Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00202

 

Б.Б, С.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаар магадлалтай

Б.Б, С.Б нарын нэхэмжлэлтэй,

Ц.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21.564.156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 сарын 11-ны өдөр байр худалдан авах зорилгоор Хас банкнаас зээл авсан. Талууд харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 5-р хороо, хаппи тоун хотхоны 73-р байр, 53 тоот байрыг урьдчилгаа 12.000.000 төгрөг өгч 2015 оны 01 сарын 12-ны өдөр уг байранд орсон. Гэтэл байрны эзэн гэх хүн ирж биднийг 2015 оны 12 дугаар сард байрнаасаа гаргасан бөгөөд энэ талаар Ц.Х-тай ярьж мөнгөө нэхэхэд одоохондоо боломжгүй байна гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээ гэх утга бүхий баримтад гарын үсэг зурсан. 2017 оны 7 сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг л өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Иймд Хас банкны зээлийн хүүгийн эргэн төлөлт 8.484.156 төгрөг, 2015 оны 12 сарын 24-ны өдрийн хэлцлийн хүүд 1 сарын 360.000 төгрөг 3 сарын 1.080.000 төгрөг, алданги өдрийн 60.000 төгрөг, 100 хоногийн 6.000.000 төгрөг үндсэн мөнгө 12.000.000 төгрөг нийт 27.564.156 төгрөгөөс өгсөн 6.000.000 төгрөгийг хасаад нийт 21.564.156 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 сард өөрийн дүү Ц.Хишигдаваагаар зуучлуулж С.Болдсайхан, Б.Б нараас 12.000.000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед тэдэнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хаппи таун хотхоны 73-53 тоот байранд 1 жилийн хугацаатай байр түрээслэн өгсөн ба төлбөр 5.000.000 төгрөгийг байрны эзэн М.Нэргүйсайхан, Ч.Хишигжаргал нарт хүлээлгэн өгсөн. Энэ байранд С.Болдсайхан, Б.Б нар бүтэн жил амьдарсан. Нэхэмжлэгч нарт 7.000.000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд 2016 оны 01 сарын 06-нд 200.000 төгрөгийг С.Болдсайханы дансанд 2016 оны 02 сарын 29-нд 270.000 төгрөг, 2016 оны 3 сарын 10-нд 70.000 төгрөгийг мөн С.Болдсайханы дансанд 2016 оны 7 сарын 28-нд 6.000.000 төгрөгийг Б.Бын Голомт банкны дансанд төлж барагдуулсан. Одоогоор дээрх 2 хүнд миний зүгээс ямар нэгэн өр байхгүй, нэхэмжлэгч нараас 12.000.000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй. Харин 12.000.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 10-ны өдөр Болдсайханаас авсан нь үнэн бөгөөд 2016 оны 7 сарын 28-ны өдөр Батболорын дансанд 6.000.000 төгрөг, 2016 оны 01 сарын 06-ны өдөр Батболорын ээж Бямбажавын дансанд 200.000 төгрөг, 2016 оны 2 сарын 29-ний өдөр С.Болдсайханы дансанд 270.000, 2016 оны 3 сарын 10-ны өдөр С.Болдсайханы дансанд 70.000 төгрөг тус тус төлсөн. Үлдэх 5.460.000 төгрөгт нэхэмжлэгч нар 2015 оны 01 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл 53 тоот 2 өрөө орон сууцанд амьдарсан, орон сууцны түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөгийг Ц.Х- төлсөн. Түрээсийн байр гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.Х-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 5.460.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Болдсайхан, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.104.156 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч нарын 265.770 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 102.310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, С.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 2142 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. 12.000.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 10-ны өдөр Болдсайханаас хүлээн авсан нь үнэн бөгөөд 2016 оны 7 сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөг, 2016 оны 1 сарын 6-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 2 сарын 29-ний өдөр 270.000 2016 оны 3 сарын 10-ны өдөр 70.000 төгрөг, нийт 6.540.000 төгрөг төлсөн. Үлдэх 5.460.000 төгрөгт нэхэмжлэгч нар 2015 оны 1 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хаппи таун, 73 дугаар байрны 53 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд амьдарсан, орон сууцны түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөгийг Ц.Х- төлсөн, үүнийг гэрч М.Нэргүйсайхан хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар ч маргааүй. Түрээсийн байр гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан бөгөөд сар бүр ашиглалтын зардал төлөхдөө М.Нэргүйсайханы байр гэдгийг мэдэж байсан, М.Нэргүйсайхан ч нэхэмжлэгч нар түрээслэхээс татгалзаагүйн дамжуулан түрээслэснийг хүлээн зөвшөөрсөн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 2142 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б, С.Б нар нь хариуцагч Ц.Х-аас  21.564.156 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг, хохирол  гэж  тодорхойлжээ.  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээлийг төлсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч Б.Боос 12.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ /хэргийн 4 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээ байгуулагдсан өдөр зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй бөгөөд хариуцагчийн “...өмнө нь өгсөн 12.000.000 төгрөгийг баталгаажуулж гэрээ байгуулсан” гэсэн тайлбарыг үгүйсгээгүй байна.

Хариуцагч нь 6.200.000 төгрөгийг буцаан төлсөн талаар зохигчид  маргаагүй, харин үлдэх хэсгийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хаппи таун хотхоны 73-р байр, 53 тоот байранд 2015 оны 01 сараас мөн оны 12 дугаар сар хүртэл хугацаагаар амьдарсан тул түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөгийг түрээслүүлэгчид өгсөн” гэж хариуцагч тайлбарлаж буй боловч энэ талаар өмнө нь нэхэмжлэгчтэй тохиролцсон нь тодорхой бусаас гадна уг төлбөрийг зээлээс хасч тооцох талаар  зээлийн гэрээнд заагаагүй байна.

Шүүх маргааны үйл баримтыг  хэрэгт  цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлээс 5.460.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 102.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Г.ЦАГААНЦООЖ