| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0339/И |
| Дугаар | 354 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Бүрдэнэ гэх газар оршин суух, малчин, Ням овогт Оргодолын Оюунчимэг /РД: ЕН62032706/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч О.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оргодолын Оюунчимэг нь 1983 оны 09 сарын 01-нээс өдрөөс 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдлийн боловсон хүчний сейф шатаж миний бичиг баримт үрэгдсэн, нэгдэл Мандах хайрхан хоршоо болж өөрчлөгдөн архивт өгсөн цалингийн баримт дутуу байгаа тул 1983 оны 09 сарын 09-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдөр дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1982 оны 01 сарын 01-ний өдрөөөс ажилласан жилээ тогтоолгоно гэж зөрүүтэй бичсэн байна. 1982 оны ажилласан жилийг тогтоолгох шаардлага байхгүй. 1983 оны 09 сарын 01-нээс өдрөөс 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Оюунчимэг нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Оюунчимэг нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч О.Оюунчимэгийн тайлбар, гэрч Х.Чулуунбаатар “Намайг 1976 оноос 1987 он хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн 1-р бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байхад О.Оюунчимэг нь тус 1-р бригадад анх илгээлтийн эзнээр аав ээжийнхээ туслах малчнаар үхэрчин, саальчнаар ажилд орж байсан. ...1983, 1984 оны үед анх нэгдэлд орж байсан. Тэгэхэд манай нэгдэл бригад хэсгийн зохион байгуулалтанд шилжиж хонь, үхэр, тэмээ, адууны төрөлжсөн хэсэг болгон ажиллаж байсан. Тэгэхэд би үхрийн төрөлжсөн хэсэгт хэсгийн даргаар нь ажиллаж байхад О.Оюунчимэг нь үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Тухайн цаг үед хөдөлмөрийн хөлсийг улирлаар өгч байсан. Зарим үед 3 сар, 6 сар, 9 сар, 12 сар гэх мэтчилэн хөлсийг бөөн бодож байсан үе байгаа” гэх мэдүүлэг, гэрч Б.Доржпаламын “...би 1986 онд анх Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ерөнхий зоо техникчээр ажилд орж байсан. Тухайн үед О.Оюунчимэг нь тус нэгдэлд малчин байсан. Үхэр хариулж, саальчин хийж байсан. Амьдралын зам нэгдлийг хувьчлалд ортол хамт нэг дор ажилласан“ гэх мэдүүлэг, гэрч Д.Баатарын ”...О.Оюунчимэг нь анх 1983 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ирж байсан. Нэгдэлд тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд Их хувьчлалаар нэгдэл бүх малаа хувьчилж, компаний зохион байгуулалтанд орсон. Тэгээд 1992 оны 12 сард бүх нэгдлийн малчид малаа хувьчилж авснаар хувийн аж ахуйд шилжсэн. Тэр болтол О.Оюунчимэг нь ажиллаж байсан. 1987 онд нэгдэл хэсгийн зохион байгуулалтанд шилжснээр О.Оюунчимэг нь үхэрийн хэсэгт үхэрчин, саальчнаар ажиллаж байсан.....улирлаар цалинг өгч байсан үе байгаа. Мөн өрхийн тэргүүн дээр цалинг бөөн бодож гаргах тохиолдол байсан. Тийм учраас зарим сард цалин бодогдоогүй юм шиг харагдаж байгаа байх. О.Оюунчимэг нь тасралтгүй л уг нэгдэлд ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн даргын 1983 оны 09 саын 09-ний өдрийн 61 тоот ажилд томилох тухай тушаал, цалингийн тодорхойлолт, Баярын бичиг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч О.Оюунчимэгийг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ням овогт Оргодолын Оюунчимэгийг 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА