Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 0298

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Б.Энхбат,

            хохирогч Д.Б,

            шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Дд холбогдох 1908055070247 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” сүлжээ дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү, нэг хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Д /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гоо Март” хүнсний дэлгүүрийн орчимд Д.Бтай “..машин хааж, тавьсан, тавиагүй...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд “тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр зогсоолд тавьсан байсан саарал машины харалдаа машинаа тавиад гэртээ ороод цай уучхаад хүүхдээ хувцаслаад эгчтэйгээ хүүхэдтэйгээ хамтдаа гарч ирсэн. Тэгтэл тэр саарал машинд байсан эмэгтэй “машинаа холдуул яасан уддаг юм бэ” гэхээр нь би машиндаа суугаад зүүн эргэсэн чинь Төв аймаг гэсэн дугаартай машин  урд тавьсан байсан тул харалдаа зогсоогоод  аавыгаа суулгасан. Аавыг суулгах гээд хүлээж байх зуур  хохирогч  машинаас бууж ирээд “хурдан яваач, түрүүнээс хойш яагаад байгаа юм, өдөөд байгаа юмуу” гэсэн. Дараа нь дахин 2 дахь удаагаа бууж ирэхээр нь би маргалдаад хамран тус газар нь 1 удаа цохисон. Тэр үед урд байсан машин явсан байсан тул замаа чөлөөлөөд зогссон юм. Тэр өдөр цэргийн зарлан ирсэн байсан учир нэлээн яаруу явж байсан юм. Би хохирогчид учирсан гэмтэл, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Цаашид баримтаар гарсан зардлыг төлнө” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гоо март гэдэг дэлгүүрийн тэндэх зогсоол нь машин тавьдаг зогсоол биш. Харин дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдийн машинаа түр тавих зориулалттай юм. Манай машиныг энэ залуу хаагаад машинаа тавьчихсан байсан. Манай эхнэр энэ залууг гарч ирэхэд нь эхлээд шаардлага тавьсан. Шүүгдэгчийн машины өмнө машин байгаагүй бөгөөд улмаар замаа чөлөөлөхгүй машинаа зүүн эргүүлээд зогсчихсон.  Би эхний удаа очихдоо чи уучлалт гуйдаггүй юмуу гэж хэлээд явсан. Гэтэл явахгүй ахиад зогсоод байхаар нь очоод зогсоолоо чөлөөлөөч, яагаад байгаа юм гэснээс болж маргалдсан. Энэ залуу бууж ирээд шууд миний нүүрэн тус газар цохисон ба хамарнаас цус гараад унасан юм. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би цаашид хамар болон нүдний ухархайн хана нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай байна. Улсын эмнэлэгт болохоор 3 сая төгрөг, хувийн эмнэлэгт 5 сая төгрөгөөр хагалгаа хийнэ гэсэн. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хавтас хэргээс:

Иргэн Д.Баас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “...Гоо март хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдад зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9х/, хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 32-35х/, гэрч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 19х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 12696 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, шинжээч эмч М.Эын мэдүүлэг /хх-ийн 24х/, шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 48х/, Лазер мед эмнэлгийн шинжилгээ /хх-ийн 77х/, шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55х/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн тухай баримт 1 хуудас /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Днь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гоо Март” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Д.Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хааж зогссон асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийн  машинаа чөлөөлөөч гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Д.Баас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “...Гоо Март хүнсний дэлгүүрийн үүдэнд бусдад зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-9х/,

Хохирогч Д.Бын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрийн гадаа талбайд машинаа байрлуулчхаад хүнс болон бусад зүйлээ цуглуулаад машин дээрээ эргэж иртэл ... УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Aqua маркийн машин миний машиныг таглаад тавьчихсан болохоор нь машин дээр байсан дугаар руу нь залгахад авахгүй байсан. 10 орчим минутын дараа хажуу талын байрнаас нэг залуу ганцаараа гарч ирэхэд манай эхнэр машин дотроос утсаа аваач ээ гээд хашхирсан. Юун сүртэй юм бэ гэж хэлээд машинаа асаагаад ухарч гараад зүүн эргээд дахиад урд миний машиныг хаагаад зогсчихсон. Би бууж очоод чи яваач ээ яагаад урд хөндөлсөөд таглаад байгаа юм бэ гэж хэлтэл тэр залуу бууж ирээд чи муу юу гээд байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр барилцаж авсан. Тэгээд миний нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан. Миний хамар руу цохиод хамарнаас цус гараад нүд бүрсийгээд явчихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Би гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Би цаашид хамар болон нүдний ухархайн хана нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай байна. Улсын эмнэлэгт болохоор 3 сая төгрөг, хувийн эмнэлэгт 5 сая төгрөгөөр хагалгаа хийнэ гэсэн. Энэ мөнгийг гаргуулж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Д.Сын өгсөн: “...Бид машиндаа суугаад байрны гол зам руу ортол нөгөө цагаан өнгийн машин явж өгөхгүй урд гараад зогсоод байхаар нь манай нөхөр сигнал өгөөд “энэ одоо яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд машинаас буугаад тухайн машины цонхыг нь тогшиж байсан. Тэгтэл тухайн цагаан акуа машинаас нэг залуу бууж ирээд манай нөхөртэй заамдалцаад авсан ба манай нөхрийн нүүр лүү нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 12696 дугаартай: “...Д.Бын биед үзлэгээр тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,

Шинжээч эмч М.Эын өгсөн: “...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байсан ба нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Гараараа цохих нь мохоо зүйлийн үйлчлэлд орно, хохирогч Д.Бын нүдэнд хуучин гэмтэл байхгүй, бүгд шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр зогсоолд тавьсан байсан саарал машины харалдаа машинаа тавиад гэртээ ороод цай уучхаад хүүхдээ хувцаслаад эгчтэйгээ хүүхэдтэйгээ хамтдаа гарч ирсэн. Тэгтэл тэр саарал машинд байсан эмэгтэй “машинаа холдуул яасан уддаг юм бэ” гэхээр нь би машиндаа суугаад зүүн эргэсэн чинь Төв аймаг гэсэн  дугаартай машин  урд тавьсан байсан тул харалдаа зогсоогоод аавыгаа хүлээгээд суулгасан. Аавыг суулгах гээд хүлээж байх зуур  хохирогч  машинаас бууж ирээд “хурдан яваач, түрүүнээс хойш яагаад байгаа юм, өдөөд байгаа юмуу” гэсэн. Дараа нь дахин 2 дахь удаагаа бууж ирэхээр нь би маргалдаад хамран тус газар нь 1 удаа цохисон. Би тухайн залууг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохитол хамарнаас нь цус гарсан. Тэгээд салаад явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д нь зогсоол дээр машинаа байрлуулахдаа бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хааж тавьсан, улмаар гэрээсээ гарч ирсэн даруйд замаа чөлөөлөх арга хэмжээ авалгүй, аваар осол гарсан үед хэрэглэдэг  аваарын гэрэл буюу ослын дохионы гэрлээ асаан зогсож бусдыг үл хүндэтгэсэн, жолоочийн үүргээ үл биелүүлсэн байдал гаргасан байх бөгөөд өөрт нь шаардлага тавьсан иргэн Д.Быг эсэргүүцэж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон ажээ.

Хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Б.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Б нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор эмчилгээ, оношилгоо хийлгэсэн тухай 222.000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс /хх-ийн 38х, 79х/ шүүгдэгч Б.Д нь төлж барагдуулсан /хх-ийн 82х, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.

Харин хохирогч Д.Б нь хамар ясны хугарал, нүдний ухархайн хана цөмөрснийг нөхүүлэх хагалгаанд орно, уг зардлаа нэхэмжилнэ гэх тул тэрбээр нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Б.Доос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Хохирогч нь “...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн саналыг,

Шүүгдэгч нь “...торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Дыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Днь хохирогч Д.Бын эмчилгээний зардалд 222.000 /хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ