Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 31

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/15 тоот тушаалаар томилогдсон Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Н” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон “Замын хөдөлгөөний  удирдлагын төв” НӨҮГ-ын 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 901 дүгээр мэдэгдлийг болон тендерийн шаардлагын гол үзүүлэлтийг хангаагүй ЗХУТ/17/08 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х , Ж.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уянга нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газраас зарласан ажил үйлчилгээнд даатгалын үйлчилгээ үзүүлэн ЗХУТ/17/08 дугаартай тендерийн шалгалтад оролцсон боловч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 901 дугаар албан бичгээр үнийг хуваарилан, саналаа ирүүлсэн боловч гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болно гээд манай компанийг тендерээс гаргасан. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд манай компани гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4648 тоот албан бичгээр шаардлага хангаагүй гэж татгалзсан хариуцагчийн шийдвэр нь үндэслэлгүй талаар, мөн хамгийн сайн гэж үнэлэгдсэн “А” ХХК нь 2016 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул шаардлага хангахгүй гэж үзэн тендер шалгаруулах үнэлгээг хууль журмын дагуу дахин хийх болсон. 

Гэтэл Сангийн яам нь хариуцагчаас шийдвэр дахин хянуулах хүсэлт гаргасны дагуу тендерийн материалыг дахин хянаж, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 4737 дугаар албан бичгээр “Н” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналыг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй нь Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-т заасан шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

 “А” ХХК нь 2016 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй байгаа нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шаардлага хангахгүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж 2 албан бичиг ирүүлсэн.

“Н” ХХК нь тендерийн материалыг хууль журамд нийцүүлэн ирүүлсэн бөгөөд,  захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-т заасан үнийн саналд ямар нэгэн шаардлага тавигдаагүй байсан хэдий ч манай тендерийн материалын 8 дугаар хуудсанд тавигдсан үнийн хувиар нь гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулсан байсан боловч энэхүү үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендерийн шалгаруулалтад оролцох нөхцөл шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендерт тавигдах чадамжийн шалгуур үзүүлэлт шаардлагыг хуульд нийцүүлэн тогтоож тусгахаар 12.3-т тендерт 

 

байх албан бичигт заасан чадварын шалгуур үзүүлэлт шаардлагыг хангаагүй компанийн шийдвэрээс татгалзаж шийдвэрлэх тухай тендер хүссэн өргөдлөө бичгээр мэдэгдэх..” гэж тус тус заасан байх тул захиалагч тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтээр тендерийг дүгнэх эрхгүй бөгөөд манай компанийн тендерт оролцох эрх, гэрээ байгуулах эрх, тендерт өрсөлдөх эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Иймд манай гаргасан гомдлын дагуу Сангийн яам нь захиалагчийн шийдвэрийг хянахдаа шаардлага хангаагүй гэж татгалзсан, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлага хангасан эсэх талаар тус бүр хянан үзэх шатанд тендерт оролцогч нарын захиалагчийн шаардлагыг тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т, 27.1-т заасан бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан. 

Үнэлгээний хорооны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тендерийн материалыг дахин хянахдаа “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон тухай мэдэгдлийг Замын хөдөлгөөний Удирдлагын төвийн 2017 оны 08 дугаар сарын  16-ны өдөр 1001 тоот албан бичгээр хүлээж авсан бөгөөд “А” ХХК тус тендерт оролцох болсноо тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 1.1-д заасан үндсэн чухал шалгуур болох сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан ирүүлээгүй Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно, 15.3.2-т Тендерт оролцогчдын баталгаажуулсан санхүүгийн тайлан шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт” гэх хуульд заасан үндсэн шаардлагыг хангаагүй байхад гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байгаа нь үндэслэлгүй байна. 

Иймд манай тендерээс үндэслэлгүй татгалзаж “А” ХХК-ийг  гүйцэтгэгчээр сонгосон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 901 дугаар мэдэгдэл болон тендерийн шаардлагын гол үзүүлэлтийг хангаагүй ЗХУТ/17/08 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хоёр. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийн үнэлгээний зааврын 6 дугаар зүйлд зааснаар дараах зүйлд тендерээс татгалзах үндэслэл болно гээд түүнд тендерийн үнийн хувиар болон ажлын хуваарьт гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулаагүй бол Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-т заасан үнийн хуваарийг тамга, тэмдэг дарж баталгаажуулан ирүүлэх гэж заасан байдаг. 

Гэтэл “Н” ХХК-иас ирүүлсэн баримт материал нь гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байна гэж үнэлгээний хороо дүгнэсэн. Үнэлгээг дахин хянахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Тендерийн баримт бичгийн шалгуур заалтын 2.1.4-т зааснаар тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх гэсэн байдаг.

 “Н” ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийн 4 дүгээр хуудсанд итгэмжлэлийн шаардлага хангаагүй, нотариатаар баталгаажуулаагүй тул тус тендерээс татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж Үнэлгээний хороо шийдвэр гаргаад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тендерт оролцуулж ажлын 5 өдрийн дотор “А” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээний биелэлтийг хангах ажиллагаа эхэлсэн. 

Иймд “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

  Гурав. Гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 901 тоот мэдэгдэл болон Тендерийн шалгаруулалт хангаагүй тул шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэл байдаг. 

Нэг дэх шаардлага нь шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь 901 дугаарт тендерт сонгон шалгаруулалтад “А” ХХК нь шалгарсан болохыг    хариуцагч    байгууллага    нэхэмжлэгч    байгууллагад    хуулийн   дагуу 

мэдэгдсэн байдаг. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу шүүхэд харьяаллын бус гэж бид үзэж байна. Яагаад гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудал биш юм. 

901 тоот албан бичгийн агуулгыг харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан захирамжилсан үйл ажиллагаа агуулаагүй, мөн  Нэхэмжлэгч “Н” ХХК хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх тул үүнийг шүүх хүлээж авахгүй гэж үзэж байна. 

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл: “А” ХХК нь санхүүгийн тайлангаа гаргаж өгсөн ба тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу санхүүгийн тайланг гаргаж өгсөн. 

Харин маргаантай нэг асуудал нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яамнаас ирүүлсэн 2 албан бичиг бөгөөд Эхний ирүүлсэн бичиг дээр “А” ХХК шаардлага хангаагүй байна гэсэн атлаа дараа нь залруулга хийгээд “А” ХХК нь санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна гэсэн албан бичиг байгаа юм.

Уг тендерийг үнэлэхдээ тухайн Үнэлгээний хороо хууль зөрчөөгүй. Харин захиалагчийн татгалзсан үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн тендерийн шаардлагад нийцээгүй гэсэн байдаг. 

Нэхэмжлэгчийн бүрдүүлсэн материал шаардлагатай нийцэхгүй байна гэдэг нь тухайн Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1-д заасан тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтан нь итгэмжлэлгүй байсан гол шалгуурыг хангаагүйн улмаас татгалзсан нь хууль ёсны гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Н” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 901 дүгээр мэдэгдлийг болон тендерийн шаардлагын гол үзүүлэлтийг хангаагүй ЗХУТ/17/08 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

           Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/15 дугаар тушаалаар “Төвийн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээнд даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тус тендерийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тендерийн урилгыг гаргажээ. 

           Ингээд Үнэлгээний хорооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зарлагдсан Төвийн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээнд даатгалын үйлчилгээ үзүүлэх тендерийг нээж, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар тендерт үнэлгээ хийж, тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлсэн тус тендерт “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “А” ХХК-ийг шалгаруулсан байна. 

            Дээрхи шийдвэрийг “Н” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яам гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тендер шалгаруулах тухай” 6-1/4648 дугаартай албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин  хийх нь зүйтэй” гэсний дагуу Үнэлгээний хороо 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж,  үнэлгээг дахин хийжээ. 

            Ингэхдээ “...“Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн /ТОӨЗ-ийн  2.1.4/, ТОӨЗ-ийн 2.1.5 дахь хэсэгт заасан “Ирүүлсэн үнийг саналдаа гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулах, тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэлийг    нотариатаар    баталгаажуулах”  гэж заасныг зөрчсөн, мөн зургаан 

 

төрлийн даатгалын үйлчилгээ авахаас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний төслийг ирүүлээгүй, таван төрлийн үйлчилгээ үзүүлэхээр ирүүлсэн тул тендерээс татгалзах үндэслэлтэй байна. Харин “А” ХХК нь 2015 он болон 2016 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлсэн, өмнөх оны даатгалын хэмжээ харьцангуй илүү үзүүлэлттэй, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн” гэж дүгнэжээ.

           Нэхэмжлэгч тал жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний төслийг ирүүлээгүй дээр маргадаггүй бөгөөд харин “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2.1.4, 2.1.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж маргаж байгаа болно.

           Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Тендерт оролцогчийг төлөөлж  гарын үсэг зурсан этгээдийн итгэмжлэл /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/”,  2.1.5-д  “Үнийн санал”  гэж тус тус заажээ. 

Мөн Техникийн тодорхойлолтоор авах даатгалын үйлчилгээний төрлийг зургаан төрлөөр зааж өгчээ.

          “Н” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь “А” ХХК-иас ирүүлсэн үнийн саналаас бага буюу 21.664.730 төгрөг байгаа боловч “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний төсөл ирүүлээгүй байна. 

Шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд “үнийн санал”-д тамга, тэмдэг дарж, гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байгаа боловч Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д заавал гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулна гэж заагаагүй байна.

Харин тендерийн баримт бичгийн 4 дүгээр хуудсанд байгаа “Н” ХХК-иас тендерийн баримт бичигтэй хамт ирүүлсэн итгэмжлэл нь тус байгууллагын гүйцэтгэх удирдлагаас өгсөн итгэмжлэл байх бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 2 дугаар зүйлийн 2.1.4-д заасан “нотариатаар баталгаажуулж ирүүлэх” гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

          Дээрхи үндэслэлүүдээр “Н” ХХК-ийг тендерт ирүүлсэн баримт бичгийг хянан үзээд, тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”,   27.1.3-д “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер   нь   энэ   хуулийн  27.1-д  заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол 

 

шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчөөгүй байна. 

          Өөрөөр хэлбэл “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй материал ирүүлсэн “Н” ХХК-ийн тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй” гэж татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

           Мөн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон “Замын хөдөлгөөний  удирдлагын төв” НӨҮГ-ын 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 901 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Уг мэдэгдэлд “...“Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь “Санал болгож буй үнийн саналаа ирүүлсэн боловч гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулаагүй нь тендерээс татгалзах үндэслэлтэй” болно гээд  тус тендерт “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгарсныг мэдэгджээ.

            Нэхэмжлэгч энэ мэдэгдлийг хүлээн авч, улмаар эс зөвшөөрөн Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 6-1/4648 дугаартай “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хүргүүлсэн албан бичгээр захиалагчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэсэн байна. 

Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “Н” ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1001 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байна. 

Үүнээс дүгнэж үзэхэд “Замын хөдөлгөөний  удирдлагын төв” НӨҮГ-ын “2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 901 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй байна. Учир нь “Замын хөдөлгөөний  удирдлагын төв” НӨҮГ-ын 2017 оны 901 дүгээр албан бичиг Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 6-1/4648 дугаартай  албан бичгээр хүчингүй болж дахин тендерийн үнэлгээг хийсэн байна.   

            Нөгөөтэйгүүр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас зарласан ЗХУТ/17/08 дугаар тендер шалгаруулалтанд “А” ХХК-иас ирүүлсэн тендерийн   материалыг   хянан үзэхэд   2016 оны  12 дугаар сарын 31-ний өдрөөр

 

тасалбар болсон санхүүгийн тайлангаа Аудиторын дүгнэлтийн хамт ирүүлсэн байх бөгөөд, даатгалын зургаан төрлөөр үйлчилгээ үзүүлэх даатгалын гэрээний төсөл ирүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Тухайлбал Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасантай нийцэж байна.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ нь “А” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24 цаг хүртэл хугацаанд “Хөрөнгийн, Байгууллагын хариуцлагын, Ачаа тээвэрлэгчийн хариуцлагын, Тээврийн хэрэгслийн, Ажил олгогчийн хариуцлагын, Жолоочийн хариуцлагын албан журмын” даатгалын төрлүүдээр даатгалын гэрээг байгуулан хэрэгжүүлж байгаа  болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.        

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын даргын 2017 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн А/15 тоот тушаалаар томилогдсон үнэлгээний хороонд холбогдуулан гаргаснаар “Н” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж, “А” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон “Замын хөдөлгөөний  удирдлагын төв” НӨҮГ-ын 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 901 дүгээр мэдэгдлийг болон тендерийн шаардлагын гол үзүүлэлтийг хангаагүй ЗХУТ/17/08 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                    Д.ЧАНЦАЛНЯМ