Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 1

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч Э.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Эсэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902005790625 дугаартай, 163/2019/0219/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 475000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Э. Х.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Х ыг Нийслэлийн ... тасгийн улсын байцаагчаар ажиллах үедээ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Д.З ыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн Хаан банкны ********* тоот дансаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500000 төгрөг, нийт 2100000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар”-т ажилд оруулж өгнө гэж залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х  өгсөн мэдүүлэгтээ: Д.З , түүний нөхөр бид нар Дашинчилэн суманд хамт ажиллаж байсан. Д.З аас зээлж авсан мөнгөө өгч чадахгүй удаасан болохоор Д.З  залилсан гээд байгаа. Би 2013 онд Нийслэлийн ... тасгийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Би мөнгөний хэрэг болоод мөнгө зээлж авсан нь үнэн. Манай том хүүхэд өвчин тусаад байнгын эмчилгээнд байдаг тул түүний улирлын эмчилгээ эхлэх болоод би эхний ээлжинд Д.З аас 2018 оны 9 дүгээр сарын 23-нд 600000 төгрөг зээлж авсан. Энэ мөнгийг зээлэхдээ би нөхөртэй нь эхэлж утсаар яриад Д.З аар дамжуулан авсан. Тэр үед Д.З ы нөхөр нь Солонгос улсад ажиллаж байсан юм. Дараа нь надад дахин мөнгөний хэрэг болоод 2-3 удаа мөнгө зээлдээч гэж гуйсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 500000 төгрөг тус тус зээлж нийт 2100000 төгрөг авсан. Д.З ыг мөнгөө нэхэх үед нь би “өгөх боломжгүй байна” гэхэд “чи тэгвэл намайг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгөөч” гэхээр нь би хөөцөлдөж, оруулах талаар ярьсан. Тэгээд хүн хартай ярьсан боловч олигтой шийдэлд хүрэхгүй байсаар нэлээд хугацаа алдсан. Тэгээд би ажилд оруулж амжихгүй юм шиг байна, хэцүү юм байна гэдгийг Д.З д хэлсэн. Би Д.З ы мөнгийг 2019 оны 09 сард бүрэн төлж барагдуулсан. Д.З  бид нар найзууд бөгөөд манай хүүхдийг өвчтэй байнгын эмчилгээтэй байдгийг тэр мэднэ. Хавтаст хэрэгт Э.Х аас зээлсэн мөнгөө авсан. Гомдол саналгүй гэж өгсөн Д.З ы мэдүүлэг байгаа. Тухайн үед Д.З  надаас мөнгө төгрөгөө авахын тулд гүтгэлгийн шинжтэй худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Тийм болоод ч өнөөдрийг хүртэл шүүхэд ирэхгүй зугтаагаад байна гэв.

Эрүүгийн 1902005790625 дугаартай хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар ... Э.Х  нь Булган аймгийн Дашинчилэн суманд хамт ажиллаж байсан Д.З ыг “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгнө, ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа хүмүүстэйгээ уулзахаар явж байна, уулзахад мөнгө, төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч Д.З аас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг,  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг буюу нийт 2.100.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал  тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь хохирогч Д.З ы өгсөн: “...2018 оны 08 дугаар сард байх яг өдрийг нь санахгүй байна. Би тэр үед Улаанбаатар хотод ажлаар ирчихээд Х тай уулзтал надад таньдаг хүн байгаа, чамайг хүнсний байцаагч мэргэжилтэй болохоор ажилд оруулж өгөх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Түүнээс хойш удаагүй 2018 оны 09 дүгээр сард намайг ажилд оруулахад шаардлагатай материал хэрэгтэй байна гээд дипломны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, төрийн албанд тэнцсэн бичиг баримтуудыг авсан. Удалгүй 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр над руу Х  залгаад “бичиг баримт хөөцөлдөхөд мөнгө шаардлагатай байна” гэхээр нь би тэр өдрөө Хаан банкны дансаар Х ын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь ажил төрлийг хөөцөлдөж байгаа гээд яриад л яваад байсан ба 2019 оны 03 дугаар сарын үед болчих байх  гэхээр нь хүлээгээд байсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “хүмүүстэй уулзана мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд 1000000 төгрөгийг, ...удалгүй бас 20 орчим хоногийн дараагаар 500.000 төгрөгийг шилжүүлж нийтдээ 2.100.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш Х  луу байнга ажил юу болж байгаа талаар ярихаар ажилтай байна, хуралтай байна гэх мэтийн шалтаг хэлж хойшлуулсаар байгаад сүүлдээ мөнгөө авъя гэхэд би хүмүүст тараагаад өгчихсөн, авч өгнө гэсээр удсан... /хх-32 тал/, ...Э.Х  нь намайг Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгнө гэж уг мөнгөнүүдийг авсан нь үнэн, ...намайг ажилд оруулах хүмүүстэй уулзаж хоол, унданд оруулах талаар л хэлж байснаас яг тодорхой хэнд мөнгө төгрөг өгснийг би мэдэхгүй. Хохирлоо барагдуулмаар байна ... гэх /хх-47 тал/, ...би бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. ...Намайг ажилд оруулж өгнө гэж хэлж Х  надаас мөнгө авсан. Түүнээс биш надаас зүгээр мөнгө, төгрөг зээлсэн асуудал байхгүй. ...мөнгө зээлээд тэр мөнгөндөө ажилд оруулж өг гэж тулгасан асуудал бол байхгүй. ...Х  надад бүх мөнгөө буцаагаад төлсөн, ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-78-80 тал/ гэх мэдүүлэг,

        Гэрч Б.Э. өгсөн: “...Миний ууган том хүүхэд байгаа юм. Миний хүү чинь 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Доороо 4 дүүтэй, бага байхаасаа л эцэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн. Архангай аймагт ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангиа төгссөн. Дараагаар нь ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөөд Булган аймгийн ..., Нийслэлийн ... хэлтэст байцаагчаар одоог хүртэл ажиллаж байна. Гэр бүлийн хувьд эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Зан, ааш араншингийн хувьд даруу төлөв, ажилсаг, хүний үгээр, хүнд их итгэмтгий хүүхэд байгаа юм. Найз нөхөд болон гэр бүлдээ халамжтай, хамт олны дунд нэр хүнд сайн. Түүний том хүү нь аутизм өвчтэй болоод жаахан асаргаа сувилгаатай болчихсон. Эхнэрийнхээ хамтаар энэ хүүхэддээ анхаарал халамж тавьж ирсэн" гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

       Гэрч П.Б гийн өгсөн: "...Д.З тай 2012 онд Булган аймгийн Дашинчилэн суманд байхдаа танилцаж байсан. Тэр үед манай нөхөр сумын захиргаанд малын их эмчээр, З  халамжийн мэргэжилтнээр ажилладаг байсан. Ингээд хоорондоо танилцаад нөхөрлөж эхэлсэн. З аас мөнгө төгрөг авсан талаар надад манай нөхөр Х  хэлээгүй, З  нь ч мөнгө төгрөг өгсөн талаар надад хэлээгүй. Сүүлд мөнгө төгрөг авсан талаар нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-50 тал/,

        Хохирогч Д.З аас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг,  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг Э.Х ын дансанд шилжүүлсэн талаарх Э.Х ын ХААН банкны харилцах дансны “Депозит данс”-ны дэлгэрэнгүй хуулга /хх 57-58 тал/,

Хохирогч Д.З ы “ХАА-н бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээ” мэргэжлээр төгссөн Бакалаврын дипломын хуулбар /хх-40-41 тал/,

“Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай”  2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хуулбар  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

         Хэрэгт гэрч Ц.Т ын өгсөн “Э  ах надад манай хүү Х ын том хүү Э  нь аутизм буюу саажилт өвчтэй байгаа юм. Дорноговь аймаг руу сайн үздэг хүн байна гэнэ. Тэгээд ч энергийн төв дээр хүүхдээ авч очих гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна  гэнэ. Чи ахдаа мөнгө төгрөг зээлэх арга байна уу? гэж асуусан. ...Удаагүй 3-4 хоногийн дараа Э  ах дахин надтай утсаар яриад нөгөө мөнгө зээлэх асуудал хэрэггүй болсон шүү. Х  Булган аймгийн Дашинчилэн суманд байдаг найзаасаа мөнгө зээлчихсэн гэнээ гэж хэлсэн. Тэгээд л дахин надтай мөнгө төгрөгний талаар яриагүй” гэх мэдүүлэг /хх-82 тал/, гэрч Д.Г ын өгсөн “...Анхны хүүхэд нь ...аутизм гэх өвчтэй хүүхэд гарсан гэж байсан. ...2019 оны эхээр …1 дүгээр сард л байсан. Х  над руу утсаар яриад хүүхдээ эмчлүүлэх гээд мөнгө төгрөгний хэрэг байна. Мөнгө зээлэх арга байна уу, …500 мянган төгрөг зээлээч гэж асууж байсан. ...Мөнгө олсон талаар нь асуусан чинь Дашинчилэнд цуг ажиллаж байсан хүнээсээ зээлчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-84 тал/ нь шүүгдэгч Э.Х ыг  Д.З аас дээрхи мөнгийг  зээлж авсан гэдгийг нотлож байгаа шууд нотлох баримт биш юм.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хэргийг мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь  хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна, харин шүүгдэгч Э.Х ын зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх идэвхтэй үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч Э.Х ыг “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулж өгнө, ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа хүмүүстэйгээ уулзахаар явж байна, уулзахад мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж Д.З ыг хуурч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг,  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1000000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг буюу нийт 2.100.000 төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Э.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсоноос  гадна түүний 2013 онд төрсөн хүү Х.Э  нь “аутизм” өвчтэй, байнгын асаргаа шаардлагатайн улмаас түүний гэр бүлийн хүн нь хөдөлмөр эрхлэдэггүй, зөвхөн  шүүгдэгч Э.Х ын цалин орлогоор хүүхдийн эмчилгээ, гэр бүлийн хэрэгцээг хангаж байгаа нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож, түүнд торгуулийн ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э. Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Х т оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Х т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Х ын таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД