Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0261

 

Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “ ...Нэг хэрэг дээр шүүх хоёроор шийдвэр гаргах ёсгүй. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дүгээр тогтоол, хэрэгт авагдсан баримтуудад Д.Ц, Ц., Ц.Б, С.Лх бидний Тахилтын 6-108, 6-129, 6-109, 6-128 тоотод байрлах газар, кадастрын зургууд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 1/244 дүгээр албан бичгийн 3 дугаар хавсралт зургаас үзвэл нэхэмжлэгч Ц.Б-ын хүсэлт гаргасан газар нь ямар нэгэн давхцалгүй байгаа учир эцэслэн шийдвэрлэхийн тулд нотариатаар баталгаажуулж Д.Ц, Ц.Б-ийн бүх гэрчилгээг анхан шатны шүүхэд өгсөн.

Харин С.Энхбат, С.Т нараас ямар материал, тамга, тэмдэггүй гэрчилгээ, 2020, 3030 гэсэн тоо тавигдсан. Одоо л цаг хугацааны эрхээр илэрлээ. Цаг сайхан болж улсын хэмжээнд газрын шинэчлэлийн ерөнхий хороо байгуулагдаж газрын мэдээллийн санд Ц.Б, Д.Ц нарын газрууд гэрчилгээ, кадастр тодорхой, Ц.Б, С.Л хоёрын газар хоосон харагдаж байгаа. Гэрчилгээнүүд 2008-2015 онуудын бүх сансрын зургуудыг кадастрын байгууллагаар хийлгэж, дроноор авсан агаарын зургууд хэргийн материалд бүрэн авагдсан.

Үүнээс илүү нотлох баримт хаа ч байхгүй билээ. Шүүгчид 4 шаардлага тавьсан нэгийг ч хангаж өгөөгүй.

Хурлын уур амьсгал ёс зүйгүй Ц.О шүүгч гарч ороод даргалагч Д.Х шүүгч утсаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч н.А-ийн яриагаар шийдвэр гаргаж байна. н.А хуралд оролцоогүй.

Албан тушаалаа ашигласан төрийн албан хаагч нарт хуулийн хариуцлага тооцож худлаа мэдээлэгчид ямар арга хэмжээг авч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад мэдэгдсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамж нь 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан байдаг. Гэтэл С.Э, С.Т нар нь 2008 оны 06 дугаар сарын 11, 12-ны өдөр гаргасан. Эрх шилжүүлэх гэрээ нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байхад 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжид нөхөж оруулсан.

2004 онд С.Т, А.Б нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу огт газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тус дүүргийн Газрын алба нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан хүсэлтийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй. Кадастрын зураг, тойм зураг үйлдээгүй, иргэн өөрөө хүсэлт гаргаагүй байхад эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж олгосон хууль бус захиргааны акт байна.

Мөн захирамжид ямар үндэслэлээр хаягийг өөрчил, хүсэлт гаргасан газар өөр байхад засварлаж, өөрчилсөн. Гуравдагч этгээдүүдэд мэргэжлийн эрх байгууллагаар кадастраа үйлдүүлж баталгаажуулаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2020, 3030 нэгж талбар бүхий кадастр олгосон нь тодорхойгүй байдаг.

Нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн дүгнэлт гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын “...Тахилт 6 дугаар гудамжинд 77, 93 гэсэн тоот хаяг байхгүй ... талаар баталсан 188 дугаар албан бичгээр нотлогдож байна. Түүнчлэн Тахилт Сэтгүүлчдийн 3-5, 3-11 тоот хаяг нь Тахилтын 6-77, 6-93 тоот болон өөрчлөгдсөн тухай ямар ч тодорхойлолт бичгийн баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн гуравдагч этгээдүүдийн хүсэлт, 218 дугаар захирамжийг өөрийг нь нотлох баримтаар үнэлж хаягт өөрчлөгдсөн гэж үзэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Түүнчлэн шүүх газрын хаягаар бус кадастраар тогтооно гэж байгаа боловч 218 дугаар захирамжид дурдсан нэгж талбарын 3030, 2020 дугаар бүхий кадастр нь хэрхэн баталгаажиж тус захирамжид орсон нь тодорхойгүй.

Давж заалдах шатны шүүхийн даалгаврыг биелүүлээгүй, шаардлагатай баримтыг цуглуулаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй.

Хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, зарим нэхэмжлэгчийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл, дүгнэлт гаргаагүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад фактад хууль зүйн дүгнэлт хийсэн, хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн.

Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг нягталж үзэлгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн гол асуудал болох захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж талаар дүгнэлт өгөөгүй байна. Үүнд хууль зүйн дүгнэлт өгч, зөрчигдсөн эрхийг сэргээж хууль ёсоор газар эзэмших хүсэлт гаргасныг захиргааны байгууллагад шийдвэрлэхийг даалгахыг хүссэн шаардлагад мөн хууль зүйн дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Гуравдагч этгээдүүд нь газар эзэмших эрхийг хууль бусаар авсан, газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь хүчингүй болсноор газар эзэмших эрх үүсээгүй болох нь тогтоогдож, нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг хангалттай цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг бүрэн гүйцэд биелүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн А.Б, С.Т нарт олгосон 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

218 дугаар захирамжийн дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

С.Энэбиш, С.Т нарт нэгж талбарын 18626312393034, 18626312372020 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах,

Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаарыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

18626312393034, 18626312372020 нэгж талбарын дугаарыг газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...87 дугаар захирамжаар А.Б, С.Т нарын эзэмших эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, өмнө газар эзэмших эрх үүсэж байгаагүй, газар эзэмших гэрчилгээ байхгүй байхад “нөхөн олгох” тэмдэг дарж, гэрчилгээ олгосон” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч нараас хашаалж, эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын газартай давхцаагүй, улмаар давхацсан гэх маргаан бүхий газрын эзэмших эрх гуравдагч этгээд С.Э, С.Т нарт хуулийн дагуу үүсээгүй хэмээн маргаж буй дээрх тохиолдолд шүүхээс эхний ээлжинд гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлж, гэрчилгээ олгосон газар нь нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газар мөн эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, түүний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87, 2008 оны 218 дугаар захирамжуудтай маргаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авсан атлаа “...Газрын тухай хуулиар иргэдэд олгогдож буй субьектив эрх нь газар эзэмших хүсэлт гаргаснаар түүнд үүсэх тул тухайн харилцаанд оролцсоноос өмнөх хугацааны бусад этгээдэд эрх олгосон шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлтэй маргах эрх хязгаарлагдана...” гэж маргах эрхгүй мэтээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэж буй тохиолдолд актуудын хууль зүйн үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн С.Т-д 04/75480 дугаар гэрчилгээгээр олгосон Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-11, А.Б-д 04/75479 дугаар гэрчилгээгээр олгосон Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Тахилт сэтгүүлчдийн гудамж 3-5 тоот хаяг бүхий газар нь маргаан бүхий 22 дугаар хороо, Тахилтын гудамж, 6-109, 6-128 тоот хаягтай газар мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдохгүй, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 1, 6, 7, 9 дүгээр хороодыг хувааж, 22, 23, 24, 25 гэсэн дугаар олгож, гудамжны нэрийг өөрчилснөөс биш хаягжилтын талаар дурдаагүй, 218 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдэд 22 дугаар хороо, Тахилт, 6-77, 6-93 тоот хаягтай газрыг эзэмшүүлж, улмаар гэрчилгээ олгосон, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын “...Тахилт 6 дугаар гудамжны 77, 93 гэсэн тоот огт байхгүй болно” гэсэн албан бичиг хэрэгт авагдсан зэргээс үзэхэд хаягжилтын асуудал маргаантай, уг нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан газар мөн эсэх нь эргэлзээтэй, хаяг нь зөрүүтэй, кадастрын мэдээллийн санд анх нэгж талбарын 18626312372020, 18626312393030 дугаар бүхий газар нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн зэргээс үзэхэд маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн уг захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар магадлалаар нотлох баримтыг дутуу цуглуулсан гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан:

1. С.Т, А.Б нар нь тухайн газрыг эзэмшил ашиглалтдаа байлгаж, газрын тооллогод хамрагдсан эсэх, гэрчилгээнд заасан “Тахилт сэтгүүлчдийн гудамж, 3-11, 3-5” тоот хаяг нь нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүссэн газар нь мөн эсэх талаар баримт цуглуулах,

2. Гуравдагч этгээд С.Т, С.Э нарын эзэмшсэн газрын хаяг зөрүүтэй байдлыг тодруулах,

3. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа газарт хэзээнээс иргэд суурьшиж эхэлсэн, “нөхөн олгов” гэсэн гэрчилгээг олгохдоо ямар хүсэлтийг үндэслэж, байршил хаягийг хэрхэн бичиж олгосон, дугаар олгосон бүртгэл, мөн гэрчилгээнд заасан 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш 2008 он хүртэл С.Т, А.Б нарын газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр гарч, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх,

4. Нэгж талбарын 18626312372020, 8626312393030 дугаар бүртгэл мэдээллийн санд хэний шийдвэрээр орсон зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчжээ.

Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд албан бичиг хүргүүлсэн байх боловч өмнө хэрэгт авагдсан баримтууд давхардаж ирсэн, шаардлагатай баримтууд ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Мөн шүүхээс “... газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эзэмшихийг хүссэн, эзэмшүүлсэн газрын байршил нь нэгж талбар бүхий кадастрын зургаар тодорхойлогдохоор байна” гэсэн дүгнэлт хийснийг буруутгахгүй боловч маргаан бүхий нэгж талбарын 18626312372020, 18626312393030 дугаар бүхий газар нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр 2008 онд газрын мэдээллийн санд бүртгэгдсэн гэх, одоог хүртэл нэгж талбарын 18626312372020 дугаар бүхий газар нь өмчлөгч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн байгаа талаарх баримтыг анхаарах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН