Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0560/З |
Дугаар | 221/МА2021/0277 |
Огноо | 2021-05-31 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2021/0277
Б.Эын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.Э-ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.О, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н., Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Т.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “Г” ХХК зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхөөр шүүх шийдвэрлэсэн боловч зээлийн гэрээний барьцааны зүйлийг хэрхэн шийдвэрлэхийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгох зохицуулалтад хамаарахгүй юм” гэжээ.
Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ дуусгавар болсноор барьцааны гэрээ дуусгавар болдог. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасны дагуу Капитал банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 385, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63-1 тоот “Барьцааны гэрээ”-ний барьцааны эрх дуусгавар болсон.
Иймд дээрх шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Э-аас “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 65/2 дугаар байрны 9 тоот, 54 м.кв, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрын 1 тоот, 60 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоот, 554 м.кв бүхий зуслангийн газар, 74.2 м.кв бүхий хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 давхарт, А хэсэгт байрлалтай 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... “Г” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж, улсын бүртгэлээс хассан. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон” хэмээн тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Капитал банк” ХХК нь “Г” ХХК-ийн ерөнхий захирал Б.Этай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 358 дугаар “Барьцааны гэрээ”, мөн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 63-1 дугаартай “Барьцааны гэрээ” тус тус байгуулсан, уг барьцааны гэрээнүүдийн барьцаа хөрөнгөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгүүд багтсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгаж, “Капитал банк” ХХК-д төлөх өр болох 983 913 873 төгрөгийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлж, үүрэг дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн барьцааны эрх дуусгавар болгосныг бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд өнөөдрийг хүртэл “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн барьцаанд байгаа зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу шүүх уг захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй.
Үүнийхээ хүрээнд маргааны үйл баримтад холбогдох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 65/2 дугаар байрны 9 тоот, 54 м.кв, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Жамсранжавын гудамж, 19 дүгээр байрын 1 тоот, 60 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14010/ 1 дүгээр гудамжны 337 тоот, 554 м.кв бүхий зуслангийн газар, 74.2 м.кв бүхий хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн 16/1 дүгээр байрны 1 давхарт, А хэсэгт байрлалтай 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Капитал банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан, уг үл хөдлөх хөрөнгүүдийн “барьцааны эрх дуусгавар болсныг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай байжээ.
Тодруулбал, шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч, нэхэмжлэгч Б.Э болон “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид л тодорхой эрх зүйн үр дагавар үүсэхээр байхад “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаас татгалзаж, хуульд заасан эрх, ашиг сонирхлоо илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН