Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 01

 

“Мандахговь” ХХК-ийн нэхэмжлэлтэй Рэн Дэвэн, 

Ч.Ганцацрал нарт холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00001/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга, хариуцагч Ч.Ганцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр, хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  шүүгч М.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр  сарын 02-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, Ц.Азбаяр нарын давж заалдах гомдлоор “Мандахговь” ХХК-ийн нэхэмжлэлтэй Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарт холбогдох худалдах, худалдан авах гэрэээний үүргийн биелэлтийг шаардаж, шатахууны үнэ 49 853 000 төгрөг, алданги 16 000 000 төгрөг нийт 65 853 000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн нь 2014 оны 02 сарын 05-ны өдрөөс 2016 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд шатах тослох материалыг худалдан авч, зарим үед зээлээр авдаг байсан. Рэн Дэвэн нь бараа материалын тооцоог өөрийн төлөөний хүн болох Ганцацралаар дамжуулж тооцоогоо хийдэг байсан. Эхний удаагийн тооцоог Баярсайханы дансаар шилжүүлж хийсэн. Дараагийн тооцоонуудыг огт хийгээгүй. Энэ хооронд компанийн өр авлага, тооцоо хуримтлагдаж, их хэмжээний алданги төлж өр авлага хохирол амсаж байгаагаа хэлэхээр одоо 2015 оны 7 сард төлж барагдуулна гэчихээд бүр сүүлдээ 1 жил 3 сар болсон. Манай компани алданги төлөөд алдагдалд ороод хэцүүдлээ яах вэ гэхээр алдангиа чи цаад газраа төлж бай, би мэдэж байгаа үндсэн мөнгөтэй чинь хамт төлнө, айлтгүй гээд өнөөг хүртэл уг мөнгийг төлөөгүй, компанийг дампууруулж явна. Иймд шатахууны үнэ 49 853 000 төгрөгийг, “Гүн зэгэстэй” ХХК-нд төлсөн алданги 16 000 000 төгрөг нийт 65 853 000 төгрөгийг Рэн Дэвэнгээс гаргуулж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-ийн  захирал Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Дундговь аймгийн Хулд сумын төвд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг манай “Мандахговь” ХХК-ийн шатахуун түгээх станцаас хариуцагч  Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь 2014 оны 5 сарын 18-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл шатахуун худалдаж авдаг байсан. Нийт  94 856 000 төгрөгний шатахуун худалдаж авсан. Энэ тооцооноос 2015 оны 5 сарын 06-ны өдрөөс өмнөх тооцоог хийж дуусгасан. 2015 оны 5 сарын 06-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл 49 853 000 төгрөг болсон байсан. 2015 оны 6 сарын 28-ны өдрийн байдлаар 49 853 000 төгрөгний үлдэгдэлтэй байгааг хариуцагч Ч.Ганцацрал нь хүлээн зөвшөөрч 2015 оны 8 сарын 20-ны өдөр тодорхойлолт гаргаж, нотариатчаар батлуулсан. Миний бие Рэн Дэвэнтэй утсаар ярихад Ч.Ганцацралд шатахуун өгч бай, мөнгийг нь төлнө гэж хэлдэг байсан. 2015 оны 02 дугаар сард түлшний тооцоо 20 сая төгрөг болохоор нь манай компани шатахуун өгөхөө зогсоосон. Гэтэл Рэн Дэвэн утсаар яриад шатахуун өгч бай, мөнгийг нь шилжүүлнэ гэхээр нь нэмээд шатахуун өгсөн. Дундговь аймгийн Хулд сумын нутагт байгаа жоншны уурхайд Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал Хулд сумын жоншны уурхайгаас жонш гаргаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу 2300 тонн жонш ачуулсан байсан. Рэн Дэвэн нь Ч.Ганцацралд 40 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлдэг. Тэр мөнгийг Ч.Ганцацрал манай компанид шилжүүлээгүй. Рэн Дэвэнтэй утсаар яриад шатахууны тооцооны үлдэгдэл 49 853 000 төгрөгийг нэхэхээр удахгүй өгнөө гэж хэлдэг. Би Рэн Дэвэнд хандан манай компани “Гүн зэгэстэй” ХХК-иас зээлээр шатахуун худалдаж аваад төлбөрөө төлж чадахгүй алданги төлөөд хэцүү байна, шатахууны тооцооны үлдэгдлийг өгөөч гэхэд чи тэр компанидаа алдангиа төлж бай би бүгдийг нь төлнө гэж Рэн Дэвэн хэлдэг байсан. Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар манай компаниас авсан шатахууны үнэ 49 853 000 төгрөгийг төлөөгүй 1 жил гаран болсноос өнөөдрийн байдлаар манай компани “Гүн зэгэстэй” ХХК-д зөвхөн алдангид 24 000 000 төгрөг төлөөд хохирчихоод байна. Эдгээр хүмүүс тооцоогоо цаг тухайд нь төлсөн бол би алданги төлөхгүй байсан. Би “Гүн зэгэстэй” ХХК-д одоо 50 сая төгрөгний үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй байж л байгаа. Ч.Ганцацрал нь шүүхэд намайг нэхэмжлэл өгснөөс хойш 11 500 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нараас шатахууны төлбөр 38 353 000 төгрөг, алданги 24 000 000 төгрөг, Дундговь аймгийн Хулд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж шүүхэд нэхэмжлэл гаргах гэж 2016 оны 08 сарын 23-нд, эрх үүрэгтэй танилцах гэж 2016 оны 10 сарын 03-нд, шүүх хуралдаанд 2016 оны 11 сарын 01-нд нийт 3 удаа ирсэн авто машины бензиний зардал 544 500 төгрөг, 3 удаагийн буудлын хөлс 105 000 төгрөг нийт 63 002 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 
Хариуцагч Рэн Дэвэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Баярсайхантай бензин шатахууныг зээлээр худалдан авах талаар гэрээ тохиролцоо хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Энэ хэргийн хариуцагч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ. 
Хариуцагч Ч.Ганцацрал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Баярсайханаас шатахуун авч байгаагүй. Рэн Дэвэн шатахуун авч байсан болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.
Хариуцагч Рэн Дэвэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Рэн Дэвэн Б.Баярсайхан нарын хооронд хэлцэл хийгдээгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнтэй хамтран ажиллах талаар  амаар тохиролцож, 500 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон. Рэн Дэвэн хөрөнгөө оруулсан. Ганцацрал нь 200 сая төгрөгний хөрөнгө оруулах байсан ч оруулаагүй. Рэн Дэвэн нь 2015 оны 06 сард 25 сая, 15 сая төгрөг нийт 40 сая төгрөгийг Ч.Ганцацралын данс руу шилжүүлсэн байгаа. Ганцацрал өөрөө “Мандахговь” ХХК-д төлсөн бол түүнийгээ өөрөө нотлох баримтаар нотлох ёстой. 2015 оны 08 сарын 20-ны өдөр Ганцацрал нь тооцоо нийлсэн тодорхойлолт гаргаж өгч нотариатчаар батлуулсан байгаа. “Мандахговь” ХХК-ийн захирал Баярсайханы эхнэр Оюунцэцэгтэй тооцоо нийлсэн байгаа. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Ганцацрал нь тооцоо нийлж, төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул үүргийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байгаа. Ганцацрал өөрөө тооцоо нийлсэн тул төлбөрийг төлөх ёстой. Хавтаст хэргийн 70-р талд Ганцацрал нь хүсэлт гаргаж өгсөн. Уг хүсэлтэд 2015 оны 05 сар хүртэлх тооцоог хийсэн. 2015 оны 05 сараас хойшхи  тооцоог хийгээгүй гэж тайлбар гаргасан нь үгүйсгэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр тамга дарах ёстой. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл мөн. Рэн Дэвэн нь Баярсайханы нэхэмжилж байгаа 63002500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин Ганцацрал төлөх ёстой. Рэн Дэвэн Ганцацралд 40 сая төгрөг өгсөн нь нотлогдож байна. Ганцацрал нь Баярсайханд өгсөн гэдгийг өөрөө нотлох ёстой. Баярсайханы нэхэмжилсэн алданги 24 сая төгрөгийг Рэн Дэвэн төлөх үндэслэлгүй. Учир нь алданги тооцсон бичгийн гэрээ байхгүй. Мөн ирэх очих бензиний зардал, буудлын зардлыг Рэн Дэвэн төлөхгүй. Рэн Дэвэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Ганцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Хулд сумын жоншны уурхайд Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс жонш олборлох үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Рэнцэнпүрэв гэдэг хүний уурхай байсан. Рэнцэнпүрэв, Рэн Дэвэн нар жонш олборлох талаар тохиролцож хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Ганцацрал нь “Мандахговь” ХХК-ийн шатахуун түгээх станцаас шатахуун авч байгаагүй учраас хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Ч.Ганцацрал нь Рэн Дэвэнтэй хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал нь Б.Баярсайхантай тооцоо нийлсэн нь үнэн. Рэн Дэвэн  Ч.Ганцацралыг очоод тооцоо нийлээд ир гээд явуулсан. Б.Баярсайхан нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж түүнийг нь Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хулд сумын жоншны уурхайд Ч.Ганцацрал нь 2014 оны 05 сарын 15-ны өдрөөс 2015 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл Рэн Дэвэнтэй хамтран үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Ганцацрал нь 2 эксковаторыг Рэн Дэвэнд түрээслүүлж байсан бөгөөд гаргасан жоншийг Рэн Дэвэн бүгдийг нь авдаг байсан. Үйл ажиллагааны зардлыг Ганцацрал хариуцах ёсгүй. Энэ төлбөрийг Рэн Дэвэн төлөх ёстой. Иймд Ч.Ганцацралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаартай шийдвэрээр:  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Рэн Дэвэнгээс 19501250 /арван есэн сая таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас 19501250 /арван есэн сая таван зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мандахговь ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мандахговь” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 153342 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Мандахговь ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487215 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагч Рэн Дэвэнгээс улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг, хариуцагч Ч.Ганцацралаас улсын тэмдэгтийн хураамж 255456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мандахговь ХХК-д олгохоор тус тус  заажээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Азбаяр нь  давж заалдах гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 8694500 төгрөгөөр нэмэгдүүлсэн байтал нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулалгүйгээр шууд шүүх хуралдааныг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.1-т заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамж тушаах байтал шүүгч тэмдэгтийн хураамж тушаагаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн мөн хуулийн 57-р зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн. Баярсайхан нь анх нэхэмжлэл гаргахдаа өөрийн нэрийн өмнөөс гаргасан. Гэтэл шүүгч нэхэмжлэгчээр Баярсайханыг бус Мандах говь ХХК гэж иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь үндэслэлгүй юм. ... энэ хэргийн нэхэмжлэгч нь иргэн үү эсхүл хуулийн этгээд үү гэдэг нь ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-т заасныг мөн зөрчжээ. Шийдвэрийн үндэслэх  хэсэгт  “Мандахговь” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 2015 оны 5 сарын 06-ны өдрөөс 2015 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл 49853000 төгрөгийг шатахууныг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацралт нарт шилжүүлсэн гэдэг нь Ганцацралын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, прокурорын газрын 498 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, ... тооцоо нийлсэн баримт”  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал прокурорын татгалзах тогтоолоор Ганцацралыг Оюунцэцэгээс шатахуун авч хувьдаа ашигласан гэх үйлдэл тогтоогдоогүй, харин Рэн Дэвэн нь шатахууныг өөрийнхөө уурхайд хэрэглэсэн болох нь Ц.Цэрэндаш, Д.Алтанцэцэг, Б.Баярсайхан, Д.Лхамсүрэн нарын тайлбаруудаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Түүнчлэн Баярсайхан нь цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинж бүхий гомдолдоо 2014 оны 2015 оны 6 сар хүртэлх  хугацаанд Рэн Дэвэн зээлээр шатахуун худалдан авдаг байсан талаар тодорхой бичсэн байдаг. ... Оюунцэцэг нь Ганцацралд бичиж өгсөн гар бичвэртээ Рэн Дэвэн би түлшний үнийг төлнө гэдэг байсан. Төлбөрөө төлөхгүй удахаар нь Рэн Дэвэнтэй ярихад хугацаа зааж багтааж төлнө гэдэг байсан зэрэг баримтуудаас үзэхэд Рэн Дэвэн нь уг түлшийг уурхайд хэрэглэдэг байсан төдийгүй төлбөр хариуцах үндэслэлтэй болох нь тодорхой харагдаж байна.  Мөн түүнчлэн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт  эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож ... гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шатахууныг эд хөрөнгө гэж үзэх нь эргэлзээтэй ойлголт мөн гэрээний гол нөхцлийн талаар талууд юу гэж тохиролцсон тухай хэрэгт нотолсон баримт байхгүй, шүүгч талуудын тохиролцсон ямар гол нөхцөл байгаа гэж үзээд байгаа нь ойлгомжгүй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, үүргийн гүйцэтгэл гэх ойлголт байхаас үүргийн биелэлт гэсэн ойлголт байхгүй. Ганцацрал нь Мандахговь ХХК-ийн өмнө бичгээр болон амаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно.  
Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, нотлох баримтуудыг буруу үнэлсэн, шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд үндэслэгдээгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасангүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /өөрчилж/  анх нэхэмжилсэн шатахууны үнэ болох 49 853 000 төгрөгөө 38 353 000 төгрөг болгон багасгаж, алдангиа анх нэхэмжилсэн дүнгээсээ даруй 8 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, мөн дээрээс нь ирж очих бензиний зардал, буудлын хөлс гэх зэрэгт нийт 649 500 төгрөг болгон нэмэгдүүлсэн байхад нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулж, түүнтэй холбоотой тайлбар татгалзлыг авах хугацаа өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.1, 72-р зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 8 649 500 төгрөгөөр нэмэгдүүлж байхад шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлэхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь урьдчилаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэмжээндээ төлбөл зохих тэмдэгтийн хураамжийг төлөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэлээ бичгээр шүүх хуралдаанд гаргаж өгөх байсан. Гэтэл шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжийг дараа нь нөхөн гаргуулж байгаа нь хуульд нийцсэнгүй. 
Нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй тухайд: Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “...Мандахговь ХХК-ийн захирал Баярсайхан би...” гээд нэхэмжлэлээ бичээд байдаг. Мөн нэхэмжлэл гаргасан Баярсайхан гэсэн гарын үсэг зурагдсан байдаг. Нэхэмжлэгч нь Баярсайхан захирал юм уу, “Мандахговь”  ХХК юм уу гэдэг нь ойлгомжгүй, мөн хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй байна гэдэг тухайн миний бие шүүх хуралдаанд олонтаа тайлбарласан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн эрх баригч гарын үсэг зурж, тамга дарсан байх...” тухай хуулийн шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан. 
Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт... “Мандахговь” ХХК худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны шатахууны тооцооны үлдэгдэл 49.853.000 төгрөгийн шатахууныг хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарт шилжүүлсэн гэдэг нь хх-77-78-р талд авагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 498 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Ганбатын нотлох баримтаар гаргаж өгсөн  Ч.Ганцацрал, Ж.Оюунчимэг нарын гарын үсэгтэй тооцоо хийсэн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна...” гэж дүгнэжээ. Уг Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол нь тухайн үйл баримт шууд нотлосон баримт биш байхад шүүх хуралдаанд үүнийг хүчин төгөлдөр тогтоолоор нотлогдсон байна гэж үзсэн нь буруу юм. Мөн шатахууны зардлын тооцооны талаар Ч.Ганцацрал, Ж.Оюунчимэг нар тооцоо нийлж одоо 49 853 000 төгрөг үлдсэн байна гэсэн агуулга бүхий бичиг үйлдэж тооцоо нийлсэн байхад дээрх шатахууны зардлыг Рэн Дэвэнгээс гаргуулсан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл тухайн шатахууны зардлын талаар Рэн Дэвэн мэдээгүй, шатахууны  үлдэгдлийн тооцоог Ганцацрал Оюунчимэг нар хоорондоо хийж, тэр тооцоог Ганцацрал хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримт байхад тэр тооцооны талаар мэдээчгүй, хамааралгүй байсан гуравдагч этгээдээс шатахууны зардлыг гаргасан нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, учир дутагдалтай ойлгомжгүй болсон байна гэж үзэхээр байна. 
Мөн хариуцагч Ч.Ганцацралын тайлбарт 2015 оны 5 сараас хойш түлшний тооцоо Рэн Дэвэнээс орж ирээгүй...” гэж тайлбарласан байсан бөгөөд үүний эсрэг Рэн Дэвэнгийн төлөөлөгч шүүх хуралдаанд 2015 оны 6 дугаар сард 40 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн юм. Гэтэл шүүх энэ баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэдэг үндэслэлээр үнэлээгүй талаар дурджээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулинд нотлох баримтыг үнэлэхгүй гэсэн ганц л зүйл байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй гэдэг. Гэтэл шүүгч анхан шатны шүүхэд  хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй явдал хуульд заасан нотлох баримтыг бүрэн дүүрэн ач холбогдолтой эргэлзээгүй үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт энэ баримтын талаар “... нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэдэг нь нотлогдохгүй байна...” гэж дүгнэснээрээ энэ баримтыг үнэлээд байгаа юм биш үү. Нэгэнт шүүхээр хэлэлцэгдсэн  нотлох баримтыг шүүх үнэлэх ёстой байсан. Шүүх үнэлсэн нотлох баримтаа үнэлээгүй гээд бичээд байгаа нь ойлгомжгүй байна.  Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Баярсайхан  нь анхан шатны  шүүх хуралдаанд Бор-Өндөрөөс Дундговь явсан бензиний зардал 544500 төгрөг, зочид буудлын төлбөр 105000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шинээр гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.1 “эсрэг талын шаардлага, тайлбар, түүний нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн  эрхээр   хангаагүй,  мөн нэхэмжлэгч Б.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийн этгээд, иргэний алин болох нь  тодорхойгүйгээс хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг  зөв тогтоогоогүй талаар гаргасан хариуцагч Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг Ц.Азбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь  зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх  ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь  зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Рэн Дэвэний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255 500 төгрөг, хариуцагч Ч.Ганцацралын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 258 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 


               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДЭНСМАА 

                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                   Я.АЛТАННАВЧ