Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Н.Энхболд /томилолтоор/,

Шүүгдэгч: Ч.Ж-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ч.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905049010334 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Ж-,  1996 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгорт аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нью Спэйс” ХХК-ний ноосны үйлдвэрт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч  Ч.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын угаалгын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Huawei P30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.З-т 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ж- шүүх хуралдаанд: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч О.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад ээжийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Б зочид буудалд амрахаар очсон. Тэгээд угаалгын өрөөнд ороод Huawei P30 загварын гар утсаа цонхны тавцан дээр тавиад унтсан. Тэгээд маргааш өглөө нь ...сэрэхэд цонхны тавцан дээр байсан утас байхгүй болчихсон байсан, мөн түрүүвч алдсан дотор нь эд зүйл байгаагүй. Би гар утсаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хувь хүнээс 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 900.000 төгрөгөөр үнэлнэ. Түрүүвчийг бол үнэлэхгүй. Хяналтын камер байгаа. Би тухайн үед шүүж үзэхэд нэг үл таних эрэгтэй хүн 2 удаа ороод гарч байгаа дүрс бичлэг харагдсан. Тэр залуу нь анх буудалд гурвуулаа орж ирсэн бөгөөд Ж- гэдэг нэртэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/,

Гэрч Н.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би зочид буудалд хүлээн авагчаар ажиллах хугацаанд миний хүү болох З- нь манай ажил дээр хонохоор 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед ирсэн юм. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад манай хүү З- надаас “гар утас авсан уу” гэж асуусан. Тэгээд гар утас алдсанаа мэдээд Б зочид буудлын камерийг шүүж үзээд Цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-53/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...03:00 секунтэд үл таних эрэгтэй хүн хохирогч О.З-ын унтаж байсан гэх өрөөний үүдийг чагнаж байгаа байдлыг харуулав. 03 цаг 52 минутанд үл таних эрэгтэй хүн хохирогч О.З-ын унтаж байсан гэх өрөөнд орж байгаа. ...04 минут 24 секунтэд үл таних эрэгтэй хүн хохирогч О.З-ын унтаж байсан гэх өрөөнөөс гарч байгаа. ...04 минут 30 минутад үл таних эрэгтэй хүн нь өмдний баруун талын халаасанд эд зүйлс хийж байгаа. ...06 минут 32 секунтэд үл таних эрэгтэй хүн О.З-ын унтаж байсан гэх өрөөнд дахин орж байгаа. ...08 минут 31 секунтэд үл таних эрэгтэй хүн хохирогч О.З-ын унтаж байсан гэх өрөөнөөс дахин гарч явж байгаа байдлыг харуулав...” гэжээ. /хх-н 22-27/,

Яллагдагчаар Ч.Ж-йн мөрдөн байцаалтад өгсөн: “...эсрэг талын өрөөнд нэг утас дуугараад байсан. Тэр өрөөний хаалга онгорхой байсан тул би өрөө рүү ороход үл таних эрэгтэй газар унтаж байсан. Харин зүүн талд нь байсан ширээн дээр утас нь дуугарч байсан. Би өрөөнөөс утсыг аваад гарсан. Гараад коридорт өрөөнийхөө үүдэнд байж байгаад тухайн утас цэнэггүй байсан болохоор дахин тэр өрөө рүү цэнэглэгч хайж ороод цэнэглэгч байхгүй байсан болохоор гарсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 38-41/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогчийн өргөдөл /хх 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33, 58-65/, хохирогчийн хүсэлт /хх-н 67/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж- нь 2019 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын цагаан хэрэгсэл угаах угаалгын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Huawei P30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.З-т 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.З-ын: “...Тэгээд угаалгын  өрөөнд ороод Huawei P30 загварын гар утсаа цонхны тавцан дээр тавиад унтсан. Тэгээд маргааш өглөө нь ...сэрэхэд цонхны тавцан дээр байсан утас байхгүй болчихсон байсан, мөн түрүүвч алдсан дотор нь эд зүйл байгаагүй. ...Хяналтын камер байгаа. Би тухайн үед шүүж үзэхэд нэг үл таних эрэгтэй хүн 2 удаа ороод гарч байгаа дүрс бичлэг харагдсан. Тэр залуу нь анх буудалд гурвуулаа орж ирсэн бөгөөд Ж- гэдэг нэртэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/, гэрч Н.О-гийн: “...Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад манай хүү З- надаас “гар утас авсан уу” гэж асуусан. Тэгээд гар утас алдсанаа мэдээд Б зочид буудлын камерийг шүүж үзээд Цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-53/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Ж-йн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ж- нь зочид буудлын цагаан хэрэглэл угаах угаалгын өрөөнд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Зочид буудлын хүн амрах өрөө нь орон байр гэсэн ойлголтод хамрагдах боловч тухайн зочид буудлын цагаан хэрэглэл угаах өрөөг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 1.000.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 67/ гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Ж-йг буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 01 жил хорих ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Ч.Ж-йн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 флаш дискийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Ж- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа  явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ж-йг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ж-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР