Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Ц.С-,

           Шүүгдэгч: Д.Т-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т-ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905042430274 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Т-, 1977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Т-нь иргэн Ц.А-д “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан улмаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ц.С-гаас 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5069081430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Д.Т-шүүх хуралдаанд: “...Би А-тай ярихад хүүхэд сургуульд оруулж өгч тус болооч гэж хэлсэн. Би хүмүүсээс асууж өгье гэж хэлсэн. Дараа нь би А-тай утсаар яриад мөнгө хэрэгтэй байна, 3 сая төгрөг зээлээч гэж хэлсэний дагуу надад 3 сая төгрөг зээлсэн. Тухайн үед манай ээж өвчтэй байсан тул хагалгааны мөнгө шаардлагатай байсан. Энэ мөнгийг нь авсан нь үнэн. 1 сая төгрөгийг буцаан өгсөн. Үлдсэн мөнгийг боломжгүй байсан тул өгч чадаагүй байгаа. Тухайн хүүхдийг сургуулиас нь завсардуулсандаа харамсаж байна” гэв.

            Хохирогч Ц.С- шүүх хуралдаанд: “...Манай 2 хүүхэд 18-р сургуульд сурдаг юм. Тэгээд дүүг нь нэг сургуульд оруулах гээд ах А-д хэлсэн. Ах хүнээс асууя гэсэн ба хүнтэй ярьлаа, 3 сая төгрөг юм байна гээд Т- гэж хүний дансыг өгсөн. Би тэр данс руу нь 3 сая төгрөг шилжүүлсэн. 9 дүгээр сарын 01 болоход хүүхдээ сургуульд нь оруулах гэсэн боловч бүртгэлгүй байсан. Үүнээс хойш утсаар ярихаар одоохон болно гэдэг байсан сүүлдээ олдохоо больсон. Манай хүүхэд 1 сар гаран сургуульгүй завсардаад маш их хохирсон. Ах маань хэлэхдээ мөнгө зээлж байгаа гэж огт яриагүй, сургуульд оруулах мөнгө гэж хэлсэн. Би Т- гэдэг хүнийг огт танихгүй” гэв.

Хохирогч Ц.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн ах А-ын ажлын хүрээний танил Д- овогтой Т- гэдэг хүнтэй өөрийн Хулан гэдэг охиныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд оруулна гэж тохиролцоод 5069081430 Т- нэртэй данс руу өөрийн 5063380027 тоот данснаас 3.000.000 төгрөгийг өөрийн ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргуй нэртэй гоо сайхны газраас интернет банкаар шилжүүлсэн. Тус хүн нь Боловсролын яаманд аж ахуй хариуцсан хүн гэж миний ах А- танилцуулж байсан юм. ...тэр хүн нь манай охиныг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд оруулж өгнө гэж тохирсон ба 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход Т- гэдэг хүн тус сургуулийн захирлаас бичиг аваагүй байна, авч өгнө гэж хоног өдөр хойшлуулаад 2019 оны 10 дугаар сар өнгөрөөд манай хүүхэд хэцүүдлээ мөнгөө авъя гэхэд зөвшөөрч дансны дугаараа өгчих гэж бас хоног өдөр хойшлуулж байгаад тэрнээс хойш одоог хүртэл гар утсаа авахгүй, олдохгүй байна. 1.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу цагдаад өргөдөл өгсөн үеийн дараа шилжүүлсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл үлдсэн мөнгийг шилжүүлээгүй ба мөнгөө авъя гэж түүний 88000230 дугаар руу мессеж бичихэд хариу нь “тэр өргөдлөө авчих тэгвэл үлдэгдэл мөнгийг чинь өгье” гээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 22-24, 77-79/,

Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний цаг зав амжихгүй байсан болохоор дүүгийн хүүхдийн талаар Ч-тай ярилцаж амжаагүй юм. Тэгэхээр нь хуучны танил Т-ид хандаж манай дүүгийн хүүхдийг оруулж өгөх арга чарга юу байна, чи хүн амьтантай яриад үзээч гэхэд яръя гээд салсан. Хоёр өдрийн дараа Т- над руу залгаад “за ер нь бараг бүтчихлээ” гээд үдээс хойш ахиж залгаад “нөгөө асуудалд чинь 3.000.000 төгрөг орох юм байна” гэхэд “ямар үнэтэй юм бэ, ахиад жаахан багасгах арга байхгүй юу” гэхэд Т- “ямар дүү нь өөртөө мөнгө авах гэж байгаа биш” цаашаа өгнө гэж хэлэхээр нь дүү С-д хэлээд Т-ийн данс руу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг С- шилжүүлсэн. Түүнээс хойш 9 дүгээр сарын 01-ний өдөр С-гийн охин нь 18 дугаар сургуульд очсон чинь бүртгэгдээгүй байна гэсэн юм байна лээ. Тэгээд Т- гар утсаа авахгүй мессеж бичээд олдохгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч Х.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Т- гэдэг хүнийг танихгүй ...тус сургуульд хүүхэд элсүүлэх журам Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан гүнзгийрүүлсэн сургалтын журам болон манай сургуулийн удирдах зөвлөлийн журам байдаг тул үүгээр элсүүлдэг. Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 200 дугаар тушаалаар 2018 оноос хамтран суралцуулах тушаалтай. Энэ нь зөвхөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд харъяалалтай иргэдийн хүүхдийг суралцуулдаг” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Яллагдагчаар Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 сард ...А- над руу яриад миний хамаатны нэг хүүхэд Нийслэлийн 18 дугаар сургуульд орох гээд харъяаллын асуудлаас болоод орж чадахгүй байна, тийм учраас туслаач гэж надад санал тавихаар нь би хүмүүсээс асууж тодруулаад боломжтой бол эргээд хариу өгье гэж хэлсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа А- над руу дахиж залгаад “чи нөгөө асуудал чинь болох боломж байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би болно гэж хэлээд миний эхийн бие муу байгаа учраас надад 10.000.000 төгрөг хэрэг болоод байна, одоо дахиад 3.00.000 төгрөг хэрэгтэй байна надад туслах боломж байна уу гэж асуухад дансаа өгчих гэж хэлэхээр нь би өөрийн дансыг мессежээр өгсөн юм. Тэгтэл маргааш нь 5069081430 дугаарын данс руу А-гаас гэсэн утгатай мөнгө орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 84-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Т-нь иргэн Ц.А-д “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан улмаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн Ц.С-гаас 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5069081430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Ц.С-гийн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн ах А-ын ажлын хүрээний танил Доржзовд овогтой Т- гэдэг хүнтэй өөрийн Хулан гэдэг охиныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд оруулна гэж тохиролцоод 5069081430 Т- нэртэй данс руу өөрийн 5063380027 тоот данснаас 3.000.000 төгрөгийг өөрийн ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргуу нэртэй гоо сайхны газраас интернет банкаар шилжүүлсэн. Тус хүн нь Боловсролын яаманд аж ахуй хариуцсан хүн гэж миний ах А- танилцуулж байсан юм. ...тэр хүн нь манай охиныг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд оруулж өгнө гэж тохирсон ба 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход Т- гэдэг хүн тус сургуулийн захирлаас бичиг аваагүй байна, авч өгнө гэж хоног өдөр хойшлуулаад 2019 оны 10 дугаар сар өнгөрөөд манай хүүхэд хэцүүдлээ мөнгөө авъя гэхэд зөвшөөрч дансны дугаарыг өгчих гэж бас хоног өдөр хойшлуулж байгаад тэрнээс хойш одоог хүртэл гар утасны дугаарыг авахгүй, олдохгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 22-24, 77-79/, гэрч Ц.А-ын: “...Т- над руу залгаад “за ер нь бараг бүтчихлээ” гээд үдээс хойш ахиж залгаад “нөгөө асуудалд чинь 3.000.000 төгрөг орох юм байна” гэхэд “ямар үнэтэй юм бэ, ахиад жаахан багасгах арга байхгүй юу” гэхэд Т- “ямар дүү нь өөртөө мөнгө авах гэж байгаа биш” цаашаа өгнө гэж хэлэхээр нь дүү С-д хэлээд Т-ийн данс руу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3.00.000 төгрөгийг С- шилжүүлсэн. Тэгээд Т- гар утсаа авахгүй мессеж бичээд олдохгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Т-нь шүүх хуралдаанд 3.000.000 төгрөгийг залилж аваагүй, танил Ц.А-аас зээлж авсан гэж мэдүүлж байх боловч энэ үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Ц.А-ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т-нь хохирогч Ц.С-гийн хүүхдийг Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд оруулж өгнө гэж хуурч 3.000.000 төгрөг залилан авсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Т-нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Т-нь хохирогч Ц.С-гийн хүүхдийг Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд оруулж өгнө гэж хуурч 3.000.000 төгрөг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд суралцах асуудлыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаал, мөн тус сургуулийн удирдах зөвлөлийн журмаар суралцагч элсүүлдэг нь гэрч Х.Ч-ын мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгч нь тухайн сургуульд оруулж өгнө гэж анхнаасаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 1.000.000 төгрөг авсан ба үлдэгдэл 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Т-ээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Т-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 6 сар хорих ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ид шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Т-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ид оногдуулсан 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.С-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР