Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 4

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч У.У , түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч А.Д , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915004220240 дугаартай, 163/2019/0235/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, Б овогт А.Д,

Монгол улсын иргэн, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорин ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Б овогт У.У .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д , У.У  нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ...“У” гэх газар бэлчээрт байсан Сэлэнгэ аймгийн ...иргэн Ц.М гийн 1 тооны ягаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэл шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У  өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн 1915004220240 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар У.У  нь хорих ангид хамт ял эдэлж байсан А.Д той утсаар ярьж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух А.Д ийн гэрт “Hyundai Porter” загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн байх ба 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А.Д , У.У  нар нь Булган аймгийн ...“У” гэх газар бэлчээрт  байсан үхэрнээс ягаан халзан зүсмийн сувай үнээг бугуйлдан барьж У.У ийн “Hyundai Porter” загварын **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачихаар явж байхад нь иргэн О.М  таарч үхрийг тавьж явуулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэхүү үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.М  өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны үед ...өөрийн эхнэр А , хадам ээж Т  нарын хамт Орос улсын Байгаль далайд 4 хоног амраад ирсэн. Тэгээд Монгол улсын хилээр орж ирээд байж байтал манай хөрш М  утсаар яриад “танай нэг тооны ягаан халзан, сувай үнээг Булган аймгийн Хангал сумын У гэх газар портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хулгайлж ачих гэж байгаад надтай таараад явуулчихлаа. Үхрээ буцаагаад олоод авчихсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

гэрч М.Б гийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой М  ах манайд ирээд “адуундаа явлаа” гээд Ажнайн даваагаар даваад явсан юм. Тэгээд удалгүй нэг цаг орчмын дараа ирээд “танай үхрийг портер машинтай 2 залуу уяагаар оосорлож чирээд машиндаа ачих гэж байгаад надтай тааралдаад тавиад зугтаачихлаа, хурдан явж үхрээ авчир” гэхээр нь би морьтой Ажнайн даваа даваад Хангал сумын нутаг руу ороод нэлээд уруудаж яваад үхрээ олсон. Тэнд манай ягаан халзан сувай үнээ эвэрт нь цагаан өнгийн урт олс хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

гэрч Т.Г ын өгсөн: “...М  мотоцикльтойгоо малдаа явж ирээд “манайхтай айл зусдаг М гийн бэлчээрт байсан ягаан халзан, сувай үнээг танихгүй 2 хүн оосорлочихсон портер машин руу ачих гээд чирж яваад намайг хараад оосорлосон байсан үхрээ тавиад явуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би М гийн хамт мотоцикльтой үхэр хулгайлж оосорлосон байсан гэх газарт ирэхэд ...тэр хүмүүс машинтайгаа явчихсан байсан...машины мөрөөр хайгаад явтал Булган аймгийн Хангал сум руу явалгүй Эрдэнэт рүү эргээд явчихсан байсан. ...Бид хоёр гэр лүүгээ буцаад явж байтал М гийн хүү Б  нөгөө оосорлосон үхрийг модон дороос олоод туугаад явж байсан. Тэгээд би тэр үхрийн  эвэрнээс уяаг тайлж авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

гэрч О.М гийн өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ... “У” гэх газарт байдаг гэрээсээ адуундаа мотоцикльтой явсан юм. Тэгээд Булган аймгийн Хангал сумын нутаг руу Ажнайн даваагаар даваад уруудаад явж байсан чинь миний урдаас М гийн үхрүүд гараад ирсэн. Тэгээд би тэр үхэрнүүдийг өнгөрөөд хонхор газар руу тонгойгоод ортол машин зам дээр өндөр төмөр карказан ачаавчтай,  цэнхэр өнгийн супер портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Хажууд нь хоёр залуу М гийн ягаан халзан зүсмийн нэг тооны сувай үнээг бугуйлдчихсан явж байгаад намайг хараад тавьчихаад горхи дээр очоод гараа угаагаад суухаар нь би очоод мэнд мэдчихээд машины дугаарыг нь харсан чинь **-** БУА гэсэн улсын дугаартай байсан. Тэгээд би нөгөө тавьсан үхрийн араас очиж харахад нилээд урт, гадуураа олсон бүрээстэй мяндсан уяагаар эвэрнээс нь оосорлосон байсан. ...Замаас гараад модон дотор тэр машинтай хүмүүсийг хараад хэсэг суусан. Тэр хүмүүс Хангал сумын зүг рүү явахаар нь М гийн гэрт очоод хүү Б д болсон явдлын талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

гэрч Ч.И ын өгсөн: “...У , Д  хоёр Д ийн өвөлжөө рүү явсан байсан. Тэгээд намайг Д ийн гэрт хэвтэж байхад нөгөө хоёр үдээс хойш машинтайгаа эргээд ирцгээсэн. Би тэр хоёрыг бэлчээрт байсан айлын үхрийг бугуйлдаж хулгай хийсэн талаар Цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирээд мэдсэн. **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин нь У ийн найзынх нь машин гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/313 дугаартай: “сувай үнээ 850000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 36-41 тал/,

тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/303 дугаартай: “**-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл 3 500 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 36-41 тал/,

шүүгдэгч А.Д ийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр надтай хамт хорих 437-р ангид ял эдэлж байсан У  над руу гар утсаар залгаад “хөгшөөн танайд яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд надаар зам заалгаж байгаад манай гэрт ирсэн. ...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би У ийг машинтай ирсэн болохоор нь “өвөлжөөн дээрээ очиж хадлангийн газар харъя” гээд цуг явахаар болсон. Явах замд У  надаас нэг үхэр өгөөч, би мөнгө төгрөггүй болчихлоо гэхээр нь би өөрийнхөө үхэрнээс нэг тооны үхэр өгөхөөр болсон. Тэгээд өвөлжөөн дээр очоод бид хоёр хадлан үзээд байж байсан чинь манай өвөлжөөний цаад талд хэдэн үхэр харагдах шиг болсон. Тэгээд би У т “манай үхэр энд байна” гэж хэлсэн. Бид хоёрыг үхэр дээр очиход нийт 40 гаран тооны үхэр байсан. Би өөрийнхөө үхэрнээс нэг үхрийг бугуйлдаж өгье гэж У т хэлээд машины ачаан дээр байсан цагаан мяндсан бугуйлыг аваад нөгөө 40 гаран тооны үхэрнээс нэг үхрийг нь бугуйлдсан. Тэгэхэд бугуйланд улаан халзан зүсмийн сувай үнээ орсон. Тэгээд У т бугуйлыг өгсөн чинь нөгөө бугуйланд орсон үхэр бид хоёр луу дайраад У  бугуйлаа үхэртэйгээ хамт алдчихсан. Тэгээд нөгөө үхэр мод руу ороод алга болсон. ...Тэгсэн удаагүй У  бид хоёрыг гол дээр гараа угаагаад сууж байхад нэг мотоцикльтой хүн ирсэн. Тэр хүн өөрийгөө Бургалтайгаас явж байна, адуундаа явж байгаа талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 тал/,

шүүгдэгч У.У ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр машинаа засч дуусаад Д  “өвөлжөө рүү очоод ирье, хадлан авах газраа харъя” гээд бид хоёр машинтай явахаар болсон. Тэгээд бид хоёр Булган аймгийн Хангал сумын төвөөс зүүн зүгт 10 гаран км явж ...Д ийн өвөлжөөн дээр очсон. Бид хоёр өвөлжөө өнгөрөөд цаашаа хадлан авах газрыг үзэхээр явсан. Тэгсэн өвөлжөөний цаана голын дэргэд замын хажууд үхэрнүүд бэлчиж байсан. Тэгсэн чинь Д  нөгөө үхэрнүүдийг хараад “үхэр энд байна” гээд намайг машинаа зогсоо гэж хэлсэн. Тэгээд Д  машинаас буугаад ачаан дээр байсан бугуйлыг аваад гол дээр байсан үхэрнээс нэг үхрийг бугуйлдсан. ...Тэгээд Д  надад үхрийг бугуйлдсан чигээрээ бугуйлыг надад өгсөн. Тэгэхээр нь өгсөн бугуйлыг нь богиносгож үхэр лүү ойртож байтал үхэр өөдөөс мөргөх гээд дайрахаар нь бугуйлаа тавиад бугуйлтай нь алдсан. ...Тэгээд хэд хоногийн дараа Орхон аймгийн морь барианы газарт Хангал сумын хэсгийн төлөөлөгч Э тай тааралдсан чинь намайг Д той хамт малын хулгай хийсэн гэж хэлэхэд би Д ийн барьсан үхэр өөрийнх нь биш гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдон байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд У.Д , У.У  нар нь бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үхрийг бугуйлдан барьж тээврийн хэрэгсэлд ачих үйлдлийг санаатай хийсэн, тэдний үйлдлийн улмаас хор уршиг учрах бодит заналхийлэл буй болсон боловч иргэн О.М  таарч, тухайн үйлдэл илрэх болсноор үхрийг тавьж, гэмт хэргийг туйлд нь хүргэж чадаагүй, тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байх тул шүүгдэгч А.Д , У.У  нар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч А.Д , У.У  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.

Шүүгдэгч А.Д , У.У  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82, 97/ болон хувийн байдлыг тодорхойлсон /хх-81, 95, 83-92, 98-143/ нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Д  нь хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч У.У  нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорин ялаар шийтгүүлж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай захирамжаар 10 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоожээ.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Д , У.У  нарт тус тус 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь гэм бурууд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч У.У  нь шүүхээс тогтоосон хяналтын хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдэхээр завдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож шүүгдэгч нараас албадан гаргуулах үндэслэлтэй байх боловч  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.Т гийн “...надад **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. 2019 оны зун манай дүү Г ын найз У  морь уяж байгаа, ойр зуурт ашиглах хэрэгтэй байна гэхээр нь би **-** БУА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ У т өгч явуулсан. Одоог хүртэл тээврийн хэрэгслээ аваагүй байгаа. ...би тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-27 тал/, шүүгдэгч У.У ийн өгсөн “...миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь  Т  гэдэг хүний **-** БУА улсын дугаартай “Hyundai super Porter” маркийн тээврийн хэрэгсэл  байгаа юм. Би зун морь уядаг болохоор түр гуйж авч ашиглаж байсан“ гэх /хх-76 тал/ мэдүүлгээр Шүүгдэгч А.Д , У.У  нартын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн нь эзэмшигч нь  Ш.Т  болохыг тогтоож, түүнийг иргэний нэхэмжлэгчээр татаж /хх-16 тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. 

Иймд **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ш.Т д олгож, “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/303 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 3500000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилуүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Аюирмэдийн Д , Б овогт У.У  нарыг Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д , У.У  нарыг тус тус 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д , У.У  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн **-** БУА улсын дугаартай “Hyunda Porter” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3б хэсгийн 8-1 тоотод оршин суух, Б овогт Ж.Т  -д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч А.Д , У.У  нараас тус тус 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д , У.У  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ мөчөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Д , У.У  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД