| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0112/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 139
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 1810019260876 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... рестораны баруун урд талын засмал зам дээр ... улсын дугаартай “Лексус-570” маркийн автомашинаар хохирогч М.И-г чирч, унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч М.И- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” рестораны урд талд байрлах 12 давхар барилгын урд талд “...” ХХК-ний инженер М-тай уулзахад тэрээр “манайх энд хүүхдийн тоглоомын талбай хийх гэж байгаа юм. Та энэ талбайг тэгшлээд өгөөч” гэхээр нь газрын тал хэсгийг тэгшилж байхад машинтай залуу ирж уулзаад “эгч одоо ажлаа зогсоо, энэ газар манайхтай өглөгө авлагатай юм. Энэ газрыг манайх ухуулахгүй” гэхээр нь “хэл амтай юм бол учраа ололцохоор больё” гээд ажлаа зогсоогоод явсан. Маргааш өдөр нь “...” ХХК-ний инженер М-, бас нэг инжөнер хоёр над руу залгаад “та хүрээд ир. Бид газрынхаа учрыг олчихсон” гэхээр нь “чи ажлынхаа хөлсийг миний данс руу хий, тэгээд би очиж хийе” гэж хэлсэн. Удалгүй М- над руу залгаад “би ажлын хөлсийг чинь хийчихлээ, газар ямар нэгэн хэл амгүй, ажлаа ирээд хий” гэхээр нь очоод ажлаа хийж байтал экскаваторын хажууд халзандуу залуу ирчихсэн зогсож байсан. Би түүнд “чи яагаад энд зогсож байгаа юм бэ” гэхэд тэр залуу /Д-/ кабин руу орж ирээд түлхүүр шүүрч аваад “энэ газрыг ухуулахгүй гээд байхад чинь хаашаа юм бэ” гэхээр нь “та нар учраа олчихсон гэсэн биз дээ” гэхэд тэрээр буугаад төв зам дээр байсан машин руугаа явсан. Би Д-гийн машин дээр очоод “чи ямар хаашаа юм бэ, түлхүүрээ авъя, намайг ажиллуулж байгаа инженерүүд энэ хажууд зогсож байна” гэхэд “түлхүүрийг чинь өгөхгүй” гээд машинтайгаа хөдөлсөн. Би түлхүүрээ авах санаатай машины хойд хаалганы бариулаас барьж байхад тэр чигтээ хөдөлсөн. 3-4 метр газар явахад би машины хойд хаалганы бариулаас барьсан чигтээ дагаад гүйсэн. Д- огцом тоормос гишгэж зогсооход машины хаалга онгойж би савагдаад зам дээр шидэгдсэн. Би машины хаалганы бариулыг тавихгүй байж байтал машин дахин хөдөлж намайг 7-8 метр газар чирч явсан. Би ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд намайг хүмүүс тойрчихсон массаж иллэг хийгээд сэгсрээд байсан. …Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би 7 хоног ажил хийлгүй эмчилгээ 3 хийлгэсэн. Би нэг хоногт 8 цагийн 650.000 төгрөгний ажил хийдэг тул 7 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 4.550.000 төгрөг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Б.М-жав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Манай “Мөнгөн элсний шим” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар хэсэгт баригдсан “Пэйс виллаж” байрны урд талд тухайн байрны оршин суугчдын хүсэлтээр 6 машины граш, түүний дээр тоглоомын талбай барихаар болсон. Оршин суугчид нь нийтийн эзэмшлийн талбай гэдэг утгаараа доороо граштай, дээрээ хүүхдийн тоглоомын талбай хийлгэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт, өргөдлөө гаргасан боловч албан ёсоор зөвшөөрөл нь гараагүй юм шиг байсан. Манай компанитай “Пэйс виллаж” байрыг барьсан компаний төлөөлөл, байрны оршин суугч Б-, Т- нар “доороо граштай дээрээ хүүхдийн тоглоомын талбай хийгээд өгөөч” гэсэн хүсэлт гаргасны дагуу би хувьдаа экскаватортай И-той хөлс мөнгийг нь тохирч уг байрны газар тэгшлүүлэхээр болсон. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.И- экскаватортайгаа ирээд ажиллаж байхад машитай хүн /Д-/ ирээд болиулсан байсан. Би хүсэлт гаргасан Б-д болсон явдлын талаар хэлэхэд Б- “оршин суугчид уг ажлыг хурдан хийчих гэж байна. Хэрвээ хүмүүс ирэх юм бол оршин суугч нар гараад уулзчихна” гэсэн. Би 2018 оны 08 дугаар сарын 16- ны өдөр И- руу дахин утсаар яриад дуудсан. М.И- 13 цагийн үед ирж урд өдрийн газар тэгшилж байсан ажлаа үргэлжлүүлж байхад 17-18 цагийн үед Д- хар өнгийн “Лексус-570” маркийн машинтай ирээд хийж байсан ажлыг нь зогсоогоод И-гийн машины болон гэрийн түлхүүрийг нь авсан байсан. Би Д-тэй уулзаж “энэ хүн хөлсөөр ажил хийж байгаа юм. Энэ хүнд буруу байхгүй. Бид нар ч мэдэхгүй. Энэ ажлыг хийлгэж байгаа хүмүүстэй уулзаж учраа ол. Энэ хүний машины түлхүүрийг нь өгчих” гэхэд Д- “экскаватораа гарга, газраа буцааж булуул, тэгэхгүй бол түлхүүрийг чинь өгөхгүй” гэсэн. Тэр үед И- эгч ирээд “наад маргаантай асуудлаа зохицуулчихаад намайг дуудаарай, миний түлхүүрийг өгчих” гэхэд Д- “наад газраа булчихаад түлхүүрээ аваарай. Түлхүүрийг чинь одоо өгөхгүй” гэсэн. И- машины жолооч талын хойд, урд хаалганы хоёр бариулаас бариад “түлхүүр өг” гэхэд Д- машинаа хөдлөөд явсан. 10 метр газар орчим явахад И- машины хаалганы бариулыг тавихгүй дагаад гүйсэн. И- гараа тавьбал машины дугуйн доор нь орчих гээд байсан байх. Д- машинаа гэнэт зогсооход жолооч талын хойд хаалга буюу И-гийн зуурч явсан хаалга гэнэт онгойсон. Д- дахиад хөдлөхөд нь машины хаалга эргэж хаагдан И- засмал зам дээр шидэгдэж ар нуруу, толгой хэсгээрээ саваад унасан. Д- ч тэр чигтээ зогсолгүй шууд яваад өгсөн. И-гийн биед ил харагдах хэсэгт гэмтэл, шарх харагдаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10093 дугаартай дүгнэлтэнд: 1. М.И-гийн биед тархины доргилт, баруун, зүүн мөр, дал, нуруу, 4 бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Пэйс виллаж” хотхоны хажуугаар ... улсын дугаартай машинтайгаа өнгөрөхөд манай компаний газар дээр зөвшөөрөлгүйгээр барилгын газар шорооны ажил хийж байсан. Өмнө нь энэ газар дээр “...” ХХК нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр граш барих гээд газар шорооны ажил хийлгэж байсан. Би тухай бүрт нь хэлж зогсоож байсан. Мөн миний шаардлагыг биелүүлэхгүй байхад нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулан ажлыг нь зогсоолгож байсан. Энэ газар дээр мөн л хэдэн иргэд өөрсдийн грашаа “...” гэх компаниар бариулахаар ямар нэгэн зөвшөөрөлгүй, хууль бусаар экскаватор хөлслөөд газар ухуулж байсан. Би барилгын хашааны хажуу талд байсан хүмүүс дээр очиход граш бариулж байгаа гэсэн. Би тэр хүмүүст “та нар удаа дараа хууль зөрчин байж, зөвшөөрөлгүйгээр барилга барих ажил хийж байна. Үүнийгээ боль, өчигдөрхөн цагдаа ирээд наад ажлыг чинь зогсоосон. Өдөр болгон өөр экскаватор авчирч зөвшөөрөлгүй зүйл хийлгэхээ боль” гэхэд “танай энэ газар цуцлагдсан, нөгөө талаар энэ нийтийн эзэмшлийн газар гэж ойлгож болно, бид нар энд орон сууц худалдаж авсан. Өөрсдийнхөө грашийг барихад яагаад болдоггүй юм бэ, бид нар энэ ажлаа зогсоохгүй” гэхээр нь “барилга барихын тулд заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Та нар зөвшөөрлөө авчихаад хууль ёсны дагуу наад ажлаа хийвэл би юм хэлэхгүй. Та нарт зөвшөөрөл байхгүй. Цагдаагаас өчигдөр ажлыг чинь зогсоо гэсэн. Мөн энэ газрын асуудал Захиргааны хэргийн шүүх дээр манай компаний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүссэн байгаа тул хэрэг шийдэгдтэл барилгын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байгаа. Одоо наад экскаватораа гарга” гэсэн шаардлагыг тавьсан. Тэр хүмүүс “Зогсоохгүй, чамд хамаагүй” гэхээр нь “наад хууль бус ажиллагаагаа зогсоо” гэхэд оператор эмэгтэй /И-/ экскаватораа унтраагаад нэг түлхүүр надад өгөхөөр нь машиндаа ирж суусан. Энэ үед оршин суугчид машин дээр ирээд над руу үгээр дайрч давшилсан. 5 орчим минут болж байтал экскаватор дахиад ажиллаад эхэлсэн. Би дахин очоод “наадахаа боль, экскаватораа манай хашаанаас гарга, үгүй бол энэ түлхүүрийг чинь өгөхгүй шүү” гэсэн. Оператор эмэгтэй /И-/, оршин суугч хүмүүстэй нийлээд “Чамд ямар хамаатай юм бэ, хүчингүй болчихсон газар дээр байшингаа барьж байна. Чи зүгээр зайл” гээд намайг хэл амаар доромжилсон. Би “экскаватораа гаргасны дараа түлхүүрээ аваарай” гээд машинтайгаа огцом хөдөлсөн. Би хөдөлгөөнөө эхлүүлэхдээ хоёр талынхаа толиндоо харахад ямар нэгэн зүйл байгаагүй. Хэсэг яваад толиндоо харсан чинь зүүн хойд талын хаалганы бариулаас оператор эмэгтэй /И-/ барьчихсан гүйж байхаар нь “энэ мэдрэл муутай юм чинь машин доогуур орчихвий” гэж бодоод зогссон. Машин зогсонгуут хаалганы цоож автоматаар онгойгоод оператор эмэгтэй /И-/ 5 хойно сууж байсан хүмүүс рүү “та нар түлхүүр өг л дөө” гээд орилсноо машины хойд крыло руу хүчтэй цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /ххийн 35-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 54-59-р хуудас/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 521 дугаартай “Хуулийн тэгшитгэлд хамруулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 61-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” рестораны баруун урд талын засмал зам дээр хохирогч М.И-той “газар шорооны ажлаа зогсоо, түлхүүрийг чинь өгөхгүй” гэх шалтгаанаар мөргөж, улмаар ... улсын дугаартай автомашинаараа түүнийг чирч биед нь тархины доргилт, баруун, зүүн мөр, дал, нуруу, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч М.И-гийн …Би Д-гийн машин дээр очоод “чи ямар хаашаа юм бэ, түлхүүрээ авъя, намайг ажиллуулж байгаа инженерүүд энэ хажууд зогсож байна” гэхэд “түлхүүрийг чинь өгөхгүй” гээд машинтайгаа хөдөлсөн. Би түлхүүрээ авах санаатай машины хойд хаалганы бариулаас барьж байхад тэр чигтээ хөдөлсөн. 3-4 метр газар явахад би машины хойд хаалганы бариулаас барьсан чигтээ дагаад гүйсэн. Д- огцом тоормос гишгэж зогсооход машины хаалга онгойж би савагдаад зам дээр шидэгдсэн. Би машины хаалганы бариулыг тавихгүй байж байтал машин дахин хөдөлж намайг 7-8 метр газар чирч явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Гэрч Б.М-жавын …Би Д-тэй уулзаж “энэ хүн хөлсөөр ажил хийж байгаа юм. Энэ хүнд буруу байхгүй. Бид нар ч мэдэхгүй. Энэ ажлыг хийлгэж байгаа хүмүүстэй уулзаж учраа ол. Энэ хүний машины түлхүүрийг нь өгчих” гэхэд Д- “экскаватораа гарга, газраа буцааж булуул, тэгэхгүй бол түлхүүрийг чинь өгөхгүй” гэсэн. Тэр үед И- эгч ирээд “наад маргаантай асуудлаа зохицуулчихаад намайг дуудаарай, миний түлхүүрийг өгчих” гэхэд Д- “наад газраа булчихаад түлхүүрээ аваарай. Түлхүүрийг чинь одоо өгөхгүй” гэсэн. И- машины жолооч талын хойд, урд хаалганы хоёр бариулаас бариад 6 “түлхүүр өг” гэхэд Д- машинаа хөдлөөд явсан. 10 метр газар орчим явахад И- машины хаалганы бариулыг тавихгүй дагаад гүйсэн. …Д- машинаа гэнэт зогсооход жолооч талын хойд хаалга буюу И-гийн зуурч явсан хаалга гэнэт онгойсон. Д- дахиад хөдлөхөд нь машины хаалга эргэж хаагдан И- засмал зам дээр шидэгдэж ар нуруу, толгой хэсгээрээ саваад унасан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, . :
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10093 дугаартай дүгнэлтэнд: 1. М.И-гийн биед тархины доргилт, баруун, зүүн мөр, дал, нуруу, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 16-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Д- нь хохирогч М.И-той “газар шорооны ажлаа зогсоо, түлхүүрийг чинь өгөхгүй” гэх шалтгаанаар мөргөж, улмаар ... улсын дугаартай автомашинаар түүнийг чирч биед нь “тархины доргилт, баруун, зүүн мөр, дал, нуруу, бүсэлхий, зүүн өгзөгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Б.Д-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Д- нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Хохирогч М.И- нь “би Б.Д-гээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан тул гомдолгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-ийн 71-р хуудас/ прокурорын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.Д- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Бат сарай” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг, сарын 800.000 төгрөгийн цалинтай хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О- овогт Б-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь хохирогч М.И-д 500.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор 8 давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР