| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01345/и |
| Дугаар | 1510 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1510
2016 оны 12 сарын 12 өдөр Дугаар 181/ШШ2016/01510 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, Ар зайсан, 95 байрны 502 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Б10-1 тоотод оршин суудаг гэх, Очир овогт Дүгэрсүрэнгийн Бат-Очир /РД:ЦБ72062978/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах, “Хас банк” ХХК /РД:2578697/-д холбогдох,
Цалин хөлсний үлдэгдэл 98,866,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч Т.Тайшир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Д.Бат-Очир нь Хас Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №R-2011-1 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №R-2014-23 тоот тогтоолоор албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ерөнхий захирлаар ажилласан.
Хас банк нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх журам”-ыг хэрэгжүүлдэг бөгөөд толгой компанийн тухайн жилийн тайлангийн цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр тухайн санд хуримтлуулан ажиллагсдад ногдох хувь хэмжээгээр хувьцаа эзэмшүүлэн мөнгөн хөрөнгөөр олгодог болно.
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд ажлын гүйцэтгэлийн урамшууллуудын нарийвчлан зохицуулан, талуудын харилцан тохиролцсоноор тус гэрээний 5/с/-д “Дээрх урамшууллаас гадна энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан зорилтууд шаардлага хангахуйц түвшинд биелүүлсэн тохиолдолд Гүйцэтгэх захирал нь жил бүр Толгой компанийн түвшинд /Түлхүүр ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр/ сангийн хувьцааны 10 хувийг шагнал болгож авна. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс шаардлага хангахуйц гүйцэтгэл үзүүлсэн гэж үнэлснээс хойш ажлын арав хоногийн дотор энэхүү хувьцааг банк эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна” хэмээн ажилчдад хувьцаа эзэмшүүлэх сангийн тухайн жилд хамаарах хэсгээс гүйцэтгэх захиралд оногдох хувьцааг хэрхэн хуваарилж, эзэмшүүлэх харилцааг тодорхой заасан байдаг.
Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны ажлын гүйцэтгэлийг Хас банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны R-2014-13 тоот тогтоолоор баталж, гүйцэтгэлийн урамшууллыг 100 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байдаг.
2016 онд Хас банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн №R-2016-09 тоот тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолоор 2013 оны ажлын гүйцэтгэл зэргийг үндэслэн ажиллагсдад мөнгөн хөрөнгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байсан.
Нэхэмжлэгч Д.Бат-Очирт нэг бүр нь 17,514 төгрөгийн үнэ бүхий нийт 14,114 ширхэг хувьцаа хуваарилагдсанаас 8,469 ширхэг /60 хувь/ хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгө 148,326,405 төгрөгөөс суутгал хийж 133,327,971 төгрөгийг Хас банкнаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс амьдралынхаа 17 жилийг чин сэтгэлээсээ зориулж, бодитой хувь нэмрээ оруулсан байгууллагынхаа нэр хүндийг ямагт эрхэмлэн ирсэн учир дээрх асуудлаар шийдвэр гаргахыг тэвчээртэй хүлээн Хас Банкны зохих шатны удирдлагуудад асуудлаа ойлгуулахыг хичээн өдийг хүрсэн боловч 100 хувиар авах ёстой гүйцэтгэлийн урамшууллыг хариуцагчаас 60 хувь олгож, үлдэх 40 хувийн урамшууллын мөнгөн хөрөнгө 98,866,756 төгрөгийг төлөхгүй болсныг сүүлд мэдсэн.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.”, 47 дугаар зүйлийн 47.1.-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.”, мөн хөдөлмөрийн гэрээний 5 /с/ заалт, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны R-2014-13 тоот тогтоол, 2016 оны №R-2016-09 тоот тогтоолын хэрэгжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.
Иймд хариуцагч Хас банкнаас 2013 оны ажлын гүйцэтгэлийн урамшууллын үлдэгдэл 98,866,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Очирт олгож хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагчаас гаргасан Тэнгэр санхүүгийн нэгдэлийн ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх журам нь Хас банкны журам биш, тэгээд ч хөдөлмөрийн гэрээний заалтаар илүү нарийвчлан зохицуулсан байдгаараа тухайн журам энэ маргаанд хамаарахгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Тайшир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хас банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хас банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд болон иргэн Д.Бат-Очир нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх захирлын цалин урамшуулал нь дараах хэсгээс бүрдэж байсан. Үүнд (i) үндсэн цалин; (ii) богино хугацааны урамшуулал буюу тухайн жилийн ажлын гүйцэтгэлээс хамаарсан мөнгөн урамшуулал; (iii) урт хугацааны урамшуулал буюу ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг юм.
Хас банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны R-2014-13 дугаар тогтоолоор Д.Бат-Очирын 2013 оны ажлын гүйцэтгэлийг 93 хувиар үнэлж, ажлын гүйцэтгэлийн урамшууллыг жилийн нийт цэвэр цалингийн 150 хувиар, ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх санд ногдох нийт хувьцааны 10 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг хуваарилах тухай тус тус тогтоосон байна.
Дээрх тогтоолыг үндэслэн 2014 оны 4 дүгээр сард ажлын гүйцэтгэлийн урамшуулал болох жилийн нийт цэвэр цалингийн 150 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Д.Бат-Очирт шилжүүлсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1-т “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно”, 50.3-т “Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно”, түүнчлэн 61.1-т “Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно” гэж тус тус заасан бөгөөд тус хуулинд ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой тодорхой зохицуулалт байхгүй.
Иймд урт хугацааны урамшуулал буюу ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх харилцааг Хувьцаа эзэмшигчдийн 2010 онд баталсан, тухайн үед мөрдөгдөж байсан “Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн дагуу зохицуулж байсан.
Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нь урт хугацааны урамшуулал гэдэг утгаараа ажилтанд хуваарилсан хувьцааны эзэмших эрх нь ажилласан жилээс хамааран нэмэгдэхээр зохицуулсан байдаг. Тухайлбал, хувьцаа хуваарилсны дараагийн жилээс эхлэн банкинд 1 жил ажилласан тохиолдолд тухайн хуваарилсан нийт хувьцааны 30 хувь, хоёр жил бол 60 хувь, харин хувьцаа хуваарилснаас хойш бүтэн 3 жил ажилласан нөхцөлд хуваарилсан хувьцааг 100 хувь эзэмших эрхтэй болох юм.
Хас банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны R-2016-09 тоот тогтоол, Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлын 2016 оны А-1 дугаар тушаалын дагуу 2013 оны ажлын гүйцэтгэлийг үндэслэн зарим ажилтнуудад хувьцаа хуваарилсан бөгөөд тухайн үед банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Бат-Очирт 14,114 ширхэг хувьцаа хуваарилсан болно.
Д.Бат-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах хүсэлтээ өгсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ба түүнд 2013 оны ажлын гүйцэтгэлд үндэслэн хувьцаа хуваарилснаас хойш 2 жил ажилласан гэж тооцон, нийт хуваарилсан хувьцааны 60 хувийг эзэмших эрх үүссэнийг хүлээн зөвшөөрч, 8,469 ширхэг хувьцаанд ноогдох төлбөрийг шилжүүлсэн байна.
Д.Бат-Очир нь 2016 онд Хас банкинд албан ёсоор ажил, албан тушаал эрхлээгүй бөгөөд 2013 оны ажлын гүйцэтгэлд үндэслэн хуваарилсан 14,114 хувьцааны үлдэгдэл 40 хувийг эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байгаа тул түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн Хас банкинд холбогдуулан гаргасан 98,866,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Очир нь хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдуулан цалин хөлсний үлдэгдэл 98,866,756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Хариуцагч “Хас банк” ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаар талууд тайлбарласан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.Бат-Очир нь “Хас банк” ХХК-д 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан ба түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд “Хас банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн R-2014-13 тоот тогтоол гарч, түүний 2013 оны ажлын гүйцэтгэлийг 93 хувиар үнэлснийг үндэслэн ажлын гүйцэтгэлийн урамшууллыг 100 хувиар тооцож олгох, 2014 оны үндсэн цэвэр цалингийн хэмжээг сар бүр 15,000 ам.доллартай тэнцэхүйц монгол төгрөгөөр, ажлын гүйцэтгэлийн урамшууллыг жилийн үндсэн цэвэр цалингийн 150 хувь хүртэл, Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх санд ногдох хувьцааны 10 хүртэл хувийг эзэмшүүлэхээр тус тус тогтоожээ.
Зохигчид дээрх тогтоолд заасан үндсэн цалин болон ажлын гүйцэтгэлийн урамшууллыг зохих хувиар авсан байдалд маргаагүй, харин ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх сангийн хөрөнгийн 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг олгох үндэслэлтэй эсэхэд маргасан.
“Хас банк” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны R-2014-13 тоот тогтоолын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр R-2016-09 тоот ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх санд хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор Толгой компанийн 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн цэвэр ашгийн 8 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгийг Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн санд хуваарилж, энд заасан мөнгөн хөрөнгөөс хувьцаанд суурилсан төлбөр хуваарилах түлхүүр ажиллагсдыг тодорхойлон, тэдгээрийн 2013 оны ажлын гүйцэтгэл болон 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцааны үнийг үндэслэн хуваарилахыг гүйцэтгэх захиралд даалгажээ.
Үүний дагуу “Хас банк” ХХК-аас Д.Бат-Очирт эзэмшүүлэхээр тогтоосон хувьцаанд суурилсан төлбөрийг бэлэн мөнгөөр олгохдоо Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх сангийн 10 хувь буюу 14,114 ширхэг хувьцааны 60 хувьтай тэнцэх 8,469 ширхэг хувьцаа /1 бүр нь 17,514.04 төгрөг/-ны үнэ 148,326,412 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгож, үлдэх 5,645 ширхэг хувьцааг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны R-2014-13 тогтоол болон ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5/с/-д заасныг үндэслэн хариуцагчаас үлдэгдэл 5,645 ширхэг хувьцааны үнэ 98,866,756 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Тэнгэр санхүүгийн нэгдлийн ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх журмын 6.2-т “...Хувьцааг хуваарилснаас хойш 1 жил өнгөрвөл 30 хувийн хувьцааг эзэмших, хувьцааг хуваарилснаас хойш 2 жил өнгөрвөл 60 хувийн хувьцааг эзэмших, хувьцааг хуваарилснаас хойш 3 жил өнгөрвөл 100 хувийн хувьцааг эзэмших эрхтэй” гэж заасныг үндэслэн 3 жил ажиллаагүй учир 100 хувийг эзэмших эрх нээгдээгүй гэх үндэслэлээр татгалзсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 21 дүгээр зүйлийн 21.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн нөхцлүүдийг тохирсон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдсэн цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан мөнгөн хэлбэрээр олгох үүргийг хүлээдэг бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс энэхүү тохиролцоо хүчин төгөлдөр болдог байна.
Зохигчдын хооронд 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн сунгалтаар 2014 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгажээ.
Хөдөлмөрийн гэрээний 5-д зохигчид гүйцэтгэх захиралд ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллуудыг олгохоор тохиролцсоны дотор С хэсэгт “...банкны үйл ажиллагааны төлөвлөгөө зорилтуудыг шаардлага хангахуйц түвшинд биелүүлсэн тохиолдолд гүйцэтгэх захирал нь жил бүр ТАХЭТ сангийн хувьцааны 10 хувийг шагнал болгож авна...” гэж заасан байх ба гэрээний энэ зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал ажлын гүйцэтгэлийг шаардлага хангахуйц түвшинд биелүүлсэн л бол гүйцэтгэх захирал нь ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх сангийн хувьцааны 10 хувийг шууд авах эрх нь нээгдэхээр ойлгогдож байна.
Нэхэмжлэгч Д.Бат-Очирын хувьд банкны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтуудыг шаардлага хангасан түвшинд биелүүлсэн болох нь “Хас банк” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны R-2014-13 тоот тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хариуцагчаас Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх сангийн 10 хувь буюу 14,114 ширхэг хувьцаанд суурилсан төлбөрийг 100 хувиар тооцож, мөнгөөр олгохыг шаардах эрхтэй гэж үзнэ.
Хэдийгээр Тэнгэр Санхүүгийн Нэгдэлийн Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх журмын 6.2-т хувьцаа хуваарилснаас хойш 3 жил ажилласан бол хувьцааг 100 хувь эзэмших эрх үүсэхээр зохицуулсан боловч хөдөлмөрийн гэрээнд ажилласан жилээс хамааран эзэмших хувь өөрчлөгдөх тухай тохиролцоо тусгагдаагүй тул энэхүү журам нь ажил олгогч, ажилтан нарын гэрээгээр тохирсон тохиролцоог өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг талууд буюу ажилтан, ажил олгогч нар өөрсдөө тодорхойлдог бөгөөд өөрчлөх боломж нь ч мөн тэдэнд бий.
Энэ үүднээсээ Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх журмыг үндэслэсэн хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч “Хас банк” ХХК-аас Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх сангийн 10 хувь буюу 14,114 ширхэг хувьцааны 40 хувьтай тэнцэх 5,645 ширхэг хувьцаа /1 бүр 17,514.04 төгрөг/-ны үнэ 98,866,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Очирт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Хас банк” ХХК-аас 98,866,756 төгрөгийг гаргуулж Д.Бат-Очирт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,300 төгрөгөөс 652,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 16 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас, хариуцагчаас 652,284 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА