Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 30

 

                              Б.*******, Д.******* нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

          Ялтан Б.*******,

         Ялтны өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, Ц.Баярмаа,

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан Б.*******, Д.******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох 201616000281 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                    Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 44-22 ӨМӨ улсын дугаартай Tоyоtа lexus LX470 маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Д.*******ын жолоодож явсан 20-03 ӨМҮ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч Д.*******ын биед хүнд, Н.*******, Ө.******* нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт,

          Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 20-03 ӨМҮ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Б.*******ын жолоодож явсан 44-22 ӨМӨ улсын дугаартай Tоyоtа lexus LX470 маркийн автомашинтай мөргөлдөж Н.*******, Ө.******* нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.*******, Д.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,

шүүгдэгч Б.*******д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Аудитын газраас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, шүүгдэгч Б.*******аас 672.732 /зургаан зуун далан хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.*******од олгохоор, шүүгдэгч Д.*******оос 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг, шүүгдэгч Б.*******аас 2.070.000 /хоёр сая далан мянга/ төгрөг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Аудитын газарт олгож, Б.*******ын гэм хорын хохиролд илүү төлсөн төлбөр болох 568.115 /таван зуун жаран найман мянга нэг зуун арван тав/ төгрөгийг хохирогч Д.*******оос, 1.035.000 /нэг сая гучин таван мянга/ төгрөгийг Өмнөговь аймгийн Аудитын газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.*******д буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь 522.500 /таван зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.*******аас гаргасан давж заалдсан гомдолдоо: Шүүх хуралдаан дээр шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээсээ буцаж, няцаж байгаа нь шүүгчийг захирамж гаргахаас өөр аргагүй байдалд хүргэсэн учраас шүүх хуралдаан хойшилж нэмэлт дүгнэлт гаргуулсан. Ахин гаргасан дүгнэлтийг гаргахад би өмгөөлөгчийн хамт байлцаж асуух асуултаа асуусан боловч хэн хэн нь ямар ч хариулт өгч чадаагүй, хариултаа авч чадалгүй явсан. Гэтэл шинжээч нар бид нарыг явсан хойно дүгнэлтэндээ машины ямар ч ул мөр байхгүй байна гэсэн нэг өгүүлбэрээр хариулт өгсөн нь өмнө гаргасан өөрсдийнхөө дүгнэлтийг хамгаалж, өөрчлөхгүй гэж хэлж ярьж байснаа баталж ирүүлсэн нь мөн үндэслэлгүй болсон.

Шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлт ахин эргэлзээ төрүүлэхүйц хэвээр байсан учир өмгөөлөгчтэйгээ ярилцаад өмгөөлөгч маань шүүх бүрэлдэхүүнд тухайн осол болох үед авч хадгалсан фото зургуудыг CD дээр буулгуулан өгсөн, түүнийг нотлох баримтаар шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх бидний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож дээрх зургийг нотлох баримтаар аваагүйд гомдолтой байна.

Хэрэгт холбогдсон хүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өөрт холбогдуулсан хэрэгт өөрөөсөө нотлох баримт гарган өгч болох талаарх эрхийг хуульчилан өгсөн атал үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

Иймд анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан зургуудыг дахин нягтлан шалгуулах, үүний үндсэн дээр ахин дүгнэлт гаргахад бодит үнэн тогтоогдоно гэж миний зүгээс үзэж байгаа тул дээрх нөхцөл байдлыг анхааран үзнэ үү.

Тухайн осол аваар болох үед нөгөө машины жолооч Д.*******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг учирсан гэмтлийг дан ганц намайг учруулсан мэтээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсаар өнөөдрийг хүрлээ.

 Энэ нь осол болох үед жолооч ******* хамгаалах бүс хэрэглээгүй, бусад зорчигч нартаа ч хамгаалах бүсийг хэрэглүүлээгүйгээс болж олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. *******ын биед учирсан хүнд гэмтэл хамгаалах бүс зүүсэн бол хөл гэмтэх байсан эсэх дээр дүгнэлт гаргуулахыг хүсэж байна.

Зүг чиг өөрчлөгдсөнөөс улбаалан намайг буруутгасан дүгнэлт гаргасан. Би баруун гар талын замаа барьж явсан зурагнууд хавтаст хэрэгт бүрэн дүүрэн авагдаад байхад шинжээч нар зам мөр байхгүй гэж дүгнэлт гаргаад байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Үүнээс үзвэл хэт нэгэн талыг барьж хэргийг бүрдүүлсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Ялтан Д.*******оос гаргасан давж заалдсан гомдолдоо: Би өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэж заасан ба би хамгийн баруун гар талынхаа эгнээгээр, харин Б.******* хамгийн зүүн гар талын эгнээгээр явж байсан.

Хэрэв Б.******* баруун гар талынхаа эгнээгээр явж байсан бол тус осол гарахгүй байсан. Иймд үнэн мөнийг олж тогтоож, намайг гэм буруугүйд тооцож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан Б.*******ын давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүх дахин шинжээчийн дүгнэлт гаргасан боловч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн гаргасан. Өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт гаргахад өөрийн биеэр оролцсон байдаг. Үндэслэлтэй дүгнэлт гарсан гэж прокурорын зүгээс дүгнэж байгаа. Б.******* нь анхан шатны шүүх хурал дээр CD-нд хуулсан зураг өгөх хүсэлт гаргадаг. Хавтаст хэрэгт байгаа зураг учраас шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан. Одоо давж заалдах гомдолдоо энэ зураг дээр илүү нотлох баримтаар үнэлэгдэх зураг байгаа гэдэг нь үндэслэлгүй байна. Д.******* нь хамгаалалтын бүс зүүгээгүй учраас хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэж байхад дүгнэлт буруу гарсан Д.*******ын талд үйлчилж байна гэж гомдол гаргасан байдаг. Д.*******ын хамгаалалтын бүс зүүгээгүй нь энэ осол гарахад хамаарахгүй гэж шинжээчийн дүгнэлтээр шийддэгдсэн асуудал байдаг. Осол гарсан газар нь гүвээ ихтэй байсан учраас хурд хэтрүүлж явсан нь харагдаж байгаа. Дахин шинжээч томилох

боломжгүй гэж дүгнэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Ялтан Б.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ийм хэрэг хийж, хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Миний бие 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр өмгөөлөгч аваад шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шинжээч томилож дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гарахдаа зүг чиг нь өөрчлөгдөж гарсан. Хэрэг болох үед би мэргэжлийн аппаратаар зураг авсан байсан. Дараа нь Номгон сумын хэсгийн төлөөлөгч надад шаардлага хангах зураг байхгүй байна. Та мэргэжлийн аппаратаар авсан зургаа өгөөч гэж гуйсан. Тэгээд Номгон сумын хэсгийн төлөөлөгчид тухайн үед авсан зургаа өгөөд буцаагаад авахад нээгдэх боломжгүй болгосон байсан. Д.******* нэг өдөр яриад хоёулаа тохирчихоё, чамд зураг байгаа гэсэн түүнийгээ өгөөч гэж гуйсан. Тохирох юу байхав дээ, би одоо цагдаа дээр бүртгүүлээд байж байна. Хуулийн дагуу шийдүүлье гэхэд би дээрээ том хүмүүстэй гэж хэлсэн. Зураг байхгүй, Номгон сумын хэсгийн төлөөлөгч аваад нээгдэхгүй болгоод устгасан тухай хэлсэн. Миний хувьд зүг чигийг өөрчлөн явж байснаас эсрэг зүг болгож дүгнэлт гаргаж байгааг маш их эргэлзэж байна.  Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна гэв.

         Ялтны өмгөөлөгч Б.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ын хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тогтоогддоггүй. Тухайн зам нэг эгнээтэй зам байдаг. Эсрэг хөдөлгөөнтэй гэж үзэж дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж байгаа. Хэргийн газрын зургийг харахад дөрвөн эгнээтэй зам байдаг. Хоёр эгнээ зам нь бүдэг, хоёр эгнээ зам нь тод ашиглах боломжтой байдаг. Д.******* хамгийн баруун талаар явж байсан. Гэтэл Б.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь заалтыг зөрчөөд зүүн талын эгнээ замаар явсан байдаг. Үүний улмаас энэ осол гарсан гэж үзэж байгаа.  Хэргийн нөхцөлд хурдаа хасч зогсох ямарч боломжгүй, хоёр машин довны хоёр талаас гарч ирээд шууд мөргөлдсөн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Шинжээчийн дүгнэлтэнд аюул саад болохыг мэдсэн зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн байдаг. Осол болохыг яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. Жолооч болон гэрчүүд, бие биенээ хараад шууд мөргөлдсөн гэж мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.*******од оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Ялтны өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргаад байгаа гол шалтгаан нь шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэж байна. Анхан шатны шүүх энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан байгаа. Шинжээчийн гаргасан хоёр дүгнэлт, зам тээврийн ослын талаарх акт зэрэг дээр заасан зүйл заалтууд нь тухайн хэргийн нөхцөл байдалтай уялдаж өгөөгүй байдаг. Миний бие хавтаст хэргийн материалтай танилцахад Б.*******ын явсан зүг чигийг эсрэг болгож тайлбарласан байдаг. Энэ нь миний үйлчлүүлэгчийг зам голлож явсан гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Д.*******ыг баруун гар талын замыг барьж явсан гэж тайлбарласнаас болоод миний үйлчлүүлэгчийг замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь заалтыг зөрчсөн болгоод байдаг.

Үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Б.*******ын явсан замын мөр нь тод харагддаг. Анхан шатны шүүх хуралд цагдаагийн Чулуунбаатарыг оролцуулж, эргэлзээтэй байгаа асуудлыг асууж тодруулсан. Чулактай машин учраас тормос гишгэхэд мөр нь гараагүй байхад замын мөр байхгүй гэж дүгнэсэн. Мөн Б.******* нь боломжит арга хэмжээг авч эсрэг тал руу нь дарснаараа хажуу талаараа мөргөлдсөн, тухайн үед тормос гишгэх ямарч боломжгүй байсан гэхэд Чулуунбаатар нээрэн тийм байна гэсэн хариултыг өгснөөр шүүгч дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Өмнөговь аймгаас томилогдсон шинжээч нар энэ хэргийн эргэлзээтэй асуудлыг тайлж чадахгүй байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг Улаанбаатар хотод гаргуулах хүсэлтэй байна. Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 44-22 ӨМӨ улсын дугаартай Tоyоtа lexus LX470 маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11.а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, мөн дүрмийн 8.5-д “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж Д.*******ын жолоодож явсан 20-03 ӨМҮ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашинтай мөргөлдөж хохирогч Д.*******ын биед хүнд, Н.*******, Ө.******* нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч С.******* /хх-28/, хохирогч Д.******* /хх-32-33/, Н.******* /хх-36-37/, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнгэрэл /хх-41-42/, гэрч Б.******* /хх-44-45/, С.******* /хх-47/, Б.******* /хх-49-50/, Ч.******* /хх-52/, Т.******* /хх-54-55/, Ш.******* /хх-57-58/, Г.******* /хх-59-60/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05, 07, 13 /хх-80, 84, 96/ дугаартай дүгнэлтүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 20 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15, 19-20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-61-64/, зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт /хх-70/, Д.*******ын эмчилгээ хийлгэсэн талаархи баримтууд /хх-219-227/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн нутаг Бударгант хонхор гэх газарт 20-03 ӨМҮ улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-т “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а.б, 5.11.а.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, мөн дүрмийн 8.5-д “суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж Б.*******ын жолоодож явсан 44-22 ӨМӨ улсын дугаартай Tоyоtа lexus LX470 маркийн автомашинтай мөргөлдөж Н.*******, Ө.******* нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.******* /хх-32-33/, Н.******* /хх-36-37/, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнгэрэл /хх-41-42/, гэрч Б.******* /хх-44-45/, Б.******* /хх-49-50/, Ч.******* /хх-52/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05, 07 /хх-80, 84/ дугаартай дүгнэлтүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 20 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15, 19-20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-61-64/, зам тээврийн ослын талаарх шинжээчийн дүгнэлт /хх-70/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Харин ялтан Б.*******ын үйлдэлд “Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь

Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Б.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр... гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай” гэсэн заалттай, мөн Б.******* нь Лексус 470 маркийн 44-22 ӨМӨ улсын дугаартай авто машинд учирсан хохирлоос Өмнөговь аймгийн Аудитын газарт 3105000 төгрөгийг, хохирогч Д.*******од 1240847 төгрөг тус тус төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон, Б.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв”, гэсэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “...шүүгдэгч Б.*******аас 672732 төгрөг гаргуулан хохирогч Д.*******од, 2070000 төгрөг гаргуулан Өмнөговь аймгийн Аудитын газарт олгосугай”  гэсэн заалт тус тус зөрчилдсөн байна.  

Хохирогч Д.*******ын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Б.******* иргэний хариуцагч тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Өмнөговь аймгийн Аудитын газар хамтран хариуцах, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Аудитын газарт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох Д.*******, Б.******* нар хамтран хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн заалтыг өөрчлөхөөр, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Б.*******ын хорих ял эдлэх дэглэмийг заагаагүй орхигдуулсныг зааж өгөхөөр тогтов.         

Д.*******ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Д.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Ялтан Б.*******ын давж заалдсан гомдол болон түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  “анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан зургуудыг дахин нягтлан шалгуулах, үүний үндсэн дээр дахин дүгнэлт гаргах”,  “*******ын биед учирсан хүнд гэмтэл хамгаалах бүс зүүсэн бол хөл гэмтэх байсан эсэх дээр дүгнэлт гаргуулах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд бүрэн тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”, ялтан Д.******* болон түүний  өмгөөлөгч

Б.Оюунтунгалаг нараас давж заалдах гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.******* нь “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, гэм буруугүйд тооцуулах, дахин дүгнэлт гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-61-63/, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 04 дугаартай /хх-68/, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчдийн нэмэлт шинжилгээ нь шинжээчийн 07 дугаартай /хх-70/, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн нэмэлт шинжээчийн 20 дугаартай /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/ болон бусдын биед учирсан гэмтлийн зэргүүдийг тогтоосон дүгнэлтүүд нь ямар нэг байдлаар эргэлзээ төрүүлэхээр, эсхүл бүрэн биш байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Б.*******, Д.******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, тэдний хувийн байдлын талаарх баримтыг хангалттай цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд Б.*******, Д.******* нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Б.*******, Д.******* нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А. Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн болон тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Шүүгдэгч Б.*******ын гэм хорын хохиролд илүү төлсөн төлбөр болох 568115 төгрөгийг хохирогч Д.*******оос, 1035000 төгрөгийг Өмнөговь аймгийн Аудитын газраас тус тус гаргуулан шүүгдэгч Б.*******д буцаан олгосугай” гэсэн заалтуудыг хүчингүй болгож,

Б. Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Өмнөговь аймгийн Аудитын газраас 672732 төгрөг” гэснийг “Өмнөговь аймгийн Аудитын газраас 777347 төгрөг” гэж, “Д.*******оос 2070000 төгрөг” гэснийг “Д.*******оос 3105000 төгрөг” гэж өөрчилж, “шүүгдэгч Б.*******аас 672732 төгрөг, 2070000 төгрөг” гэснийг хүчингүй болгож,

В. Тогтоох хэсгийн 11 дэх заалтад “шүүгдэгч Д.*******, Б.******* нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй” гэснийг “Д.*******од урьд бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.*******д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж,

Г. Тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Д.*******ын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй”, “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Н.НАСАНЖАРГАЛ

             ШҮҮГЧИД                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА