Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0416

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0416

Улаанбаатар хот

 

                                                    Г.Б-ын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд Л.Н, гуравдагч этгээд Л.Н-ийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Л.Н нарын давж заалдах гомдлоор, Г.Б-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг/ ангилал, зэрэглэл батлах тухай” А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Б-ыг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж”,

2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Л.Н-оос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч ийнхүү хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаж байна.

1. “ “2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Б-д холбогдох бүх тушаалуудад “үүрэг гүйцэтгэгч” гэж нэмэлт оруулж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Л.Н-ийг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь үндэслэлгүй байна” гэх тухайд.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1378 дугаар албан бичгээр тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн гүйлгээ баталгаажуулах мэргэжилтний ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б-96 дугаар тушаалаар Л.Н-ийг “Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн нэгжид гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал”-д томилсон бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлын байрны нэрд өөрчлөлт оруулах, ахлах мэргэжилтнээр томилох тухай” Б/254 дүгээр тушаалаар  Санхүү, эдийн засгийн хэлтсийн “Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны нэрийг “Санхүү, эдийн засгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” гэж өөрчлөн баталж, Л.Н-ийг тус хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилсон. Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Г.Б-д жирэмсний амралт олгож, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар “Л.Н-ийг Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Б-ыг жирэмсний амралттай байх хугацаанд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс хянаад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1189 дүгээр албан бичгээр “Хууль тогтоомжийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг зөрчин эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлж, хүүхэд асрах хэсгийг зөрчин эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн оронд төрийн сангийн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Иймд “Л.Н-ийг шилжүүлэн томилох тухай” 2017 оны Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор анх Төрийн албаны зөвлөлөөс томилуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаалд нь эгүүлэн томилох”-ыг мэдэгдсэний дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Л.Н-ийг анх томилуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаал болох Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон ба өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа төрийн жинхэнэ албан хаагч юм.

Гэтэл анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн албан шаардлагыг үл хэрэгсэн “ ... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар Л.Н-ийг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.Б нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яамны төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр тушаалаар төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй байсан. Дээр дурдсанчлан төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо нь 2015 оны 10 дугаар сараас ахлах мэргэжилтэн болсон бөгөөд Г.Б нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2017 онд Т3-7 дээр шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байдаг.

Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь T3-8, албан тушаалын тодорхойлолтод төрийн захиргааны байгууллагад мэргэжлээрээ дор хаяж 5-аас дээш жил, банк санхүүгийн байгууллагад 8-аас дээш жил ажилласан туршлагатай байхаар заасан.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “ “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг”, 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна” гэж тус тус заасныг харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, Г.Б нь албан тушаалын ангилал, зэрэглэлд тавигдах шаардлагыг хангаагүй буюу өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй, сүүлд нөхөж төрийн албаны шалгалт өгөхдөө хөдөө орон нутгаас зохион байгуулсан нутгийн захиргааны байгууллагын албан тушаал дээр 100 онооноос 67,2 оноо авч ТЗ-7 зэрэглэлийн нөөцөд бүртгэгдсэн байдаг. Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн нь ТЗ-8 ба тухайн албан тушаалд томилогдох шалгуур нь төрийн захиргааны байгууллагад дор хаяж 5 жил ажилласан байхыг шаарддаг. Гэвч нэхэмжлэгч эдгээр шаардлагыг хангаагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн албан тушаалын шалгуур шаардлагыг хангасан Л.Н-ийг ажиллуулах нь зүйн хэрэг юм.

2. “ ... хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэх тухайд.

Маргаан бүхий албан тушаал нь 2015 оноос ахлах мэргэжилтний ангилал, зэрэглэлд багтаж байхад анхан шатны шүүх “ ... хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлээгүй, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. нэхэмжлэгчид холбогдох тушаалыг мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэх зэргээр алдаатай гаргаж хайхрамжгүй хандсан байна” гэж хэргийг буруу дүгнэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын төлөөлөл Г.Б-тай 2-3 удаа уулзаж тушаал болон ажлын талаар ярилцаж өөр ажлын байрны санал тавьсан бөгөөд нэхэмжлэгчийг яамны төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилох боломжгүй буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур шаардлагыг хангахгүйн дээр нутгийн захиргааны байгууллагын Т3-7 ангилал, зэрэглэл дээр шалгалт нөхөж шалгалт өгч сүүлд тэнцсэн нь ахлах мэргэжилтний албан тушаалд томилох нөхцөл болохгүй талаар амаар болон бичгээр хариу өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн маргаад байгаа албан тушаал дээр Л.Н нь хууль ёсны дагуу анхнаасаа томилогдон ажиллаж байсан ба гуравдагч этгээдийн зүгээс төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр Г.Б томилогдох үндэслэлгүй Л.Н өөрөө ажиллах байсан гэж маргаж байхад анхан шатны шүүх гуравдагч этгээд Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/89 дүгээр тушаалын 4 дэх хэсэгтэй маргаж байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Л.Н-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байхад шүүх гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байна” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар анхан шатны шүүхрүү буцаасан байтал “Л.Н-ийн эрх, ашиг хөндөгдөөгүй байна” гэж хэргийг дүгнэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд түүний эрх ашгийг хамгаалаагүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь тухайн актыг гаргах үеийн хууль тогтоомж, нөхцөл байдалд нийцсэн байх ёстой.

Г.Б нь өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд ахлах мэргэжилтний албан тушаалын шалгуур шаардлагыг хангахгүй байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Г.Б-ыг төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилох боломжгүй талаар хариу хүргүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж хэргийг дүгнэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” хэмээн заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Л.Н давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, гуравдагч этгээд нарын хооронд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн талаарх өмнөх “ ... Б/89 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... заасныг баримтлан төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байна” гэсэн дүгнэлтээ үгүйсгэж “ ... Гуравдагч этгээдийн зүгээс өөрийг нь шилжүүлэн томилсон ... Б/13, Б/89 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсэгтэй маргаагүй атлаа Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн гуравдагч этгээд Л.Н миний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримтаар яам нь ажлын зайлшгүй шаардлагаар харилцан тохиролцож өөр албан тушаалд томилсон тохиролцоогоо зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д заасан нөхцөл журмаас гадуур маргаан бүхий Б/89 дүгээр тушаалыг гаргасан нь Л.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байсан тул би шүүхийн дүгнэсэнчлэн “өөрт холбогдох хэсэг”-ийн талаар Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан гомдол гаргаснаар хуульд заасан журмаар шийдэгдсэн шийдвэр нь одоо хэр хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс “Л.Н намайг шилжүүлэн томилох тухай” 2017 оны Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор анх төрийн албаны зөвлөлөөс томилуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаалд нь эгүүлэн томилох”-ыг даалгасан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр миний эрх зүйн байдлыг тодорхойгүй байдлаар дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр шийдвэрт “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хэсгийг хангасан талаарх өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг/ ангилал, зэрэглэл батлах тухай” А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Б-ыг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, түүний ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

1. Нэхэмжлэгчийн “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг/ ангилал, зэрэглэл батлах тухай” А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Б-ыг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлагын тухайд.

Г.Б нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/233 дугаар тушаалаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан гэрээт ажилтнаар, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн төлбөр тооцоо, өмч хөрөнгийн ашиглалт, гэрээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

Гэвч бодит байдалд тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан бүтцийн нэгжийн орон тоонд “Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал батлагдаагүй, харин ТЗ-8 ангилалд “Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” гэх 1 орон тоо баталсан байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар жирэмсний амралтаа авсан бөгөөд түүнийг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 860 дугаар албан бичгээр “... Г.Б-ыг Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн төлбөр тооцооны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах”-аар нэр дэвшүүлжээ.

Нэхэмжлэгч нь дээрх албан тушаалуудад томилогдохдоо Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, тангараг өргөөгүй байсан ба  Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдэж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төрийн албаны тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

Үүний дараагаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/241 дүгээр тушаалаар Г.Б нь “төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй байсан нь тогтоогдсон” гэж үзээд түүнд холбогдох Б/34, Б/89, Б/55, Б/59 дүгээр тушаалуудад “үүрэг гүйцэтгэгч” гэж нэмэлт оруулсан нь ойлгомжгүй бөгөөд уг тушаалыг тухайн үед нэхэмжлэгчид албан ёсоор танилцуулж, гардуулаагүй байна.

Нэхэмжлэгчээс дээрх Б/241 дүгээр тушаалтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх уг актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү тушаал нь нэхэмжлэгчид хамааралтай сүүлийн тушаал бөгөөд нэгэнт нэхэмжлэгчтэй холбогдох тушаалуудад “үүрэг гүйцэтгэгч” гэж нэмэлт оруулсан, энэ нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийг хамгийн сүүлд Б/89 дүгээр тушаалаар төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон гэж үзэхээр байна.

Харин гуравдагч этгээд Л.Н-ийн тухайд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст төрийн сангийн мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-96 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн төрийн сангийн нэгжид гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/254 дүгээр тушаалаар Л.Нийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн төрийн сангийн нэгжид гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ахлах мэргэжилтэн болж өөрчлөгдсөн, 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар яамны бүтцийн нэгжийн орон тоо өөрчлөгдсөн тул 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна.

Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсвийн дотоод аудит, байгаль орчны статистик мэдээлэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын 1 дүгээр заалтаар “Албан ажлын зайлшгүй шаардлагаар ... Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Г.Б-ын жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний хашиж байсан Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1378 дугаар албан бичгээр “... Л.Н-ийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн гүйлгээ баталгаажуулах мэргэжилтний ажлын байранд томилуулах”-аар санал ирүүлсэн”, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1189 дүгээр албан бичгээр “... хууль тогтоомжийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийг эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн оронд Төрийн сангийн ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. ... иймд 55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Н-ийг Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон албан тушаалд нь эгүүлэн томилох” мэдэгдлийг ирүүлжээ. 

Үүний дагуу хариуцагчийн 2018 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн Б/257 дугаар тушаалаар гуравдагч этгээдийг Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд /ТЗ-8-4 шатлалд/ жинхлэн томилсон, уг тушаал хүчин төгөлдөр байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/363 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тус яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, чиг үүрэг, ангилал, зэрэглэлд Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэст “Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” гэх нэр багтаагүй боловч хариуцагчаас “... Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалтай ижил чиг үүрэгтэй” гэж тайлбарласан бөгөөд энэ нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу буюу Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор маргаж байх ба дээрхээс үзвэл хууль, журмын дагуу томилогдсон Л.Н-ийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан /Б/241 дүгээр тушаалын дагуу/ нэхэмжлэгчийг томилох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Б-ыг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх бөгөөд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших, чадахуйн зарчмыг баримтлан түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар жирэмсний амралт авсны дараагаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч болсон байх тул нэхэмжлэгч  жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа эргэн орж, үргэлжлүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн гэсэн итгэлтэй байсныг үгүйсгэх боломжгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-д “Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.3-д “Хуульд заасан бусад тохиолдол”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан.

Хариуцагчаас Б/09, Б/34, Б/59, Б/89 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгчийг тухайлсан албан тушаалуудад томилохдоо төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журам, үндсэн шалгуурыг зөрчин томилсон, үүнд нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй бөгөөд түүний дараагаар нэхэмжлэгчийг жирэмсний амралттай байх хугацаанд “төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй” гэх нөхцөл байдал арилсан байхад түүнд холбогдох тушаалуудад “түр орлон гүйцэтгэгч” гэж өөрчилсөн, энэ талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүйн улмаас уг маргаан гарсан, хариуцагчийн “... нэхэмжлэгчийг боломжит албан тушаалд томилох санал тавьсан” гэх тайлбар, одоогийн байдлаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч мөн болохын хувьд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагад нийцэх, түүний эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг, ангилалд дүйцэхээр албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд энэхүү тохиолдолд хэргийг ийнхүү шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн гэж үзэхгүй бөгөөд ингэснээр талуудад эрх тэгш боломж олгож, шударга ёсны зарчимд нийцүүлэн уг маргааныг үнэн зөв, нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

2. “Нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлагын тухайд.

Шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарын хүрээнд дүгнэлт хийгээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй бөгөөд Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох боломжтой байна.

Уг маргааны хувьд дээрх байдлаар хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д “ ...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр..” гэж  тус тус заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй.

3. Гуравдагч этгээд Л.Н-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын Тушаах нь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд.

Анхан шатны шүүх “... уг тушаалын холбогдох хэсгийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж дүгнэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч “... тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/89 дүгээр тушаал хүчин төгөлдөр байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх боломжтой” гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь Л.Н-ийн хувьд Б/89 дүгээр тушаалын 1 дэх заалтаар ажлын албан шаардлагаар Төсвийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, 4 дэх заалтаар Г.Б Санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд эцсийн байдлаар Л.Н нь Б/257 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн төрийн сангийн гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Шүүх дээрх байдлаар нэхэмжлэгч Г.Б-ын тухайн албан тушаалд томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Б/89 дүгээр тушаалын 4 дэх заалтын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 106 дугаар зүйлийн 106.2-т тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг, ангилалд дүйцэх албан тушаалд томилж, нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлт гаргасан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцон олгож, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, үлдэх “2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, /чиг үүрэг/ ангилал, зэрэглэл батлах тухай” А/363 дугаартай тушаалаар батлагдсан нэршлийн дагуу Г.Б-ыг өмнөх ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Төсвийн гүйцэтгэл, төрийн сангийн хяналт, баталгаажуулалтын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнийн гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд Л.Нийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд Л.Н-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөншүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

                           ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН