| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0273/Э |
| Дугаар | 0380 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 0380
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
Улсын яллагч Т.Болор-Эрдэнэ /томилолтоор/,
Хохирогч П....,
Иргэний нэхэмжлэгч Х....
Шүүгдэгч Т.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван хонгор овогт ...ийн ...ад холбогдох 2008007750258 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд үл хөдлөх хөрөнгө зуучлалын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байр 48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Таван хонгор овогт ...ийн ... /....
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Т.... нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлаас таксинд сууж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах “Стила” нэртэй бааранд хүргүүлээд буухдаа иргэн П....ын эзэмшлийн хаяж гээгдүүлсэн “Самсунг-А70” маркийн гар утас, бэлэн 10,000 төгрөгийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад нийт 1,309,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур төвийн урдаас буюу Чингисийн талбайн урдхан талаас гэрлүүгээ харих гээд замын хажуу талаас саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Залуус орно гэж хэлсэн. Тэгээд машинд суугаад унтсан байсан. Таксины жолооч Залуус дээр ирлээ гэж хэлэхээр нь би сэрээд мөнгийг нь өгөх гээд цүнхэн дотроосоо утсаа хайхад таксины жолооч мөнгө хэрэггүй хурдан буу гэсэн. Би машинаас нь буугаад байрныхаа орцны хаалганы үүдэнд ирээд гар утсаа үзэхэд халаасанд байсан “Самсунг А70” маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд гар утсаа унагасан байж магадгүй гэж бодоод ойр хавиар нь хайсан боловч олдоогүй. Тухайн таксинд суухаасаа өмнө гар утасныхаа кесний ард талд 10,000 төгрөг байсан эсэхийг шалгаж үзсэн бөгөөд тухайн мөнгөөр таксиныхаа хөлсийг өгөх гэж байсан. Би тэр тээврийн хэрэгслийн арын суудал дээр суусан байсан. ...би утсаа авчихвал шүүх хуралдаанд оролцоод байх шаардлага байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6-10, 11-15 х/,
2.Хохирогч П....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 12 дугаар сарын 11-ний орой ажлынхаа шинэ жилд оролцсон. Дараа нь гэр лүүгээ харихаар такси барьсан ба өмнө нь хэд хэдэн өдөр нойргүй хоносон учир суумагц нойр хүрээд унтчихсан байсан. Буугаад мөнгөө өгөх гэтэл таксины жолооч хурдан буу мөнгө авахгүй гэж хэлсэн. Гэртээ ороод утсаа санан эргээд гарч иртэл таксины жолооч аль хэдийнээ явчихсан байсан. Маргааш нь цагдаад хандсан. Утсаа л авмаар байна. Лизингээр аваад нэг сар ч бололгүй алдчихсан. ... Улаан өнгийн гэртэй завсар нь 10,000 төгрөг хийсэн байсан ... Шүүгдэгчээс гар утас, 10,000 төгрөгөө авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Иргэний нэхэмжлэгч Х....ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр сар өдрийг нь сайн санахгүй байна. Өөртөө гар утас авах зорилгоор Үнэгүй.мн сайтруу нэвтрэн орж үзэхэд “Самсунг-А70” маркийн гар утас зарна, солино гэсэн зарын дагуу Лаки койн гээд нэртэй ломбарданд очоод утсыг нь үзэж сонирхоод утсаар солино гэсэн байхаар нь өөрийнхөө тухайн үед барьж байсан “Айпоне-8” маркийн гар утсаар шууд сольж авсан юм. Ер нь бол уг утсыг зарах үнийг яриагүй, анхнаасаа утсаар солино гэхээр нь асуугаагүй. Тэгээд тэр өдрөө шууд аваад явсан. Ингээд ашиглаж байхад цагдаагаас залгаад ийм асуудал болсон гэдгийг нь мэдсэн. ... гэмт хэргийн улмаас олсон утас гэж мэдээгүй. ...би тухайн Айпоне-8 загварын гар утсыг 2019 оны 11-р сард 850,000 төгрөгөөр худалдан авч байсан. энэ гар утсаа юмуу эсвэл 850,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 17-20 х/,
4.Иргэний нэхэмжлэгч Х....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Айфоне-8 утасныхаа хохирлыг барагдуулмаар байна. Тухайн үед ломбардын зарыг хараад Айфоне-8 утсаар А70-г сольж авсан. Цагдаа нар ирээд А70 гэх гар утсыг хурааж авсан. Би эргэж ломбард руу очиж ийм учиртай утас байсан байна, өөрийнхөө Айфоне-8 утсаа авъя гэхэд тийм зүйл байхгүй зарсан гэж хэлсэн, ... 750,000 төгрөгөө авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Шүүгдэгч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой таван шарын ойролцоо нэг найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад нилээн согтсон. Тэгээд орой буюу шөнийн 00-01 цагийн орчим гэж бодож байна. Таван шарын урд талын автобусны буудал дээрээс марк, улсын дугаарыг нь мэдэхгүй приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 10-р хорооллын Стелла шөнийн цэнгээний клуб орох зорилготой ганцаараа жолоочийн арын суудалд, машины баруун хойд хэсэгт суугаад явж байгаад замдаа тамхи татах гээд асаагуур гаргаж ирээд асаах гэтэл миний хөлөө тавьсан шалан дээр унтраастай андройд, буюу ухаалаг цэнхэр өнгийн гар утас байсан. Гадуур нь гэр байсан эсэхийг анзаараагүй, тэгэхээр нь аваад өмднийхөө халаасанд хийж жолоочид нь утас олсон тухай мэдэгдэлгүй таксины хөлсийг нь өгч явуулсан. Тэгээд хэзээ билээ, сайн санахгүй байна, хэд хоногийн дараа нөгөө олсон гар утсаа цэнэглэж асааж үзэхэд асч байсан бөгөөд дэлгэц нь кодтой байхаар нь бүх товчийг нь зэрэг дарж ресет хийгээд асаахад код нь тайлагдаад дотор нь юу ч байхгүй, шинэ утас шиг болсон. Ингээд тухайн гар утсаа хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байх нэг ломбарданд өөрийн бичиг баримтаар 450,000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгийг нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан. ...” гэх мэдүүлэг /хх 55-57 х/,
6.Шүүгдэгч Х....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Шаравдорж гэх найзтайгаа хамт архи ууж орой 00-01 цагийн үед байх 5 шарын автобусны буудлаас такси барьсан. Саарал өнгийн приус маркийн машин байсан ба 10 хорооллын Стелла гэх баар орно гэж хэлээд тамхиа асаах гэтэл хөл доор утас байж байхаар нь аваад халаасандаа хийсэн ... хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлсөн, хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
7.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байх 21 дүгээр байрны 23 тоотод байрлах “Ган зоос” барьцаалдан зээлдүүлэх газарт 2018 оноос ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг эрэгтэй хүн орж ирээд “Самсунг А70” маркийн гар утсыг хэдээр авах тапаар асуухаар нь би 450,000 мянган төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. Тэгтэл тухайн хүн надад “Самсунг А70” маркийн гар утас өгсөн бөгөөд би тухайн гар утсыг шалгаж үзэхэд ажиллагаа хэвийн байсан. Манайх 14 хоногийн хугацаа нь дуусаад тухайн хүний дугааруу руу хугацаа сунгуулах талаар мессеж явуулж сүүлдээ залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд “Самсунг А70” маркийн гар утсыг 490,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,
8.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би барьцаалдан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдэх газарт ажилтан хийдэг бөгөөд Хүнсний 4 дүгээр дэлгүүр дээр байрлах “Ган зоос” нэртэй ломбардан дээр /өдрийг нь санахгүй байна /“Самсунг А-70” загварын гар утас 450,000 төгрөгөөр барьцаанд тавигдаад хугацаа нь дуусаад хураагдсан. Тэгээд зарахаар болоод над дээр тавигдсан байсан бөгөөд би Үнэгүй.МН-д зар тавьсан чинь нэг хүн утсаар холбогдож ирээд “Айфоне 8” маркын гар утсаар солиод авсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
9.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг барьцаалдан зээлдүүлэх газраас Самсунг А70 маркийн гар утсыг өөрийнхөө Айпоне-8 маркийн гар утсаар шууд солиод авсан юм. Би тухайн утсыг авахдаа емей кодийг шалгахад 352029113517406/01, 352030113517404/01 гэсэн дугаартай байсан. Би Самсунг А70 маркийн гар утсыг авахдаа тухайн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан эрэгтэй өөрийнхөө 91194434 гэсэн дугаарыг өгсөн юм. Харин миний Айпоне-8 маркийн гар утсыг зарчихсан юм шиг байна лээ. Тухайн хүнийг ... гэж байсан бөгөөд 91045555 гэсэн дугаар ашиглаж байсан. Би тэр дугаарлуу нь залгаж ярьж байгаад холбогдож уг утсыг авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
10.Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-37 х/,
11. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самунг А70 маркийн гар утас 1,299,000 төгрөг” /хх 41-42 х/,
12. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Айпоне-8 маркийн гар утас 750,000 төгрөг” /хх 44-45 х/,
13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/
14.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 67 х/
15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82 х/
16.Хохирогч, иргэний нэхэмжэгч нарын хохирлыг төлсөн баримтууд /хх 134, 135 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.... нь 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлаас таксинд сууж Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах “Стелла” нэртэй бааранд хүргүүлээд буухдаа иргэн П....ын эзэмшлийн хаяж гээгдүүлсэн “Самсунг-А70” маркийн гар утас, бэлэн 10,000 төгрөгийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад нийт 1,309,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П....ын “... хашаа руу ороход халаасанд байсан “Самсунг А70” маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд гар утсаа унагасан байж магадгүй гэж бодоод ойр хавиар нь хайсан боловч олдоогүй. Тухайн таксинд суухаасаа өмнө гар утасныхаа кейсний ард талд 10,000 төгрөг байсан эсэхийг шалгаж үзсэн бөгөөд тухайн мөнгөөр таксиныхаа хөлсийг өгөх гэж байсан. Би тэр тээврийн хэрэгслийн арын суудал дээр суусан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-10, 11-15 х/,
Шүүгдэгч Т....ын “...миний хөлөө тавьсан шалан дээр унтраастай андройд, буюу ухаалаг цэнхэр өнгийн гар утас байсан. Гадуур нь гэр байсан эсэхийг анзаараагүй, тэгэхээр нь аваад өмднийхөө халаасанд хийж жолоочид нь утас олсон тухай мэдэгдэлгүй таксины хөлсийг нь өгч явуулсан. ...тухайн гар утсаа хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байх нэг ломбарданд өөрийн бичиг баримтаар 450,000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулаад дууссан. ...” гэх мэдүүлэг /хх 55-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....ийн “... 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг эрэгтэй хүн орж ирээд “Самсунг А70” маркийн гар утсыг хэдээр авах тапаар асуухаар нь би 450,000 мянган төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. Тэгтэл тухайн хүн надад “Самсунг А70” маркийн гар утас өгсөн бөгөөд би тухайн гар утсыг шалгаж үзэхэд ажиллагаа хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-37 х/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самунг А70 маркийн гар утас 1,299,000 төгрөг” /хх 41-42 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Хохирогчийн таксинаас буухдаа гээгдүүлсэн гар утас, 10,000 төгрөгийг шүүгдэгч бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж завшиж /өөртөө захиран зарцуулсан/, бага хэмжээнээс дээш буюу 1,309,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Шүүгдэгчийн хувьдаа завшсан 1,309,000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа.
Шүүгдэгч Т.... Самсунг А-70 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж өөртөө авч захиран зарцуулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогчийн гар утас, бэлэн 10,000 төгрөгийг буцаан өгсөн, мөн иргэний нэхэмжлэгчид учруулсан гар утасны хохирлын 750,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гар утас, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд /хх 134, 135 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй.
Улсын яллагч: Т....ад 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн, хөнгөн ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Т.... нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их биш зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг-А70” маркийн гар утсыг хохирогчид буцаан олгосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Таван хонгор овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т....ад үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т....ад мэдэгдсүгэй.
5.Т....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол бүрэн төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг-А70” маркийн гар утсыг хохиролд тооцон хохирогч П....д буцаан олгосон болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл иргэний нэхэмжлэгч энэ тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт;шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ