| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00444/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 444
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул би С.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох гэм хорын хохирол 4.386.902 төгрөг, машины эвдрэлд дахин дүгнэлт гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 09 сарын 23-нд ******* гэгч залуу намайг албан ажлаа гүйцэтгэж явахад миний машины араас ирж мөргөсөн. Миний машин мөргүүлсний улмаас хойд буфер няцарсан, багаажны хаалга гаднаасаа хонхойн дотогш нугарсан, яндан чихэгдэж цөмөрч 2 газар нугарсан, зүүн хойд босоо баган дотогшоо нугарсан, зүүн хойд түлшний савны тагтай хэсэг чихэгдэж нугарч эвдэрсэн, зүүн хойд хаалга хаагдахгүй болсон, зүүн талын дагуу рам нугарсан, хойд багаажны хэсэг тэр чигтээ чихэгдэж нугаларч эвдэрсэн, нөөц дугуй ордог жижиг хэсэг чихэгдэж дээшээ гарч эвдэрсэн. Багаажны хэсгийн хуванцар доторлогоонууд няцарсан, зүүн хойд гар дээшээгээ хугарсан, яндангийн бүх тогтоолго төмөр хугарч унасан. Зүүн хойд дугуйны 2 татуурга мултарсан, рамаараа нийтдээ урагш гүүж урд буферний зүүн хэсэг гадагш түлхэгдэж гарсан, түлшний савны агааржуулагч сууриараа эвдэрсэн машины кузов урагшаа гүүж тохиргоо алдагдсан, машин дахин ашиглах боломжгүй болсон. Иймд Ч.*******аас эмчилгээний зардал 250.000 төгрөг, цалин 421902 төгрөг, машин ачуулсан зардал 700.000 төгрөг, машины хохирол засварт 3.015.000 төгрөг нийт 4.386.902 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн *******ийн нэхэмжилсэн 4.386.902 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ асуудлаар гомдол санал гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.******* нь иргэн *******аас 4.386.902 төгрөг нэхэмжилж дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Иргэн ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.386.902 төгрөгийг өгөхөөр зөвшөөрсөн тул миний бие С.******* нь дахин шинжээч томилуулах хүсэлтээсээ татгазаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь иргэн Ч.*******д холбогдуулан гэм хорын хохирол 4.386.902 төгрөг, машины эвдрэлд дахин дүгнэлт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.******* дахин дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан, хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлага болох 4.386.902 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ :
1. С.*******ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох гэм хорын хохирол 4.386.902 төгрөг, машины эвдрэлд дахин дүгнэлт гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.386.902 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ч.*******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ