Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210

 

Г.Ундралын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00956 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Г.Ундралын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох

56 767 015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ундрал нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Сандэй" ХХК-тай №11/1108 тоот "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Peace Tower" оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын №1528 тоот 19.44 м.кв талбайг иж бүрэн, чанартай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь нийт 68.040 ам.долларыг гэрээнд заасан графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэрээний тохиролцооны дагуу захиалагч нь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19.500 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 48.540 ам.доллар нийт 68.040 ам.долларыг гүйцэд төлж барагдуулсан. Улмаар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээний талууд харилцан үүргээ гүйцэтгэсэн тухай “Гэрээ дүгнэсэн акт" байгуулсан. Тус актаар гүйцэтгэгч тал нь "Peace Tower" оффис худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарын №528 тоот 19.44 м.кв оффис, худалдаа үйлчилгээний талбайг гэрээний дагуу иж бүрэн барьж өмчлөгчид хүлээлгэн өгсөн талаар дурджээ. Гэтэл бодит байдал дээр захиалгаар худалдаж авсан талбай 11.95 м.кв буюу гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7.49 м.кв хэмжээгээр дутуу байгаа нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн "Уран үзэг" хэмжилтийн компанийн дүгнэлтээр нотлогдсон. Энэ талаар гэрээний гүйцэтгэгч тал болох "Сандэй" ХХК-иас тодруулахад 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/1108 гэрээгээр нийт талбайд нийтийн эзэмшлийн талбай хамаарч байгаа гэсэн хариуг өгсөн. Иймд өөрт учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.

Талуудын хооронд байгуулагдсан "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-ний тохиролцооноос үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д тус тус зааснаас үзвэл гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд тухайн 19.44 м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Захиалагч нь нийтийн эзэмшлийн талбайг ашигтай талбай гэж үзэн бусдын өмчлөлд шилжүүлэх боломжгүй бөгөөд өмчлөгч Г.Ундрал нь тухайн талбайг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан "...өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах..." эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Мөн "Сандэй" ХХК нь захиалагчийн өмчлөлд бодит байдалд 11.95 м.кв талбайг шилжүүлсэн нь Иргэний хуулийи 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасны дагуу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байна. Түүнчлэн захиалсан оффис, худалдаа үйлчилгээний талбай ашиглалтад орсноос хойш 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ашиглалтын зардалд нэг м.кв-ын 3900 төгрөг нийт 19.44 м.кв-д cap бүр 75 820 төгрөг төлдөг. Ашиглалтын зардалд м.кв-ын зөрүүд 350 500 төгрөгийг илүү төлсөн. Иймд гүйцэтгэгч "Сандэй" ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс 7.49 м.кв дутуу талбайг захиалагч Г.Ундральн өмчлөлд шилжүүлж түүнд хохирол учруулсан байх тул илүү төлсөн худалдаа үйлчилгээний зориулалтын 7.49 м.кв талбайн зөрүү /1 м.кв 3500 ам.доллар/ буюу 56 416 515 төгрөг, ашиглалтын зардалд илүү төлсөн 350 500 төгрөг нийт 56 767 015 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Peace Tower" оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 528 тоот талбайг Г.Ундралын өмчлөлд шилжүүлээгүй тул холбогдох баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Сандэй" ХХК нь Г.Ундралтай гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 68 040 ам.доллар төлсөн байдаг. Дээрх гэрээний 1.1-т зааснаар 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэсэн актаар Г.Ундрал нь гэрээний дагуу худалдаж авсан 19.44 м.кв талбайг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус талбайг "Уран үзэг" ХХК-иар хэмжилт хийлгээд талбай дутуу байсны улмаас Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар Г.Ундрал нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр талбайн зөрүүг мэдсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан байна. Мөн "Уран үзэг" ХХК-иар хэмжилт хийлгэсэн дүгнэлт зураг байдаг боловч ямар стандарт нөхцлөөр хэмжилт хийсэн тухай огт дурдаагүй. Мөн үйлчилгээний зориулалт бүхий олон нийтийн барилгын талбай доторх барилга болон олон нийт иргэний барилга НБД3103 олон нийтийн барилгын дүрмийн заавал мөрдөх 4 дэх хавсралтын дагуу хэмжилт хийх ёстой байтал дүгнэлтдээ огт дурдаагүй. Тухайн хавсралтын 2 дахь хэсэг, 4.3 дахь хэсэгт тус тус заасныг огт баримтлалгүй хэмжилт хийсэн. Иймд хэмжилтийн байдлыг хангах тухай хуулийн 2.4-т хэмжих хэрэгслийн багаж баталгаажих ажиллагаа, мөн 5.2-т... заасан байтал тухайн талбайн хэмжээг хийсэн багажны талаар ямар зөвшөөрөлтэй, ямар стандарт шаардлагад нийцсэн талаар тодорхойгүй, лаазан метр, туузан метртэй холбоотой ямар нэгэн баримт байдаггүй. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Х384 тоот тушаалын хавсралтаар улсын баталгаажилтад заавал хамруулах хэмжих хэрэгслийн 3 дахь хэсэгт сууцны талбайг хэмжих багаж хэрэгсэлд .... 1 цаг 30 минут байна гэж заасан байтал хэмжилт хийсэн гэх компани нь энэ талаар огт дурдаагүй, дүгнэлтдээ тусгаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн гэрээгээр байгуулагдсан обьектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухайд хэрэгт авагдсан "Сандэй" ХХК-ийн 2 удаагийн албан бичгээр хариу өгсөн учраас уг албан бичгийн дагуу гэрээгээ аваад үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээгээ авах боломж нээлттэй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний  хуулийн  243  дугаар  зүйлийн  243.1,  254  дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Сандэй" ХХК-д холбогдуулан илүү төлсөн 7.49 м.кв төлбөр 56 416 515, ашиглалтын зардалд илүү төлсөн 350 500 төгрөг нийт 56 767 015 төгрөг, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "Peace Tower" оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 давхрын 528 тоот талбайг Г.Ундралын өмчлөлд шилжүүлээгүй тул холбогдох баримтуудыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Ундралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Талуудын хооронд байгуулсан гэрээний төрлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан тухайд: Нэхэмжлэгч Г.Ундрал нь хариуцагч "Сандэй" ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан. Анхан шатны шүүх гэрээг дүгнэхдээ "...гэрээний агуулга, гэрээний зүйл эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон төлбөр төлсөн байдлуудаас харахад энэхүү гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Шүүхийн гэрээний төрлийг тодорхойлсон дүгнэлт нь хэт ерөнхий бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг яагаад худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэнээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг "Ажил гүйцэтгэх гэрээ" гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлон маргаж байгаа байдалд няцаалт, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг дараах үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан "Ажил гүйцэтгэх гэрээ" гэж үзэж байна. Үүнд.

а/ Ажил гүйцэтгэх гэрээг ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгчийн ажлын хөлсийг ажлын үр дүн бий болохоос өмнө урьдчилан төлснөөр уг гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь: худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэгээрээ ажил гүйцэтгэх гэрээнээс ялгагддаг. Гэтэл гэрээг байгуулснаар худалдах-худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болох өмч шилжих боломжгүй, өмч бий болоогүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарсангүй.

б/ "Сандэй" ХХК нь худалдаа үйлчилгээний барилгыг барих захиалгыг 2011 оны 11 дүгээр сард авсан бөгөөд тухайн үед уг барилга огт баригдаагүй, барилга дахь талбайг өмчлөх бодит нөхцөл бүрдээгүй байсан. Уг барилгыг 2014 онд барилгын улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулах зөвшөөрөл өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, захиалагч Г.Ундрал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон үйлчилгээний талбай захиалж, үүний хөлсийг төлж, гүйцэтгэгч "Сандэй" ХХК нь уг ажлыг иж бүрэн, чанар сайтай барьж ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсоноос үзэхэд талуудын хооронд "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний харилцаа үүссэн байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан "Худалдах-худалдан авах гэрээ" гэж дүгнэж, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх доголдолтой холбоотой баримтыг үнэлсэн тухайд: Шүүх үндэслэх хэсэгтээ "...528 тоот талбайг өмчлөлдөө шилжүүлэн авах тухайн үед худалдан авагч нь доголдыг мэдээгүй гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна" гэжээ.

Хариуцагч "Сандэй" ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр "Ажил хүлээлцэх акт" үйлдэн 528 тоот, 19.44 м.кв талбайг хүлээлгэн өгсөн. Тухайн үед хариуцагчийн хүлээлгэн өгсөн актанд дурдсанаар 19.44 м.кв талбайг хүлээн авч байна гэж ойлгон, гарын үсэг зурж хүлээн авсан ба хэмжээний хувьд доголдолтой гэдгийг мэдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл акт хүлээлцэхдээ талбайг хэмжиж хүлээлцэхээр талууд гэрээгээр тохиролцоогүй, мөн хуулиар хэмжиж авахыг захиалагчид үүрэг бий болгоогүйг шүүх анхаарч үзээгүй. Улмаар Г.Ундрал нь 2014 оны 10 дугаар сараас тухайн худалдааны талбайдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд талбай нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу санагдсан учраас хэмжилт хийлгэхээр "Уран үзэг" ХХК-д хандан хэмжилт хийлгэсэн. Улмаар 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр "Уран үзэг" ХХК-ийн хэмжилтийн дүгнэлт гарахад гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 7.49 м.кв талбай дутуу, доголдолтой гэдгийг мэдсэн. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлан мөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр хэмжилт хийлгүүлсэн холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүхээс хэмжилтийн компани ямар аргачлал баримталсан нь тодорхойгүй байгаа тул доголдлыг мэдээгүй гэж үзэх үндэслэл тоггоогдоогүй гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт "...Барилга, байшингийн доголдол дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно" заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Ундрал нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан 56 767 015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч  Г.Ундрал  нь  худалдаа  үйлчилгээний  7.49 м.кв  талбайн зөрүү  буюу 56 416 515 төгрөг, ашиглалтын зардалд илүү төлсөн 350 500 төгрөг нийт 56 767 015 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюунаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Peace Tower” офисс, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 528 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг албадан гаргуулах хүсэлт /хх-33 тал/ гаргаснаас гадна уг талбайг нэхэмжлэгч Г.Ундралын өмчлөлд шилжүүлэхийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь /хх-36-37 тал/ өмчлөгчөөр тогтоолгох буюу өмчлөлийн зүйлийг гаргуулан авах агуулгатай байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй байхад маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00956 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюунаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА