Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 238

 

“Нэгүүн дриллинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаар магадлалтай, “Нэгүүн дриллинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Энх-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэгүүн дриллинг” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох үйл ажиллагаанд оролцож, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Эрдэнэ” нэртэй 2576.21 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, цахим өргөдлийн бүртгэлийн NE-025922 дугаарт бүртгэгдсэн юм. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсөн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан болон эрх бүхий байгууллагаас холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхацсан эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авахаар саналын хуудсыг хүргүүлсэн байдаг.

Гэвч тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг дэмжихгүй гэсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай саналыг ирүүлсэн байдаг бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод Алтайн өдрүүд арга хэмжээнд оролцоод явж байсан учир 5 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай санал явуулсан нь эргэлзээтэй байдаг. Үүнээс гадна тухайн “дэмжихгүй” гэсэн санал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол хавсаргагдаагүй.

“Нэгүүн дриллинг” ХХК нь тухайн Засаг даргын татгалзсан санал хуульд заасан үндэслэлгүй болох талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17/15 тоот албан бичгээр хүсэлт гаргасны дагуу Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6/4266 дугаартай мэдэгдлээр тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул дахин санал авах хуудсыг хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай “дэмжихгүй” гэсэн дахин санал Ашигт малтмалын газарт 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн даваа гаригт ирж, бичиг хэргийн ажилтан М.Должинсүрэн бүртгэн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлсэн бөгөөд дахин ирүүлсэн санал нь ч мөн хууль зүйн үндэслэлгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол хавсаргаагүй байсан. Мөн Ашигт малтмалын газраас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн лхагва гаригт 6/5286 тоот албан бичгээр NE-025922 өргөдлийн бүртгэлтэй талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн.

Уг мэдэгдлийг хүлээн авах хүртэл тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл нь “Нэгүүн дриллинг” ХХК-ийн бүртгэлд хүчин төгөлдөр хэвээр байсан. Гэвч тухайн талбайг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр NE-26040 өргөдлийн дугаартайгаар “Эх нуурын эрдэнэс” ХХК-д бүртгэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хууль бус үйл ажиллагаа явуулсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа хууль бус үйлдэл болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна.

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг тайлбарлахдаа “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, мөн зүйлийн 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

3. Аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны даваа гаригт Ашигт малтмалын газарт ирсэн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр буюу даваа гаригийн өглөө 9:00 цагаас эхэлж “Эх нуурын эрдэнэс” ХХК тухайн өргөдлийнхөө дугаарыг авсан байна.

4. Цахим өргөдлийн дугаар нь зөвхөн тухайн өргөдөл өгсөн талбайдаа хүчинтэй байдаг тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл “Нэгүүн дриллинг” ХХК-д бүртгэлтэй, хүчин төгөлдөр хэвээр байсан. Эрдэнэ суманд орших NE-025922 өргөдлийн бүртгэлийн дугаартай талбайд “Эх нуурын эрдэнэс” ХХК нь NE-26040 дугаартай өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

5. Говь-Алтай аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн санал нь хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин хуулийн үндэслэлгүй хариу ирүүлсэн гэж үзэж байна. 30 хоногийн дотор хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу ирүүлээгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан заалтын дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн “Нэгүүн дриллинг” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож, “Нэгүүн дриллинг” ХХК-ийн NE-025922 өргөдлийн бүртгэлийн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Энх-Очир 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Тухайн талбайд манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуулийн үндэслэл байхгүй бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нь Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хууль зөрчсөн шийдвэрийг хянаж үзэж, хуулийн дагуу шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаартай шийдвэрийн “Эх нуурын эрдэнэс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Нэгүүн дриллинг” ХХК-ийн NE-025922 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэгүүн дриллинг” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэ” нэртэй талбайд 2576.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон. Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 6/3828 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд тус аймгийн Эрдэнэ сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. Дээрх Засаг даргын татгалзсан саналдаа Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т тус тус заасныг үндэслэн тухайн сумын иргэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэж дурдсан.

Үүний дараа “Нэгүүн дриллинг” ХХК нь 2015 оны 17/15 тоот албан бичгээр Засаг даргын энэ саналыг хууль зүйн үндэслэлгүй тул Засаг даргын саналыг дахин авах хүртэл NE-025922 /ХА-018751/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр хэвээр байлгах хүсэлтийг Кадастрын хэлтэст ирүүлсний дагуу уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/4266 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч өмнө нь дурдсан тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаа ижил үндэслэлийг дурдсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 203 тоот албан бичгийг ирүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг үндэслэн “Нэгүүн дриллинг” ХХК-д Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэ” нэртэй талбайд 2576.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарахаас 2 хоногийн өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх “Нэгүүн дриллинг” ХХК-ийн талбай болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт “Уулт” нэртэй 2576.21 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг “Эх нуурын эрдэнэс” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр авсан байна.

“Эх нуурын эрдэнэс” ХХК-ийн өргөдөл нь NE-026040 /ХА-018949/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13:30-13:45 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5428 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “...энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан байх тул үүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт “Уулт” нэртэй 2576.21 га талбайд ашигт малтмалын хайгуулын 18949Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Эх нуурын эрдэнэс” ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Эх нуурын эрдэнэс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд болохын хувьд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хуульд заасан журмын дагуу өргөдөл гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан заасныг баримтлан NE-26040 өргөдлийн дугаарт бүртгэн хянан шийдвэрлэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-18949 дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон болно.

Харин нэхэмжлэгч компанийн өргөдлийг төрийн захиргааны байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэж хариу өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн “Нэгүүн дриллинг” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн “Эх нуурын эрдэнэс” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Нэгүүн дриллинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 318 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Шүүхийн магадлалд “Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэс ирүүлсэн санал нь тус аймгийн иргэдийн болон сумын хурлын шийдвэрт үндэслээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд аймгийн Засаг дарга нь Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахад тухайн сумын иргэд дэмжихгүй санал гаргасныг түүнд уламжилсан албан тоот, тогтоолыг ирүүлсэн байсан бөгөөд үүнийг үндэслэн аймгийн Засаг дарга дээрх 152 дугаартай “Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд “Нэгүүн дриллинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дэмжээгүй саналыг ирүүлсэн.

Засаг даргын энэ саналын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Нэгүүн дриллинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 492 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.

2. Шүүхийн магадлалд “төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хүлээлгээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Аймгийн засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.

Энэ эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэ” нэртэй 2576.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Нэгүүн дриллинг” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй.

Иймээс Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дээрх “Нэгүүн дриллинг” ХХК-ийн талбай болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт “Уулт” нэртэй 2576.21 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийн дугаарыг “Эх нуурын эрдэнэс” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр авсан. “Эх нуурын эрдэнэс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5428 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд санал ирүүлээгүй тул ашигт малтмалын хайгуулын 18949Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Эх нуурын эрдэнэс” ХХК-д олгосон үндэслэлтэй байна

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Эх нуурын эрдэнэс” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ч.Урангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн санал нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн болон сумын хурлын шийдвэрт үндэслээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрчилдөж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна. Энэ эрхийнхээ хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 152 дугаар “дэмжихгүй” гэсэн саналыг хавтаст хэрэгт авагдсан дараах Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар хуралдааны тогтоол, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 44 тоот албан бичиг Засаг даргын энэ саналын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Нэгүүн дриллинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарсан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Мөн магадлалын хянавал хэсэгт “...төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хүлээлгээгүй байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих, ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрхтэй.

Энэ эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэ” нэртэй 2576.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Нэгүүн дриллинг” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй байна.

Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан “Эх нуурын эрдэнэс” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ” нэртэй талбайд 2576.21 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзээд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өргөдлийн дугаарт бүртгэсэн. Ийнхүү манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар санал авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрээр “Эх нуурын эрдэнэс” ХХК-д Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 18949Х дугаар тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд “Эх нуурын эрдэнэс” ХХК нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн тусгай зөвшөөрөл авсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хуулиар олгосон эрх ашиг сонирхлыг маань ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК нь “...152, 203 дугаартай саналд сумын болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол хавсаргагдаагүй, хуулийн үндэслэлгүй татгалзсан байхад хянан үзэж, шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, тухайн талбайд гаргасан манай компанийн өргөдөл хүчинтэй хэвээр байхад “Эх нуурын эрдэнэс” ХХК-д өргөдлийн цахим дугаар олгох боломжгүй” гэж маргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэрийн “Нэгүүн дриллинг” ХХК, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрийн “Эх нуурын эрдэнэс” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ” нэртэй газрын 2576.21 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр цахимаар авч, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өргөдлөө гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, өргөдөл, хавсаргасан баримт бичигт анхан шатны шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, “санал” авахаар Говь-Алтай аймгийн Засаг даргад хандахад мөн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар саналаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэжээ.

Уг саналыг “үндэслэлгүй” гэж санал дахин авахуулах, өргөдлийг хүчин төгөлдөр хэвээр байлгах талаар “Нэгүүн дриллинг” ХХК-иас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасны дагуу хариуцагч нь санал авахаар мэдэгдэл дахин хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргаас мөн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэж 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар саналыг ирүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нь 152, 203 дугаар саналдаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй үндэслэлээ “сумын иргэдийн санал”-ыг үндэслэн гэж  бичсэн, эдгээр саналын аль алинд нь Эрдэнэ сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ямар нэгэн санал тусгагдаагүй болох нь тогтоогдсон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар тушаалд “...Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул...” гэж дурдаж “Нэгүүн дрилинг” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд  энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 152, 203 дугаар санал нь мөн аймгийн, эсхүл Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-д үндэслээгүй, “иргэдийн санал”-д үндэслэсэн гэх боловч энэ тухай ямар нэгэн баримт хавсаргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зүйл, заалтад “иргэдээс санал авч, түүнд үндэслэх талаар” заагаагүй, татгалзах санал нь хуульд заасан үндэслэлийн дагуу байх шаардлагад нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааж, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгжид олгожээ.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулах” гэж, 4.5-д “хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулах” гэж тус тус журамласан байна.

Эдгээрээс үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхээ дангаараа хэрэгжүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нь “татгалзах санал”-ыг зөвхөн хуульд заасан үндэслэлд тулгуурлан гаргах, үүнд дүгнэлт өгч тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх эрх төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын 152, 203 дугаар “татгалзах санал” нь хуульд үндэслээгүй байхад “дэмжихгүй” санал ирүүлсэн гэж нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдэх мөн даргын мөн өдрийн 6/5286 дугаартай мэдэгдлээс 2 хоногийн буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Эх нуурын эрдэнэс” ХХК нь маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах өргөдлийн цахим дугаар авч, 6 дугаар сарын 24-ний өдөр өргөдлөө өгснийг Кадастрын хэлтэс хүлээн авч, анхан шатны шүүлт хийж, “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж үзэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг авахаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 6/5428 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, харин Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул түүний саналыг “зөвшөөрсөн” гэж үзэж, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ.

Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 152, 203 дугаар “үндэслэлгүй” саналд тогтоосон журмын дагуу хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгч “Нэгүүн дриллинг” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байх үедээ тухайн талбайд давхардуулан гаргасан “Эх нуурын эрдэнэс” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, улмаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасантай нийцээгүй, тусгай зөвшөөрөл авахыг хүссэн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Харин давж заалдах шатны шүүх аймгийн Засаг даргын “дэмжсэн санал”-ыг эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул “захиргааны акт”, “дэмжээгүй санал” нь эрх зүйн үр дагаваргүй тул “захиргааны акт биш” гэж ялгаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Ашигт малтмалын тухай хуулиар “аймаг, нийслэлийн Засаг даргад” олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу боловч магадлалын шийдлийг үгүйсгэх үндэслэл биш юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн “...Засаг даргын дэмжээгүй саналыг үндэслэн татгалзсан,... “дэмжихгүй” гэсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хүлээгээгүй байна гэсэн нь үндэслэлгүй, ...татгалзсан шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахыг хуулиар хориглоогүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 318 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ         

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ