хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Ж” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн  бүртгэл хууль бус болохыг тогтоож,  XV-***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж өөрчилжээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

“Ж” ХХК нь Сэлэнгэ, Төв аймгийн О уул, З******* сумын М*******ын х*******, Б*******ийн х******* нэртэй 6049 гектар  талбай бүхий 6371 тоот  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “О ” ХХК-иас шилжүүлэн авчээ. 

 Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1105 дугаар шийдвэрээр 6371Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2006 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 3 жил,  дахин 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тэмдэглэгээ хийсэн байна.

Нэхэмжлэгч Эрдэс баялаг, эрчим хүчний яам ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн Төв аймгийн З******* сумын  нутагт орших М*******, Б*******ийн х*******н алтны шороон ордод 2006-2007 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж “Ж” ХХК нь алтны шороон ордын хайгуулын ажил гүйцэтгэж, М*******, Б*******ийн х*******н алтны шороон ордыг илрүүлэн, алтны бодитой болон боломжтой нөөцийг тогтоон, хайгуулын ажилд 111.448.000   төгрөг   зарцуулсан   байна   гэж   20-06   дугаартай  дүгнэлт  гаргаж, зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар ордын нөөцийг шинжээчийн хувилбараар  хүлээн   авч,  ашигт  малтмалын  нэгдсэн  тоо  бүртгэлд   бүртгэхийг геологийн мэдээллийн тасагт зөвшөөрч, М*******, Б*******ийн х*******н Хадат толгойн алтны  шороон ордын  нөөцөд  тулгуурлан, түүнийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах боломжтой гэж үзэхийг Ашигт малтмалын газрын даргад уламжлахаар шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Нөөц хүлээн авч, бүртгэх тухай” 332 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авч, алтны шороон ордын нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч, ашиглах боломжтой гэж үзжээ.

Мөн нэхэмжлэгч Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд хандаж 2009 оны 07 дугаар сарын  27-ны өдөр Төв аймгийн  З******* сумын  нутаг дахь “Хадат толгой” нэртэй газарт алтны шороон орд ашиглах талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний хийлгэн, дүгнэлт гаргуулжээ. 

Тус дүгнэлтээр “Төв аймгийн З******* сумын нутаг “Хадат толгой” нэртэй газарт байрлах алтны шороон ордыг ашиглахаар “Ж” ХХК-иас боловсруулсан төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу ерөнхий үнэлгээ хийж, уг төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн байна.

Ингээд нэхэмжлэгч 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан өргөдөл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Нөөц хүлээн авч, бүртгэх тухай” 332 дугаар тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтуудаар хариуцагч талын шүүхэд гаргасан “Ж” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссаныг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, 2012 онд үйлчилж байсан Ашигт малтмалын  тухай  хуулиар  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт 9 жил байсан бөгөөд тус компани 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, тухайн гэрээг 3 жил хүртэл хугацаатай байгуулах, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хориглосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай, энэ талбай дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй” гэсэн тайлбар нь няцаагдаж байна.  

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр  холбогдох хууль журмын дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашигт малтмалын нөөцийг тогтоон, Эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлтээр хүлээлгэн өгч, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасныг шийдвэрлээгүй болох нь нотлогдож байна. 

Ашигт малтмал, газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн кадастрын зургаар ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалгүй, харин Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хийлийн заагтай давхцалтай болох нь  тогтоогдож байна.

“Ж” ХХК нь хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө болон жилийн тайлан, хайгуулын зардлын доод хэмжээгээ 2005-2011 он хүртэл жил бүр баталгаажуулж, хайгуулын ажилд 111.448.000 төгрөг зарцуулж, үүнээс гадна тусгай зөвшөөрлийн  төлбөрийг  нийт есөн жил төлж байсан болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон  бусад төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах   тухай   хууль   хүчин   төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэж заажээ

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 289 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 174 дүгээр тогтоолыг бүхэлд нь, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүйд тооцжээ. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуультай холбогдуулан гарсан Засгийн газрын тогтоолуудаас шалтгаалж нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгүүдэд төсөөтэй харилцааг буюу тусгай хэрэгцээний газар болон нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшигч тэргүүн ээлжинд үргэлжлүүлэн эзэмших зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “...өөрийн ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсан тул хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тодорхойгүй хугацаагаар шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу хэлсэн, манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхацсан, Засгийн газрын 2011 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөн олговор олгох журмын дагуу төр нөхөн олговор төлөх үүрэгтэй бөгөөд одоо болтол манай компанид нөхөн олговор олгоогүй, манай компанийн зүгээс төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрт хүлээцтэй хандаж, нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээхээс өөр аргагүй хүнд нөхцөл байдалд орсон, эдгээр нөхцөл байдал нь манай компанийн олон жилийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж байгаа бөгөөд бид урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болоод  ашиглалтын  өмнөх үйл  ажиллагааны гэрээ 

байгуулах боломжгүй байна, манай компанийн хувьд урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлыг төрөөс хадгалах үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг бүхэлд нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад дууссан хэмээн үндэслэлгүйгээр хариу өгч, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг удаа дараа шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас тусгай зөвшөөрлийн эрхээ алдаж, төрөөс тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр гэж төлөхгүй байгаа атлаа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байсаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон хэмээн сэргээхээс татгалзаж байгаа нь дээрх хайгуулын талбайд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж нөөцийг тогтоон, ашиглахад бэлэн болгосон манай компанийг энэ олон жил гаргасан зардлаа нөхөж чадахгүй маш хүнд нөхцөл байдалд оруулж байна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааж  дээрх зохицуулалтын дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” тогтоолоор “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсны дотор XV-***** тоот тусгай зөвшөөрлийн  талбай усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын  бүсийн хилийн заагтай хэсэгчилсэн давхцалтай байхад үлдэх талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хангаж, “Ж” ХХК-ийн ашигт малтмал хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ