| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 642 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Т.Мөнхбаяр,
Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э од холбогдох эрүүгийн 1806 02391 1298 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 147 дугаар зүйлийн 147.2-д тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 225 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 997 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.Мөнхбаярын биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Лхагвадоржийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй. Би хэрэг гардаг өдрийн 23:00 цагийн орчимд ганцаараа явж байсан. Гэтэл Н.Мөнхбаяр Тусгаар тогтнолын намын байрны урд зогсож байхад надтай таараад хүүхэн асуусан. “Энд хүүхэн байхгүй байна” гээд хамт нилээн юм ярьж суусан. “Би өнөөдөр сэтгэл санаа гундуухан байна” гэхэд “миний сэтгэл санаа ч муу байна” гээд хоёулаа нэг шил архи авч уухаар тохиролцоод замын эсрэг тал руу гарч такси барьсан. Такси бариад “Жулиа” төвийн үүдэнд очиход 1000 төгрөг гарсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, картанд мөнгө байсан. Хуруудаад хожигдсон нь таксины мөнгийг өгөхөөр тохиролцоход би ялсан. Тэгээд Н.Мөнхбаяр таксины мөнгийг өгөөд бид 2 “Жулиа” дэлгүүр рүү орсон. Дэлгүүр ороод “архиа яаж авах вэ” гэтэл “хуруудаад хожигдсон нь архи авъя” гээд бид 2 ахин хуруудсан. Дахиад би хожсон. Тэгэхэд Н.Мөнхбаяр уурлаад байхаар нь би картнаас мөнгө аваад “хоёулаа архины мөнгөө хуваагаад төлье” гэтэл миний куртикыг урсан. Би савхин куртик өмссөн байсан. Бид 2 куртикнаас болоод маргалдаж байтал “Жулиа” дэлгүүрийн хамгаалагч хөөж гаргасан. Би камер руу харж байгаад би куртикаа заасан. “Жулиа” дэлгүүрийн хамгаалагч нар Н.Мөнхбаярыг “хүний куртик урчихлаа шүү дээ мөнгө төгрөгийг нь төлөөч” гэсэн. Бид хоёрыг дэлгүүрийн хамгаалагч нар шатнаас буулгасан. Би 130.000 гаран төгрөгийг куртикны мөнгө гээд авсан...Дээрмийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлээд дуусгая. Бага ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “...Би билет шаглаж зардаг. Намайг “архи аваад өг” гээд байсан тухайн үед биедээ их хэмжээний мөнгөтэй явж байсан тул айсан. “Миний куртикыг урчихлаа мөнгийг нь өг” гээд нэхээд байхаар нь би куртикаа тайлж өгсөн. Камер дээр бичигдсэнээр Б.Э нэг залуутай хамт явж байсан. Намайг “буланд аваачаад алчихъя” гээд зодоод халаасанд байсан 500.000 төгрөгийг аваад явсан. Надаас яагаад уучлалт гуйдаггүй юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирогч Н.Мөнхбаярын гаргасан өргөдөл /1хх-17/, хохирогч Н.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /1хх-18-23/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-28-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл /1хх-98/, хохирогч А.Лхагвадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-149-150/, гэрч Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-158-159/, гэрч Түмэнбаярын өгсөн мэдүүлэг /1хх-160-162/, гэрч Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-163-164/, Б.Э ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-106, 167/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-173-174/, шүүгдэгч Б.Э ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /1хх-48/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.Мөнхбаярын биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: “...2018 оны 3 сарын 13-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудал орчим найз Хадаа, Аагий нарын хамт 0.5 литрийн 1 шил Соёрхол архи гадаа гудамжинд хувааж уусан. Тухайн үед цаг 23 цаг 30 минут болж байсан байх Хадаа, Аагий нараас салаад гэртээ харих гэж байсан. Жоохон архи уусан байсан учир уусан юмаа гаргах санаатай гадаа явган алхан байгаад Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлаас машинд суух санаатай алхсан. Гэтэл автобусны буудлаас эхлэн үл таних 2 залуу намайг дагаад байсан. Тэгээд би арслантай гүүрний ойролцоо явж байтал 2 залуу миний 2 талд зэрэгцэж ирээд “ганц юм уух уу” гэсэн тэгэхээр нь би “үгүй” гээд таксинд суух гэтэл тэр 2 залуу намайг суулгахгүй байсан. Тэгээд би “за за тэгвэл ганц юм авч ууя” гэж хэлээд би тэр 2 залууг дагуулаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулия” дэлгүүрт ирсэн. Тухайн дэлгүүрт ороод 1 залуу нь надтай шил архинд хуруудсан. Тэгээд би хуруудаад ялагдсан чинь чи архи ав” гэсэн. Тэгэхээр нь би “авахгүй” гэсэн чинь тэр 2 залуу уурлаад маргаан эхэлсэн. Гэтэл тухайн дэлгүүрийн хамгаалагч бид нарыг хөөж гаргах гээд байхаар нь би хамгаалагч залууд “би энэ хэдээс салмаар байна” гэсэн чинь “та нар хамт явж байж одоо гарцгаа” гэсэн. Тэгээд тэр 2 залуугийн хамт дэлгүүрийн гадна зогсож байтал намайг нийлж байгаад зодож, өмдний зүүн талын халаасанд байсан 500.000 төгрөгийг дээрэмдсэн. Намайг шоронгоос гарсан гээд яриад байсан залуу нь энд тэндгүй цохиж, унагааж байгаад миний мөнгийг дээрэмдсэн.” /1хх-18-23/ гэх мэдүүлэг,
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-28-35/,
Камерын бичлэгт үзлэг хйисэн тэмдэглэл /1хх-98-99/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-100/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Лхагвадоржийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Лхагвадоржийн өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчимд би Тусгаар тогтнолын ордны саадны урд талаар баруунааас зүүн чигт гэртээ харих гээд явж байсан. Тухайн үед сааданд нэг урт үстэй залуу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би “битгий наанаа шээгээд бай боль” гэсэн шаардлага тавьсан боловч үргэлжлүүлээд шээгээд байсан тэр залуу шээж дуусаад “уучлаарай” гэж хэлсэн. Гэвч намайг цаашаа явахад хойноос элдвээр доромжилж хашгираад байсан би буцаж эргээд хартал тэр залуу дөрөв тавуулаа явж байсан юм байна лээ тэр залуус над дээр ирж зууралдаад байсан. Тэр үед нөгөө урт үстэй залуу миний нүүр рүү хоёр удаа цохьсон. Би хариуд нь буцаагаад ганц цохьсон. Гэвч нөгөө хамт явж байсан залуус нь намайг барьж байсан ба намайг барьж байх үед нэг нь карманаас утас авсан байсан. Тэр залуусыг хажуугаар явж байсан залуус зогсоосон. Би тэр хоёр залуутай багшийн дээдийн автобусны буудал руу алхаж явах үедээ карманаасааа утсаа алдсанаа мэдсэн дараа нь цагдаа дуудсан.” /хх-149-150/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Мөнхбатын өгсөн: “...Тусгаар тогтнолын ордны харалдаа урд байдаг түцний урд би шээгээд зогсож байсан чинь нэг танихгүй өвөө “чи яагаад энд шээдэг юм бэ” гэж түлхсэн. Би “уучлаарай” гэсэн чинь шүдгүй ногоон куртиктэй Түмэнбаяр тэр өвөөг тэвэрч аваад яг ардуур нь улаан куртиктэй залуу барьж авсан. Тэр үед өвөө намайг заамдаж аваад намайг цохих гэхээр нь би нүүр рүү нэг удаа цохиод тэгээд салцгаасан. Тэр өвөөг хаашаа явсаныг нь мэдэхгүй тэр ногоон куртиктэй залуу тэвэрч аваад цаашаа эргэсэн. Ард нь улаан куртиктэй Кубана гэх залуу байсан. Түмэнбаяр Кубана нар л дундуур орж ирж тэр хүний утсыг авсан байх гэж бодож байна.” /1хх-158-159/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Түмэнбаярын өгсөн: “...Тусгаар тогтнолын харалдаа урд байж байхад Мөөгий нэг өвгөнтэй муудалцсан. Тэгээд муудалцаад барилцаад авахад намайг яваад очиход Алтангэрэл “чи яах гээд байгаа юм бэ, чи хол бай” гээд салгаад аваал явсан. Тэр үед Кубана араас нь очиж тэвэрч авсан одоо бодоход гэхдээ тэр хүний утсыг авчихсан юм байна.”/1хх-160-162/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Оюунчимэгийн өгсөн: “...Тэр үед 14:00 цагийн үед Улаанбаатарын сааданд ирэхэд Түмэнбаяр, Кубана, Гэзэг Мөөгий, Самбуу, Муруй Отгоо ах нар байсан. Тэд нар тэнд хоёр шил 0.75 хараа архи уугаад манай нөхөр Одбаатар унтчихсан байсан. Тэгээд би түүнийг сэрээгээд байж байтал Кубана гэгч бид хоёр дээр ирээд “гурвуулаа ийшээгээ явчихаад ирье” гээд дагуулаад явсан. Хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад “Монтел ороод ирье” гэсэн. Тэгээд дагаад явж байсан чинь Монтел төв дээр очоод арын эгнээний жижиг дөрвөлжингийн хажуугийн шилтэй хаалгаар орохдоо бид хоёрыг “хүлээж бай” гэсэн. Тэгээд “хэзээний ямар утас вэ” гэж асуухаар нь би “мэдэхгүй надад нэг утас байна хамт Монтел орж зарчихаад ирье” гэж хэлсэн.Тэгээд тэр хаалгаар ороод хамгийн эхний эгнээний нэг настайвтар шас үстэй эгч болон хоёроос гурван хүмүүстэй юм ярьж хар өнгийн утас харуулж байгаад мөнгө аваад гараад ирсэн. Бид хоёр хаалгаар харж байсан.Тэгээд бид хоёрт 40.000 төгрөг өгчихөөд би “явлаа” гээд “Цэцэг” төвийн зүг рүү гараад алхсан.” /1хх-163-165/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-173-174/,
Шүүгдэгч Б.Э ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-46/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.Мөнхбаярын биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Лхагвадоржийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Н.Мөнхбаяр, А.Лхагвадорж нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч Мөнхбат, Түмэнбаяр, Оюунчимэг нарын өгсөн мэдүүлгүүд, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын зүгээс гаргасан: “...Дээрэмдэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчоос 500.000 төгрөг биш 130.000 төгрөг авсан.” Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын зүгээс гаргасан: “...Мөрдөн байцаалт, прокурорын шатанд яагаад хэдэн хүн нийлж гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүйг гайхаж байна. 5 хүнийг шалгах ёстой байсан. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна.” гэх тайлбаруудыг гаргаж мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мөнхбаярын өгсөн: “...Өмдний зүүн талын халаасанд байсан 500.000 төгрөгийг дээрэмдсэн. Намайг шоронгоос гарсан гээд яриад байсан залуу нь энд тэндгүй цохиж, унагааж байгаад миний мөнгийг дээрэмдсэн.” /1хх-18-23/ гэх мэдүүлэг, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-28-35/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-98-99/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал, А.Одмөнх нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э ын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулиа” төвийн гадна гудамжинд иргэн Н.Мөнхбаярын биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөг дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Мөн түүний 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын урд иргэн А.Лхагвадоржийн "Айфонэ икс" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх дараах байдлаар хохирлын асуудлыг шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.345.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Мөнхбаярт 500.000 төгрөг, хохирогч А.Лхагвадоржид 1.845.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг тус тус биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
“Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.Э од оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэл дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэж нийт түүний биечлэн эдлэх ял хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 155 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Б.Э од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж нийт, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э ын 155 цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.Э од оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Э оос 2.345.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Мөнхбаярт 500.000 төгрөг, хохирогч А.Лхагвадоржид 1.845.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС