Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 121

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Н.У,

Шүүгдэгч Н.Мнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Н.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000630101 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцад ............, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Н.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ........ тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.У зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, дух, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, зүүн бугалга, зүүн гарын 4 хуруу, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн гарын 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Н.У  “....Манай нөхөр Н.М нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Солонгос явах визний материал өгчихсөн байсан, виз гарчихсан байна гээд ойр зуурын хувцас хунараа аваад Солонгос улсруу явлаа гээд явсан... Тэгээд 7 хоног манай нөхөр утсаа унтраагаад огт сураггүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орой 23 цаг 15 минутын үед гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би түүнийг тэр чигээрээ явахгүй яах гэж ирж байгаа юм бэ, дуртай үедээ ирээд дургүй үедээ явдаг хэн бэ, чи зайл гээд түүнийг хөөсөн.Тэгсэн би гэртээ байна, гарахгүй, би хаагуур явах нь чамд ямар хамаатай юм, би биеэ эмчлүүлж байгаад ирж байна гээд хэг ёг гээд хэгжүүрхээд байсан. Тэгэхээр нь би түүнийг гэрээс хөөж табчикаар нүүр рүү нь цохиод гар гээд хөөсөн. Тэгсэн чинь босч ирээд намайг үсдээд хоёр хацарлуу тус бүр нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад түүнийг зайл гэж хөөгөөд үүдэнд байсан гутлыг нь өшиглөөд энийгээ өмсөөд яв гэхэд тухайн гутлаараа миний толгойруу 5-6 удаа цохисон... нь гэрээс гарч хажуу айлынхаа хүнийг гуйж цагдаа дуудах гээд гарах гээд хаалга онгойлгох гэхэд араас үс болон фудболканаас минь давхар татаж ханаруу хоёр удаа савж толгойны дагз хэсгээр мөргүүлсэн. Ингээд газар унахад миний нуруу руу 3 удаа дэвсээд нүүр рүү өшиглөхөд нь би баруун гараараа хамгаалахад миний баруун гарын тохой хэсэгрүү нэг удаа өшиглөсөн. Тэгснээ миний фудволканаас татаж босгоод зүүн талын шуунаас барьж байгаад дахин ханаруу 3-4 удаа хана савж толгойны дагз хэсгээр мөргүүлсэн. Үүний дараа миний зүүн нүд, дух хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

Гэрч Я.Ц “...2020 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр орой 23 цагийн үед манай зээ охин ***** гийн нөхөр Н.М орж ирсэн. Ингээд удаагүй юунаас болсныг мэдэхгүй Н.У, Н.М нар хоорондоо хэрэлдэж маргалдаад жижиг өрөөнд ороод ирсэн. Тэгсэн тэд нэг нэгнийгээ түлхээд хэрэлдэж байхад Н.М, Н.У гар утсыг булааж аваад нүүр рүү 3 удаа гараараа цохиж байгаа нь харагдсан. Ингэж охиныг минь зодоод байсан тул цагдаа дуудахаар би гэрээс гарч 36 тоот айлын хаалга нүдэж цагдаа дуудаад өгөөч гэж цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч Б.М “....2020 оны 01 дүгээр сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байх үед би гэртээ унтах гээд хэвтэж байхад манай хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь хаалгаа тайлсан чинь манай ***** од оршин суудаг Н.У гэх эмэгтэйгийн Улаанбаатар хотоос ирсэн гэх нүд муутай хөгшин “манай хоёр хүүхэд хэрэлдээд”, охиныг маань хүргэн хүү зодоод байна, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би гар утсаараа цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Гэрч С.Б “...Миний ач охин Н.У нь өөрийн нөхөр Н.М 2012 онд хуримаа хийж гэр бүл болоод хамтран амьдрах болсон. ...Уг нь Н.М, Н.У нар нь хоорондоо эвтэй сайхан л харьцаатай байсан. Харин суулийн нэг жилийн хугацаанд л нэг эмэгтэйтэй нэр холбогдож Солонгос улсруу аялж зугаалж явсан байна гэж манай ач охин Н.У хэлж байсан. Ингээд энэ асуудлаас болж хоорондоо хэрүүл маргаантай болсон юм шиг надад анзаарагддаг. 2019 оны 08 дугаар сард энэ асуудлаасаа болж хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад улмаар зодсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандаад түүнийг 7 хоног шүүхээр баривчлуулан байсан. Мөн 2015 оны 06 дугаар сард Н.М нь гадуур хоночхоод ирэхээр нь хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэж ***** хэрэлдсэнээс болж баруун чихруу нь цохиж хэнгэрэгийг нь хагалсан байсан. Ингээд Н.Уа нь Н.М цохиулж хэнгэрэг нь хагарснаас болж Бид эмнэлэгт 7 хоног эмчлүүлж байсан. Мөн 2020 оны 01 сарын 17-ны өдөр шиг санаж байна манай ач охин Н.У нь Н.М зодуулаад 4 хонож байна гээд манай гэрт зүүн нүд нь хөхөрчихсөн дух нь хавдчихсан байдалтай ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаартай “...Н.У биед 2020.01.13 өдөр бусдад зодуулсны улмаас үүссэн байх боломжтой зүүн нүдний зовхи, дух, зүүн хөмсөг, баруун тохой, шуу, зүүн бугалга, зүүн гарын 4 хуруу, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн гарын 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг  гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Н.М, хохирогч Н.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч Н.М нь хохирогчийг гутлаар цохих, хана руу толгойгоор нь мөргүүлэх, өшиглөх зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.У нь эрүүл мэндэд учирсны хохирол 212,300 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.М төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг, элэгний өвчний учир байнга эмчилгээ хийлгэдэг зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Н.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У овогт Н.М-т 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД