Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 175

 

Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох

 

Ажлаас чөлөөлж, ажилд томилох, сануулах арга хэмжээ авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дашдаваа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болорчимэг,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2014 оны 11 сард Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид сургалтын албаны даргын албан тушаалд ажилд орсон. Ажилд орсон өдрөөс хойш ажлын хамт олонтойгоо найрсаг байж, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй гүйцэтгэж байсан, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 11 сарын 23-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. 2015 оны 9 сарын 14-ний өдөр надад урьдчилан мэдэгдэлгүй сургалтын албаны албан тушаалыг бууруулж сургалтын албаны арга зүйч албан тушаалд томилсон. Уг шийдвэрийг гарч байгаа талаар хэлсэн боловч тухайн албан тушаалыг бууруулсан шийдвэр гаргаж өгч танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Мөн ээлжийн амралт эдлэх 30 хоногоос 20 хоногийг хэсэгчлэн эдлүүлсэн боловч үлдсэн 10 хоногийг биечлэн эдлүүлээгүй. Намайг 2015 оны 12 сарын 08-ны өдөр Б/208 тоот тушаалаар ажлаас халсан хэмээн 2015 оны 12 сарын 09-ний өдөр ажлаас халсан тушаалын хуулбарыг өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.6, 5.3.9, Сургуулийн дотоод журмын 7.2.2.4, 7.2.2.5, 7.2.2.5, 7.2.2.8, 7.2.29 дэх заалт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 02-09-087/1309 албан шаардлага, Захиргааны зөвлөлийн хурлын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн шийдвэр, Сургуулийн захирлын 2015 оны 9 сарын 01-ний өдрийн шийдвэр, сургуулийн   захирлын 2015 оны 9 сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтыг баталсан 125 тоот тушаалыг тус тус  үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд тухайлан дурдаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд зайлшгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримтлах шаардлагай. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй. Мөн миний бие хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Гэтэл ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаал, сануулах арга хэмжээ авсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаал, ажлаас чөлөөлсөн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн  Б/208 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгон, сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 1 778 554 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны олговор 18 245 311 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн шүүхэд гаргасан тайлбарт: 2015 оны 9 сарын 14-ний өдрийн захирлын 147 тоот тушаалаар Б.Отгонбүзмааг сургалтын албаны менежерээс чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилж өөр ажилд шилжүүлсэн. Энэ шийдвэрийг гарч байгаа талаар надад хэлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдсэнээ баталжээ. 2015 оны 9 сарын 14-ний өдөр тушаал rapах үед ажлаа хийж байсан бөгөөд тушаал гарсныг бүрэн мэдсэн. Тушаалтай танилцсан бөгөөд ажлаа 2015 оны 10 сарын 28-нд арга зүйч Д.Одгэрэлд хүлээлгэж өгсөн. Д.Одгэрэлийн тодорхойлолтоор нотлогдож байгаа. Б.Отгонбүзмаа нь 2015 оны 6 сарын 29-ний өдрөөс өмнө сургалтын албаны зохион байгуулагч дарга байсан. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 сарын 29-ний өдрийн А/126 тушаалаар бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн. Сургалтын албаны даргын албан тушаал байхгүй болж сургалтын менежер болсон. 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаалаар менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөж арга зүйч болсон. 2015 оны 9 сарын 14, 15-нд ажилдаа ирсэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулая гэхэд байгуулаагүй. 2015 оны 9 сарын 16-ны өдрөөс өвчтэй гээд явсан, 9 сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн. Хүний нөөц дуудсан. 9 сарын 24-25-ны өдөр ажлаа тасалсан, 9 сарын 26-30 ны өдрүүдэд өвчтэй байсан. 10 сарын 09-ний өдөр хүртэл өвчтэй байсан. 10 сарын 12-ны өдрөөс 10 сарын 30-ны өдөр хүртэл арга зүйчийн ажлаа хийсэн. 10 сарын 28-ны өдөр арга зүйчийн ажлаа хүлээн авсан. 12 сарын 08-ны өдөр xүpтэлх хугацаа буюу халагдах хүртлээ арга зүйчийн ажлаа хийсэн. 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрч ажлаа 3 cap хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасан сануулах арга хэмжээ 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаалаар авсан. 11 сарын 1, 2, 6-13-ны өдрүүдэд ажлаа шалтгаангүйгээр тасалсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.5-д энэ талаар заасан байгаа. 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалсан, ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 02-09-087/1309 тоот албан шаардлагаар Б.Отгонбүзмаа нь ажилдаа хариуцлагагүй хандсан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандаж байсан нь нотлогддог. 2015 оны 5 сард элсэгчдийн журмыг батлуулсан гэх боловч албан ёсны тушаал байхгүй. Элсэгч төгсөлтийн тайлан байхгүй. Энэ талаар 2015 оны 12 сарын 04-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд Б.Отгонбүзмаагийн гаргасан дутагдал нь нотлогдож байгаа тул захиргааны санал, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг заавал бич гэж хуульчилсан зүйл байхгүй. Иймд Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129
дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдох, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай, сануулах арга хэмжээ авах тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах,   өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилд буруу шилжүүлсэн цалингийн зөрүү болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай Б.Отгонбүзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д
заасны дагуу нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас
чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаагийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухай: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргахаар хуульчилсан байдаг. Ажил олгогч надад уг шийдвэрийг хүлээлгэн өгөөгүй.

Шүүх зөвхөн ажилд ирсэн, явсан тухай ирцийн цахим бүртгэлийн системийн мэдээллийг үнэлсэн. Ажил олгогч надад уг албан тушаалыг хүлээлгэн өгсөн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, ажлын байраар хангасан эсэх, хөдөлмөрлөх боломжоор хангагдсан эсэх, уг хугацаанд яг сургалтын албаны арга зүйчийн ямар ажил хийж гүйцэтгэсэн эсэхийг үнэлж дүгнээгүй.

Миний сургалтын албаны менежерийн албан тушаалыг бууруулж сургалтын албаны арга зүйчийн албанд томилно гэж хэлсэн нь мэдэгдэл төдий бөгөөд уг мэдэгдлээр ямар нэгэн бодит үр дагавар учруулахгүй юм. Харин намайг өвчтэй байх хооронд сургалтын албаны менежерийн албан тушаалыг өөр хүнд шилжүүлэн өгсөн нь намайг буцаж ажлаа хийх гэтэл ажлыг чинь өөр хүнд хүлээлгэн өгсөн чамд хийх ажил байхгүй гээд ажил хийлгээгүй. Уг шийдвэрийг өгөхийг шаардсан боловч чамд тушаал хэрэггүй гээд өгөөгүй төдийгүй үзүүлж танилцуулаагүй. Үүнийг би шүүхэд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасны үндсэн дээр анх үзэж танилцсан. Шүүх үүнийг хүлээн авсан мэтээр буруу ойлгож дүгнэсэн.

Би нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны олговрыг уг өдрөөс эхэлж тооцсон нь үнэн. Харин өөр ажилд буруу шилжүүлсэн өдрөөс ажилгүй болох өдрийг хүртэлх цалингийн зөрүүг бодож нэхэмжилсэн. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн нэг шаардлагыг харж дүгнэсэн.

Мөн "2015 оны 9 сарын 15-ны өдрийн 81 тоот Хөдөлмөрийн гэрээ авагдсан ... Б.Отгонбүзмаа нь гарын үсэг зурахаас татгалзсан гэж хариуцагч тал тайлбарладаг..." гэсэн нь уг хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралд хариуцагч талаас гаргаж өгсөн бөгөөд уг гэрээг би урьд өмнө нь олж хараагүй, энэ талаар ажил олгогч надад үзүүлээгүй бөгөөд урьд нь байгаагүй зүйлийг шинээр бий болгож шүүхэд өгсөн байна. Тус хэсэгт хөдөлмөрийн гэрээний ар талын тэмдэглэл нь анх нотлох баримтаар авагдах үед байгаагүй. Гэтэл хэзээ яаж тэмдэглэсэн эсэх нь тодорхойгүй. Үүнийг шүүх үнэлсэн нь учир дутагдалтай. Хариуцагчийн тайлбараас үзвэл намайг сургалтын албаны арга зүйчийн албан тушаалд томилогдохгүй, захирлын тушаалыг хүлээлгэн өгөөгүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байсныг баталж байна.

Шүүх "...өвчтэй чөлөөтэй гэсэн шалтгаанаар ажилдаа ирдэггүй...ажил олгогчийн зүгээс боловсруулж гаргасан акттай танилцдаггүй ажилтанд хүчээр тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээг танилцуулах боломжгүй... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй гэж үзэв" гэсэн нь хэт нэг талыг баримталсан. Учир нь ажил олгогчоос тушаал, шийдвэрийг гарсан эсэхийг тодруулахад байхгүй гээд үзүүлдэггүй, тушаал шийдвэрээ авахаар удаа дараа шаардахаар өгдөггүй байсан. Хэрэв ажил олгогчийн тайлбараар би шийдвэрийг хүлээн авсан бол анх шүүхэд хандах эрх зөрчигдөхгүй байх байсан. Шүүх энэ бүх шалтгааныг тодруулж, лавлахгүйгээр зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэсэн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Б.Отгонбүзмаа хариуцагч Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдуулан ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2015 оны 9 сарын 14-ний өдрийн 147 тоот тушаал, сануулах арга хэмжээ авах тухай 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Б/203 тоот тушаал, ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Б/208 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, сургалтын албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 1 778 554 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 245 311 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ. 

    

Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

           Нэхэмжлэгч нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 147 тоот тушаалаар Б.Отгонбүзмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сургалтын албаны арга зүйчээр томилохдоо Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаалын хуулбарыг үндэслэсэн байдаг. Хэргийн 88-95 дугаар талд уг тушаалын хуулбар болон Политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн орон тоог баталсан хавсралт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуулбар баримтууд байхаас гадна тус коллежид сургалтын албаны менежерийн орон тоо Хөдөлмөрийн сайдын А/126 тоот тушаал гаргахаас өмнө хэд байсан, нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг бууруулах үндэслэл нь юу болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

  

            Мөн Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн захирлын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/208 тоот тушаалыг гаргахдаа үндэслэсэн тус сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтыг баталсан 125 тоот тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг сургалтын албаны арга зүйчийн ажлаас чөлөөлөхдөө уг тушаалыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.    

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Б.Отгонбүзмааг өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн цалингийн зөрүү 1 778 554 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 245 311 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хэргийн 85 дугаар талд авагдсан цалингийн карт гэх баримтыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй, Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55-р тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар буюу ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дундажаар цалин хөлсний тооцоог гаргах нь илүү үндэслэлтэй, хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар авагдаагүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2016/01119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ