Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 441

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.Цэрэндаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэрэндаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 оны 04-р сарын 07-ны өдөр Шар тал хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч дээрх ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа бөгөөд миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ шар тал хоршоололд ажилчнаар авч ажиллуулав гэж буруу бичсэн байна.

Мөн би тракторын жолоочоор ажиллахаасаа өмнө аав, ээжийнхээ хамт Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаа давхар тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд намайг Завхан аймгийн Нэгдэл дундын Шар тал хоршоололд 1980 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1985 оны 09-р сарын 07-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг, мөн би 1970 оноос эхлэн 1974 оны 06-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цэрэндаваа нь 1970 оноос 1974 оны 06-р сарын 20-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохоо, 1980 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1985 оны 09-р сарын 07-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Г.Цэрэндаваа 1970 оноос эхлэн аав, ээжийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Цэрэндаваа нь 1970 онд 14 настай байсан буюу насанд хүрээгүй учир түүнийг 16 наснаас эхлэн мал маллаж байснаар тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Цэрэндаваа нь 1972 оны 01-р сарын 01-нээс 1974 оны 06-р сарын 20-н хүртэл Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болох нь 1971 оны 03-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн А/895 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Г.Цэрэндаваа 1980 оны 04-р сарын 07-ны өдрөөс 1985 оны 09-р сарын 07-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь он, сар, өдөргүй 033254 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршооллын зөвлөлийн хурлын 1981 оны 02-р сарын 03-ны өдрийн 02 дугаартай шагнах тухай тогтоол, хавсралт болон 1976 оны 06-р сарын 11-ний өдрийн 68037 дугаартай тракторч машинчийн үнэмлэх, фото зургаар нотлогдож байна.

Г.Цэрэндавааг Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд болон Завхан аймгийн нэгдэл дундын шар тал хоршоололд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Даваажавын ... Г.Цэрэндаваа Шар тал хоршоолол байгуулагдаж байхад надтай хамт 1980 онд тус хоршоололд тракторын жолоочоор очиж байсан юм. Тэгээд ажиллаж байгаад 1984 онд краны курст явлаа гээд трактороо хүлээлгэж өгөөд явж байсан юм. Бид нар 1979 онд Батлан хамгаалах туслах нийгэмлэгт тракторийн курс хамт төгссөн юм. Анх хоршооллын даргаар Отгонбилэг гэж хүн байсан, дараа нь Балдорж гэж хүн байсан юм. ...зургаас харахад Даваажав, Лхагвасүрэн, Сүхбаатар, Төмөрхуяг Лайханжав зэрэг хүмүүс байна. Г.Цэрэндаваа урд эгнээний баруун гар талын захад сууж байна. Шар тал хоршооллын тракторын жолооч нар авахуулсан зураг байна. Хэдэн онд авахуулсаныг хэлж мэдэхгүй байна... гэсэн,

гэрч Ч.Базарсүрэнгийн ... Би 1970 онд 7-р анги төгсөөд хөдөө гараад Алдархаан сумын Аргалант бригадад ааж, ээжийнхээ хамт мал маллаж байсан юм. Тэгэхэд Гончигжав гуайнх манай бригадад мал маллаж байсан юм. Тэр үед бригад дотроо хэсэг гэж байлаа. Аргалант бригад 3-н хэсэгтэй байсан бөгөөд Гончигжав гуайнх манай хоёр нэг хэсэгт байсан юм. Зуны цагт нь саахалт зусдаг, Цэрэндаваа бид 2 багаасаа хонь хариулж өссөн юм. Би 1973 онд цэрэгт явсан. Цэрэгт явтлаа бид нар нэг дор мал маллаж байсан хүмүүс. Намайг 1970 онд сургуулиас гарахад Цэрэндаваа хөдөө мал маллаж байсан. Цэрэгт явахад малаа маллаж л байсан. Би Шар тал хоршоолд 1980 оны 05-р сард тракторын жолоочоор орсон юм. Цэрэндавааг тус хоршоололд яг хэдийд орсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан надаас өмнө хоршоололд трактор барьсан. Эхний 4 трактор ирж байхад нэгийг нь Цэрэндаваа барьж байсан. Тэгээд 1985-1986 оны орчим автын курст сууна гээд трактороо өгөөд хоршооллоос гарч байсан юм. Тухайн үеийн Аргалант бригадын дарга Дашдаваа гэж хүн байсан. Шар тал хоршооллын дарга Отгонбилэг, Янжав, Балддорж зэрэг хүмүүс байсан... гэсэн,

гэрч Т.Цогтбаатарын ... Бид нар анх 1979-1980 оны заагаар Завхан аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт тракторын курс хамт төгссөн юм. Тэгээд 1980 оны 02-р сараас Шар тал хоршоололд хуваарилагдсан юм. 1980 оны 06-р сараас трактор аваад жолоочоор ажиллаж эхэлсэн. Улмаар 1984 он хүртэл хамт ажилласан. Би 1984 оны 04-р сарын 01-нээс тус хоршооллоос гарсан юм. Намайг Отгон сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад 1985-1986 оны үед байх Цэрэндавааг краны курст суралцаж бйагаа гэж дуулдаж байсан. Тухайн үед Шар тал хоршооллын даргаар анх Отгонбилэг гэж хүн байсан. Дараа нь гавьяат усжуулагч Янжав, худаг усны дарга байсан Балдорж зэрэг хүмүүс байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г.Цэрэндавааг 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 1974 оны 06 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын Партизан Чойбалсан нэгдэлд малчин, 1980 оны 04 дүгээр сарын 07-ноос 1985 оны 09 дүгээр сарын 07-н хүртэл Завхан аймгийн нэгдэл дундын Шар тал хоршоололд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ