Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0077

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           01           21                                      2020/ШЦТ/77

 

 

        

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Д-,

хохирогч Б.О-,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Х овогт Б-ын Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1903012360545 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  ....... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ....... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , хүүгийн хамт ..... дүүргийн ...... дугаар хороо .......... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын Д-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Талст амартизатор төвийн урд замд “Toyota Aqua” маркийн .... УБД улсын дугаартай автомашиныг  жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас Д.Э- жолоочтой Зорчигч тээврийн нэгтгэл автобус 1 дүгээр баазын эзэмшлийн Daewoo маркийн .... УНБ улсын дугаартай автобустай мөргөлдсөний улмаас зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О- мэдүүлэхдээ: “Бөмбөгөрөөс автобусанд суугаад явж байсан. Автобусны жолоочид их гомдолтой байсан. Автобусны жолооч нь эхлээд миний автомашин гээд байсан. Эхлээд бэртэл гэмтэл авсан хүнээ аврах хэрэгтэй байхад хамгийн түрүүнд автомашин техникээ бодсонд нь их гомдолтой байсан. Эр нөхрийгөө ажлаас нь 2 сарын цалингүй чөлөө авхуулсан. Мөн машины зээлтэй байсан. Өөрөө ажил хийж чадахгүйгээс болоод хүнээс хүртэл мөнгө зээлж төлж байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- мэдүүлэхдээ: “Баянхошууны чиглэлд явж байсан. Aqua маркийн машиныг мөргөж О- гэдэг хүн зааланд зогсож явж байгаад унаж гэмтсэн. 1.105.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Талст амартизатор төвийн урд замд “Toyota Aqua” маркийн .... УБД улсын дугаартай автомашиныг  жолоодож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан  “Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас Д.Э- жолоочтой Зорчигч тээврийн нэгтгэл автобус 1 дүгээр баазын эзэмшлийн Daewoo маркийн .... УНБ улсын дугаартай автобустай мөргөлдсөний улмаас зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 12-14 дүгээр хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 15-18 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн “1. ...Талст амартизатор  төвийн хяналтын камераас хуулбарлаж авсан 190301236 гэсэн бичигтэй дисктэй дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Дүрс бичлэгт Талст амартизатор төвийн урд талын зогсоол дээр цагаан өнгийн суудлын тэрэг ирж зогсож 1 зорчигч буугаад зүүн гар тийш дохио өгөөд зам руу ороод эргэх үед замын урд талаас автобус ирж тойрох үед нь жижиг цагаан тэрэг дахиж огцом эргэх үед тээврийн хэрэгслүүд мөргөлдөж байгаа нь харагдаж байлаа. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.О-ийн “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн гадна талаас ертөнцийн зүгээр зүүн талаас Баянхошуу чиглэлийн автобусанд суугаад Тасганы овооны уулзвар өнгөрөөд явж байсан. Автобус дотор хана талаас 2 дахь суудлын хажуу талд зогсож явсан. Бариулнаас сайн барьсан байсан. Гэнэт автобус тоормос гишгээд нэг мэдсэн автобусны урд талын шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед юу болж байгааг мэдээгүй. Автобусан дотор бүх суудал дүүрэн  байсан. Удаагүй түргэний машин ирээд аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтээгүй. Миний биед одоо нурууны яс хугарсан, бүсэлхийнээс доош маш зовиуртай байгаа. Одоогийн байдлаар баримт цуглуулаагүй. Жолооч надад 120.000 төгрөгөнд эм тариа бас бүс авч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Б.П-гийн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар өгсөн “ Д- манай нөхөр байгаа юм. Гэр бүлийн баталгаатай. 2019 оны 02 дугаар сард гэр бүлийн маргаанаас болоод би 2 хүүхдээ аваад ээж дээрээ очсон. Уулзахгүй байгаа. Уг машиныг манай нөхөр зээл аваад 12.100.000 төгрөгөөр надтай цуг хамтран зээлдэгчээр оролцсон байгаа. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

“...Хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлнэ” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/

 

Д.Э-гийн гэрчээр өгсөн “Би энэ өдөр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 55 минутын орчимд Зорчигч тээврийн нэгтгэл Автобус 1 дүгээр баазын эзэмшилийн Daewoo маркийн .... УНБ улсын дугаартай автобусыг жолоодон Эх нялхасын уулзвараар телевиз орохоор  МУИС автобусны буудал дээр зогсох гээд ертөнцийн зүгээр урдаас хойд зүгт 1 дүгээр эгнээнд машин зогсож байсан болохоор зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 25-30 км цагийн хурдтай явж байтал цагаан өнгийн машин гэнэт урдуур дараад ороод ирсэн. Тоормос гишгээд зүүн гар тал руу бултуулж дараад автобусны баруун урд хэсгээр мөргөлдсөн. Харин зогсож явсан зорчигч зааланд багана мөргөөд унасан. Ойролцоогоор автобус дотор 24 суудалтай бусад зорчигч нар сууж явсан. Өөр гэмтсэн зорчигч байхгүй. Би 102, 103 дугаарын утас руу өөрийн эзэмшилийн 89857962 дугаарын утсаар дуудлага өгсөн. Удаагүй 103 ирээд автобус дотор унасан зорчигчийг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Би цагдаа хүлээж  байгаад хэмжилт хийлгээд замын цагдаа дээр очсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13038 дугаартай:

“1. Б.О-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, баруун зулай, чамархайн ар хэсэг, дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны  Daewoo 106 маркийн .... УНБ улсын дугаартай автомашины техникийн  эврэл хохирлын үнэлгээг 1.105.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 51-53 дугаар хуудас/

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №548 дугаартай:

“1. T.Аqua маркийн .... УБД улсын дугаартай автомашины жолооч Баатар овогтой Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдлөгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг  биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Daewoo маркийн .... УНБ дугаартай автомашины жоллоч Д- овогтой  Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 59-60 дугаар хуудас/

 

Б.Д-ын яллагдагчаар өгсөн “... Би чигээрээ явах гэж байсан. Хөдөлгөөн эхлэхийн өмнө автобусыг нилээд хол байгаа харагдсан учраас амжих байх гээд ортол амжаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Д-ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан  “Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны  байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Д.Э- жолоочтой Зорчигч тээврийн нэгтгэл автобус 1 дүгээр баазын эзэмшлийн Daewoo маркийн .... УНБ улсын дугаартай автобустай мөргөлдсөний улмаас осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Шүүгдэгч Б.Д- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасаныг шүүх хангасаныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Б.О- өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт эмчилгээний зардал 6.000.000 төгрөг, олох байсан орлого 2.400.000 төгрөг, нөхөр асарч, сувилж байхдаа ажлаа хийгээгүй байсны цалин, мөн машины лизингийн төлж чадаагүй төлбөр зэргийг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Б.О-т учирсан эмчилгээний зардал нийт 1.981.640 төгрөг тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогчид нийт 1.265.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 716.640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний 6.000.000 төгрөгийн баримт, олох байсан орлогын тодорхойлсон баримт, асарч сувилж байсан гэх нөхрийн цалингийн цалингийн нийгмийн даатгал төлсөн баримт зэрэг нотлох  баримтууд байхгүй тул хохирол, хор уршгийг тооцох боломжгүй болжээ.

Иймд хохирогч Б.О- хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

Харин иргэний нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлангаар тогтоогдсон 1.105.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн ВС ангилалын 208620 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Б.Д-т буцаан олгож, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

          Шүүх, шүүгдэгч Б.Д-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан холбогдсон зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Х овогт Б-ын Д-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д- 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Д- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Д-  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-оос 716,640 төгрөг гаргуулж хохирогч Б.О-т, 1.105.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д тус тус олгосугай.

           

            7. Хохирогч Б.О- нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц жолоочийн  ВС ангилалын ....... дугаартай үнэмлэхийг Б.Д-т буцаан олгосугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ