Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2020/0222/Э |
Дугаар | 2020/ШЦТ/226 |
Огноо | 2020-03-17 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/226
2020 3 17 2020/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0222/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ш.Хосбаяр,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Амарзаяа,
иргэний нэхэмжлэгч Ч.Баярбат,
шүүгдэгч Э.Х /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Х-д холбогдох эрүүгийн 201725021093 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС-5 дугаар байрны 25 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч, одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 17 дугаар гудамжны 1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Х /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шарга Морьт – Дүнжингарав чиглэлийн автобусанд сууж явсан “Ай Эн И Си Эс” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Баярбатын албан хэрэгцээний зориулалтаар авч явсан 12.760.000 Солонгос воныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирлоо богино хугацаанд төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч О.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Амарзаяа шүүхэд мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 17-нд “Ай Эн И Си Эс” ХХК-ийн нягтлан бодогч Ч.Баярбат нь БНСУ улс руу суралцах таван оюутны төлбөрийг шилжүүлэхээр банк руу автобусанд сууж яваад хулгайд алдсан. Нийтдээ 12.000.000 гаруй вон авч явсан. Цагдаагийн байгууллагаас хулгайлсан этгээдийг олж тогтоон тодорхой хэмжээний мөнгийг эргүүлж авсан. 2017 оны 10 дугаар сард Анударь гэх хүүхэд шүүхэд өргөдөл гаргасан байсан. Шүүхийн шийдвэрээр “Ай Эн И Си Эс” ХХК-аас 6.923.700 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамж 125.729 төгрөг, нийт 7.049.429 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...нягтлан Ч. Баярбатаас Анударь гэх оюутан охины хохиролд тооцож өгсөн 795 000 төгрөгийг хохирлоос хасч тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ч.Баярбат шүүхэд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр таван хүүхдийн сургалтын төлбөр болох 12.760.000 вон авч явсан. Энэ үед тухай үеийн Монгол банкны ханшаар БНСу-ын 1 вон 2.14 төгрөгийн ханштай байсан. Компанид нийт 27.306.400 төгрөгийн хохирол учирсан. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10.190.000 төгрөгийг монгол мөнгөөр, 2.100.000 вон нийтдээ 14.684.000 төгрөгийг буцаан авсан. Явцын дунд 1.795.000 төгрөгийг дахин өгсөн. Энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг “Ай Эн И Си Эс” ХХК-д, үлдэгдэл 795.000 төгрөгийг Анударь гэх охины ээжид нь өгсөн. Шүүгдэгчээс 16.479.000 хүлээж авсан. Үлдэгдэл 10.827.400 төгрөгийг авч чадаагүй. Хүүхдийнхээ байрыг барьцаанд тавьж 2.600.000 вон буюу 5.564.000 төгрөгийг өөрөө гаргаж тухайн оюутны суралцах гэж байгаа сургууль руу нь шилжүүлсэн. Компанийн зүгээс тухайн үед миний ажиллаж байсан хугацааны цалин болон ажлаас халагдсаны амралтын мөнгө болох 735.849 төгрөгийг хохиролд тооцож авсан. Одоогоор надад нийтдээ 6.752.023 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:
Хохирогч О.Энхжаргалын өгсөн: "... 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр манай байгууллагад ажилладаг Ч.Баярбатад БНСУ-д суралцах гэж байгаа 5 оюутны сургалтын төлбөр болох 12.750.000,00 воныг гадаад гуйвуулга хийлгэхээр өгч явуулсан боловч замдаа явж байгаад мөнгөө хулгайд алдсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад тэр үед Ч.Баярбат манай байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцож байсан. Тэгээд тэр үед 3 хүүхдийн төлбөр нь олдоод үлдсэн хүүхдийн төлбөр нь олдоогүй. Тэр мөнгө дүн нь өнөөдрийн ханшаар 7.000.000,00 төгрөг болж байгаа юм. Тэгээд Ч.Баярбат гэх нягтлангаар ажиллаж байсан хүн нь 2017 оны 7 дугаар сарын үед ажлаасаа гараад одоо хүртэл холбоогүй байгаа юм. Ажлаасаа гарахдаа ажлаа хүлээлцээгүй гарсан. Залгахаар утсаа авахгүй, олдохгүй байгаа юм. Тухайн үед Ч.Баярбатын алдсан мөнгө нь манай “Ай Эн И Си Эс” ХХК-ийн мөнгө байсан учир манай байгууллагад хохирол учраад байгаа юм. Ийм учир Ч.Баярбат нь энэ хэрэгт хохирогч биш манай “Ай Эн И Си Эс” ХХК нь хохирогч болох ёстой" гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 174 тал/,
О.Энхжаргалын хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 47-48 тал/,
Иргэний нэхэмжлэгч, гэрч Ч.Баярбатын өгсөн: "...Миний бие “Ай Эн И Си Эс” ХХК-ийн нягтлан бодогчоор... ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 5 сарын 11-ний өдөр манай байгууллагаар зуучлуулан БНСУ-д суралцах гэж байгаа 5 оюутны сургалтын төлбөр болох 12.760.000 воныг БНСУ-руу Капитрон банкаар дамжуулан шилжүүлэх байсан ба уг өдрийн 13 цагийн үед би ажлын байран дээрээс захирал О.Энхжаргалаас тус 12.760.000 воныг бэлнээр тоолж аваад тушаахаар явсан юм... Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн автобусанд суусан юм. Суугаад явж байгаад МУИС-ын 2 дугаар байрны урд талын буудал дээр автобус зогсож хүмүүсээ буулгах үед би хаалган дээр зогсож байсан ба хүмүүс бууж байхад би зай тавьж өгөхөөр ухрах үед нэг залуу миний халаасанд гараа хийчихсэн, гараа авч чадахгүй байсан... Тэр үед би өөрийн цүнхэнд байгаа мөнгөө огт бодоогүй юм... Капитрон банкны салбар дээр очоод цүнхээ онгойлгож үзэхэд цүнхэн дотор мөнгө байгаагүй юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 тал/,
Иргэний нэхэмжлэгч, гэрч Ч.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "...бүгд 12.760.000 вон байсан... тэд нараас буцаан авсан мөнгөнүүдийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бодоход нийт Монгол мөнгө 10.190.000 төгрөг, БНСУ-ын 2.100.000 вон өгснийг би өөрийн ухамсрын үндсэн дээр суралцаж буй хүүхдүүдийг хохиролгүй болгохын тулд... хүнээс мөнгө зээлж, 2.600.000 воныг нэмж.., шилжүүлсэн юм... Одоо би өөрийн нэмж өгсөн 2.600.000 вон, миний ажилласан цалин 452.173 төгрөг, амралтын мөнгө 735.848 төгрөгүүдийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 27 тал/,
О.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн: "...2017 оны 5 сарын 11-ний өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн гадна Э.Х, Золжаргал, Адъяа, Мөөгий, Батболд, Тэмүүка, Баянжаргал бид нар уулзсан юм. Тэгээд тэндээ 2 шил Хараа нэртэй 0.75 литр хэмжээтэй архи хувааж уусан юм... Тэгээд бид 8 тэр автобусанд суусан юм. Тэгээд МУИС-ийн 2 дугаар байрны урд талын автобусны буудал дээр бид 8 буусан юм... Э.Х Золжаргал руу залгаад "Наад автобуснаас чинь мөнгө авчихлаа, хүрээд ир" гэсэн юм... Тэгээд очоод Э.Хтай уулзтал "би энийг авчихлаа" гээд цаасанд боосон мөнгө харуулсан... Тэр цаасанд боосон мөнгө БНСУ-ын вон байсан бөгөөд дандаа 50.000 воны дэвсгэртээр 183 ширхэг байсан ба нийт 9.150.000 вон байсан юм. Тэгээд тэндээсээ такси бариад манай гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны 4 дүгээр орцны подвалд очсон юм... Тэгээд гэрт байж байгаад Э.Х "энэ мөнгийг солиулъя" гээд манай эхнэр Золжаргал, Тэмүүка нарыг дагуулан явсан юм. Тэгээд явчихаад 1 цагийн дараа ирээд 10 сая төгрөг орчим боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүдтэй ирсэн юм. Тэгээд тэр мөнгөнөөс Батболд, Адъяа, Мөөгий, Тэмүүка, Золжаргал, Баянжаргал бид 7-д хүн тус бүрийн 1.800.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг Э.Х ах өөрөө авсан юм. Тэгээд тэндээсээ салсан бөгөөд Э.Х ах манай гэрт жижиг гар цүнхэнд хэдэн төгрөг хийгээд хувцасны шкафны ард байдаг хөндий хэсэгт нууж үлдээгээд хэд хоногоос ирж авна, түр нуучих гэсэн юм... Тэр мөнгийг Э.Х автобусанд явж байхдаа... бид нарын урд зогсож байсан цүнхээ ардаа үүрчихсэн байсан эгчийн цүнхнээс авсан гэж Э.Х өөрөө хэлсэн. Би авахыг нь хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 163 тал/,
О.Адъяагийн сэжигтнээр өгсөн: "...Золжаргалын хамт яваад очтол Баянжаргал, Э.Х, Батболд, Мөөгий, 27-28 орчим насны 173-174 см өндөртэй шар царайтай залуу, Тэмүүжин нар байсан... Бид наймуулаа нийлээд 0.75 литрийн архи уугаад... автобусанд суугаад бид 8 Бөмбөгөр дээр очоод автобуснаас буухад... аль нэг нь яг хэнийг нь сайн санахгүй байна. Надад хандаж "Мөнгө авчихсан таксинд суу" гэж хэлсэн... Тэгээд Тэмүүжиний гэрт... 50.000 мянгатын нэг л резинээр боочихсон вон гаргаад ирчихсэн бариад сууж байсан... Э.Х мөнгийг солиулахаар... гарч явсан. Тэгээд бид нар гэрт үлдээд архи ууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгтэл... май энэ таны мөнгө гээд... боочихсон 20.000 мянгатын дэвсгэрт өгсөн... 1.800.000 төгрөг гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 47 тал/,
О.Адъяагийн яллагдагчаар өгсөн: "...Бид нар “Өег” цайны газарт хулгай хийхээр тохирсон зүйл байхгүй... Тэгээд Тэмүүжингийнд очиж архи уух гэж гараад явж байсан. Автобусанд бөөнөөрөө суусан. Хэн, хэн, хаана зогсож байсныг мэдэхгүй байна... Би ерөөсөө хүний халаасанд гараа хийгээгүй... Э.Хыг хаана байсныг мэдээгүй, автобусанд байсан. Би Э.Хыг хэнээс, юуг, яаж хулгайлсныг мэдэхгүй. Бусад хүмүүс ч гэсэн мэдэхгүй. Бид нар Э.Хыг хулгай хийхэд нь тусалсан, дэмжсэн, анхаарлыг нь сарниулсан тийм зүйл байхгүй. Хулгай хийснийг нь ч мэдээгүй. Автобуснаас буусны бүүр дараа л мэдсэн... Би бол хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Харин хулгайлсан эд зүйлийг бол авснаа зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 200 тал/,
Т.Золжаргалын сэжигтнээр өгсөн: "...Автобусан дотор явж байхад Э.Х "юм авчихлаа шүү" гэж хэлсэн. Тэгээд МУИС-ийн 2 дугаар байрны автобусны буудал дээр буугаад замын эсрэг талын автобусны буудлаас... Тэмүүжингийнд ирцгээгээд нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад Э.Х цаасанд боосон гадаад мөнгө гаргаж ирж тоолоод Э.Х нэг найзтайгаа гадаад мөнгийг зарах гээд гараад төд удалгүй эргэж орж ирээд хүн бүрт 1.800.000 төгрөгийг өгөөд би 800.000 төгрөгөөр нь Нарантуул худалдааны төвөөс гэр орондоо хоол ундны юм аваад, хоёр охиндоо хувцас авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 49 тал/,
Гэрч Ж.Золжаргалын өгсөн: "...2017 оны 05 сарын 11-ний өдрийн 14 цагийн үед байх би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр орцны подвалд байх гэртээ байж байтал манай нөхөр Тэмүүжин нь найз Баянжаргал, Э.Х, Золжаргал, Мөнхбат, Батболд, Тэмүүка, Адъяа нарын хамтаар гэртээ согтуу орж ирсэн юм. Тэгээд Э.Х нь өөрийн үүрдэг хар өнгийн ган цүнхнээсээ боодолтой Солонгос мөнгө гаргаж ирсэн бөгөөд тэр мөнгө нь боодолтой байсан юм. Тэр мөнгө нь 50.000 воны мөнгөн дэвсгэртээр байсан ба их мөнгө байсан... Тэр мөнгийг Э.Х Шаргаморьтын автобуснаас хулгай хийж авсан гэж хэлсэн юм... Э.Х надад хандан "надтай хамт 8-н Шарга руу очоод энэ мөнгийг солиулъя, эрэгтэй хүн явбал азаартаад цагдаад баригдчихна, чамайг халаасны цагдаа нар танихгүй учраас дагаад явчих" гэхээр нь би зөвшөөрөөд Э.Х болон Тэмүүка нартай 8-н Шарга зах орсон юм... Монгол мөнгөөр 16 сая орчим төгрөг солиулсан... Тэгээд гэрт орж ирээд хүн тус бүрт 1.800.000 төгрөг тоолж өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө авсан юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 50 тал/,
Э.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн: "...наймуулаа болоод дахин нэг шил архи хувааж уусан... Автобусанд явж байгаад... автобусны буудал дээр буугаад... Тэмүүжингийн гэрийн гадаа буугаад... ууцгаагаад сууж байтал Хүрлээ ах цүнхнээсээ цаастай Солонгос вон гаргаж ирээд... бид 2 найман шарга ороод воныг тоолуулахад 164 ширхэг, 50.000 вонны дэвсгэрт байсан. Төгрөгөөр 17.200.000 төгрөг болсон. Тэгээд буцаад таксиндаа суугаад нөгөө подвалдаа очоод Хүрлээ ах Баянжаргал, Мөнхбат, Батболд, Золоо, Тэмүүжин, танихгүй нэг ах байсан. Эдгээр хүмүүст хүн тус бүрд нь 1.800.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 74 тал/,
Э.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн: "...Угаасаа анхнаасаа тэгж хулгай хийхээр тохиролцсон зүйл байхгүй. Тийм учраас тэр эмэгтэйг ч хараагүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 247 тал/,
Б.Мөнхбатын сэжигтнээр өгсөн: "...Тэгээд “Өег” цайны газраас гараад 4 дүгээр дэлгүүр хүртэл алхаад 4 дүгээр дэлгүүрээс Шарга морьтын автобусанд гүйлдэж суугаад МУИС-ийн буудал дээр буугаад Сүхбаатарын талбай руу алхаад явж байтал Хүрлээ ах замын цаад талд гарчихсан хоёр такси барьчих гэж бид нар луу хэлсэн. Тэгээд бид нар 2 таксинд хуваагдаж суугаад Тэмүүжингийнх рүү явсан. Тэгээд Тэмүүжингийнд ортол Хүрлээ ах Тэмүүжингийн эхнэрийг Тэмкатай хамт аваад мөнгө солиулаад ирье гээд явсан. Тэгээд бид нар тэр гурвыг иртэл нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгтэл Хүрлээ ах бие засах өрөөнд бид нарыг нэг нэгээр нь дуудаад 20 мянгатын дэвсгэрт резинээр боогоод өгсөн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 76 тал/,
Яллагдагч Э.Хын өгсөн: "...Яг үнэндээ бол намайг хулгай хийх гэж байсныг хэн ч мэдээгүй байсан бөгөөд тухайн өдөр би... тэд нарт мэдэгдэлгүйгээр автобусанд сууж явсан эмэгтэй хүнийг цүнхийг онгойлгоод дотор талаас нь цаасанд боосон зүйл байсныг авсан. Тэгээд би найзуудыгаа дагаад автобуснаас буугаад ганцаараа салж яваад нөгөө цаастай зүйлээ үзтэл дандаа 50.000-тын дэвсгэртээр нийт 12.760.000 вон байсан. Тэгэхээр нь би ийм их хэмжээний мөнгө хулгайлчихсан юм чинь нөгөө хэд намайг хулгайлсныг мэдчихнэ гэж бодоод... хүн болгонд 1.800.000 төгрөг өгөөд салцгаасан. Тэд нарын хувьд хулгай хийхэд огт оролцоогүй. Харин өөрсдөд нь хулгай хийж олсон мөнгөө тараасан гэдгийг бүгдээрээ мэдэж байсан... Би энэ хохирлоо чадлынхаа хэрээр увуулж, цувуулаад төлж барагдуулна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 33-34 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Эрдэнэцэцэгийн Э.Х нь 2017.05.11-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн эсрэг талын автобусны буудалд ирж зогссон 13-194 гражийн дугаартай Шарга Морьт – Дүнжингарав чиглэлийн автобусанд зорчиж явсан Ай Эн И Си Эс ХХК-д нягтлан бодогч ажилтай Чимэдийн Баярбатын албан хэрэгцээний зориулалтаар улс хоорондын банкны шилжүүлэг хийлгэхээр цүнхэнд бэлэн авч явсан 12.760.000 Бүгд найрамдах Солонгос улсын воныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг мөн байх бөгөөд шүүгдэгч Э.Х нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн замаар амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн шунахай, гэмт зан байдал нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, нийгмийн хор аюул, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ялыг нь сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа улсын яллагчаас гаргасан ялын саналын хүрээнд шийдвэрлэв.
Хохирогч “Ай Эн И Си Эс” ХХК-ийн захирал О.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Амарзаяа нь шүүх хуралдаанд: иргэний шүүхийн шийдвэрээр “Ай Эн И Си Эс” ХХК-аас 6.923.700 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. улсын тэмдэгтийн хураамж 125.729 төгрөг төлсөн, нийт 7.049.429 төгрөгийн хохирлыг манай компаниас төлж барагдуулсан. Үүнээс нягтлан Ч.Баярбатаас Анударь гэх оюутан охины хохиролд тооцож өгсөн 795.000 төгрөгийг хасч тооцоод нийт 6.254.429 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж байх ба иргэний нэхэмжлэгч Ч.Баярбат мөн бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхийн тулд өөрөө цалингийн зээл авч төлсөн 2.600.000 БНСУ-ын вон буюу 5.564.000 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Х-с гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ч.Баярбатын шүүхэд гаргасан 6.752.023 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэж буй, “Ай Эн И Си Эс” ХХК-д ажилласан хугацааны цалин 452.175 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 735.848 төгрөг буюу 1.188.023 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй тул энэхүү иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Х-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Х-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Э.Х-с 6.254.429 /зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Энхжаргалд /РД: ХЖ87031064/, 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ БНСУ-ын вон буюу 5.564.000 /таван сая таван зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Баярбатад /РД: УЕ58062604/ тус тус олгосугай.
6. Иргэний нэхэмжлэгч Ч.Баярбатын шүүгдэгчээс нэхэмжилсэн цалин, амралтын мөнгө нийт 1.188.023 /нэг сая нэг зуун наян найман мянга хорин гурав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР