| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0666/Э |
| Дугаар | 683 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 683
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн 1910017770696 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ... тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ж-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү яс баруун талд их бие хэсгээр, зүүн талд эрүүний булангаар хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910017770696 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Ж-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-19-р хуудас/
Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч Ө.З-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №9037 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.У-ын мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч Т.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах .... тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны оройн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ... тоот хашаанд Г.Ж-тэй “гэрт намайг доромжиллоо” гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь “эрүү яс баруун талд их бие хэсгээр, зүүн талд эрүүний булангаар хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь
Хохирогч Г.Ж-ийн ...Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найз нартайгаа хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул голын эрэг дээр архи ууж байгаад тэндээсээ Д-тэй Б-ийн гэр рүү явсан. Дэлгүүрээс архи аваад Б-ийн гэрт очиж хувааж уусан. Би архи ууж байхдаа тасарчихсан байсан. Нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн автобусны буудлын хажууд байдаг дэлгүүрийн харалдаа хүнд зодуулчихсан байдалтай ухаан орсон. Би эхнэр рүүгээ залгаад “намайг ирээд авчих” гэж хэлээд эхнэрийнхээ хамт гэр рүүгээ явсан. Би гэртээ ирээд нүүр гараа угаачихаад эмнэлэг явж үзүүлсэн. Маргааш нь Б-ийн гэрт очоод түүнээс “намайг хэн зодчихсон юм бэ” гэхэд “чи над руу томроод агсам тавиад байхаар нь эрүү рүү чинь цохичихсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-20-р хуудас/,
Гэрч Г.Д-ийн ...Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр найз Г.Ж-тэй хамт согтуу Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны .... тоотод байх найз Б.Б-ийн гэрт очсон. Б- унтаж байхаар нь сэрээгээд “ганц юм хамт ууя” гээд гэрээс нь дагуулаад гартал Г.Ж- нь Б.Б-ийг үгээр идээд байсан. Тэр хоёр хоорондоо маргалдахад Г.Ж- Б.Б-ийн дух руу нь толгойгоороо 2 удаа мөргөсөн. Б.Б- зөрүүлээд гараараа шанаа руу нь 1 удаа цохиход Г.Ж- газар унасан. Г.Ж- “чи миний шүдийг хугалчихлаа” гээд шүдээ сугалах гэж оролдож байснаа “би чамайг ажилгүй болгоноо” гэж хэлчихээд хашааных нь хойд хаалгаар гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ө.З-ийн ...Ажил дээрээ байхад нөхөр Г.Ж- над руу залгаад “намайг хүн зодчихлоо, ирээд авчих. Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэгт байдаг хүүхдийн тоглоомын талбайн дэлгүүрийн хажууд байна” гэж хэлсэн. Намайг очиход нөхөр Г.Ж-ийн эрүү нь хавдаж доош унжсан, баруун нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь “хэнд зодуулчихсан юм бэ” гэж асуусан боловч хэлээгүй. Маргааш нь хамт явсан Д-ээс юу болсон талаар асуухад “Б.Б- танай нөхөр хоёр маргалдсан чинь Б.Б- танай нөхрийг унагааж байгаад нүүр рүү нь цохичихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б- рүү залгаад “чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ” гэхэд “намайг уучлаарай бид хоёр маргалдаад танай нөхрийг зодчихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №9037 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Ж-ийн биед эрүү яс баруун талд их бие хэсгээр, зүүн талд эрүүний булангаар хоёрлосон хугаралттай, баруун зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 33-р хуудас/,
Мөрдөн байцааалтанд Б.Б- яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ унтаж байтал Г.Ж-, Д- нар архи уучихсан согтуу орж ирээд “хамт архи ууя” гэсэн. Гэтэл Г.Ж- намайг үгээр идээд байхаар нь “чи намайг доромжилж болно. Харин манай гэрийг битгий доромжлоод бай, хоёулаа манай гэрээс гаръя” гээд гарсан. Гэрээс гарсан чинь Г.Ж- хаалга хааж зогсчихоод “чи намайг барна гэж бодож байна уу, чи намайг багадаа бардаггүй байсан биз дээ” гэх мэтээр надтай маргалдсан. Би Г.Ж-ийн нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Б.Б-, хохирогч Г.Ж- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Ж-ийн нүүр рүү цохиж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Ж-ийг цохиж биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж-ийн биед хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 81-р хуудас/ шүүхийн шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, , шүүгдэгч Б.Б- нь би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мөн группт байдаг ахын хамт амьдардаг тул бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, ам бүл хоёул амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Ж-д эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР