Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 445

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ц.Янжмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ц.Янжмаагийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн иргэн Авга овогт Цэрэндоржийн Янжмаа шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Миний бие Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр 1990.11.15-наас 1995.06-р сарыг дуусталх хугацаанд ажиллаж байсан боловч өөрийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн мөн сумын Архивын бичиг баримт үрэгдсэн. Ийм учир миний дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Янжмаа нь 1990 оны 11-р сарын 15-ны өдрөөс 1995 оны 06-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 12-р сарын 02-ны өдрийн А/911 тоот лавлагаанд Ц.Янжмаа нь 1990-1996 онд Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1990-1996 оны Идэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цалин манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Янжмаагийн ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй, хөдөлмөрийнх нь дэвтэр байхгүй хэдий ч түүнийг ажилд авч байсан Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11-р сарын 15-ны өдрийн 33 тоот захирамж болон ажлаас чөлөөлөгдөж байсан Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1996 оны 08-р сарын 15-ны өдрийн 29 тоот захирамжийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11-р сарын 15-ны өдрийн 33 тоот захирамжийн 02-рт сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны үйлчлэгчээр ажиллахыг хүсч өргөдлөө гаргасан Цэдэндоржийн Янжмааг 1990 оны 11-р сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр авч ажиллуулсугай гэсэн,

Мөн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 1996 оны 08-р сарын 15-ны өдрийн 29 тоот захирамжид ...Тамгын газрын үйлчлэгч Ц.Янжмааг Хөдөлмөрийн хуулийг үндэслэн 1996 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Түүний ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудыг үндэслэн түүнийг 1990 оны 11-р сарын 15-ны өдрөөс 1995 оны 06-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байснаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Авга овгийн Цэдэндоржийн Янжмааг 1990 оны 11-р сарын 15-ны өдрөөс 1995 оны 06-р сарыг дуусталх хугацаанд Завхан аймгийн Идэр сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ