Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 87

 

2020       01         30                                2020/ШЦТ/87

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одаргалж,

Нарийн бичгийн дарга П.Т,

Улсын яллагч П.Э,

            Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1909018321252  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, *** сум * дугаар баг -** дугаар байр ** тоотод оршин суух, 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, тус шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Х овогт Г. Б /РД: ПБ89040575/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 19 дүгээр гудамжны 738 тоотод оршин суух хохирогч Б.П-н зэмшлийн хүн байнга амьдрах Монгол гэрт нэвтрэн орж 39 инчийн Самсунг маркийн 1 ширхэг ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 251000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажлаас тараад гэртээ ирсэн байсан чинь манай цэргийн он жав Б манай гэрт ирсэн юм. Тэгээд манай гэрт ирээд 0.5 литрийн архи хувааж уугаад хоносон. Маргааш өглөө нь ажилдаа явахдаа Б-ийг авч гараад бид хоёр ажилдаа явсан. Б 32-ын буудал дээр хоцорсон. Намайг ажил дээр байхад манай хүү Ган-Эрдэнэ надтай утсаар “сэрээд харсан чинь зурагт алга болчихсон байна” гэж ярьсан. ... Бийг гэрт орсон талаар мэдээгүй, гудамж руу буцаж орж байгааг дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр харсан. Б сүүлд зурагт авсан талаараа өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч И.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... Би нөхөртэйгөө ажлаа тарчихаад ирчихсэн байхад нөхрийн найз Б манайд ирж нөхөртэй хамт 0.5 литрийн архи уугаад хоносон. Маргааш өглөө нь ажилдаа явахдаа нөхөр бид хоёр Бтай цуг гарсан. Тэгээд Баас 32-ын барилгын материалын урд талаас салаад нөхөртэйгөө цуг ажил руугаа явсан. Б автобусны буудал руу явсан. Тэгээд ажил дээр байж байхад 10 цагийн үед манай хүү Ган-Эрдэнэ над руу залгаад зурагт алга болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Г-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сар өдрийг сайн санахгүй байна. Намайг гэрт байхад манай ээж Ө, ах  П нар ирсэн. Араас нь ахын найз манайд ирж байсан. Баагий ах ирсэн юм. Манай эмээ хөдөөнөөс ирээд энд ажиллаж байсан. Тэгээд ажлаасаа 22 цагийн үед ирээд унтсан. Намайг сэрээгүй унтаж байхад манай эмээ 10 цаг 30 минутын үед “зурагт байхгүй болчихсон байна” гэж сэрээсэн юм. Тэгээд ээж рүүгээ ярьж зурагт алга болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

 “Дамно” хөрөнгө үнэлгээний газраас “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 251000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх тайлан /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Б.П-ын гэрээс зурагт хулгай хийсэн. Би найзынхаа хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 19 дүгээр гудамжны 738 тоотод оршин суух хохирогч Б.П-ын эзэмшлийн хүн байнга амьдрах Монгол гэрт нэвтрэн орж 39 инчийн Самсунг маркийн нэг ширхэг ЛСД зурагтыг хулгайлан авч бусдад 251000 төгрөгийн  буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, гэрч нар хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.П-т учирсан хохирол болох 251000 төгрөгийн хохирлоос мөнгөн хэлбэрээр 200000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь мөрдөгчийн тэмдэглэлээр /хх-ийн 17 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Хохирогч Б.П нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. Иймд “Дамно” хөрөнгө үнэлгээний газраас үнэлсэн нийт 251.000 / хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөс хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 51.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.П-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Г.Б-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Г.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 90 /ер/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 51.000 /тавин нэг мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.П-т олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.О