| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00439/И |
| Дугаар | 439 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 439
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Л. нэхэмжлэлтэй Т.*******од холбогдох 5.420.000 /таван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******, Т.******* бид хоёр тохиролцсоны үндсэн дээр УАЗ ******* ******* дугаартай Пургон автомашины наймаа 2015 оны 07-р сард хийсэн. Наймаа хийсэн хугацаанд аавыгаа явуулж миний малыг маллаж байсан айлаас 35 тооны эр ямааг нэг бүрийг нь 80.000 төгрөгөөр тооцож авлаа гэсэн бичиг үлдээгээд ямаануудыг аваад явсан байсан. Ингээд уг машины үлдэгдэл мөнгийг өгье гэтэл тэр машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, 2010 оноос хойш үзлэг, тооллогод ороогүй байсан учир Т.*******той наймаа буцах болсон. Ингээд 2015.11.10-нд машинаа авч явахаар болж тохиролцооны гэрээ хийлээ. Уг гэрээнд 2015 оны 11 сарын 20-ны өдөр хохиролыг барагдуулна гээд тохирсон боловч одоо болтол 35 тооны эр ямаа, машинд хийсэн супер доторлогоо болон машин засвар үйлчилгээний 800.000 төгрөг өгөхгүй байгаа тул ямааг мөнгөөр бол 35х80000=2800000 төгрөг, супер доторлогооны 800.000 төгрөг, ямааг малаар нь бол 35 эр ямаа ноолуурын хамт, ноолуурыг 1 ямаа 0,8кг гэж бодоход 35х0,8=2,8 кг, 2,8кг х 65000=1820000 төгрөг, нийт 5.420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* сум руу өөрийнхөө пургон авто машиныг зараад машиныхаа үнэнд эр ямаа аваад мал байдаг айл дээр тавьсан байсан юм. ******* над руу яриад хотоос хүмүүс ирж ямаа худалдаж авах гэж байна, чи тэр хүмүүст ямаагаа өгөх үү гэж асуухаар нь хэдээр авах юм бол гэхэд 90000 төгрөгөөр авна гэж байна гэхээр нь тэгүүл би ямаагаа өгье гэж хэлж байснаас *******ыг ав гэж бол хэлээгүй. Тэгээд байж байтал ******* над руу яриад аавынх наашаа нүүж ирэх гэж байна. Чи нөгөө зарах ямаануудаа тууж ирээд аавын малд нийлүүлчих аавынх манайтай ирж бууна гэсэн. Тэр үед надад ямаагаа тууж аваачиж өгөх боломж байхгүй байсан учраас би ямаагаа тууж аваачиж өгч чадаагүй. Тэгээд намайг аймгийн төв дээр байж байсан чинь миний ямаа байгаа айлын хүн над руу утасдаад ******* гэдэг хүн ирээд *******г намайг ямаа ав гэж хэлсэн гээд миний 35 тооны эр ямааг туугаад явсан байсан. Надад бичиг үлдээгээд явлаа гэж байсан. Би *******д ямаа очиж ав гэж хэлээгүй, бичиг ч хийж өгөөгүй, малынхаа айл руу ямаа өгөөрэй ч гэж хэлээгүй. Ингээд 10 сарын 25-ны өдөр ******* манай малын айлд очоод ******* ав гэсэн гэж хэлээд 35 ямаа 85000 төгрөгөөр бодоод аваад явсан байсан. Тэгээд би ******* руу яриад та яагаад ямаа аваад явчихсан юм бэ? гэхэд ******* намайг очиж ав гэж хэлсэн. Тэгээд би авсан гэж хэлсэн. Би ямаа ав гэж огт хэлээгүй. Би юу ч мэдээгүй байж байтал *******гийн дүү нь надад аав ямаа авч ирээд гаргаад байна гэдгийг хэлсэн. Би *******ын машиныг авч яваад янзлуулж доторлогоо хийлгэсэн. 800000 төгрөгнөөс илүү гарсан. Гэхдээ би доторлогооны 800000 төгрөгийг л өгчих гэж хэлээд байгаа юм. ******* над дээр эхнэртэйгээ ирээд наад мөнгийг чинь чамд өгнө гэж хэлсэн. 11 сарын 19-ний өдөр эхнэр сумын төв орж ирнэ тэгэхээрээ чамд өгнө гэж хэлээд явсан. Дээрх ямаанууд надад байсан бол би өнгөрсөн хавар самнаад ноолуурыг нь зараад 1800000 төгрөгийн ашиг олох байсан. Иймд би *******оос 5.420.000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 07-р сарын 03-05-ны үед ******* манайд ирээд миний эзэмшлийн пургон автомашиныг зарчих гээд гуйгаад байхаар нь бичиг баримт нь өөр хүний нэр дээр байгаа, чи дараа бичиг баримт нь надад шилжихээр авах асуудлаа яр гэж хэлэхэд та бичиг баримт дээр санаа зоволтгүй, би өөрийнхөө хуучин машины бичиг баримтаар явчихна, надад машинаа 8.000.000 төгрөгөөр зарчих гэж гуйсаар байгаад унаад явсан. Урьдчилгаа мөнгөө авах гэсэн боловч өгөөгүй. 4 сар гаруй хугацаанд гэрт нь 2 удаа очсон, утсаар ярьдаг байсан. Мөнгөө өгөхгүй мөртлөө миний машинаар Дөрвөлжин, Ховд аймаг, Увас аймаг, Завхан аймаг, Улиастай, Нөмрөг сумруу нааш цааш зөндөө явж миний машиныг хуучруулж, зарим эд ангийг нь эвдэж, 4 шинэ дугуйны нэгийг нь хагалсан болохоор нь машинаа буцааж авья гэж зөндөө ярьж, гэрт нь очсон. Гэрт нь очсон чинь танай хойд аав мал аваад явсан өгөхгүй гэсэн. Тэгтэл манай хойд аав надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр мал байгаа айлаас 35 ямааг түүний хамаатан гэдэг хүнтэй аваад явсан гэсэн. Хойд аав маань манайхаас хүн зохилдуулж худал хэлээд юм авч явсан байсан учраас хандаж би чамд анхнаасаа машины наймааг ямар ч тохиолдолд мал оролцуулахгүй гэж тохиролцсоноо хэлэхэд мэдэж байгаа гэсэн. Тэгээд би машинаа авсан бөгөөд 4 сарын хугацаанд үнэгүй машинаа хэрэглүүлсний төлөө юу ч аваагүй, харин ч доторлогоо хийсэн мөнгө гээд нэхээд байхаар нь 500.000 төгрөг өгөхөөр болж 450.000 төгрөгийг өгсөн. 50000 төгрөгийг данхраад өгөөд аваарай гэсэн. с хойд аав мал авч явснаа хүлээн зөвшөөрч тэд нар цагдаа дээр бие биедээ төлөлцөнө гэж хэлж байсан. Хойд ааваас малаа 2015 оны 11-р сарын 25-нд авахаар тохиролцсон. Тэгээд тэр үед малаа очиж аваагүй. Түүний дараа би д хандаж чи яагаад тохиролцсон хугацаанд малаа аваагүй юм бэ гэхэд зав гарахгүй байсан гэж хэлсэн. Би гээс нэг ч мал аваагүй, ямар мал хаана байгааг мэдэхгүй байна. Хойд аав Ц.******* нь *******эс 35 тооны ямаа аваад явсан гэсэн. Тэр ямаа нь хаана байгааг би мэдэхгүй. Хойд аав 35 ямааны хэргээр цагдаад шалгагдаж байгаад нас барсан. Өөрөө малаа хугацаанд нь аваагүйгээс болж мал өгөх хүн нас барсан. Би хариуцагч биш учраас төлөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 07 сарын 02-ны өдөр Л.******* нь Т.*******ын машиныг аваад явсан. Тухайн үед *******д бичиг баримт нь асуудалтай байгаа гэж хэлэхэд би бичиг баримтыг нь янзлаад авна гэж хэлээд аваад явсан. Машинаа авч явсныхаа дараа энэ 2 хүний дундуур ******* гэдэг хүн орж *******эс 35 ямаа авч явсан асуудал байгаа. ******* тухайн нэхэмжилээд байгаа 35 ямааг авсан талаарх баримт байхгүй. Тиймээс ямааны ноолуураас олох ёстой байсан ашиг гэдэг асуудал яригдахгүй. ******* гэдэг хүнд холбогдулж гомдол гаргасан байна. ******* гэдэг хүн нь өөрөө авсан гэдгээ зөвшөөрсөн. ******* нь нас барчихсан байгаа учраас ******* гэдэг хүнтэй *******ыг шалгасан нэг ч асуудал байхгүй байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан тохиролцооны гэрээ гэх зүйлийг ******* нь *******тэй тохиролцож хийсэн гэсэн. Энэ тохиролцооны гэрээг яагаад хийх болсон бэ гэхээр ******* нь машинаа өгөхгүй дээр нь энэ гэрээг хийе гээд гуйгаад байхаар нь хийсэн гэж ******* хэлсэн. Иймд нэхэмжлээд байгаа мөнгийг ******* нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Л.******* нь 5.420.000 төгрөгийг хариуцагч Т.*******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ буюу УАЗ ******* ******* дугаарын пургон авто машиныг өгч, авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхий зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээгээр Т.******* нь Л.*******д биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй авмомашин, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, Л. нь авто машины үнийг Т.*******од төлөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч Л.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй байсны улмаас хариуцагч түүний эзэмшлийн малнаас 35 тооны эр ямааг тухайн үеийн ханш болох 1 эр ямааг 80000 төгрөгөөр тооцож машины төлбөрт авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан тохиролцооны гэрээ зэрэг бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Т.******* нь миний зөвшөөрөлгүйгээр миний хойт аав ******* малнаас 35 тооны эр ямааг гэдэг хүнтэй аваад явсан гэсэн. ...хойд аав маань манайхаас хүн зохилдуулж худал хэлээд юм авч явж байсан учраас *******д хандаж би чамд анхнаасаа машины наймааг ямар ч тохиолдолд мал оролцуулахгүй гэж тохиолцсоноо хэлсэн тэгтэл буюу мэдэж байгаа гэсэн. ...Тэгээд би машинаа авч явсан бөгөөд 4 сар гарангийн хугацаанд үнэгүй машинаа хэрэглүүлсэний төлөө юу ч аваагүй харин ч доторлогоо хийсэн доторлогооны мөнгө гээд нэхээд байхаар нь 500.000 төгрөг өгөхөөр болж 450.000 төгрөгийг өгч, үлдсэн 50000 төгрөгийг данхраад авчраад аваарай гэсэн. с хойд аав мал авч явснаа хүлээн зөвшөөрч тэд нар цагдаа дээр нэг нэгэндээ төлөлцөнө гэж хэлж байсан гэсэн тайлбар гаргаж энэ үндэслэлээ нотлохоор Завхан аймгийн Прокурорын газарын 2015 оны 05-р сарын 09-ний өдрийн 5/106 тоот тогтоолыг хавсаргажээ.
Уг тогтоолд Ц.*******ийн тухайн үеийн мэдүүлэг тусгагдсан бөгөөд мэдүүлэгт “...2015 оны 06 сард манай хүү *******ын машиныг Л.******* худалдаж авахаар тохироод аваад явсан байсан. Тэгээд мөнгө төгрөгийг нь өгөхгүй байгаад байхаар би мал байдаг сумын гэх газар байсан гэх айлаас 35 тооны эр ямааг 2015 оны 10-р сарын 17-ны өдөр 80000 төгрөгөөр бодож авлаа гэж бичиг хийж өгөөд авсан. Тэгтэл манай хүүхэд 11 сард машинаа буцааж авсан байхаар би *******тэй уулзаад мөнгийг нь өгье гэж хэлээд мөнгөний бололцоо болохгүй байж байгаад энэ хавар ямааг нь өгье гэж тохирсон байсан...” гэжээ.
Үүнээс харахад *******, ******* хоёрын хооронд байгуулсан машин худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 35 эр ямааг авсан гэж үзэх үндэстэй.
Улмаар хариуцагч Т.******* нь дээрх гэрээнээс татгалзаж пургон авто машинаа Л.*******эс буцааж авсан бөгөөд машинаа авахдаа тохиролцооны гэрээ байгуулсан байна.
Уг тохиролцооны гэрээнд “...2015 оны 11 сарын 10-нд *******той ярилцаж тохиролцож машиныг нь өгөхөөр болов. ******* миний бие *******ийн аав болох ******* гэх хүн манай малын айлаас дур мэдэн эр ямаа авч явсан байлаа. ******* миний бие *******д машин засуулсан 800.000 төгрөг 2015 оны 11 сарын 12-нд бэлэн өгнө. ...үлдсэн 35 эр ямааг би очсон цагт чинь тоолж өгнө. Өөрийнхөө ч юмуу аав *******ийн малаас ч хамаагүй би өгнө...” гэжээ.
Гэтэл хариуцагч Т.******* дээрх тохиролцооны гэрээг байгуулаагүй, тохиролцооны гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “...тохиролцооны гэрээний 11 дэх мөрөнд зурагдсан “*******” гэсэн болон 17 дахь мөрөнд зурагдсан “*******” гэж зурсан гарын үсгийг Т.******* зурсан байна...” гэсэн байх тул хариуцагч Т.******* нэхэмжлэгчийг үлдэгдэл мөнгийг төлөхгүй болохоор гэрээнээс татгалзаж пургон авто машинаа буцаан авч машины үнэнд авсан 35 эр ямааг буцаан өгөхөөр тохиролцож тохиролцооны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.*******оос 35 эр ямаагаа нэхэмжлэхдээ тухайн үеийн ямааны ноолуурын үнэ 1820000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах үндэсгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчийн “...*******гийн дүү нь надад аав ямаа авч ирээд гаргаад байна гэдгийг хэлсэн...” гэсэн тайлбараар хариуцагч тал тухайн үед 35 эр ямааг нядалж борлуулсан гэж үзэх үндэстэй байх тул ямааны ноолуураар ашиг олсон гэж үзэн ноолуурын үнийг гаргуулах боломжгүй байна.
Иймд хариуцагч Т.*******оос 35 эр ямааг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ханшаар буюу 1 эр ямааг 80000 төгрөгөөр бодож /35х80000=2800000/ 2800000 төгрөгийг, мөн машин доторлогооны хөлс 800000 төгрөгөөс 350000 төгрөгийг өгсөн гэж байгаа бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул нийт доторлогооны хөлснөөс өгөгдөөгүй 350000 төгрөг нийт 3.150.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.270.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Л. нэхэмжлэлтэй Т.*******од холбогдох 5.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Т.*******оос 35 эр ямааны үнэ 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 эр ямааг 80000 төгрөгөөр бодож /35х80000=2800000/ 2800000 төгрөгийг, мөн машин доторлогооны хөлс 350000 төгрөг, нийт 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.270.000 /хоёр сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 101670 төгрөгнөөс 65350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 36320 төгрөг, хариуцагч Т.*******оос 36320 төгрөгийг тус тус гаргуулж Л.*******д олгосугай.
3. Монгол Улсын Ирэгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ