| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0502/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 654
2020 04 09 2020/ШЦТ/654
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч Ц.Урангоо,
шүүгдэгч О.у, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2604/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.ут холбогдох эрүүгийн 1906 06888 0422 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.у, Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн “Дархан” суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “М-Си-Эс” кока кола компанид түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.ут 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сейркл кей” хүнсний дэлгүүрийн урд талын машины зам дээр 84-07 УНК улсын дугаартай, “Тоёота приус-10” маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Урангоог чирж, нүүрэн хэсгээр нь газар мөргүүлэн, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгч О.уын гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.ут 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сейркл кей” хүнсний дэлгүүрийн урд талын машины зам дээр 84-07 УНК улсын дугаартай, “Тоёота приус-10” маркийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн Ц.Урангоог чирж, нүүрэн хэсгээр нь газар мөргүүлэн, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.у гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.уын өгсөн: “Би ажлаа тараад таксинд явж байгаад энэ хүн явж магадгүй гэж бодоод хажууд нь очиход нүүр нь цус болсон байсан. Тэгээд зогссон чинь хохирогч суухаар нь би “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ойрхон та гэмтсэн байна” гэж хэлсэн чинь “хэрэггүй миний дүү зурагт руу хүргээд өг” гээд гуйгаад байсан. Тэгэж хэлэхээр нь би найз эсвэл нөхөр нь ийм болгосон юм байх гэж бодоод “эгчээ би таныг хүргэж өгч чадахгүй та ингээд буучих” гэж хэлээд хамт явж байсан дүүдээ буулгачих гэж хэлсэн. Тэгсэн манай дүү хаалга онгойлгоод гуйгаад зогсоод байхаар нь би таксинд явж байсан болохоор доош нь харуулаад 2 мөрнөөс нь татаад хөлийг нь машинаас сугартал татаад буулгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг[1],
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Урангоогийн өгсөн: “...Тухайн өдөр 3 найзтайгаа уулзаад согтсон байсан болохоор буудалд өрөө аваад би цүнх, утсаа бүгдийг нь тэнд орхисон. Тэгээд маргааш нь би ажилтай байсан болохоор найзууддаа хэлээгүй, шөнийн цэнгээний газраас гараад такси барих гээд зам руу очоод удаагүй шүүгдэгч О.у ирээд зогссон. Машинд нь суусан чинь шүүгдэгч О.у “эгч хаашаа явах юм бэ?” гэхээр нь би “зурагтын хуучин эцэс орно , эгчид нь мөнгө алга, маргааш ажилтай очоод би хүүгээсээ аваад өгье” гэж хэлсэн. Тэгсэн шүүгдэгч О.у “тийшээ явах бензин байхгүй” гээд уурлаад намайг буулгасан. Буулгах явцдаа би их гэмтсэн. Тэгээд би машин түшээд зогсоод авраарай гэж дуугараад ухаан алдсан. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ирээд эрүүний хагалгаанд орж байсан. Би тэр үед ямар ч хүнтэй муудалцаж хүнд зодуулаагүй байсан. Хэрвээ би зодуулсан байсан бол тухайн үедээ арга хэмжээ авах байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч Ц.Урангоогийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[3],
4. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[4],
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №14022 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Ц.Урангоогийн биед эрүү ясны үений толгой хэсгийн далд хугарал, тархи доргилт, доод нэг шүдний эмтрэл, сулрал, зүүн гадна чихний сувгийн урагдал, доод эрүүнд шарх, цус хуралт, уруул орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],
6. Шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ц.Урангоогийн биед учирсан гэмтлүүдээс эрүүний доод хэсэгт үүссэн шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох болон хатуу мохоо зүйл мөргөхөд үүсэх боломжтой. Эрүүнд гэмтэл үүсгэсэн хүчин зүйлийн нөлөөгөөр эрүүний үений толгой хэсгийн далд хугарал үүсэх боломжтой. Хохирогч Ц.Урангоогийн биед учирсан гэмтэл нь хохирогчийн эрүүнд болон нүүрэнд үйлчилсэн нэг удаагийн хүчин зүйлийн нөлөөгөөр буюу нүүрээрээ унахад ч үүсэх боломжтой” гэх мэдүүлэг[6],
7. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №15733 дугаартай хохирогч Ц.Урангоогийн “өвчний түүх”[7],
8. Гэрч Э.Эрдэнэ-Очирын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр О.у ахын хамт машинтай нь такси үйлчилгээнд явж байсан. Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянцээл” өгсөөд явж байхад нэг эмэгтэй гар өргөж суусан. О.у ах тэр эмэгтэйд таксинд явахгүй гэж хэлсэн боловч машинаас буухгүй байсан. О.у ах надад “чи энэ эмэгтэйг буулгачих” гэж хэлсэн. Би машины араар тойрон хаалга онгойлгож “та буучих” гэж хэлсэн боловч буухгүй байсан. Би О.у ахад хандан “энэ эмэгтэй чинь буухгүй байна” гэж хэлээд машины урд суудалд суусан. Гэтэл О.у ах буугаад “...Та буучих. Би таксинд явахгүй” гэж хэлэхэд тэр эмэгтэй “эгчийгээ гэрт хүргээд өгчих” гээд буухгүй байсан. Энэ үед О.у ах тэр эмэгтэйн өмсөж явсан куртикнээс нь татаж буулгаад бид хоёр машинаа хөдөлгөөд явсан. Тэр эмэгтэй машинд суухдаа маш их согтолттой, нүүр нь битүү цус болсон байсан. Намайг харахад тэр эмэгтэйн дух, хамарнаас нь цус гарсан байсан. О.у ах тэр эмэгтэйг хэвтээгээр нь чирч буулгасан” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч Б.Баярмаагийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найзууд болох Урангоо, Нарантуяа, Ариунзул нартай 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” нэртэй бааранд уулзсан. Намайг ирэхэд тэр гурав нэлээн согтуу бүжиглээд байж байсан. Бид нар нэг шил архи авч хувааж уусан бөгөөд тооцоогоо хийх гээд байж байхад Урангоо гараад явсан байсан. Баарны ажилтан эмэгтэй Урангоо, Ариунзул хоёрыг гар гэж түлхээд байсан. Бид нарыг баарнаас гараад ирэхэд Урангоо байхгүй байсан. Бид гурав шууд буудлын өрөөндөө ороод унтсан. Өглөө Нарантуяагийн гэрт очсон. Өглөө буудалд Урангоогийн утас дуугараад байхаар нь утсыг нь авсан чинь Эрхэмээ гэдэг найз нь залгаад эмнэлэгт байгааг хэлсэн. Урангоо бааранд хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй. Урангоо маш их согтолттой байсан. Бааранд Урангоогийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг[9],
10. Гэрч Б.Ариунзулын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз Урангоо, Нарантуяа нартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад уулзаж хамт архи уусан. Тэнд байхад Урангоогийн найз Эрхэмээ гэх хүн ирээд бид нарт “Сансар” гэх буудалд өрөө авч өгөөд явсан гэсэн. Би пабаас гарснаа санахгүй байгаа. Нэг санахад бид нар нэг бааранд бүжиглэж байсан. Дахиад нэг санахад Баярмаа гаднаас орж ирсэн. Нэг сэрэхэд зочид буудалд унтаж байсан бөгөөд Нарантуяагийн нөхөр залгаж дуудсан тул бид нар үүрийн 05 цагийн үед гарахад Урангоо байхгүй байсан. Надад өөр санаж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг[10],
11. Гэрч Д.Нарантуяагийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найзууд болох Урангоо, Ариунзул нартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад уулзаж хамт архи уусан. Тэнд байхад Урангоогийн найз Эрхэмээ гэдэг хүн ирээд бид нарт “Сансар” гэдэг буудалд өрөө авч өгөөд явсан. Бид гурав буудлаас гарч “Бамбар” нэртэй бааранд орж архи авч уусан. Баарнаас тооцоо хийх гэтэл бид нар бүх зүйлээ буудалд орхисон байсан тул баарны ажилтантай маргаж байх зуур Урангоо гараад явсан байсан. Тэр баарны эмэгтэй ажилтан Урангоо, Ариунзул нарыг гар гээд хөөгөөд байсан шиг санаж байна. Бид нар Урангоог хаана, хэрхэн гэмтсэнийг мэдэхгүй” гэх мэдүүлэг[11],
12. Хохирогч Ц.Урангоогийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найзуудын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Цэ” нэртэй пабад таарч ууж эхэлсэн. Тэр газраас гараад “Сансар” гэх зочид буудалд өөрийн найз Эрхэмбаярыг дуудаж өрөө авахуулсан. Эрхэмбаяр ирж буудалд өрөө авч өгөөд явсан. Бид нар “Бамбар” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Нээх удалгүй би найзуудыгаа орхиод ганцаараа гарсан. Баарнаас гараад доошоо уруудаад явж байсан. Би их согтсон байсан бөгөөд нэг зогсож байсан машинд суух гээд очиход суулгалгүй хөдлөөд явсан. Тэгээд би такси зогсоогоод телевиз орно гэж хэлсэн. Би тэр хүмүүстэй муудалцсанаа санахгүй байна. Намайг машинаас нэг хүн чирж буулгасан бөгөөд би маш хүчтэй цохиулж тэр хүнээс зуурсан. Миний санаж байгаагаар би мөнгөө өгнө гэж хэлсэн тул тэр хүн намайг мөнгөгүй явж байна гэж бодоод хүчээр чирж буулгасан байх. Намайг яг яаж цохисоныг санахгүй байна. Нэг цохиулаад ухаан алдахад намайг чирээд байсныг санаж байна. Би эрүүгээ хөдөлгөхөд шажигнаад байсан. Би тухайн машинд хэдэн хүн байсныг санахгүй байна. Машины марк дугаарыг нь хараагүй. Миний эрүүний доод хэсэгт хоёр оёдол тавьсан. Хоёр талын чихний суурь яс бяцарсан мөн толгойны арын хэсэгт бяцарсан байна гэсэн. Эрүүнээс бусад хэсэгт ил шарх байхгүй, битүү гэмтэл байгаа тул хавдар буухаар хагалгаанд оруулна гэсэн. Би шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Санал нийлж байна. Надад учирсан гэмтлийг миний суусан таксины жолооч учруулсан. Би тэр хүнийг хараад танихгүй. Эмчилгээний зардалд гарсан хохирлоо нэхэмжилж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг[12] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.уын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч О.уаас 1,063,094 /нэг сая жаран гурван мянга ерэн дөрвөн/ төгрөг гаргуулан, хохирогч Ц.Урангоод олгох нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч О.ут эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.ут ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч О.ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.у нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.уын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.уаас 1,063,094 төгрөг гаргуулан, хохирогч Ц.Урангоо /Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 6-170 тоотод оршин суух, ЛМ76032001 регистрийн дугаартай/-д олгож, хохирогч нь цаашид өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Шүүгдэгч О.у нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч О.ут урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.ут авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтст хэргийн 4 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 8-13 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 38-49 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 33 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 34 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 15-17, 19-20 дугаар тал