Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга С.Гончигбал, улсын яллагч Д.Сүрэнхор, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н , түүний өмгөөлөгч П.Ган-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915001660112 дугаартай, 163/2019/0144/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Т овогт Ц.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г ийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд 2018 оны 6 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сар, 2019 оны 02 дугаар сар, 2019 оны 03 дугаар саруудад тус тус бага насны З.О ийг 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд гэдгийг мэдэх боломжгүйгээр төөрөгдсөн нөхцөлд харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г ийн өгсөн: З.О  бид хоёр 2018 оны 5 сараас эхэлж фэйсбүүкээр танилцаж харьцдаг байсан. Би тэр үед цэргийн алба хааж байсан. Би цэргээс халагдаж ирээд Хишиг-Өндөр суманд найзындаа очихоор явж байтал З.О тай таарсан. Би З.О ийг Хишиг-Өндөр суманд байдгийг мэдээгүй. Тэгээд сумын төвд гэнэт таарсан. Түүнээс хойш уулзаж, 2018 оны 6 сар, 2019 оны 1, 2, 3 саруудад тус тус бэлгийн харьцаанд орж байсан. Тухайн үед бид хоёр харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед З.О  надад ярихдаа би 10 жилээ төгссөн, Замын-Үүдэд ажиллангаа эгчийнхээ хүүхдийг хардаг гэж байсан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн бие биенийхээрээ орж гардаг үерхэж байгаа. Цаашдаа хамт амьдарна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н ийн өгсөн: Хоёр хүүхэд маань одоо хүртэл үерхэж, бие биенийхээрээ ирж очдог.  Хоёр талын аав, ээжүүд бид  ярилцаад энэ хоёрын үерхлийг хүлээн зөвшөөрч цаашдынх нь ирээдүйг бодолцох болсон. Энэ хоёр хүүхэд цаашдаа гэр бүл болж, нэг гэрт амьдарна салахгүй, хайртай дуртай гээд байгаа. Манай охин биерхүү, ааш араншингийн хувьд бие даасан эршүүд, том хүн шиг зантай. Биеийн өсөлт хөгжил сайн, долоодугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Манай охин 2018 онд Замын-Үүд явж эгчийнхээ хүүхдийг харангаа гуанзанд ажиллаж байсан. Бидний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1915001660112 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Г  нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд бага насны З.О ийг 14 настай гэж төөрөгдөлд орж харин 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж 2018 оны 6 сар, 2019 оны 1, 2, 3 саруудад тус тус бэлгийн харьцаанд орсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Н ийн өгсөн: ... Манай охин биерхүү, ааш араншингийн хувьд бие даасан эршүүд, том хүн шиг зантай. Биеийн өсөлт хөгжил сайн, долоодугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Манай охин 2018 онд Замын-Үүд явж эгчийнхээ хүүхдийг харангаа гуанзанд ажиллаж байсан. Бидний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч З.О ийн өгсөн: “...Би Ц.Г тэй Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нийт 6 удаа бэлгийн харьцаанд орсон юм. Ингэж 6 удаа бэлгийн харьцаанд орохдоо 2018 оны 06 дугаар сард 1 удаа, 2019 оны 02 дугаар сард 2 удаа, 2019 оны 3 дугаар сард 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Би анх Г тэй фэйсбүүкээр танилцаж байсан, миний фэйсбүүк хаяг дээр төрсөн он 2003 гэж бичигдсэн нь үнэн.  Бид хоёр одоо үерхэж байгаа цаашид хамтран амьдарна. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 207-208/,

насанд хүрээгүй гэрч Б.Б ийн өгсөн: “...Би 19 цагийн орчим Г ийн эмээгийнд очсон юм. Намайг орой очиход Г , О , М  гурав хамт байсан. Тэгээд М  бид 2 хамт гараад явсан. Г ийн эмээгийнд Г , О  хоёр хамт үлдсэн. Би гараад гэрлүүгээ шууд явах гэхэд ...М  салхинд гаръя гээд хамт явсан. Тэгээд ...шөнө 2 цаг өнгөрч байхад Г ийн эмээгийнд очсон юм. Тэнд Г , О  хоёр байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

гэрч Х.М ийн өгсөн: “...Манай найз Ц.Г  2018 оны 05 дугаар сард цэргээс халагдаад Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ирсэн. Ирээд удалгүй яг хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Нэг өдөр намайг дуудаад манай найз охин дээр хамт очоод ирье гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэр найз охин нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын З.О  буюу О  гэх охин байсан, ...сүүлд буюу 2018 оны 12 дугаар сард Г  найз охинтойгоо бэлгийн харьцаанд орсон талаараа хэлж байсан. Яг хэзээ хаана орсон гэдгээ бол хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

гэрч Д.О гийн өгсөн: “...Ц.Г , З.О  нар нь манай гэрт 2019 оны 3 дугаар сард 3 удаа хоносон. Хонохдоо тэр хоёр хамт унтдаг байсан. Шөнө бэлгийн харьцаандд орсон эсэх талаар би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-210/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 42 дугаартай:

1. Магадлуулагч Ц.Г  нь сэтгэцийн хувьд эрүүл,

 хэрэг үйлдэгдэх үед эрүүл байсан.

3. Ц.Г  нь сэтгэцийн хувьд эрүүл учир өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай.

4. Ц.Г  нь хэрэг хариуцах чадвартай,

5. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн:

1. Магадлуулагч З.О  нь сэтгэцийн хувьд эрүүл

2. Магадлуулагч З.О  нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэх үед эрүүл байсан.

3. Магадлуулагч З.О  нь сэтгэцийн хувьд эрүүл учир, өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай:

  1. З.О ийн шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй.
  2. З.О  нь бэлгийн бойжилт олсон байна.
  3. З.О ийн охин хальсанд хуучин сорви гэмтэл тогтоогдлоо.
  4. З.О ийн охин хальсаны сорвижилт нь хуучин учир цаг хугацааг

нарийн тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 46/,

З.О  нь 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн төрсний бүртгэлийн давлагаа /хх-94 тал/,

Цахим Фейсбүүк “З.О ”, “Gunchee Gunchee” гэх хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-205-206, 221 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Г  нь хохирогч З.О ийн зан төрх, биеийн хөгжил, биеэ авч яваа байдал болон цахим фейсбүүк хаягт 2003 онд төрсөн гэж бичигдсэнээр  түүнийг 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхэд гэдгийг мэдэх боломжгүйгээр төөрөгдөж, бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал нь хүчиндэх гэмт хэргийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэмт санаа, хор уршиг үгүйсгэгдэж байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг  мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Ц.Г ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг  мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч З.О , түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Н  нар нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол,  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ц.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй байгаа болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Г ийн цагдан хоригдсон нийт 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Т овогт Ц.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг  мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ийг 2100 /хоёр мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г ийн цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг түүний торгуулийн ялаас  хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г  нь торгуулийн ялын үлдэгдэл 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулийн ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт  шүүгдэгч Ц.Г  нь төлөх төлбөргүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД