Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           20                                       2020/ШЦТ/74

 

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас С овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905048930016 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй,  ........ ХХК-д зөөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт .......... дүүрэг ... дугаар хороо ....... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ын Б-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....  байрны орцонд иргэн Ж.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....  байрны орцонд иргэн Ж.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ж.Э-гийн “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өглөө 06 цагийн үед цэвэрлэгээ хийж дуусгачихаад байж байтал манай байрны Лхагва гээд 96 тоотын залуу дээр 14 давхарт хүн унтаж байна гэж хэлэхээр нь би дээшээ гартал шатан дээр нэг залуу унтаж байхаар нь бос гээд гараас нь хөтөлж босгоод лифтэнд суулгаад явуулсан. Тэгээд гэртээ орчихоод дахиж ус хувиндаа хийгээд лифт арчих гээд гарч ирээд лифт дуудсан чинь лифтэн дотор нөгөө залуу суугаагаараа унтаж байсан. Тэгээд би лифтэндээ суугаад доошоо тэр залуутай хамт 1 давхар луу буугаад аль миний хүү гар, өглөө болчихлоо, одоо хүмүүс гэрээсээ гарч ирнэ, эгч нь цэвэрлэгээ хиймээр байна гээд куртикных нь баруун талын мөрний хэсгээс нь татсан чинь босохгүй байсан. Тэгэхээр нь би лифтээ арчаад чи одоо босоо гээд дахиад хэлсэн чинь босоод гараад явсан. Тэгээд би лифтээ арчих гээд алчуураа бариад гараа өргөөд зогсож байтал нөгөө залуу лифт рүү эргэж орж ирээд ална шүү пизда минь гээд лифтний баруун хойд өнцөгт намайг шахаж байгаад тархи руу нүдчихсэн. Нилээн олон удаа цохисон. Тэгээд би толгой манараад доошоо суусан чинь дахиад дээрээс нүдсэн. Тэгээд би болиочээ хүн аллаа гэсэн чинь чи ямар хүнд хэрэгтэй юм биш, чамайг нүдэхэд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гээд хашгирсан чинь цагдаагаа дуудахгүй юу цагдаа нар намайг яахыг хараарай чи гэсэн. Тэгээд нүдэж нүдчихээд жаахан цаашаа явахаар нь утсаараа СӨХ-ийн дарга Э-ын 96096606 дугаарын утас руу залгаад хүрээд ирээч нэг хүн намайг нүдээд үхэх нь гэсэн удалгүй Э- хүрээд ирсэн.

“... Шүүх эмнэлэгт үзүүлээд 120.000 төгрөгөөр тархины томграфийн зураг авхуулсан. Би зодуулсанаас хойш бие өвдөөд байсан учраас 10 хоног гэртээ хэвтсэн. Орноос босохоор толгой эргээд 5 хоног бөөлжөөд байсан. Манай хүргэн бариа засал хийдэг учраас хүргэнээ гуйж толгойгоо бариулсан. Тэр залууд зодуулсаны улмаас ажилдаа 10 хоног явж чадаагүй учраас энэ хугацааны ажилласан хоногийнхоо цалинг нэхэмжилмээр байна. Бас тэрнээс хойш юм мартаж санаад зүрх дэлсээд сэтгэл санааны хохирол амссан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Э-ын “2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 21 минутанд үйлчлэгч ажилтай Ж.Э- нь намайг орцонд хүн зодоод байна гэхээр нь гэрээсээ гарч ирсэн чинь Ж.Э- нь 1 дүгээр давхарын орцонд уйлчихсан үс нь сэгсийчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар нь асуухад согтуу хүн орцонд унтаж байхаар нь гаргах талаар хэлсэн чинь миний толгой руу олон удаа гараараа цохисон гэж байсан. Би толгойг нь гараараа барьж үзсэн чинь 3-4 газар овойж хавдсан байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Камер шүүсэн чинь гадагшаа гарч байгаа зүйл харагдахгүй байхаар нь шатаар явган алхаж буусан чинь 12 дугаар давхарт нэг хүн суучихсан унтаж байсан. Ж.Э- нь хараад намайг зодсон хүн мөн байна гэсэн учир цагдаагийн алба хаагч нар тухайн хүнийг аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14411 дугаартай:

“1. Ж.Э-гийн биед тархи доргилт,  зүүн зулай, хөхлөг сэртэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Б.Б-гийн яллагдагчаар өгсөн “... Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 37 дугаар хуудас/   зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.Э-гийн “...Миний бие цаашид гомдол саналгүй хохирлоо барагдуулсан тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ