Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 38

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д  нарыг оролцуулан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Х” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, Төв аймгийн Архуст сумын нутаг дахь Б нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасныг танай газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн NE-027140/XA-****** / дугаарт бүртгэн авсан атлаа Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 31-ний 7/5269 дүгээр албан бичгээр танай байгууллагын өргөдлийн талбайг бүхэлд нь Төв аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн. 

Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл бол уг талбай нь Төв аймгийн Засаг дарга Д.Б нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155 дугаар саналын хуудаст худаг уст цэг давхардсан үндэслэлээр “дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг. 

Гэтэл Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06б/498 дугаар албан бичигт Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрт орших ХА-****** -001-NE дугаар бүхий өргөдлийн талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, Улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй байна гэсэн.

Өргөдөл хүлээн авахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай мөн гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж манай компаниас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гаргасны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчхээд дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь ойлгомжгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтын улмаас иргэн, хуулийн этгээд хохирч үлдэх ёсгүй юм.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол тус талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа эсэхийг хэн шалгах ёстой гэхээр зохион байгуулж буй захиргааны байгууллага өөрөө нарийн шалгаж тогтоох ёстой бөгөөд үүнийг нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар "Журам батлах тухай /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын” журмын 3 дугаар зүйлийн 3.1 Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялган багцалж нийтэд зарлана, 3.2-т Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана, З.З. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 3.4. 3асаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө, З.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэж тус тус зохицуулан журамласан байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа тавьсан шаардлага, журмын дагуу гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь өөрийн буруутай үйлдлээ бусдад нялзаасан хууль бус шийдвэр болсон байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Х Д” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар татгалзсан шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “Х Д” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

“Х Д” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-0271.. дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Архуст сумын нутгийн Б” нэртэй 10129.75 га талбайд ашигт малтмалын хайгуулын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9545 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төв аймгийн Архуст сумын нутгийн “Б” нэртэй 10129.75 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч гаргасан NЕ-0271.. дугаартай өргөдөлд Төв аймгийн Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/12 тоот албан бичгийн хавсралтаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дээрх саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Х Д” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

“Х” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-0271.. дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Архуст сумын нутгийн Б хэмээх нэртэй газарт 10129.75 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, тухайн  талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн  хуульд  заасны  дагуу  Төв  аймгийн  Засаг  даргаас  санал авахаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9545 тоот албан бичгээр мэдэгдэл  хүргүүлжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “... Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ...” гэж заасны дагуу Төв аймгийн Архуст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 69 дүгээр тогтоол , Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр хуралдааны тэмдэглэл  зэргийг үндэслэн Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155 дугаар  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-д  “дэмжихгүй” гэх саналыг ирүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байна. 

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохоос гадна хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй харин нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын дэмжихгүй саналыг хуульд заасан үндэслэлээр гаргаагүй гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналд гомдол гаргаж байгаагүй, ...  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө хийсэн сонсгох ажиллагаа явуулахад аймгийн Засаг даргын саналыг  мэдсэн... тухайн үедээ мэдсэн бол гомдол гаргах байсан...” гэх тайлбарыг хийсэн тул Төв аймгийн Засаг даргын дэмжихгүй саналтай холбогдуулж гомдол гаргах эсэх, нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ эсэх талаар шүүгч тодруулахад “...нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, зөвхөн хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэртэй маргаж байгаа...” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хийсэн учраас шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.       

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хариуцагч эцэслэн шийдвэрлэх эрхтэй боловч ийнхүү шийдвэрлэхэд шаардагдах урьтал нөхцөл нь Засаг даргын санал байдаг бөгөөд Засаг даргын татгалзсан санал нь хуульд заасан үндэслэлтэй эсэхийг хариуцагч байгууллага шалгах үүрэгтэй ба нэхэмжлэгч Засаг даргын зөвшөөрөөгүй санал болох захиргааны акттай холбогдуулан захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй. Засаг даргын татгалзсан санал болох захиргааны актанд өргөдөл гаргагч “Х” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д  зааснаар  мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны байгууллагад гаргах эрхтэй. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын татгалзсан саналд хуулийн хугацаанд гомдол гаргасан, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрснийг тогтоосон, хугацааг сэргээхтэй холбогдсон хүсэлт/гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргасан нь тогтоогдохгүй байна.      

Шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн, бодит байдалд хэрэгжих боломжтой байх зарчмын үүднээс шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг орон нутгаас шаардахад. Төв аймгийн Архуст сумын Б нэртэй 10129.76 га талбайд цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Х” ХХК өргөдөл гаргахаас өмнө бусад иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгосон өвөлжөө, хаваржаа, тариалангийн газар давхцаж байгаагаас гадна Өндрийн худаг, Давст нуур хамрагдаж байгаа нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нотлох баримтаар  нотлогдож байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 155 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын дэмжихгүй байгаагийн хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1. “Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”, 52 дугаар зүйлийн 52.2 “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хувиарлаж нийтээр ашиглана, ...малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.”, 52.7. ”Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно”, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана.” гэх заалтыг тус тус  заасан нь  холбогдох хууль тогтоомжид нийцсэн, “Х” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг  зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн “... Засаг даргын дэмжихгүй санал нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу дээрх Засаг даргын дэмжихгүй саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10.30 цагт сонсох ажиллагааг  явуулж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Х Д” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Мөн “Х” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1702/2101 тоот  албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст “...өргөдөлтэй  холбоотой ямар нэгэн мэдээлэл танай кадастрын хэлтсээс албан ёсоор манай байгууллагад одоог хүртэл ирээгүй байгаа тул хуулийн хүрээнд шийдэж ... тусгай зөвшөөрлийг ... олгож өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсны дараа хариуцагчид гаргасан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм.    

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өмнө мөрдөгдөж байсан “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-г зохицуулсан 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болсон тул манай компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэх тайлбарыг хийсэн боловч  материаллаг хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын үндсэн дээр маргаан бүхий хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэр гарах  тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хангагдах нөхцөл нь захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН