| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0086/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 129
2020 02 06 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга П.Т,
Улсын яллагч А.З,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Н, И.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Өндөрийнхөн овогт Г. А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902000000377 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, “Бумбатай констракшн’ ХХК-д туслах ажилтан ажилтай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 б байр 68 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Г. А /РД:кю0000000/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Г.А нь 2019 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мохито хаус” нэртэй баарны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий гялгар уут, цаасны хамт 10 грамм, цэвэр жин 3.1395 грамм ногоон өнгийн нунтаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед найз маань Шведээс ирсэн юм. Найзыгаа ирснийг тэмдэглээд найзуудаараа уулзаад хүүхдийн 100 орчмын хоёр газар орж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Би ухаан ороод тус газраас гарахад найз маань гадаа хүмүүстэй зодолдож байсан. Би очиход газарт нэг зүйл байсан.Удалгүй цагдаа нар ирэхэд би айж, сандарсандаа тэр зүйлийг аваад өмдөндөө хийсэн. Цагдаа нар нэгжлэг хийхэд миний биед байсан. Би түүнийг ямар нэгэн байдлаар хэрэглэж, зарж борлуулъя гэж огт бодоогүй юм...” гэв.
Эрүүгийн хэргийн 1902000000377 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө нэг танихгүй эрэгтэй Тамиртай зодолдох үед газраар тарсан байсан утас, цамц зэргийг нь авахдаа дөрвөлжин хэлбэртэй нугалсан цаасыг хамт авсан. Тэр цаасыг нээж үзэхэд дотор нь “өвс” гэх мансууруулах ургамал байсан. Тэгэхээр нь аваад өмдний халаасандаа хийчихсэн. Удалгүй цагдаа нар ирээд Тамир, Батбаяр бид гурвыг мөн Тамиртай зодолдсон танихгүй залууг дагуулж цагдаагийн хэлтэсрүү явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд би өмдний халаасандаа хийсэн цаастай мансууруулах ургамлаа санаад халааснаасаа аваад дотоожруугаа хийсэн. Тэр цаастай мансууруулах ургамлыг хэрэглэх, хадгалах зэрэг хууль бус санаа зорилго байгаагүй. Тухайн үед согтуу байсан болохоор тэр цаастай мансууруулах ургамлыг яагаад халаасандаа хийснээ мэдэхгүй байна. Хэн тэнд унагаасан талаар мэдэхгүй, анзаарч хараагүй. Ямар ч байсан зодоон болсон газраас олж авсан. Би уг хэрэг гарахаас 7-8 хоногийн өмнө бааранд явж байхдаа танихгүй хүнээс тамхи гуйхад тэр хүн надад өөрийнхөө татаж байсан тамхийг өгсөн. Тэгсэн тэрийг нь аваад татахад их гашуун амттай байсан. Тухайн үед мансууруулах ургамал байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэрнээс өөрөөр ямар нэгэн тамхи хэрэглэж, татаагүй. Тэр бааранд татсан тамхи л гашуун амттай байсан. Тэрийг байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...Г.А-ын өмдний ард тал хонгоны хэсэгт эд зүйл байгаа нь тэмтрэгдэх бөгөөд тус зүйлийг Г.А-ыг өөрийг нь гарган өгөхийг шаардахад дотуур өмдөн дотроос цагаан өнгийн бичгийн цаасанд нугалж боосон эд зүйл гаргаж өгөх ба цаасыг нугалаасаар нь дэлгэж доторхийг нь харахад ургамал мэт ногоон өнгийн нунтаг зүйл байх ба тухайн зүйл нь өвөрмөц, хурц үнэртэй байв. Уг цаасанд нугалж боосон байх ургамал мэт ногоон өнгийн нунтаг зүйлийг хэрэгт ач холбогдол бүхий зүйл байж болзошгүй гэж үзэж хураан авав... гэх тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:
Үзлэгээр Г.А-аас хураан авагдсан А4-ийн хэмжээтэй, бичвэр бүхий цагаан өнгийн цаасанд нугалж боосон эд зүйлд үзлэг хийв. Уг цаасыг дэлгэж доторхи зүйлийг үзэхэд ногоон өнгөтэй, нүдээр харахад ургамал мэт нунтаг зүйл байх ба тухайн зүйлээс хурц үнэр үнэртэж байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байх үед би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 5Б-66 тоот гэрээсээ гарсан. Манай найз Төгсбаяр Швед улсаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд найз нараараа уулзахаар болсон юм. Бид нар уулзаад Хан-Уул дүүрэгт байдаг Галакси тауэрт орж, 2019 оны 06 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед гарсан. Яг хэдүүлээ гарсанаа санахгүй байна. Ямар ч байсан тэндээс гараад өөр нэг газар орох санаатай байсан. Би салхинд гарч ирээд согтсон байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирсэн. Миний санаж байгаагаар зодоон болоод байсан.”...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч З.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Швед улсаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монголд ирсэн. ...Манай найзууд уулзахаар болж бид нар Галакси тауэрын дээд давхарт байдаг пабд согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд “Мохита Хаус” гэдэг газар руу орсон. Яг “Мохита Хаус” руу орох гэж байхад Тамирын танил бололтой 3 залуутай тааралдсан. Тэгээд бид долуулаа нөгөө гурван залуутай нийлээд арвуулаа болсон. Тэндээ бас ууж идэцгээсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байх үед бид нар Мохита Хаусаас гарсан. Нөгөө хэд түрүүлээд гарсан. Би хамгийн сүүлд гарсан юм. Намайг гарах үед Мохита Хаусын үүдэнд хэн хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй зодоон болоод байсан ямар ч байсан танихгүй хоёр залуу бас нэг охин байсан. Би юуг нь ч ойлгоогүй болохоор зодоон цохионд оролцоогүй. А бас зодолдоогүй салгаж байгаа харагдсан. ...Тэгээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн. А, Т, Б гурвыг болон нөгөө талаас нэг залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү Г.А нь 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2004 онд Нийслэлийн 40 дүгээр сургуульд 6 настайдаа элсэн орж суралцаад тэндээ 7 дугаар анги хүртлээ суралцаж байгаад дараа нь Энэтхэг Монголын хамтарсан сургуульд шилжсэн. Тэндээ бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөлтийн гэрчилгээ авсан. Сургуулиа төгсөөд Монгол улсын их сургуулийн компьютер программын ангид элсэн ороод нэг жил суралцаад хоёрдугаар дамжаанд байхдаа 2016 оны намар Замын-Үүдийн хилийн цэрэгт мордсон. Хилийн цэрэгт 1 жилийн алба хаагаад 2017 оны намар халагдаж ирээд миний хүү тогооч болох хүсэлтэй байсан учир “Вигдег ктд” хоолны газарт 14 хоногийн хугацаатай дадлагажиж байгаад тэндээс гараад тодорхой ажил эрхлээгүй. Хүү маань урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бусадтай эв нэгдэлтэй, дөлгөөн, даруухан зан араншинтай хүн байгаа юм. Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдана гэж санасангүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3961 тоот: “...1. 2. 3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Шинжилгээнд 10 грамм ногоон өнгийн нунтаг зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнибинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенци”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3859 дугаартай дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.А 21 нас, эр /КЮ98033019/” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн... Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1095 тоот дүгнэлт:
Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
Одоо Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Одоо Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Г.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
Г.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна
Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд утга нэгтэй ойлголтууд болно. Г.А-д мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/,
Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.А-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхээс шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч Г.А нь 2019 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мохито хаус” нэртэй баарны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий гялгар уут, цаасны хамт 10 грамм, цэвэр жин 3.1395 грамм ногоон өнгийн нунтаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.А-ын гэмт үйлдлийг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.А-ыг 2019 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мохито хаус” нэртэй баарны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий гялгар уут, цаасны хамт 10 грамм, цэвэр жин 3.1395 грамм ногоон өнгийн нунтаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан шүүхээс шүүгдэгчид дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн/-ыг тал бүрээс нь харгалзан Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож тэнсэгдсэн хугацаад хяналт тогтоохыг шүүгдэгч Г.А-ын оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий гялгар уут, цаасны хамт 10 грамм, цэвэр жин 3.1395 грамм ногоон өнгийн нунтаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 127 /нэг зуун хорин долоо/ хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Г.А-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.А-д сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.А-д сануулсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нийт 127 /нэг зуун хорин долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнибинолын агууламж бүхий гялгар уут, цаасны хамт 10 грамм, цэвэр жин 3.1395 грамм ногоон өнгийн нунтаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О