| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0001/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 03
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга С.Гончигбал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Б.Д т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005560261 дугаартай, 163/2019/0001/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, М овгийн Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ... “...” гэх газраас хус мод 1.6 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай Киа бонго загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
19150055660261 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч С.Х ын өгсөн: “...нойтон ургаа хус модонд зөвшөөрлийн бичиг олгохгүй. Харин хугарч унасан, налсан хус модонд ойн цэвэрлэгээний ажлаар зөвшөөрлийн бичиг олгоно. Одоогоос 5 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эргүүл шалгалт хийсэн. Байгаль экологид учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Н.Б ы өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт эргүүл шалгалтад гарч байсан. Тэгээд **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нойтон хус мод аччихсан Бугат модны захын хажуу талын засмал замаар явж байхад зогсоож шалгаад Б.Д гэдэг хүн ямар нэг зөвшөөрлийн бичиггүй явж байсан. Портерийн тал ачаагаар ачсан байсан. “Бухын даваа” гэх газраас бэлтгэсэн тухай ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч ын өгсөн: “...намайг хамт яваад өгөөч гэхээр нь би дагаад явсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан гэж бодож байсан юм. Ууланд очоод модыг Д хөрөөдөж унагаасан. Надтай хамтарч машинд ачсан. Хус төрлийн мод байсан. Бонго маркийн тээврийн хэрэгслийн тэвшнээс дээш 1 үе ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Яллагдагчаар Б.Д мэдүүлэгтээ: “...ээждээ мод бэлтгэж өгөх санаатай өөрийн хүргэн Ч ахыг аваад өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай Бонго жи 2 маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Сэлэнгэ сумын “...” гэх газар луу явж хус төрлийн 2 босоо мод унгааж, 4 ширхэг унианга модыг ачихад тааруулж хөрөөдөж ачсан. Тэгээд тухайн уулнаас 16 цагийн орчимд буусан. Тэгээд Орхон аймгийн төв Шанд баг руу явсан. Тэгээд Шанд багт модоо ачаад явж байхад цагдаа зогсоон шалгасан. Тэгээд би мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй талаар тухайн цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 13-15 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн ... “...” гэх газраас хус мод 1.6 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 127680 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 382040 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Д ын гэмт хэрэг үйлдэж олсон 1.6 м3 52 ширхэг хус мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУА улсын дугаартай, цагаан өнгийн KIA BONGO G2 маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Б.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овгийн Б.Д ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д ын гэмт хэрэг үйлдэж олсон 1.6 м3 52 ширхэг хус мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУА улсын дугаартай, цагаан өнгийн KIA BONGO G2 маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН