Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00247

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

     Нэхэмжлэгч: Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон суманд байрлах ******* ХХК-д холбогдох үндсэн зээл 32.480.000 төгрөг, алданги 41.899.200 төгрөг, нийт 74.379.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн үрийн салбараас, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 154 дүгээр тогтоол, Шадар сайдын 2015 оны 52 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны “Маш нууц” 02 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар бүхий “Улсын нөөцийн бараа, материал зээлээр олгох” гэрээг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан. Гэрээний дагуу 58 тонн үрийн улаанбуудайн нийт үнийн дүнгийн 30 хувь болох 13,920,000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл 70 /дал/ хувь болох 40,6 тонн улаанбуудайн үнэ 32,480,000,00 төгрөгийг гэрээ дуусгавар болох 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бэлэн мөнгөөр төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Улсын нөөцөд байх үрийн улаанбуудайг нөхөн бүрдүүлэх боломжгүй болсон. “*******” ХХК нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүйгээс Онцгой байдлын Ерөнхий газар нь Улсын санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг тасалдуулаад байна.

Дээрх компанитай холбоотой авлагыг барагдуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү. Иймд “*******” ХХК-аас:

  1. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан тул зээлээр авсан буудайны үлдэгдэл үнэ, төлбөл зохих 32,480,000,00 /гучин хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг,
  2. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан алданги болох 41,899,200 /дөчин нэгэн сая найман зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

******* нь төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхээд ирүүлсэн хүсэлтдээ: Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн “Зуун зүн” ХХК-тай 2015 онд байгуулсан 66 дугаар гэрээний биелэгдээгүй үлдэгдэл үнэ 32,899,200.0 төгрөг болон гэрээний алданги 41,899,200.0 төгрөгний нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан болно.  “*******” ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 32,480,000.0 төгрөгөнд хүнсний буудай, боодлын өвс өгч барагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 заалтыг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд  нь татгалзаж байгааг хүлээн авна уу. ******* нь төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 32.480.000 төгрөг, алданги 41.899.200 төгрөг, нийт 74.379.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулж гаргасан  үндсэн зээл 32.480.000 төгрөг, алданги 41.899.200 төгрөг нийт 74.379.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/2430 тоот Онцгой байдлын ерөнхий газрын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдах нь зүйтэй

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон             

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох үндсэн зээл 32.480.000 төгрөг, алданги 41.899.200 төгрөг, нийт 74.379.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

                                       ШҮҮГЧ                               Г.ДЭЛГЭРСАЙХАН