Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 5

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Ч.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А овогт Ч.П д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005480296 дугаартай, 163/2020/0003/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, А овогт Ч.П

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.П  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын “Н” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу мод тээвэрлэж байгаль экологид 87495 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1915005480296 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Н ийн өгсөн: “...Сэлэнгэ сумын 1 дүгээр багт байрлах Н гэх газарт 2019 онд түлээний модны талбайн тусгаарлалт хийлгэн эрхийн бичиг олгох зөвшөөрөл олгосон...Аймгаас аймаг руу явахдаа мод модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ авч тээвэрлэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ы өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой Бугат сумын ойр орчим хяналт шалгалт Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөлгөөнтөөр эргүүлийн үүрэг гүйцэтгээд Бугат сумын нутаг дэвсгэр дээр байдаг Бугат модны захын хажуу талд явж байтал түлээний мод ачсан **-** БУЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл хажуу талын замаар уруудаад Орхон аймгийн хорооллын хажуугаар тэр тээврийн хэрэгсэл явж байхаар нь Бугат сумын модны захаас зөвшөөрлийн бичиг авах гэж байна гэж бодсон чинь шууд Орхон аймгийн Шанд багын хороолол руу орсон засмал замаар явахаар нь би араас нь очиход Орхон аймгийн Шанд багт байрлах 17 дугаар ерөнхий боловсролын сургуулийн урд талын засмал дээр явж байхаар зогсоон шалгахад түлээний мод бэлтгэх эрхийн бичигтэй явж байсан харин түлээний мод тээвэрлэх гарал үүслийн бичиггүй явж байхаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч С.Х ын өгсөн: “...Уг мод бэлтгэх эрхийн бичгээр харьяа сумынхаа модны зах хүртэл явах эрхтэй харин Орхон аймаг руу модоо оруулах бол модны захдаа мод бэлтгэх эрхийн бичгээ хураалган модны захаас Орхон аймаг руу оруулах эрхийн бичиг авдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27­ хуудас/,

Яллагдагчаар Ч.П  мэдүүлэгтээ: “...Тэгээд Орхон аймаг руу ороод гэрлүүгээ буюу Орхон аймгийн 17 дугаар сургуулийн урд талын засмал зам дээр явж байтал миний араас их гэрлээрэй нэг машин дохиод байхаар нь зогссон чинь нэг цагдаа тэр машинаас бууж ирээд бичиг баримтаа  шалгуулна уу гэхээр нь би бичиг баримтаа шалгуулсан чинь модны чинь гарал үүслийн гэрчилгээ буюу Орхон аймаг руу орох тасалбар чинь байна уу гэсэн тэгээд би байхгүй гэсэн чинь тэр цагдаа миний машиныг Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд журамласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 31 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.П  нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын “Н” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу мод тээвэрлэж байгаль экологид 87495 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.П  гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 87495 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 262485 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.П  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ч.П  гэмт хэрэг үйлдэж олсон  3, 07 м3 хэмжээтэй 58 ширхэг шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай Ч овогтой П ын эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4500000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч овогтой П д буцаан олгохоор шийдвэрлэ.

Шүүгдэгч Ч.П д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ч.П  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. А овогт Ч.П ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П  нь торгуулийг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.П ын гэмт хэрэг үйлдэж олсон 3, 07 м3 хэмжээтэй 58 ширхэг шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4500000/ дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ч овогтой П д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ч.П  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН