Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

иргэдийн төлөөлөгч Р.Мөнхбаатар

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000000047 тоот, 2 хавтас бүхий хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт ..... дугаарын регистртэй, Г.Н-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Н- 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 117 тоотод байрлах сууцанд иргэн Д.Ц-ын баруун талын артери, болон венийн судас бүрэн тасарсан, цагаан мөгөөрсөн хоолой бүрэн бус тасарсан, хүзүүнд том жижиг нийлсэн 8 ширхэг зах ирмэг тэгш шархтай, цээжний зүүн дээд хэсэгт эгэмний дунд шугамаар 4 дүгээр хавирганы түвшинд 2 см урттай зууван дугуй хэлбэртэй 5 цаг 30 минутын түвшинд байрлалтай зах ирмэг тэгш, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл учруулж “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул дахин ярихгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ээж нь нас бараад удаагүй байхад аавыг нь алсандаа хүүхдүүдээс нь уучлалт гуйя. Хохирол төлбөр гарвал төлөх болно. Ял авахад гомдох зүйлгүй гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н-ийг “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2005000000047 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө .. Д.Ц- нас барсан байна.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Г.Д-“… 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 61-55 тоотод буюу гэртээ унтаж байтал манай дүү болох Н- 03 цаг 45 минутын үед миний 88147272 дугаар руу 94001676 гэх дугаараас залгаж “би Ц- ахтай муудалцсан, одоо ер нь байхгүй болсон байж магадгүй” гэхээр нь би “чи одоо хаана байна” гэж асуухад “одоо Баянгол дүүргийн цагдаа дээр эрүүгийн төлөөлөгч О-тай уулзах гээд ирсэн чинь О- байхгүй байна, үүдний жижүүрээс нь О-ын гар утасны дугаарыг нь авчихлаа” гэж хэлэхээр нь “наашаа гэрт хүрээд ир” гэж хэлээд би гэрээ түгжчихээд зам дээр дүүгээ хүлээгээд зогсож байтал Н- такси бариад хүрээд ирсэн. Би Н-тэй уулзангуутаа “эрүүгийн төлөөлөгч О-ын гар утас нь хэд гэж байна, алив би залгъя” гээд О-ын гар утас руу нь залгасан чинь жижиг О- гэж эрүүгийн төлөөлөгч нь бас нэг эрүүгийн төлөөлөгчтэй хамт ирцгээсэн. Ингээд Н- бид хоёр дээр ирсэн жижиг О-, бас хамт явсан эрүүгийн төлөөлөгчтэй хамт бид дөрөв Ц-ын гэр рүү явцгаасан. Цагдаа нар намайг хашааны гадна байж бай гэж хэлээд дотогшоо хашаа руу хоёр эрүүгийн төлөөлөгч, манай дүү Н- нар орцгоосон. Би хашааны гаднаас харж байтал манай дүү халааснаасаа түлхүүр гаргаж ирээд хаалгыг нь онгойлгож өгч байгаа харагдсан. Тэгтэл алаг тэрэгний нэг цагдаа нь манай дүүг байшингийн хана руу харуулж зогсоогоод, эрүүгийн төлөөлөгч нар байшин руу орж харагдсан. Цагдаа нар байшин руу ороод хэсэг хугацаа өнгөрсөний дараа буцаад байшингаас гараад ирсэн. Эрүүгийн төлөөлөгч О-ыг гараад ирэхээр нь манай дүүгийн хэлсэн нь үнэн байна уу гэхэд толгой дохиод ямар нэгэн юм хэлээгүй. О-ыг толгой дохихоор нь дүү Н-ийн хэлсэн үг үнэн юм байна даа гэж дотроо бодоод жаахан зайдуухан очоод ЛД тамхи татсан” /1 дүгээр хх-н 61-63/ гэж,

гэрч Б.Б-“... 2020 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад гар утас дуугарахаар нь хартал 94001676 гэсэн танхигүй дугаар байхаар нь гар утсыг нь аваагүй. Гэтэл дахиад 94001676 дугаараас залгахаар нь утсаа автал ... “Н- байна ахаа” гэхээр нь “за юу байна” гэж хэлтэл “Ахаа би Ц-г алчихлаа” гэж хэлэхээр нь “чи балайраад байгаач” гэж гайхсан байдалтай асуухад Н- “нээрэн үнээн ахаа” гэж надад хэлэхээр нь “чи цагдаад хэлсэн үү, гэр орныхондоо хэлсэн үү” гэж Н-гаас асуутал “ээж, аавдаа энэ талаар хэлсэн чинь итгэхгүй байна, Нямаа ахад хэлэх гэсэн чинь гар утсаа авахгүй байна, Батаа ахад энэ талаар хэлмээргүй байна” гэхээр нь “чи Д-д хэлсэн үү” гэж асуутал “би Д- ахын утсыг нь мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь би Д-гийн гар утсыг нь Н-д хэлж өгсөн. Гэхдээ Д-гаас айгаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би Н-д чи ер нь Д-д хэлсэн нь дээр гэж ойлгуулаад би өөрийн танил Э- гэдэг цагдаад утсаар Н-гийн хэлсэн зүйлийг хэлтэл Э- цагдаа 04:00 цагийн үед манай гэрт нэг цагдаатай хамт хүрээд ирсэн. Тэгээд би Э-ийн хамт Ц-гийн гэр рүү очиход хашааны хаалга нь хаалттай, байшингийн хаалга нь түгжээтэй байсан. Э- цагдаа цонхоор нь гар чийдэн тусгаад хартал ямар ч байсан байшин дотор хүн хэвтэж байна, наадах Н- чинь үнэхээр асуудал тарьчихсан юм шиг байна гэж хэлээд хоёулаа Н-г яаралтай олъё гээд Н-гийн хуучин амьдардаг байсан одоо Д-гийн амьдарч байгаа гэрийн гадаа ирээд би Д-гийн гэр рүү орохгүй ээ сүүлд бие биенээ таньдаг хүмүүс ёстой муухай юм болно гээд Д-гийн гэрийн үүднээс гэр рүүгээ харьсан. Харин Э- цагдаа хамт явсан цагдаагийн хамт Д-гийн гэр рүү орох гээд үлдсэн. Би Э- цагдаатай хамт Н-г хайж явах үедээ Д- руу залгаж асуутал Н- нэг юм яриад байна, энэ нь худлаа юм уу, үнэн юм уу гэж асуутал Д- Н-гийн яриад байгаа зүйл үнэн байна гэж хэлэхээр нь би гар утсаа чанга яригч дээр нь тавиад Э-, хамт явсан цагдаа бид гурав сонсож байхад Д- “цаад Н- чинь Ц-г хутгалж мутгалаад, толгойг нь тасдаад хаячихсан юм шиг байна” гэж хэлэхийг Э-, Э-той хамт явсан цагдаа бид гурав гурвуулаа сонссон. Тэгэхээр нь би зөрүүлээд одоо хаана явна гэж Д-гаас асуутал Д- “би Н-тай хамт гэрт байна” гэж хэлтэл Э-, Э-той хамт явсан цагдаа бид гурав бараг Д-гийн гэрийн гадаа байхдаа Д-гийн гэр утас руу залгасан юм. Тэгэхэд Д-, Н-тай хамт гэртээ байгаагүй байсан. Н- “Буяаа ахаа би Ц-г алчихлаа” гэж утсаар хэлсэн” /1 дүгээр хх-н 64-65/ гэж,

яллагдагч Г- Н- “… би Ц-ын гэрээс нөгөө 3 ахтай хамт гарахад тэр гурав 22 дугаар хорооны зүг замаа дагаад алхаад явсан. Би гэртээ согтуу орж том ахад загнуулах байх гэж бодоод ганцаараа эргээд Ц- ахын гэрт орсон. Ц-ын гэрт ороод үлдсэн 0.75 литрийн архийг бид хоёр 150 орчим грамм архи үлдээгээд унтахаар хэвтсэн. Би ертөнцийн зүгээр урд талд буюу цонхон талд орон дээр хэвтэж байхад гал тогооны өрөөнөөс чимээ гарахаар нь эргээд харахад Ц- /сүүлд харахад хар иштэй хутга/ гартаа барьчихсан зайл пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь та чинь “хоно хоно” гэж хэлчихээд балай юм уу хаашаа юм гэж хэлсэн шиг санагдаж байна. Тэгээд би хэвтэж байсан орноос ойрхон газарт байсан жижиг 4 хөлтэй сандлыг шүүрч аваад толгой руу нь цохиход Ц- толгойгоо барихаар нь өшиглөөд унагаасан. Тэгээд гал тогооных нь шүүгээг ухаад том хайч авч очоод хүзүү рүү нь зоох шиг болсон. Тэгээд дээр нь гараад хүзүү рүү нь хайчаар зоосны дараа сандлаар цохисон. Тэгэхэд миний хоолойг хоёр гараараа доороос боосон. Тэгээд би хоёр нүд рүү нь хоёр гарынхаа эрхий хуруугаар хатгаж боолтыг нь тавиулсан. Тэгээд гарт нь байсан хутгаар нь хутгалж, мутгалсан байх. Тэгээд талийгаач өнгөрчихсөн юм шиг харагдаад, хөдөлгөөнгүй болчихоор нь багцаагаар 30 минутаас 1 цаг орчим ганцаараа нилээн суусан. Цагдаад хэлье гээд гарахаасаа өмнө Ц-ын халааснаас гэрийнх нь түлхүүрийг аваад гэрийг нь цоожлоод гэрээс нь гараад зам дагаж байгаад такси бариад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс орсон” гэж /1 дүгээр хх-н 230-233/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн талийгаач Д.Ц-ын үхлийн шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач Д.Ц-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний баруун талын тарааагуур, хураагуур судасны бүрэн тасрал, цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн бус тасрал, хүзүүний хоёр талын булчингийн бүрэн тасрал, хүзүүний арьс булчин өөхөн эд дэх цус хуралт бүхий гүн зүсэгдэж хэрчигдсэн шарх, цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн нас барсаны дараах шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс “хүзүүний баруун талын тараагуур, хураагуур судасны бүрэн тасрал, хүзүүний арьс булчин, өөхөн эд дэх цус хуралт бүхий гүн зүсэгдэж хэрчигдсэн шарх, цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгиний дээд дэлбэнг гэмтээсэн нас барсаны дараах шарх” гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад “хоёр” нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, цус хуралт, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан хүзүү, нүүрний хэсгийн гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүсэн ба цээжний нэвтэрсэн шарх, зүүн өвдөгний зулгаралт нь нас барсаны дараа үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан хүзүү, цээжний хэсэгт үүссэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад “хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хөмсөгт шарх, зүүн хацарт зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх, цус хуралт, зүүн гарын сарвуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх хүзүүний баруун талын тараагуур, хураагуур судасыг бүрэн тасалж гэмтээсэн гүн зүсэгдэж хэрчигдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачийн цус нь ABO системээр B3-р бүлгийн харъяалалтай байна. 2020.01.14-ний 10:03 цагт талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 8-10 цаг болсон байх боломжтой. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 4.0 промилли, ходоодны шингэнд 7.5 промилли, шээсэнд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Талийгаачийн цусанд 4.0 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ” гэсэн 298 тоот дүгнэлт гарсан байна. /1 дүгээр хх-н 176-180/

 

Талийгаач Д.Ц-ийн биед учирсан гэмтлүүд, шүүгдэгч Г.Н-ийн “хүнийг алсан” үйлдлийн аргаас үзвэл хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэрэг нь “Хүнийг алах” гэмт хэргийн “онц харгис хэрцгийгээр” гэсэн шинжид нийцнэ.

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд

шүүгдэгч Г.Н-ийг “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Н-д ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Г.Н- урьд өмнө санаатай гэмт хэрэгт шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-“… би Д.Ц-ын төрсөн ах нь байгаа юм. Талийгаач дүү маань 1971 онд Увс аймагт төрсөн. 8 хүүхэдтэй айлын доороосоо 2 дахь хүүхэд нь байсан. Дээрээ 5 ах, 2 эгчтэй, доороо 1 охин дүүтэй. Миний дүү Ц- 1979-1995 он хүртэл цэргийн ангид ахмад цолтой ажиллаж байсан. Оршуулгын зардалд 2-3 сая төгрөгний зардал гарсан. Тэр мөнгөө нэхэмжилнэ. Цуглуулсан баримт бол байхгүй” /1-р хх-н 156-158/ гэж мэдүүлсэн байна.

 

Хэдийгээр хохирогч талаас хохирол, гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хуулийн байгууллагад бүрдүүлж өгч чадаагүй байх боловч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “нэхэмжилнэ” гэх 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н-ээс гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь, хүний амь нас буюу амьд явах эрх нэн түрүүний хохирол мөнөөс гадна талийгаачийн оршуулгын ажилтай холбоотой зайлшгүй зардал гарсан нь тодорхой.

 

Шүүгдэгч Г.Н- 70 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 22.5 см, ишний урт 11.5 см, ажлын хэсгийн урт 14 см, үзүүрийн хэсгийн өргөн 3 мм, дунд хэсгийн өргөн 2.3 см, угийн өргөн 2.4 см хэмжээтэй, ажлын хэсэг дээр “Stanlees steel” гэсэн бичвэртэй, 1.7 мм 3 ширхэг цагаан өнгийн металл тавтай хар өнгийн хуванцар хавтастай хутга 1 ширхэг, нийт урт 26.2 см, ажлын хэсгийн урт 11.9 см, үзүүрийн өргөн 0.3 мм, дунд хэсгийн өргөн 1.7 см, угийн өргөн 2 см, бариулны хэсэгт “10”, “KOTT” гэсэн бичвэртэй 1 см хэмжээтэй шар өнгийн металл тав буюу нугастай, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг, 3 хэсэг болж хуваагдсан цагаан өнгийн халцарсан будагтай сандал 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийтгэх тогтоолд заав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Г.Н-ийг “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Н-ийг 19 /арван ес/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Н-д оногдуулсан 19 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Г.Н-ийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ээс 3.000.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэдэнбалжирт олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт 22.5 см, ишний урт 11.5 см, ажлын хэсгийн урт 14 см, үзүүрийн хэсгийн өргөн 3 мм, дунд хэсгийн өргөн 2.3 см, угийн өргөн 2.4 см хэмжээтэй, ажлын хэсэг дээр “Stanlees steel” гэсэн бичвэртэй, 1.7 мм 3 ширхэг цагаан өнгийн металл тавтай хар өнгийн хуванцар хавтастай хутга 1 ширхэг, нийт урт 26.2 см, ажлын хэсгийн урт 11.9 см, үзүүрийн өргөн 0.3 мм, дунд хэсгийн өргөн 1.7 см, угийн өргөн 2 см, бариулны хэсэгт “10”, “KOTT” гэсэн бичвэртэй 1 см хэмжээтэй шар өнгийн металл тав буюу нугастай, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг, 3 хэсэг болж хуваагдсан цагаан өнгийн халцарсан будагтай сандал 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Н-ийг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

   

 

 

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

                               ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ