Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 32

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Мөнхтуяа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ууганбаатарт холбогдох 201616000172 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ууганбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, Ууганбаатарыг урьд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг улсын яллагч яллахаас татгалзсан болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Ууганбаатарыг ялтай байхдаа зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногоос эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, шүүгдэгч Б.Ууганбаатарын биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Ууганбаатарын биеийн байцаалттай холбоотой  бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.   

            Шүүгдэгч Б.Ууганбаатар давж заалдах гомдолдоо: Миний бие эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн өөрт холбогдсон хэргийнхээ талаар хүлээн мэдүүлж, хэргийнхээ талаар маргах зүйл байгаагүй. Надад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор анхан шатны шүүхээс 5 жил, 4 сар, 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би анхан шатны шүүхээс надад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй харин хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдлоо гаргаж байна.

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төвд У.Адъяасүрэнг ямарч шалтгаангүйгээр түүний зүүн гуянд 2 удаа хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн  мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судалдан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж миний хэргийн сэжигтэн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр дүгнэн Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж бичсэн.

Мөн “хохирогч У.Адъяасүрэн энэ гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч хохирол төлбөргүй болсон болох нь хохирогч У.Адъяасүрэнгийн шүүхэд rapracaн хүсэлт болон шүүх хуралдаанд оролцож хохирол төлбөргүй болсон” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж дүгнэн бичсэн нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаартай дүгнэлтээр “...уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэснээс зөрүүтэй болсон.

Иймд миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон хохирогч У.Адъяасүрэнд учруулсан хохирол болон гэм хорыг бүрэн арилгасан, мөн хувийн байдал, цагдан хоригдож байгаа хугацаанд маш олон зүйл ойлгож ухаарч хөгшин настай ээж, аавыгаа зовоож шаналгаж байгаадаа би маш ихээр харамсаж байгаа байдлыг илүү анхааран үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Б.Ууганбаатарт Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 4 сар 1 хоногийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн. Шүүгдэгч Б.Ууганбаатар нь ялын дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа шинэ Эрүүгийн хуулиар эрх зүйн байдал нь дээрдэж байгаа. Шүүгдэгч Б.Ууганбаатар нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул ялтны хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг түүний цагдан хоригдсон 109 хоногт дүйцүүлэн хорих ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг  оруулж байна гэв.

Прокурор Д.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Ууганбаатар нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил, 4 сар, 1 хоногийн хугацаатай хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн. Шүүгдэгч Б.Ууганбаатар нь бусдын биед хөнгөн гэмтэл гэснийг хүнд гэмтэл гэж ял оногдуулсныг зөвтгүүлэх гэж давж заалдах гомдол гаргасныг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ууганбаатар өмнө нь танхайн гэмт хэрэг үйлдээд ялтай байх хугацаандаа дахин танхайн гэмт хэрэгт үйлдсэн гэсэн үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа шинэ Эрүүгийн хуулиар эрх зүйн байдал нь дээрдэж байгаа учраас 1350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар өөрчлөх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:      

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнд хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж  анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Ууганбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төвд танхайрах явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн У.Адъяасүрэнгийн зүүн гуян тус газар 2 удаа хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс Б.Ууганбаатарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэжээ.

          Б.Ууганбаатар нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар хорих ял эдлэхээс 3 сар 01 хоногийн тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацааны дотор  үйлдсэн нь түүнд Эрүүгийн хуулийн /2002 оны / 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, түүнчлэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан шаардлага хангаагүйгээс түүнийг ялтайд тооцох хууль зүйн үндэслэлийг тус тус бий болгосон байна. /хэргийн 31, 35 дугаар хуудас/ Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

          Харин Б.Ууганбаатар нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж биш, харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал болгох үндэслэл болсон  байхад шүүхээс түүнийг ялтай байхдаа зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болсон боловч дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой юм.

Ялтай байдал, танхайрах гэмт хэрэг гэх ойлголтууд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ байхгүй болсон учир давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн  /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Б.Ууганбаатарт холбогдох хэргийг хууль буцаан хэрэглэж шийдвэрлэхээр тогтлоо.

Мөн Эрүүгийн хуулийн /2002 оны/ хорих ял оногдуулж тэнсэх, энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох тухай зохицуулалт нь агуулгын хувьд өөрөөр, тухайлбал Эрүүгийн хуулийн  /шинэчилсэн найруулга/ 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж хуульчлагдсан тул энэ талаарх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Иймээс Б.Ууганбаатарыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн /2002 оны/ 58 дугаар зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэм тогтоосон шийтгэх тогтоолын 5, 6 дугаар заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно. 

Б.Ууганбаатарын бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

Иймд Б.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Б.Ууганбаатар нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 56 хоног, түүнээс өмнө 143 хоног нийт 199 хоног цагдан хоригджээ. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцно”,  6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...тооцож эдлэх ялаас хасна” гэсний дагуу Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 199 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцвол 2985000 төгрөг болж байх тул түүнийг 1350000 төгрөгний торгох ялыг биелүүлсэн гэж үзэх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг “Дожив овгийн Бямбажавын Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаатарыг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 1350000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

5 дугаар заалтыг “ Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 199 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжид шилжүүлэн ялаа эдэлж дууссанд тооцсугай” гэж  өөрчилж, тогтоолын 6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаатарын давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл

цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай. 

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3-т заасан шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тэдэнд мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

           ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                Х.ГЭРЭЛМАА