| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1353/Э |
| Дугаар | 0005 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 0005
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И м овогт Эын Эод холбогдох 1908056601714 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Дэнж ... тоотод оршин суудаг, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 4 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үлдсэн ялаас чөлөөлсөн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн, И м овогт Эын Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Дэнжийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Уыг зодож, эрүүл мэндэд нь “зовхи, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
хохирогч Б.Уын мэдүүлэг /хх-ийн 22-23х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13254 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39х/, шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53х/, шүүгдэгч Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Яллагдагч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Дэнжийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Уыг “унтаж байхад цамцнаас татаж чангаалаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Уын өгсөн: “...Би Эын Э гэдэг хүнтэй 2019 оны 06 дугаар сард анх танилцаад, 2019 оны 07 дугаар сарын эхэн үеэс Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо дэнжийн ... тоот гэрт нь хааяа хааяа ирж хонодог болоод, тэгээд сүүлийн үед ер нь гэрт нь хамт амьдарч байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Саппорогийн ар талын автобусны буудал дээр Этой уулзахад Э согтуу байсан ба бид хоёр гэртээ ороод Э нь газар унтаад өгсөн юм. Тэгэхээр нь би ор засчхаад Эийг “босоорой, орон дээрээ гарч унт” гээд өмссөн байсан малгайтай цамцных нь малгайнаас нь татахад Э сэрээд “яаж байгаа гичий бэ” гэж хэлээд нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж аваад буцаад орон дээрээ гараад унтаад өгсөн. Тэгэхээр нь би “цагдаад хандах уу яах уу” гэж бодож байгаад ахин намайг зодож магадгүй, цагдаад хандаж арга хэмжээ авъя, тэгвэл дараа зодохгүй байх гэж бодоод 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Мөн Э бид хоёр хамт амьдраад удаагүй байгаа болохоор дундаасаа хүүхэдгүй, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13254 дугаартай: “Б.Уын биед зовхи, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/,
Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бын У гэх гэдэг эмэгтэйтэй 2019 оны 06 дугаар сард анх танилцаад 06 дугаар сарын сүүл үеэс үерхэж эхлээд 07 дугаар сарын эхэн үеэс эр эмийн харилцаатай болж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо дэнжийн ... тоотод байрлах манай гэрт хамтран амьдрах болсон. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би 14 цаг өнгөрч байх үед найз Хгийн хамт ....нэг пабад 0.5 граммтай Хараа нэртэй архи нэг нэг пиво хувааж уучхаад 16 цаг өнгөрч байх үед Хгээс салаад 17 цагийн үед найз охин Утай Саппорогийн ар талын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо дэнжийн ... тоот гэртээ очоод би нойр хүрээд жаахан согтоод байсан учир газар хэвтээд унтаж байхад найз охин У миний цамцны захнаас татахад миний хоолой жаахан шахагдаад бага зэрэг боогдохоор нь миний уур хүрээд “чи яагаад байгаа гичий бэ” гэж хэлээд Уын нүүр рүү нь гараараа 3 удаа цохиод орон дээрээ гараад унтсан. Би Уын нүүр рүү нь гараараа гурван удаа цохиход бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.Э, хохирогч Б.У нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 4 сарын хугацаанд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусдын тодруулбал, хамтран амьдрагч Б.Уын тавьсан шаардлагыг буруугаар ойлгож, хариу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь эцсийн дүндээ хохирогчид хөнгөн хохирол учрахад хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Энь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Э бид хоёр одоо эвлэрсэн хамтран амьдарч байгаа. Надад Эод гаргах ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 22х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...Би ажил хөдөлмөр эрхэлдэг, бас машин худалдаж аваад банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Эод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан Э.Эын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Э.Эын дээрх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Энь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 6хоногх8цаг=48 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И м овогт Эын Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 6хоногх8цаг=48 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ