Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 8

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Н.Ш , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн

Шүүгдэгч М.Л , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М т холбогдох 163/2019/0003/Э индекстэй, 1915005000250 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд өмнө Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овгийн Н.Ш,

Монгол Улсын иргэн, урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,

Өвөрхангай аймгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлсэн, Б овгийн М.Л,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ш  нь 2018 оны 10 дугаар сард Булган аймгийн ... иргэн Д.А гийн 1 тооны сувай үнээ хулгайлж 850000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ... “Ц” гэх газраас иргэн Д.О ийн 3 тооны үхэр хулгайлж 2400000 төгрөгний хохирол учруулсан,

Булган аймгийн ... “Х” гэх газраас Булган аймгийн ... иргэн Д.А гийн 1 тооны хонгор зүсмийн гүүг хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Л нь Н.Ш тай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай оролцож 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы “Ц” гэх газраас Д.А гийн 1 тооны хонгор зүсмийн нас гүйцсэн морь хулгайлж 950000 төгрөгний хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

1915005000250 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Д.А гийн 1 тооны сувай унээ хулгайлсан гэх хэргийн талаар:

Хохирогч Д.А гийн өгсөн: ...манайх 2018 оны 10 сарын 15-ны өдөр үхэр дотроос бэлчээрээс эрээн нүүртэй улаан хүрэн үнээ хулгайд алдсан юм. Тухайн үед уг үхрийг хайгаад олоогүй юм..., ... сумын хэсгийн төлөөлөгч Э.Э  Булганаас төлөөлөгчийн  хамт хулгай  хийсэн  эзнийг нь олсон дараа удалгүй Ш  эхнэр О ын хамт ирээд манай үхэр адууг авсанаа өөрөө хэлж  хохирлыг   маань   барагдуулж  өгөн   эхнэр О  нь   та өргөдлөө буцаагаад авж болохгүй юм уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56 дугаар хуудас/

 Гэрч   Б.Н гийн өгсөн:…Хялганат   тосгон   цагаан   хөтөл   гэх   нэртэй   газраас бэлчээрээс эрээн нүүртэй хүрэн улаан сувай үнээ хулгайд алдаж байсан. Би Ш д уг хулгайд алдсан үхрийг зарж борлуулах талаар эрх өгөөгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

  Гэрч П.О ын өгсөн: ...2018 оны намар 10 сарын үед намайг сургууль дээр явж байхад өдөр над руу О  залгаад Ш  буюу манай нөхөр эмээгийнхээсээ үхэр авчирч байгаа юм. Үхэр нь явахгүй байна чи очоод авчираад өгөөч гээд утасдаад байхаар нь О ын хамт Цулхараас очиж улаан зүстэй үхэр ачиж өөрийнхөө хашаанд буулгасан. Тухайн үед О  нь танай хашаанд танай хашаанд очоод гаргачихая танайх хашаандаа худагтай юм чинь гэхээр нь зөвшөөрч гаргуулсан юм..." гэх мэдүүлэг, /хх-н 65 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О ийн өгсөн: ...2018 оны 12 сарын үед санаж байна 3 тооны үхрийг хулгайд алдсан юм. Хялганатад амьдардаг гэх Х  буюу Ш  гэгчийг хулгайлсан байх гэж боддог байсан. Х гийн өмсөж явсан гутлын мөртэй адилхан байсан. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ш  нь манай гэрт ирээд нилээд хэд хоногийн өмнө цагдаа нарт танай малыг би хулгайлаад баригдсан уучлалт гуйх санаатай ирлээ гээд явсан гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85 дугаар хуудас/

 Гэрч Г.Ц ын өгсөн:... манай охин О  3 тооны үхрээ хулгайд алдсан үеэр цас ихтэй О  үхэрнүүдээ хайж нилээд эрж сурсан ч одоо хүртэл сураг ажил гараагүй байна гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Гэрч Б.Ё ын өгсөн: ...манай баз хүргэн Х  гэх залуу нь 2018 оны 11 дүгээр сарын үед буюу идэшний үеэр намайг ажил дээр байж байгаад харанхуй болж гээгээ тасарч байхад гэртэй харихад хашаан дотор хар ногоон өнгийн өндөрлөгөөтэй бонго маркийн машинтай манай баз хүргэн Х , манай эхнэрийн бага дүү П.О , жолооч нь настайвтар зүс танихгүй 50 гаран насны эрэгтэй хүн буюу тэр гурав манай хашаан дотор гурван тооны үхэр буулгаж байсан..., уг гурван   үхрийг  Х гаас  асуухад   эмээгээсээ   идэшний   үхрээ   авчирсан гэж байсан..., маргааш нь ажлаасаа буугаад 12 цагийн үед гэртэй харихад уг гурван үхрийг Х , П.О , О гийн эхнэр М , манай эхнэр О , Х гийн эхнэр О  нар махалж байсан. Хоёр эрэгтэй нь унагааж гурван эмэгтэй нь гэдэс арилгаж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Гэрч П.О ын өгсөн:...манай нөхөр гурван тооны үхэр авчирж байсан. Уг гурван үхэрийн зүсийг нь мэдэхгүй..., нэг үхрийг нь өөрсдөө идшиндээ идэж, нэг жижиг үрхийг нь өөрийн төрсөн дүү О д 300 000 төгрөгөөр зарсан..., харин нэг том үхрийг нь хотод байдаг Э  гэх ахдаа 700 000 төгрөгөнд зарсан. Уг гурван үхрийг манай нөхөр Ш  нь надад хэлэхдээ өөрийн үхрээсээ авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 96-97 дугаар хуудас/

Гэрч П.О ын өгсөн:...манай нөхөр 3 тооны үхэр авч ирж байсан... манай нөхөр Ш  нь надад хэлэхдээ өөрийн үхрээсээ авсан гэж хэлж байсан... уг 3 үхрийг 11-12 дугаар сарын хооронд махлаж байсан...уг гурван үхрийг манай дүү О , Ш  хоёр урд өдөр нь авчираад маргааш нь махалсан. Харин гэдэс дотрийг нь би М , О  хоёрт зааж өгч тэр хоёроор цэвэрлүүлсэн…гэх мэдүүлэг, /хх-ийн 98-99 дүгээр хуудас/

П.Э гийн өгсөн:"...2018 оны 11 сард өдрийг нь санахгүй байна би Ш гаас 1 тооны үхрийн махыг 600-700 мянган төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 101 дүгээр хуудас/

Гэрч П.О гийн өгсөн:...Х  ганц нэг үхэр зармаар байна, хямдхан үхэр байна гэтэл 1 бяруу байгаа 300.000 төгрөгөнд өгнө гэхээр би авсан. Мөнгийг нь цувуулж өгөөд дуусгасан. Тухайн үед Х  миний авсан бяруутай нийлээд нийт үхэр төхөөрөөд нэгийг нь өөрөө,  нэгийг нь манай төрсөн ах Э д зарсан…гэх мэдүүлэг, /хх-ийн 102-103 дугаар хуудас/

Гэрч Б.М гийн…Ш  Ё  гэх айлын хашаанд 3 үхэр төхөөрсөн... манайх 1 бярууг 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг, /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А гийн өгсөн: ...би 2018 оны 11 дүгээр сарын үед Булган аймгийн ... сумын Х А аас алаг азрагатай 10 гаруй тооны адуунаас том хонгор зүсмийн, зөв талын гуян дээр ширээтэй буудай тамгатай гүүг алдсан. ... сумын А  нэртэй газруудаар эрж хайж сурагласан хэдий ч олдоогүй. Тухайн үед манай малыг Х  хочит Ш  малладаг байсан. Миний алдсан хонгор гүү ижлээсээ ердөө салдаггүй байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 127 дугаар хуудас/,

Гэрч Б.Н гийн өгсөн: ... 4 хөл шийр цагаан хээр азаргатай адуунаас том хонгор гүү алдсан, гомдолтой байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 129 дүгээр хуудас/,

Гэрч П.О ын өгсөн: "...Б.Ш  манай хашаанд хамгийн эхлээд 1 үхэр, дараа нь 1 морь, түүний дараа 3 үхэр авчирч махалж байсан…, он сарыг нь сайн сайн мэдэхгүй байна уг үхэр авирсаны дараа 1 тооны адуу авчирч махалсан. Уг адууны эр эмийг нь сайн мэдээгүй. Ямар учиртай адуу болохыг нь асуухад хөл нь доголсон юм гэж байсан. Миний хажууд найз нөхдөөсөө малаа асуугаад байдаг болохоор нь тухайн үед малтай юм байна гэж бодож байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 131 дүгээр хуудас/,

Гэрч  П.О ын өгсөн: ...манай  нөхөр Ш  нь 1 тооны адуу авчирч байсан. Уг адууны нас хүйс зүсийг нь бол би мэдэхгүй. Надад хэлэхдээ хөл нь доголсон учраас махлаж байгаа юм гэж хэлж байсан. Уг адууг 2018 оны 10-11 сарын хооронд авчирч О  эгчийн хашаанд махлаж бид хоёр гэдэс дотрыг нь цэвэрлэж байсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

Гэрч Л.Ц ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын эхээр Хялганатын Х  гэх залуу ******** дугаар луу над руу залгаад морьгүй болчихлоо морь барилцаад өгөөч гэж намайг дуудсан би ... сумын А  нэртэй газарт хээр зүсмийн им тамгагүй өөрийнхөө морийг унаад очиход Х  нь алаг азаргатай 10 гаруй тооны адууг тууж ирээд зөв талынхаа гуян дээр ширээтэй буудай тамгатай том хонгор гүүг миний унаж ирсэн хээр зүсмийн морийг унаад модон уургаар барьж аваад явсан  юмаа. Х  нь өөрөө морь  малгүй явсан байсан..  би Х гийн гүү юм байх л гэж бодсон...." гэх мэдүүлэг, /хх-ийн 147 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.А гийн өгсөн: ...манайх Булган аймгийн ... сумын 4 дүгээр баг Хялганат Ц гэх газраас 2018 оны 11 сарын 3-14-нд шилжих шөнө хонгор морь алдсан. Манай алдсан морь хонгор зүстэй, зөв талын гуян дээр дээшээ харсан сэрэг, сэрээн доор хөндлөн 5 үсгэн тамгатай, нас бие гүйцсэн бүдүүн морь байсан. Хоёр чихний аль нэг үзүүрт цуулбар имтэй морь байсан. Би алдсан морио 1500000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Н гийн өгсөн: “...уг алдсан хонгор морь нь 2018 оны 11 сарын 12-13-нд шилжих шөнө дээш харсан сэрээ, доогуураа 3 үсгэн тамгатай хонгор морь хулгайд алдсан. Гүйж үзээгүй морь байгаа юм..." гэх мэдүүлэг, /хх-н 15 дугаар хуудас/,

Гэрч Г.Ж ы өгсөн: 2018 оны 8 сарын үед голын эрэг дээр манай нөхөр болон Б  нар маргалдаж байсан. Яг ямаар шалтгааны учраас маргалдсаныг бол мэдээгүй. Тухайн үед маргалдаад л салж байсан. Маргааш нь харахад манай нөхрийн хацар болон хүзүү хэсэг нь урчихсан байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ын  өгсөн: 2018 оны  08 сарын үед манай талийгаач ах Л  болон Л  болон эхнэр, мөн манай эхнэр Н  нарын хамт бид нар хамт сууж байгаад пиво уусан юм. Тухайн үед уусан пивондоо халцгааж би Л  ах надад өгнө гэж байсан хонио өгөөгүй болохоор жаахан дургүй хүрч бид хоёр хоорондоо маргалдсан. Тэрнээс хойш Л  ах дуу муутай хөндий байдаг болсон. Манайх 2019 он гарснаас хойш 2 хорь, 2018 онд 1 үхэр, 1 гүү алдаж байсан. Би ер нь гэртээ байдаггүй тусдаа гарсан учраас энэ талаар манай эгч А  л алдсан малын талаар мэдэж байгаа... гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч П.О ын өгсөн:...Л  гэх хүний хүүхэд 2018 оны 11 сарын үед цас орсон үеэр морь өгч явуулсан байсан. Уг морийг манай нөхөр Ш  унаад хөдөө явна гэж хэлээд манай гэрт байдаг сүлжмэл суран бугуйлыг аваад явсан.. 2018 оны 11,12 сарын үед Л  ах мах зараад өгөөч гэсэн гээд адууны хаа, гуяар болгосон мах авч ирж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Яллагдагчаар Н.Ш гийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын  сүүлээр байхаа Л  гэх хүн нь намайг иргэн Б гийн хонгор зүсмийн адууг аваад ирээч хоёулаа хуваагаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд ямар учраас авах гээд байгаа талаар хэлэхдээ Б  гэх хүнтэй хэрүүл маргаан хийсэн гэж хэлж байсан..., хэд хоногийн дараа Л  нь хүү С гаараа халиун  зүсмийн  морь, эмээл, хазаартай нь өгч явуулсан. Тэгэхээр нь би надаар хулгай хийлгэх гэж байна гэж бодоод халиун морийг унаад Б гийн эзэмшлийн хонгор морийг ... сумын 1-р подемийн ойролцоо байрлах голын ойролцоо өдрийн 12 цагийн орчимд бугуйлдаж барьж авсан...,  Л ы хамтаар Б гийн эзэмшлийн хонгор морийг төхөөрч янзалсан...., Булган аймгийн ... сумын 1 дүгээр подемын ар талаас адуун дундаас хонгор зүстэй морийг халиун морьтой явж байгаад хавтгай суран  бугуйлаар  бугуйлдаж бариад уг бугуйлаар нь хөтөлж Хандгайт гэх газар Л  гэх хүний өвөлжөөн дээр очиж Л ы хамт махлаад уг адууны  махнаас талыг нь Л   намайг зараад өгөөч  гэж хэлээд талыг нь заруулсан. Л  гэх залуу   Н  гэх хүний хүүхэд Б той хэрэлдэж зодолдсон учир намайг уг хонгор морийг нь бариад ир гэж хэлээд надад өөрийн хүүхэд С гийн халиун морь, бугуйл хоёрыг өгч явуулсан. Би тэгээд уг морийг нь хулгай хийж аваачиж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Яллагдагчаар М.Л гийн өгсөн: Ш  морь хулгай   хийе гэхээр нь би Б гийн хонгор морийг авчихгүй юу гэж хэлэхэд нь би тэдний адууг сайн мэднэ. Тиймээс би алаад ирье гэж хэлсэн. Ш  нь 21 цагийн үед буюу харанхуй болчихсон байх үед Б гийн хонгор зүсмийн морийг хөтөлчихсөн ирсэн. Тэгээд тухайн адууг хамт төхөөрч янзалсан. Харин толгой шийр, арьс, гэдэс, дотор зэргийг манай өвсний хашаанд хийсэн. Тэгээд манайд хоночихоод 2 хоногийн дараа огт хараагүй жижиг цагаан машинтай ирээд хонгор адууны махыг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2, 52, 80, 123 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Тольдох Оюуны Өгөөж ХХК шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-34, 67-71, 107-111, 135-140 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 35-37, 72-73, 112-113 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 170-176 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 186, 189 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-164 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогч Д.А д 2600.000 төгрөг, хохирогч Д.О т 2.400.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ш  нь 2018 оны 10 дугаар сард Булган аймгийн ... сумын нутгаас иргэн Д.А гийн 1 тооны сувай үнээ хулгайлж 850000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сард Булган аймгийн ... “Ц” гэх газраас иргэн Д.О ийн 3 тооны үхэр хулгайлж 2400000 төгрөгний хохирол учруулсан,  Булган аймгийн ... “Х” гэх газраас Булган аймгийн ... сумын 4 дүгээр багийн иргэн Д.А гийн 1 тооны хонгор зүсмийн гүүг хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Л  нь Н.Ш тай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай оролцож 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Булган аймгийн ...ы “Ц” гэх газраас Д.А гийн 1 тооны хонгор зүсмийн нас гүйцсэн морь хулгайлж 950000 төгрөгний хохирол учруулсан болох нь тус тус нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаА  бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч М.Л , Н.Ш  нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журмалан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсгэвэрээ болгож байна гэж мэтгэлцжээ.

Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг, амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсаны дагуу хэргийг хянан хэлэлцсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаас дүгнэхэд байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгтийн 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуулчилсан байх ба шүүгдэгч М.Л, Н.Ш  нар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч Н.Ш , М.Л  нар нь бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан байх тул шүүгдэгч нарт дээрхи хуулийн хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Л , Н.Ш  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн хохирогч Д.А д 2.600.000 төгрөг, Д.О т 2.400.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.А д шүүгдэгч М.Л  475000 төгрөг төлсөн байх ба хохирогч Д.А  гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш  хохирогч Д.О т  1.250.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг хийсэн хуулгын баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш гаас 1.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О т, хохирогч Д.А д 2.125.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Л, Н.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай хүрэн иштэй хутга 1 ширхэг, 21 см урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Н.Ш , Б овгийн М.Л  нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л г 01 /нэг/ жил, Н.Ш , 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Л , Н.Ш  нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Л , Н.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, М.Л  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай хүрэн иштэй хутга 1 ширхэг, 21 см урттай улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Ш гаас 1.150.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... оршин суух хохирогч Д.О-т, Орхон аймгийн Баян-Өндөр сум ... оршин суух хохирогч Д.А-д 2.125.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Л , Н.Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН